| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2024/0844/З |
| Дугаар | 128/ШШ2024/0995 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2024/0995
2024 12 04 128/ШШ2024/0995
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Монхор /РД:ЕЙ51101179/, А.Мөнх-Оюун /РД:УЕ78122261/,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхзаяа,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Нарантуяа нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаартай Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай захирамжийн дагуу нэхэмжлэгчийн өмчилсөн 700 м.кв газрын гэрчилгээг зөвтгөж олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг газрын бодит хэмжээ болох 700 м.кв-аар зөвтгөж олгохыг хариуцагч нарт даалгах” гэж тодорхойлжээ.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.Монхор, А.Мөнх-Оюун нар нь Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, сурагчийн 18 дугаар гудамж 166 тоот хаягтай байрлалтай газарт 700 м.кв газар өмчлүүлэх эрхтэй болжээ.
2.2.Уг захирамжийн дагуу 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч нарт газар өмчлүүлэх шийдвэрийг гаргахдаа газрын хэмжээг 500 м.кв гэж гаргасан байна.
2.3.Тус шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэлийн Засаг даргад 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр газрын гэрчилгээг зөвтгөн буюу 700 м.кв гэж зөвтгөж, гэрчилгээг шинэчлэн гаргуулахаар хүсэлт гаргасан байна.
2.4.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх хүсэлтийн хариуг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01-08/6527 дугаар албан бичгээр хариу өгөхдөө “нэхэмжлэгч нарын өмчилсөн газар дээр кадастрын зураг газар дээрх бодит байдлын хэмжээ болох 500 м.кв газраар анх олгож кадастрын нэгдсэн удирдлагын системд бүртгэсэн байх тул” ... гээд ...газрын кадастрын зургийн хэмжээг нэмэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна.
2.5.Дээрх хариуг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:
3.1.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
“Монгол Улсын иргэн Гомбын Монхор /РД: ЕЙ51101179/, Алтанхоролын Мөнх- Оюун /РД: УЕ78122261/ бид хамтран Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 413 дугаартай "Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай" захирамжаар Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 18 дугаар гудамжны 166 тоотод байрлалтай, 700 м.кв газрыг өмчлөн авсан. Тус захирамжийг үндэслэн гарсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай гэрчилгээнд 500.10 м.кв гэж талбайн хэмжээг буруу бичсэн бичилтийн алдаатай гарсан. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдөр дээрх гэрчилгээ дээрх алдааг залруулж, өмчлөх эрхийн гэрчилгээг газрын бодит хэмжээ болох 700 м.кв-аар зөвтгөж олгох тухай хүсэлт гаргасан боловч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01-08/6527 дугаартай "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр "... 413 дугаар захирамжаар 700 м.кв газрыг иргэн танд өмчлүүлсэн байна. Харин иргэн таны өмчилсөн кадастрын зураг газар дээрх бодит хэмжээ болох 500 м.кв-аар кадастрын нэгдсэн удирдлагын системд бүртгэгдсэн байх бөгөөд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6.1.1 дэх хэсгийн дагуу таны өмчилсөн газрын кадастрын зургийн хэмжээг нэмэх боломжгүй байна" гэх хариу ирүүлсэн.
Гэтэл нэхэмжлэгчийн өмчлөлийн газар нь бодит байдал дээр 700 м кв бөгөөд анх олгосон буюу 2003 оноос хойш одоог хүртэл 700 м.кв газрыг хашаалан уг газарт амьдарч байна. Хариуцагч нар нь төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болохын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж заасны дагуу аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь гагцхүү хууль дээдлэх зарчмын дагуу хуульд үндэслэсэн байх учиртай. Гэтэл Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчийн өмчлөлийн газартай холбоотой алдаатай, бодит байдалд нийцээгүй мэдээллийг зөвтгөж бодит байдалтай нийцүүлэх талаар зүй ёсны хүсэлт гаргахад үндэслэлгүй татгалзсан хариу өгсөнд гомдолтой байна. Учир нь хариуцагч нараас нэхэмжлэгчийн өмчлөлийн, одоо амьдарч байгаа газар дээр очиж бодит байдлын судалгаа хийгээгүй атлаа кадастрын мэдээллийн систем дэх алдаатай мэдээлэлдээ тулгуурлаж газар өмчлөлийн гэрчилгээн дэх алдаатай, бодит байдалд нийцээгүй мэдээллээ засахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.
Иймээс Нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаартай "Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай" захирамжийн дагуу нэхэмжлэгчийн өмчилсөн 700 м.кв газрын гэрчилгээг зөвтгөж оргохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг газрын бодит хэмжээ болох 700 м.кв-аар зөвтгөж олгохыг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нар нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаартай Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай захирамжийн дагуу нэхэмжлэгчийн өмчилсөн 700 м.кв газрын гэрчилгээг зөвтгөж олгохоос татгалзсан захиргааны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг газрын бодит хэмжээ болох 700 м.кв-аар зөвтгөж олгохыг хариуцагчид даалгах гэсэн нэхэмжлэл гаргасан. Үндэслэлээ Монгол Улсын иргэн Гомбын Монхор, Алтанхоролын Мөнх-Оюун нар нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 413 дугаартай захирамжаар тухайн газрыг өмчилж авсан. Тус захирамжийг үндэслэн гарсан гэрчилгээ дээр талбайн хэмжээг 500 м.кв гэж буруу бичсэн бичилтийн алдаатай үйл ажиллагаа байгаа. Нэхэмжлэгчээс Засаг даргад 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дээрх гэрчилгээ дээрх алдааг залруулж өмчлөх эрхийн гэрчилгээ дээр газрын бодит хэмжээ болох 700 м.кв-аар зөвтгөж олгох тухай хүсэлтийг гаргасан боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0108/6527 дугаартай хариуг ирүүлсэн бөгөөд уг хариуг хууль бус гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газрын бодит хэмжээ болох 700 м.кв газраар анх 2003 онд олгосноосоо хойш өнөөдрийг хүртэл тухайн 700 м.кв газраараа хашаалаад амьдарч байгаа. Хариуцагч нар төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тухайн алдаатай мэдээллээ залруулахын тулд бодит байдал дээр хэмжилт хийн зөвтгөх боломж хангалттай байхад үндэслэлгүйгээр татгалзаад, өөрсдийн мэдээллийн систем дэх буруу мэдээлэлтэй үндэслээд татгалзсан хариу өгч байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“Нэхэмжлэгч Г.Монхор, А.Мөнх-Оюун нарт Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 18 дугаар гудамжны 166 тоот хаягт 700 м.кв газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн. Маргаан бүхий газар нь 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр, 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болон 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар кадастрын мэдээллийн сангийн зураг болон сансрын зургаас хайлт хийж үзэхэд иргэн Г.Монхорын газрын байршил, хэлбэр, хэмжээнд өөрчлөлт ороогүй байна. Үүнээс үзэхэд 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжаар иргэний эзэмшиж байсан газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалт, 21 дүгээр зүйлийн үндэслэн өмчлүүлэх тухай шийдвэр гаргахдаа бодитоор эзэмшиж байгаа газрын хэмжээг 700 м.кв гэж захирамжид алдаатай тусгасан байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Анх нэхэмжлэгч Г.Монхор, А.Мөнх-Оюун нар Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны 413 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 18 дугаар баг, 166 тоотод газар өмчлүүлсэн байдаг. Уг өмчилсөн газрын кадастрын зураг дээр бодит байдлын хэмжээ нь 500 м.кв байгаа учраас нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг бол шийдэх боломжгүй гэдэг хариуг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч талд хүргүүлж байсан. Анх олгохдоо сансрын зураг дээр үзэхэд уг газар нь тусдаа 2 нэгж талбар буюу нэг нэгж талбар нь 500 м.кв гэж мэдээллийн санд орсон байгаа. Бодит байдал дээр хашаалсан газар нь хоёр нэгж талбар буюу хоёр 500 м.кв газрыг нийлүүлээд хашаалсан байдалтайгаар байгаа. Үүнийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас кадастрын мэдээллийн сангийн зургийг он цагийн хугацаатайгаар гаргаж өгсөн. Мэдээллийн сан хоёр тусдаа нэгж талбар буюу Г.Монхор болон түүний дүү А.Мөнх-Оюун нарт нэг нэгж талбарыг өмчлүүлэхээр захирамжилсан байдаг. Гэтэл уг зураг дээр 2 нэгж талбар гэсэн байх тул 700 м.кв-аар өмчлүүлэх боломжгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэрэгт Монгол Улсын иргэний газар өмчлөх эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн маргааны үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжаар иргэн Г.Монхор, түүний дүү А.Мөнх-Оюун нарт Чингэлтэй дүүргийн одоогийн 28 дугаар хороо, Сурагчийн 18 дугаар гудамж, 166 тоот 700 метр квадрат газрыг дунд нь хамтран өмчлүүлэхээр шийдвэрлэжээ. /ХХ-ийн 6 дахь тал/
2.2.Уг шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргаас мөн өдрөөр огноолсон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр нэртэй баримт бичиг /гэрчилгээ/-ийг Г.Монхорт олгохдоо газрын хэмжээг 500.10 метр квадрат гэж бичилт хийсэн байна. /ХХ-ийн 7 дахь тал/
2.3.Мөн газрын кадастрын мэдээллийн санд уг газрыг нь 500 метр квадратаар бүртгэсэн байгаа ба уг байрлал нь Г.Монхор, А.Мөнх-Оюун нарын амьдарч байгаа хашааны дотор байрлаж байгаа болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын шүүхэд үйлдэж ирүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн сансрын зураглалаар нотлогдож байна. /ХХ-ийн 35-37 дахь тал/
2.4.Шүүхийн үзлэг явуулж, хийсэн тойм хэмжилтээр Г.Монхор, А.Мөнх-Оюун нарын амьдарч байгаа хашааны газрын урт нь 38.5 метр, өргөн нь 27.30 метр орчим байгаа нь ойролцоогоор 1051 метр квадрат орчим байна. /ХХ-ийн 47-51 дэх тал/
2.5.Нэхэмжлэгч Г.Монхор, А.Мөнх-Оюун нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж, өөрсдийн өмчилсөн газрын гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжид заасан 700 метр квадратаар бичилт хийлгэхээр бичгээр хүсэлт гаргасан байна. /ХХ-ийн 8 дахь тал/
2.6.Уг хүсэлтийн хариуг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 320-ны өдрийн 01-08/6527 дугаар албан бичгээр өгөхдөө “... Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасны дагуу таны өмчилсөн газрын кадастрын зургийн хэмжээг нэмэх боломжгүй” гэх хариуг өгсөн зэрэг үйл баримт тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Г.Монхор, А.Мөнх-Оюун нарын гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хууль зүйн үндэслэл болох Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг баримталсан үндэслэлээ Г.Монхор, А.Мөнх-Оюун нарт нийтийн эзэмшлийн зам талбайг нэмж өмчлүүлэх боломжгүй гэж үзсэн гэж тайлбарласнаас үзвэл Г.Монхор, А.Мөнх-Оюун нарыг гомдлыг энэхүү үндэслэлээр шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус байна.
3.3.Учир нь Г.Монхор, А.Мөнх-Оюун нарын “Нийслэлийн Засаг даргын захирамжид “өмчлүүлэх газрын хэмжээг нь 700 метр квадратаар зааснаар” энэхүү өмчлөх газрын хэмжээгээ гэрчилгээнд зөвтгөж бичүүлэхээр гаргасан хүсэлтийг нь “нийтийн эзэмшлийн зам, талбайгаас газар нэмж өмчлөх хүсэлт гаргасан” гэж буруу ойлгож, тайлбарлаж шийдвэрлэсэн нь илт хууль зүйн үндэслэлгүй, хууль болон үйл баримтын хооронд уялдаа байхгүй байна.
3.4.Түүнчлэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь түүний байршил, зориулалтаас хамааран дор дурдсан хэмжээтэй байна” гээд мөн хэсэгт “Нийслэлд 0.07 хүртэл га” гэжээ.
3.5.Иймд Г.Монхор, А.Мөнх-Оюун нарт өмчлүүлсэн газар нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжид зааснаар 700 метр квадрат гэж байгаа нь дээрх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгч нар нь уг газрын хэмжээгээр өмчлөх газрыг гэрчилгээндээ зөвтгөж бичүүлэх хүсэлт гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
3.6.Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын шүүхэд үйлдсэн 2024 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн зураглал болон шүүхийн явуулсан үзлэгээр Г.Монхор, А.Мөнх-Оюун нарын амьдарч буй хашааны газар нь 700 метр квадратаас илүү гэдэг нь тогтоогдож байгаа боловч энэ нь захирамжид заасан хэмжээгээрээ газраа өмчлөх эрхийг хязгаарлах үндэслэл биш болно.
3.7.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т “аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж, 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно” гэж хуульчилжээ. /Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.8.Ийнхүү Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар иргэнд газар өмчлүүлэх эрх зүйн харилцааг үүсгэх анхдагч баримт бичиг нь Нийслэлийн Засаг даргын захирамж мөн бөгөөд уг баримт бичигт Г.Монхор, А.Мөнх-Оюун нарын өмчлөх газрын хэмжээг 700 метр квадрат гэж тогтоосон байгаа тул уг захирамжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргаас Г.Монхор, А.Мөнх-Оюун нарт олгосон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр /гэрчилгээ/-т өмчлөх газрын хэмжээг мөн хэмжээгээр бичих ёстой байна.
3.9.Энэхүү Нийслэлийн Засаг даргын Г.Монхор, А.Мөнх-Оюун нарт бичиж олгосон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр /гэрчилгээ/ нь нэхэмжлэгч нарыг нь 700 метр квадратаар өмчлөх эрхээ баталгаажуулж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх хууль зүйн үндэслэл болох байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаар захирамжид заасан өмчлөх газрын хэмжээг нь 500 метр квадрат болгож, багасгаж бичсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр /гэрчилгээ/ нь нэхэмжлэгч нарын хууль ёсоор газар өмчлөх эрхийг зөрчсөн хууль бус захиргааны акт мөн болох нь нотлогдлоо.
3.10.Энэхүү хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Г.Монхор, А.Мөнх-Оюун нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаартай “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” захирамжийн дагуу Г.Монхор, А.Мөнх-Оюун нарын өмчилсөн 700 метр квадрат газрын гэрчилгээг зөвтгөхөөс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг газрын бодит хэмжээ болох 700 метр квадратаар зөвтгөж олгохыг хариуцагч нарт даалгах” нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3, 106.3.4, 106.3.12 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Монхор, А.Мөнх-Оюун нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаартай “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” захирамжийн дагуу Г.Монхор, А.Мөнх-Оюун нарын өмчилсөн газрын гэрчилгээг 700 метр квадрат болгож, зөвтгөхөөс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг 700 метр квадратаар зөвтгөж олгохыг хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нарт даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Г.Монхор, А.Мөнх-Оюун нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсантай нь холбогдуулан уг хураамжид дүйцэх 70200 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын газраас гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ