Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 197/ШШ2025/02198

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 197/ШШ2025/02198

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: 10.050.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн аваад

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э

Хариуцагч Д.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Кунзаны хүч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Д.Б 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр манай компаниас 0-R маркийн 2.450.000 төгрөгийн үнэтэй, 6 ширхэг дугуйг 14.700.000 төгрөгөөр мөн том оврын автомашин нэгийг Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаанд 8.000.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 6.700.000 төгрөгийг 14 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон.

Мөн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 01 дугаартай Сэлбэг хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг.

Гэтэл гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлөхгүй байгаа тул үндсэн төлбөрт 6.700.000 төгрөг, алданги 3.350.000 төгрөг нийт 10.050.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай талаас нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

        

  Нэхэмжлэгч К ХХК, хариуцагч Д.Бд холбогдуулан 10.050.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.750 төгрөгийг улсын орлгод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 175.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.Нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 10.050.000 төгрөгийг хариуцагч Д.Б төлөхийг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.750 төгрөгийг улсын орлгод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 175.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА