Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 106

 

Ч.Н-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн

үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Б.Мөнхтуяа

                                                  Д.Мөнхтуяа

                                                  П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                          Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:            Д.Долгордорж   

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалын биелэлтийг хангуулж, урьд ажиллаж байсан төрийн албан хаагчийн албан тушаалын /ажлын байрны/ тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”  

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0602 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, түүний өмгөөлөгч  Д.М  нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр: “Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд шалгаруулалт явуулахыг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны 464 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 30,773,872 /гучин сая долоон зуун далан гурван мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгажээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0602 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 48 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнийг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг, мөн ажилгүй байсан хугацааны цалинг нэг сарын 627,465 төгрөгөөр тооцон нийт 22 сар, 4 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговроос өмнө нь олгосон 3 сарын тэтгэмжийг суутган тооцож олгохыг, үүнд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид тус тус даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х-ын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, өмгөөлөгч Ж.Э, гуравдагч этгээд Б.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол       

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, өмгөөлөгч Ж.Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, өмгөөлөгч Ж.Э бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасан эрхийн дагуу Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн магадлалыг эс зөвшөөрч “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн”, “хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Нэхэмжлэгч Ч.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэл,  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаартай тушаалын биелэлтийг хангуулж, урьд ажиллаж байсан төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалан үлдсэн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилон ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүсчээ. Нэхэмжлэгч Ч.Н нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд хандсан, гомдлыг тус зөвлөлөөс хянаж үзээд 2016 оны 12 дугаар сарын 02-ны 14 дугаартай тогтоолоор Ч.Н-ын гомдлыг хянан шийдвэрлэж хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон бөгөөд Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс лавлагаа авсан байдаг. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл гомдлыг хянаад 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулж, Ч.Н-ын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

5. Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн тогтоолоор Ч.Н-ын гомдлын шаардлага хангагдсан мөн урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэсэн эрх бүхий этгээдийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүх явуулах үүрэггүй бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэсний ач холбогдол гарсангүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх...энэ журмыг хэрэглэх боломжтой хуулийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргаж, өнөөдрийг хүртэл хэргийн оролцогчдыг чирэгдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаад гомдолтой байна.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, мөн хуулийн 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэх хуулийг зөрчсөн. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний 221/МА2018/0602 дугаартай магадлалд “... Урьдчилан шийдвэрлэх журмаар Ч.Н-ын гомдол дээрх байдлаар хангагдсан тул шүүх маргааныг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзах байсан гэх давж заалдах гомдлын үндэслэлээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо мөн адил гаргасан байдаг ч Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоол энэхүү гомдлыг хангаагүйгээр үл барам нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байдаг. Түүнчлэн дээрх тогтоолд “...Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар “Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийг нэгтгэсэн гэх үндэслэлээр Ховд аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газарт нэхэмжлэгч Ч.Н-ыг ажлаас чөлөөлж, Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт шилжүүлсэн болохыг, мөн 2016 оны Б/21 дүгээр тушаалаар батлагдсан тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцээр Нийгмийн халамжийн хэлтсийн дарга, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга тус бүр 1 орон тоотой байхаар тогтоосноос үзэхэд захиргааны байгууллагын бүтэц өөрчлөгдсөн боловч нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн талаар тус тус дүгнэсэн, иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасны дагуу хуулийн дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг дахин нотлохгүй”...гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

7. Учир нь нэхэмжлэгч Ч.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гараагүй байтал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. “Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

8. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний 221/МА2018/0602 дугаартай магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3. “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэх хуулийг зөрчиж 112 дугаартай тогтоолыг нотлох баримтаар үнэлсэнд гомдолтой байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоол нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Нэхэмжлэгч Ч.Н-т холбогдох хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа нь эцэслэн шийдэгдээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шийдвэр, магадлалд гомдол гаргах эрхтэй байтал 112 дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхээс хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.3. давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянан үзээд 127.2.1-127.2.3-т заасан тогтоол гаргана, мөн хуулийн 110.2.2 хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болно шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0602 дугаартай магадлалын тогтоох хэсэгт “...нэхэмжлэгч Ч.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнийг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг, мөн ажилгүй байсан хугацааны цалинг нэг сарын 627465 төгрөгөөр тооцон нийт 22 cap 4 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговроос өмнө нь олгосон 3 сарын тэтгэмжийг суутган тооцож олгохыг, үүнд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид тус тус даалгасугай”...гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 201 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхдээ нэхэмжлэгчийг Улаанбаатар хот руу эмчилгээнд илгээсэн БОЭТ /Бүсийн оношилгоо эмчилгээний төв/-ийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас”, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс Шастины улсын гуравдугаар төв эмнэлэгт эмчлүүлж байгаа “эмнэлгийн лавлагаа”, БНСУлсад шинжилгээ, оношилгоо хийлгэх эрхийн бичиг зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудаар 3 сарын хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 288 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан. Дээрхи баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэлгүй байтал захиргааны шүүх нь нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг хэтэрхий нэг талыг барьсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан харъяа газар хэлтсүүдийн орон тоо, цалингийн санг тогтоож өгдөг бөгөөд эдгээр нь бүгд улсын төсөвт яаж тусгагдсан түүний дагуу төрийн албаны бүтэц хийгддэг, төсөв байхгүй бол орон тоо үгүй болсон тул ажилгүй байсан хугацааны цалинг нэг сарын 627465 төгрөгөөр тооцон нийт 22 cap 4 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

10. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллахаар болсонтой холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг баталсан. Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан өмнө байсан Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсүүдийг нэгтгэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон өөрчлөн байгуулсан байна. Өөрөөр хэлбэл Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан харъяа газар хэлтсүүдийн орон тоо, цалингийн санг тогтоож өгдөг бөгөөд эдгээр нь бүгд улсын төсөвт яаж тусгагдсан түүний дагуу төрийн албаны бүтэц хийгддэг, төсөв байхгүй бол орон тоо үгүй гэж ойлгож болно. Энэ тохиолдолд нэгэнт дээр дурдсан үндэслэлээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог өөрчлөн байгуулсантай холбогдуулан нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаалын орон тоо өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хасагдсан байх тул нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч зөрчсөн гэж үзэхээргүй байна. Энэ нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болсонтой холбогдуулан Ховд аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Н-ыг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч Ч.Н-ын урьд эрхэлж байсан Ховд аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтонд Аймгийн нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаал нь ахлах түшмэлийн ТЗ-9 албан тушаалын ангилалд хамаарч байгаа ба халамж, хамгааллын үйлчилгээг чанартай, шуурхай, үр дүнтэй хүргэх ажлыг аймгийн хэмжээнд оновчтой зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна.

11. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэх хуулийн дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүйд гомдолтой байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга, шууд харъяалан удирдах албан тушаалтан Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, ХХҮГ-ын удирдлаганд ажилладаг, ТЗ-7 шатлалаар цалинждаг өмнө НХҮХ-ийн Нийгмийн халамж, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан албаны даргатай шатлал адил Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт чиг үүрэг нь шилжсэн, Ажлын байрны зорилгын хувьд- Нийгмийн халамжийн тухай хууль болон холбогдох хуулийн хүрээнд үзүүлж буй үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд хүргэх, орон нутгийн хэмжээнд зохион байгуулахад удирдлага арга зүйгээр хангаж ажиллах, Ажлын байрны зорилт 1. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээг зорилтод бүлгийн иргэдэд хүргэх, зохион байгуулахад удирдлага арга зүйгээр хангах 2. Үндэсний болон аймгийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулахад удирдлага арга зүйгээр хангах З.Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагааг зохион байгуулах арга зүйгээр хангаж ажиллах 4. Газрын үйл ажиллагааны ил тод байдлыг ханган ажиллах удирдлага арга зүйгээр хангах 5. Ахмадын амралт сувиллын үйл ажиллагааг хэвийн явуулахад мэдээлэл арга зүйн удирдлагаар хангаж ажиллахаар болсон нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байтал Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

12. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих гэжээ. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөн үед албан тушаалын орон тоо “хасагдсан” тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хэрхэн хангах асуудлыг зохицуулсан байхад анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаартай тушаалын биелэлтийг хангуулж Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/03 дугаартай “тэтгэмж олгох тухай” тушаалаар Бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн тул Ч.Н-т 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж олгосон тушаал хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон дээрхи захиргааны актын талаар нэхэмжлэгч маргаагүй, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ авсан байтал шийдвэр, магадлалаар нэхэмжлэгч Ч.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

13. Иймд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

14. Гуравдагч этгээд Б.А, өмгөөлөгч Н.О нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ч.Н-ын нэхэмжлэлтэй Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд Б.А, түүний өмгөөлөгч Н.О нар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 48 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0602 дугаар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

15. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг гуравдагч этгээд, өмгөөлөгч нар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гардаж авсан бөгөөд гомдол гаргах хуулийн хугацаанд хяналтын журмаар гомдол гаргаж байгаа болно. НЭГ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0602 дугаар магадлалаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 48 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийжээ. Магадлалд “Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолоор хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан гомдлыг хангаагүйгээр үл барам нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байна. Түүнчлэн дээрх тогтоолд захиргааны байгууллагын бүтэц өөрчлөгдсөн боловч нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн талаар тус тус дүгнэсэн. Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Хэдийгээр энэхүү тогтоолоор маргааныг эцэслэн шийдээгүй ч хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдалд ийнхүү дүгнэлт өгсөн тул дахин дүгнэлт өгөх шаардлагагүй болно” гэж дүгнэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

16. “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт” гэдэг нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхээс мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 “шийдвэр магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих”, 127.2.2 “шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах”, 127.2.3 “магадлалыг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх эсвэл өөрчлөх” тогтоол гарсан байхыг хэлнэ.

17. Гэтэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 112 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны магадлалыг хэвээр үлдээсэн болохоос хэргийг эцэслэн шийдвэрлээгүй болно.

18. Иймд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолыг “хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх үүрэгтэй”, 119 дүгээр зүйлийн 119.1-д “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийн болон давж заалдах шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэр, түүний үндэслэл тусгагдана”, 119.2-т “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, өөрчлөх, хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргах” гэсэн эрх, үүрэгтэйгээр хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар хуульчилжээ.

20. Давж заалдах шатны шүүх нь зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх эрхтэй байхаар хуульчилсан атал Улсын дээд шүүхийн тогтоолын дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн, мөн анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэг цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгөх үүргээ хэрэгжүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.

21. ХОЁР. Магадлалд “Төрийн албаны Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 14 дүгээр тогтоолд хариуцагчийн зүгээс гомдол гаргаагүй, гуравдагч этгээд Б.А-ийн гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөлөөс хянан үзэж, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 197 дугаар албан бичгээр салбар зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгосон боловч одоог хүртэл хүчингүй болгоогүй байна. Энэ талаар хариуцагч тал Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан боловч хангаагүй” гэж дүгнэжээ.

22. Нэхэмжлэгч Ч.Н-ын урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлэхээр Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд хандан гаргасан гомдлыг шийдвэрлээд гаргасан 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 197 дугаар албан бичгээр хууль зөрчсөн үндэслэлээр “хүчингүйд тооцох”-ыг даалгасан байх бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч Ч.Н нь шүүхэд маргаан үүсгэсэн байх тул хариуцагч болон гуравдагч этгээдийн эрх ашиг урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд бус шүүхийн шийдвэрээр хөндөгдөх болсон тул Төрийн албаны салбар зөвлөл тогтоолоо хүчингүй болгох эсэх дээр маргах хууль зүйн үндэслэлгүй болно. Мөн анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

23. ГУРАВ. Шийдвэр, магадлалд “Нэхэмжлэгч Ч.Н-ын ажиллаж байсан хэлтсийн даргын албан тушаал нь ахлах түшмэлийн ангилалд ТЗ-9 зэрэглэлд, харин одоогийн маргаан бүхий Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хэлтсийн даргын албан тушаал нь дэс түшмэлийн ТЗ-7 зэрэглэлд хамаарахаар байгаа ч энэ нь Б.А-ийн өмнө эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэлтэй таарч байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг бус түүнийг томилох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл албан тушаалын эрх хэмжээнээс илүүтэй чиг үүрэг нь хадгалагдан үлдсэн эсэхэд хариуцагч анхаарах ёстой” гэж дүгнэжээ.

24. Нэхэмжлэгчийн томилуулахаар маргаж буй Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэгт түүний өмнө нь ажиллаж байсан Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдээгүй болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтуудаар нотлогдож байгаа бөгөөд Ч.Н-ын өмнө нь хэрэгжүүлж байсан чиг үүргийн зарим нь хасагдсан, хэрэгжүүлж байгаагүй чиг үүрэг нэмэгдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан “чиг үүрэг хэвээр хадгалагдсан бол үргэлжлүүлэн ажиллуулах” гэдэгт хамаарахааргүй байна.

25. Нэхэмжлэгч нь “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалын биелэлтийг хангуулж, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг.

26. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.Н нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын Б/58 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрч, маргаагүй байдаг. Б/58 дугаар тушаалаар Ч.Н-ыг аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, шинээр зохион байгуулагдсан Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн болохоос тус газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгаагүй болно.

27. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж л даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалын биелэлтийг хангуулах” гэсэн шаардлагад дүгнэлт өгөөгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

28. ДӨРӨВ. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Ч.Н-аас тэтгэлэг авах хүсэлт гаргаагүй байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан түүнд нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэсэн нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна” гэж дүгнэжээ. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар “төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангах” нь төрийн захиргааны байгууллагын үүрэг атал хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

29. Нөгөөтэйгүүр шүүх нь “нэхэмжлэгчийг цаашид маргаж буй албан тушаал дээр ажиллахыг хүссэн хүсэл зоригоо илэрхийлсэн эсэхэд” дүгнэлт хийх ёстой байсан. Ийм хүсэл зоригоо хариуцагч талд илэрхийлээд түүнийг нь биелүүлээгүй нь эрх ашгийг нь хөндсөн гэж үзэх үндэслэл болно.

30. ТАВ. Нэхэмжлэгч Ч.Н нь “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх тул ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэх үүргийг хариуцагч Ховд аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хүлээх хууль зүйн үндэслэлгүй болно.

31. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 48 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 21-ний өдрийн 221/МА2018/0602 дугаар магадлал нь “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн”-өөс “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй байх тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

32. Нэхэмжлэгч Ч.Н нь “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалын биелэлтийг хангуулж, урьд ажиллаж байсан төрийн албан хаагчийн албан тушаалын /ажлын байрны/ тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/58 дугаар тушаалаар Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулж байгаа тул ...миний биеийг үүрэгт ажлаас чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн. ...миний урьд эрхэлж байсан Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь татан буугдаагүй...” гэж, хариуцагчаас үүнийг эс зөвшөөрч “Ч.Н-ыг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс үүрэгт ажлаас нь ажил олгогч санаачилж чөлөөлсөн...бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн тул 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгсөн...” гэж тус тус маргажээ.

33. Хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” Б/58 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх хэсэг, “Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулж байгаа тул Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Н-ыг хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн байна.

34. Энэхүү хэргийг өмнө нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолоор хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг зөв тодорхойлох, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулах шаардлагатай гэж үзэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

35. “...Нэхэмжлэгч Ч.Н шинэчлэн батлагдсан Нийгмийн халамжийн хэлтсийн даргын орон тоонд ажиллаж болохгүй гэх шалтгаан нөхцөл тодорхойгүй...цаг хугацааны хувьд үүнээс хойших хугацаанд цугларсан баримтуудаар ч энэхүү нөхцөл байдал үгүйсгэгдэхээргүй байна” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад бүтэц өөрчлөгдсөн шалтгаанаар түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан баталгааг эдлүүлээгүй нь буруу байна.

36. Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, олговрын асуудлыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэсэн заалтыг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

37. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж заасан бөгөөд тухайн тохиолдолд хуулийн энэхүү зүйлд заасан харилцаа үүсээгүйг анхаараагүй байна.

38. Харин Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэсэн зохицуулалтын хүрээнд тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй, ажлын байр нь хэвээр хадгалагдаж байхад томилоогүй эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгчид олгох боломжтой юм.

39. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0602 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх...” гэснийг “...Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН