Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 15

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “*******” ХХК,
Хариуцагч: Өмнөговь аймгийн *******д холбогдох
“Өмнөговь аймгийн ******* сумын нутгийн удирдлагын ордны барилгыг шинээр барих ажил ӨМ2016/31 гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ренчиндорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “Тус компани нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Өмнөговь аймгийн ******* сумын нутгийн удирдлагын ордны барилгыг шинээр барих ажил ӨМ 2016/31” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 20160400066-00 дугаартай цахим тендерт оролцож 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр материалаа хүргүүлсэн юм. Аймгийн Засаг даргын Тамгын газар 2016 оны 06-р сарын 03-ны өдрийн 2-954 тоот мэдэгдлээр тус компанийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгараагүй тухай мэдэгдсэн. Уг мэдэгдлийг эс зөвшөөрөн бид Сангийн яаманд удаа дараа гомдол гаргасан ба Сангийн яам сүүлийн байдлаар 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 5/4477 тоот албан бичгээр үнэлгээг дахин хийх шаардлагатайг аймгийн Засаг даргын Тамгын газар болон манайд мэдэгдсэн. Үүний хариу болгож, 2016 оны 07 дугаар сарын 07-нд аймгийн Засаг даргын Тамгын газар Сангийн Яаманд, хувийг “*******” ХХК-д гэсэн бичигтээ үндэслэлгүй буюу хийгдээгүй хурлын талаар дурдан цаг хугацаа алдуулж байсан юм. Гэсэн ч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2/1146 тоот мэдэгдлийг ирүүлж хамгийн сайн тендерээр шалгарсан тул манай компанид 900.000.001 /есөн зуун сая нэг/ төгрөгөөр гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрч, мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх тендерийн баталгааг байршуулан ирж гэрээ байгуулахыг мэдэгдсэн. Гэрээ байгуулах 5-аас доошгүй хоногийн хугацаа 07 дугаар сарын 26-нд дуусч, 07 дугаар сарын 27-нд гэрээ байгуулахаар очсон боловч, тендерийн хүчинтэй хугацаа 07 дугаар сарын 22-нд дууссан гэдгээр гэрээ байгуулагдахгүй байна. Мөн тендерийн бичиг баримтын 38.3 дахь хэсэгт “ Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл нь гэрээ байгуулах үндэслэл болно...” гэж заасан. Иймд аймгийн Засаг даргын Тамгын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу тендерийг зохион байгуулах үүрэгтэй этгээд бөгөөд гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг гаргахдаа ч хуулийн нөхцөл шаардлагыг хангах ёстой гэж ойлгож байна. Иймд манай компанитай “Өмнөговь аймгийн ******* сумын нутгийн удирдлагын ордны барилгыг шинээр барих ажил ӨМ 2016/31” гүйцэтгэх гэрээг байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзаж байна гэж үзэж байна. Хэрвээ тендерийн хүчинтэй хугацаа хэтэрсэн гэж үзэж байгаа бол бид үүнд ямар ч буруугүй бөгөөд Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үүргийн дагуу үнэлгээний хороо нь дахин үнэлгээг тендерийг хийхдээ тендерийн хүчинтэй хугацааг тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, хуулийн 28.2-т “Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд баталгааг аль болох богино хугацаанд хийнэ” гэснийг биелүүлэх үүрэгтэй. Сангийн яамнаас 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үүрэг өгөгдсөн байхад 15 хоногийн дараа буюу 2016 оны 07 дугаар сарын 19-нд бидэнд гэрээ байгуулах мэдэгдэл өгснийг хуульд заасан “аль болох богино хугацаа”-г биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм.
Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрыг манай компанитай “Өмнөговь аймгийн ******* сумын Нутгийн удирдлагын ордны барилгыг шинээр барих ажил ӨМ 2016/31” гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Өмнөговь аймгийн ******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тайлбартаа:
“Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн аймгийн *******д Өмнөговь аймгийн ******* сумын Нутгийн удирдлагын ордны барилгыг шинээр барих /ӨМ 2016/31/ ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах тухай “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.
Учир нь: Захиалагчийн зүгээс тендер сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулсан. Нэгэнт тендер шалгаруулалттай холбоотой гомдлоо тухайн тендерт оролцогчдын зүгээс Сангийн яаманд хүргүүлснээр Сангийн яам тухайн гомдлыг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Энэ харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно хэмээн хуульчилсан. Мөн хуулийн 28.2-д Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ гэж заасан.
Иймд тухайн тендер сонгон шалгаруулалтад оролцогчдоос гомдол гаргах эсэх, гомдлыг хянан шалгах ажиллагаа нь аймгийн Засаг даргын Тамгын газарт хамааралгүй бөгөөд бид Сангийн яамнаас ирүүлсэн бодлого чиглэлийг хэрэгжүүлэн ажилладаг. Тендерийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсонд буруутай албан тушаалтныг дээрх хуулийн 57.1.13-т заасан шүүх болон эрх олгогдсон улсын байцаагч тогтоогоогүй байхад захиалагчаас шалтгаалсан буюу аймгийн Засаг даргын Тамгын газрыг гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгчийн маргаж буй үнэлгээний хорооны шийдвэрийг хянаж байх хугацаанд тендерийн хүчинтэй байх хугацаа тасалдахгүй, тендерийн сонгох үйл ажиллагааг түдгэлзүүлэх нь ялгаатай асуудлууд юм” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиалагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь “Өмнөговь аймгийн ******* сумын нутгийн удирдлагын ордны барилгыг шинээр барих ажил” ӨМ/2016/31 дугаар бүхий тендер шалгаруулалтад оролцож, хамгийн сайн гэж үнэлэгдсэн “*******”ХХК-тай тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзсан байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК “...Тендер шалгаруулалтын явцад оролцогчид Сангийн яаманд гомдол гаргаснаар тендерийн хүчинтэй байх хугацаа түдгэлзэх ёстой, тендерийн бичиг баримтын 38.3-т зааснаар гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл нь гэрээ байгуулах үндэслэл болно” гэж маргаж, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын гэрээ байгуулахгүй байгаа хууль бус үйлдлийг тогтоож, “*******”ХХК-тай “******* сумын нутгийн удирдлагын ордны барилгыг шинээр барих ажил” гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Өмнөговь аймгийн ******* сумын нутгийн удирдлагын ордны барилгыг шинээр барих ажил ӨМ/2016/31” гүйцэтгэх гэрээ байгуулахыг Өмнөговь аймгийн *******д даалгах” гэж тодруулсан болно.
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зарласан “Өмнөговь аймгийн ******* сумын нутгийн удирдлагын ордны барилгыг шинээр барих ажил” ӨМ/2016/31 дугаар бүхий тендерт “*******” ХХК, “Сан” ХХК зэрэг 12 компани материалаа ирүүлж оролцсон байх бөгөөд “Марзат цамхаг” ХХК-ийг хамгийн сайн гэж үнэлэн шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг  Сангийн яам үндэслэлгүй гэж үзэн, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 5/4113 дугаар албан бичгээр  тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгджээ.
Улмаар тендерийн үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр  “Сан“ ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон  боловч Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 5/4477 дугаар албан бичгийг үндэслэн үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж , 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “*******”ХХК-ийг шалгаруулж, Өмнөговь  аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2-1146 дугаар албан бичгээр  “*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж, дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж заасан бөгөөд энэхүү тендерийн хүчинтэй хугацаа 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхэлж, Сангийн яам хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд тендер хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунган , 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болжээ.
Түүнчлэн Сангийн яам нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 5/4769 дугаар албан бичгээр “... тендерийн хүчинтэй байх хугацаа 2016 оны 07 дугаар сарын 22-ны  өдөр нэгэнт дуусгавар болсон тул...” гэж тендер шалгаруулалттай холбогдох гомдлыг хянах боломжгүй болсон тухай захиалагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт мэдэгдэл хүргүүлжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “...гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж....”, 29.2-т “гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж, гэрээ байгуулна” гэж заажээ. Энэхүү хуулийн агуулгаас дүгнэн үзэхэд гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа гэрээ байгуулах ёстой боловч энэхүү захиалагчийн үйл ажиллагаа нь тендер хүчинтэй байх хугацаанд багтаж явагдах хуулийн зохицуулалттай байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар захиалагч нь гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлснээс 3 хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаа дуусгавар болж, “*******” ХХК-тай “Өмнөговь аймгийн ******* сумын нутгийн удирдлагын ордны барилгыг шинээр барих ажил гүйцэтгэх” гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч “*******” ХХК-ийг уг тендерт шалгарсан гэж үзэх боломжгүй байна.
Учир нь захиалагч нь 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 2-1146 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “*******” ХХК-д “Өмнөговь аймгийн ******* сумын нутгийн удирдлагын ордны барилгыг шинээр барих ажил гүйцэтгэх” гэрээ байгуулах эрх олгосон атлаа дээрх шийдвэрийн дагуу тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулаагүй байх тул тендер шалгаруулалт хуульд заасан журмаар явагдаж дууссан гэж үзэхгүй. Үүний зэрэгцээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.18-д зааснаар гэрээ байгуулах эрх олгох гэдэг нь хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай захиалагчийн шийдвэрийг түүнд мэдэгдэхийг хэлэх бөгөөд гэрээ байгуулах эрх олгосноор тендерт шалгарсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.
Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ...гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр, буюу үйлдлийн хэрэгжилтийг дараах тохиолдолд түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно” гэж заасны дагуу тухайн тендертэй холбогдуулж тендерт оролцогчдоос гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр, үйлдлийн хэрэгжилтийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 5/4705 дугаар албан бичгээр түр хугацаагаар түдгэлзүүлж байсан бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн маргаж буй тендер хүчинтэй байх хугацааг түдгэлзүүлсэн гэх үндэслэл болохгүй.
Дээрх байдалд үндэслэн шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.18, 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гаргасан “Өмнөговь аймгийн ******* сумын нутгийн удирдлагын ордны барилгыг шинээр барих ажил ӨМ/2016/31” гүйцэтгэх гэрээ байгуулахыг Өмнөговь аймгийн *******д даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ч.БАЯРМАА