Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 472

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Ц.Анхцэцэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ширэндэв,

хохирогч Т.Рэгзэнгомбын өмгөөлөгч Б.Наранцэцэг,

цагаатгагдсан этгээд Ц.Анхцэцэг, түүний өмгөөлөгч М.Цэрэнбат, Ч.Шүрэнцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Д.Ширэндэвийн бичсэн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаар эсэргүүцэл, хохирогч Т.Рэгзэнгомбын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Анхцэцэгт холбогдох 201625010043 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Цагаан хуулар овогт Цэенравдангийн Анхцэцэг, 1991 оны 10 дугаар сарын 13-нд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, шүдний их эмч мэргэжилтэй, “Цахиур дэнт” шүдний эмнэлэгт эмч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19-415 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УУ91101346/;

 

Ц.Анхцэцэг нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цахиур дэнт” эмнэлэгт Т.Рэнзэнгомбын шүдийг эмчлэхдээ эмчлэгч багажны үзүүрээ шүдний ёзоорын сувагт хугалж үлдээн эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс улмаас түүний эрүүний зүүн хэсгийн эрүү, далавчны зай, амны хөндий ёроолын зөөлөн эдийн идээт нэвчдэс, доод эрүүний зүүн талын ясны үрэвсэл зэрэг эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ц.Анхцэцэгт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Цагаан хуулар овогт Цэенравдангийн Анхцэцэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Анхцэцэгээс 947,000 төгрөгийг, Капитрон банк дахь Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын төрийн сангийн 900005406 тоот данснаас 150,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Т.Рэгзэнгомбод /РД: ЙП75052316/ олгож, хохирогч Т.Рэгзэнгомбо өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Т.Рэгзэнгомбо давж заалдах гомдолдоо: “...Ц.Анхцэцэгт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үндэслэлгүй хэрэгсэхгүй болголоо. Ц.Анхцэцэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын үйлдэл болох эмчлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс, мөн хохирогч болох надад багаж хугалж үлдээснээ хэлэхгүй нууж уг багажаа авахын тулд 2 цаг гаруй намайг өвтгөж, миний бие тэр орой нь өвдөлтөндөө үсэрч, харайж муужрах дөхсөн юм. Иймд эмч Ц.Анхцэцэгийг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай гэж үзэж байна. Уг багажны үлдэгдлийг авахуулахын тулд Ц.Анхцэцэг эмчийн эмчилнэ, эмчлэгдэх шүд байна гэж байсан шүдээ авахуулсан. Тэр ч байтугай энэ цаашаа буглаж, идээлж, 2 удаа хагалгаанд орж, зүгээр байсан 3 шүдээ хүртэл авахуулж эрүүл мэнд, сэтгэл санааны асар их хохирол амссан. Ц.Анхцэцэг эмч нь энэ хэргийн субьект бөгөөд өөрийн буруутай үйлдлээ надаас нуусан учраас энэ хэргийн улмаас миний бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан шалтгаан нь шүд гэж үзэж байна. Ц.Анхцэцэг нь анхнаасаа надад учирсан гэмтэл, хохирлыг мэдэж байсан нэг ч төгрөгийн туслалцаа үзүүлээгүй, уучлал ч гуйгаагүй. Хохирогч надад хохирлоо өгөөгүй байж, өөрийнхөө үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээгээгүй хүнийг шүүх цагаатган шийдвэрлэсэнд эргэлзэж байна. Шүүх хохирлыг тооцохдоо нотлох баримтын хэмжээнд 1,097,000 төгрөгийн хохирлыг Ц.Анхцэцэгээс гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хавтаст хэргийн 117 дугаар хуудсанд 450,000 төгрөгийн эм тариа, эмчилгээний зардлыг 45.000 төгрөг гэж андуурч тооцож, бас бус хохирлын тооцооны алдаа гарсан бөгөөд анх нэхэмжилсэн 1,364,000 төгрөгийн хохирлыг дутуу тооцсоныг зөвтгөж өгнө үү. Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна...” гэжээ.

Улсын яллагч Д.Ширэндэв бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох дараах үндэслэл байна. Ц.Анхцэцэгийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Т.Рэгзэнгомбын “...2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сансарын тунелийн хойно байдаг “Цахиур дент” шүдний эмнэлэгт эмч Анхцэцэг сувгийн эмчилгээ хийж байгаад ломбо тавина гэсэн. Тэгээд 2 цаг орчим эмчилгээ хийгдээд болчихлоо 4 хоногийн дараа ирээрэй гэж хэлэхээр нь би энэ чинь өвчин орчихлоо лугшаад хатгаж өвдөөд байна гэсэн чинь та диклоденк уугаад оройхон тийшээ лаа хийчихээрэй, их өвдөөд байвал маргааш өглөө хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэр шөнөдөө аймаар өвдөөд хоносон. Маргааш өглөө нь “Гялс” төв дээр очиж үзүүлсэн чинь эрүү шүдний зураг авна гээд зураг аваад шүдний сувганд багаж хугалаад үлдээсэн байна, эмчлэх боломжгүй авахуулах хэрэгтэй гээд шүдийг маань хугарсан багажны үзүүртэй нь хамт авсан. Тэгээд би 1 дүгээр эмнэлэгт үзүүлээд сувганд багаж хугалж үлдээснээс болж миний эрүү зүүн шанаа цээж рүүгээ хавдсан байсныг зүслэг хийж шүүсийг нь гаргаж эмчилгээ хийлгэсэн. Би 8 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмч Анхцэцэг багажаа хугалсан гэж хэлээгүй гялс төв дээр очоод мэдсэн...” /хх-ийн 30/,

гэрч С.Батсүрэнгийн “...2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Рэгзэнгомбо манай “Дун” эмнэлэг дээр анх ирсэн. Ирэхдээ шүд өвдөөд байна гэсэн зовиуртай ирсэн. Өвдөж байгаа гэсэн шүдэнд нь эм хийгээд түр ломбоор хаасан эмчилгээ хийгдсэн байсан. Рэгзэнгомбо ярихдаа шүд өвдөөд байхаар нь ухсан гээд түр ломбоных нь тал ухагдаад авагдсан байсан. Тэгээд шүднийх нь зургийг авахад шүд нь оройдоо үрэвсэлтэй, уг өвдөж байгаа шүдний урд талын сувагт сувгийн багаж хугарч үлдсэн байдалтай байсан, хугарсан багажны үзүүрээс цааш сувгийн оройг нээж болохгүй байсан учраас шүдийг аваад ципринол 0,5-тай эмийг 12 цагаар 5 хоног уух, трихопол 0,25-тайг 8 цагаар 7 хоног уух, ам зайлах уусмал бичиж өгсөн. Бүтэн сайн өдөр Рэгзэнгомбо над руу утсаар залгаад шүд өвдөөд байна жоохон хавдаад байна гэж хэлэхээр нь та 1 дүгээр эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын тасагт очиж үзүүл гэж зөвлөсөн. Маргааш нь Рэгзэнгомбын эхнэртэй нь утсаар ярихад хагалгаанд орсон гэж хэлсэн үүнээс хойш 1 сарын дараа буюу 11 дүгээр сарын 30-ны өдөр Рэгзэнгомбо манай эмнэлэг дээр ирж дээд талын арааныхаа давтан эмчилгээнд ирсэн эмчилгээг хийгээд явуулсан, багажны үзүүртэй шүдийг авахгүй эмчлэх боломж байхгүй үрэвсэлтэй сувгийн дунд хэсэгт нь багаж байгаа учраас сувгийн оройг нээх ямар ч боломжгүй байсан учраас шүдийг авсан...” /хх-ийн 34-35/,

гэрч Л.Загарзүсэмийн “...Ц.Анхцэцэг 2015 оны 8 дугаар сараас манай эмнэлэгт шүдний эмчээр ажилд орсон. Анхцэцэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Анхцэцэгийн туршилтын 6 cap нь 2 сард дуусна... Рэгзэнгомбын шүдийг эмчлэх үед би эмнэлэг дээрээ байгаагүй, тэр өдөр 18 цагийн үед эмнэлэг дээр очиход ийм байдал болсон талаар надад хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэхээр “хронический периодонтит 36” гэсэн оношоор өвчтөнийг эмчилж байх явцад сувагт багаж хугарсан, тэгээд би эм тавиад өглөө ирүүлэхээр явуулсан гэж хэлсэн. Лавлаж асуухад нэг сурвалжийн сувганд багаж үлдсэн, бусад суваг нь бүрэн нээгдсэн, 15, 20-ыг оруулаад идээ шүүс нь бүрэн авагдаж эмийн бодисоор цэвэрлээд сурвалжийн сувгийн хөндийг бага зэрэг өргөсгөх гээд 30-ны багажийг оруулсан чинь үлдчихсэн, би өөрөө сувагт үлдсэн багажийг авах гэж оролдоогүй, тантай хамтарч авах санаатай өвчтөнөө өглөө ирүүлэхээр төлөвлөөд зөвлөгөө өгөөд явуулсан гэж надад хэлсэн. Маргааш нь тэр өвчтөн ирээгүй...” /хх-ийн 36-37/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 228 тоот “...Эмч Ц.Анхцэцэг нь шүдний холбоосын архаг үрэвслийн эмийн эмчилгээний үйлдлийн стандартыг зөрчсөн байна...хохирогч Т.Рэгзэнгомбын биед шүдний ёзоорын сувагт багаж хугарсан нь эрүү, далавчны зай амны хөндийн ёроол хэсгийн зөөлөн эдийн идээт нэвчдэс, доод эрүүний зүүн талын ясны идээт үрэвсэл бүхий хүндрэл үүсгэсэн нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 42/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 357 тоот “...Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч нарын  2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 228 тоот дүгнэлт үндэслэлтэй байна... Т.Рэгзэнгомбын шүдний ёзоорын сувагт багажийн үзүүр хугалж үлдээснээс хүндэрч Т.Рэгзэнгомбо нь Улсын Клиникийн 1 дүгээр төв эмнэлгийн ЭНМЗТасагт шүдний гаралтай доод эрүүний зүүн хэсгиин эруү, далавчны зай, амны хөндийн ёроолын зөөлөн эдийн идээт нэвчдэс, доод эрүүний зүүн талын ясны үрэвсэл оноштой хэвтэж зөөлөн эдийн идээт нэвчдэсийг цэвэрлэх мэс засал хийлгэсэн байна. Т.Рэгзэнгомбын биед шүдний ёзоорын сувагт багаж хугарсантай холбоотой хүндрэл үүссэн байх тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэг тогтооно. Уг хүндрэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул уг журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Т.Рэгзэнгомбод үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээнүүд нь эмчилгээ үйлчилгээний түгээмэл стандарт, шүдний холбоосын архаг үрэвслийн эмийн эмчмлгээний   үйлдлийн стандартаар зохицуулагдана. Уг тохиолдолд гарсан хүндрэлийг өвчтөнд танилцуулж арга хэмжээ аваагүй тул уг стандартыг зөрчсөн гэж үзнэ...” гэх дүгнэлт /хх-ийн 51-54/ болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд оролцсон шинжээч эмч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Гэтэл шүүх яллах талын нотлох баримт болох дээрх нотлох баримтуудыг цагаатгах тогтоолын үндэслэл болголоо гэсэн нь ойлгомжгүй байна. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив талыг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх эс үйлдэхүйгээр илэрхийлэгдэнэ гэж дүгнэлт хийсэн нь хэт өрөөсгөл ойлголт ба өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл мөн дээрх гэмт хэргийн объектив талын шинжид мөн хамаарах юм.

Гэтэл Ц.Анхцэцэг нь хохирогч Т.Рэгзэнгомбын шүдний ёзоорын сувгийг нээх явцад түүний эмчлэгч багажны үзүүр хугарч сувагт үлдсэнийг мэдсээр байж энэ байдлыг засч эмчлэх ажиллагааг хийх ёстой байтал хийлгүйгээр түр ломбо тавьж, өвчтөнийг явуулсан нь хугацаа алдаж үрэвсэлтэй суваг нь битүүрч доош идээлж үрэвсэн улмаар эрүү хэсэг рүүгээ үрэвсэл явагдсан болох нь Ц.Анхцэцэгийн би багажны үзүүр хугарч үлдсэнийг тухайн үед нь хэлээгүй маргааш ир гээд явуулсан гэсэн мэдүүлэг, гэрч С.Батсүрэнгийн Рэгзэнгомбын өвдөж байгаа шүдэнд эм хийгээд түр ломбоор хаасан эмчилгээ хийгдсэн байсан, шүдний зургийг авахад сувагт сувгийн багаж хугарч үлдсэн байсан гэсэн мэдүүлэг болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн шинжээч эмч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ нь Ц.Анхцэцэг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор /стандартын дагуу/ биелүүлээгүй өөрөөр хэлбэл хийгдвэл зохих эмчилгээг бүрэн дүүрэн хийж гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Ц.Анхцэцэгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх тул Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Хохирогч Т.Рэгзэнгомбын өмгөөлөгч Б.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүх үндэслэлгүй цагаатгасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлд зохих ёсоор биелүүлээгүй гэж заасан. Өвчтөнд багаж хугалснаа хэлэхгүйгээр 2 цаг гаруй авах гэж оролдсон нь стандартыг зөрчсөн байна. Анхан шатны шүүх зохих ёсоор биелүүлээгүй гэх объектив талын нөхцөлийг буруу дүгнэсэн гэж үзэж байна. Ц.Анхцэцэг ямар ч хохирлоо барагдуулаагүй. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ц.Анхцэцэгийн өмгөөлөгч М.Цэрэнбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж байгаа нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй. Объектив тал байхгүй. Гэм буруутай үйлдэл үү, эс үйлдэл үү эсвэл гэм буруугүй эс үйлдэл үү гэдгийг ялгах хэрэгтэй. Тусламж үйлчилгээ үзүүлж явцад багаж хугарах нь гарч болох хүндрэл юм. Олон улсад нэг багажийг нэг хүнд хэрэглэх ёстой байдаг. Харин манай улсад өндөр температураар ариутгаад, хэрэглэх боломжгүй болтол нь хэрэглэдэг. Тухайн үед Ц.Анхцэцэг эмч гаргасан алдаагаа мэдээд хугарсан багажийг авах гээд цаг гаруй оролдсон. Туршилтын 6 сар хугацаанд дагалдан эмч хийж байсан. Хугарсны дараа Загарзүсэм эмчид хэлэхэд маргааш авъя гэж хэлээд явуулсан. Энэ нь Ц.Анхцэцэг эмч яагаад тусламж үзүүлээгүй гэм буруугүй эс үйлдэл гэж үзэж байна. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч нэг шүдний хохирлыг хөнгөн гэмтэлд хамаарна гэж хариулж байсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг хүндэвтэр гэмт хэрэг. Ясны идээт үрэвсэл нь ямар нянгийн гаралтай халдвар вэ гэдгийг тодорхойлох боломжтой. Ахуйн болон эмнэлгийн гаралтай халдвар байсан талаар тодорхойлох шинжилгээ хийлгэх боломжтой. Хэрвээ эмнэлгийн гаралтай халдвар гэж үзвэл Ц.Анхцэцэг эмч буруутай, ахуйн гаралтай халдвар гэж үзвэл анхнаасаа архаг суурь үрэвсэл байсан асуудал гарч ирнэ. Ийм байдлаар гэмт хэргийн бүрэлдэхүүн үгүйсгэгдэж байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объект байхгүй гэж үзэж байна. Багаж зөвхөн нэг шүдэнд хугарч үлдсэн. Ц.Анхцэцэг эмчийн тухайд гэм буруугүй эс үйлдэл байсан...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ц.Анхцэцэгийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй. Шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэдгээр яллах үндэслэл болохгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх заавал баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлээ заасан байвал зохино” гэж заасан. Шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна” гэж заасан. Ц.Анхцэцэг эмч 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 228 тоот дүгнэлтийг өмгөөлөгч М.Цэрэнбат, Ц.Анхцэцэг нар хүлээн зөвшөөрөхгүй, дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 357 тоот дүгнэлтээр шинжээч эмч нар санал зөрөлдөж дүгнэлт гарсан. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч Үржинханд, Давааням, Энхбаяр нар оролцсон. Т.Рэгзэнгомбо шүдний гаралтай доод эрүүний далавч, амны хөндийн ёроолын зөөлөн эдийн идээт үрэвсэл гэсэн оноштойгоор нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орсон байдаг. Шүүх хуралдаанд оролцсон эмч нараас уг өвчин үүсэх болсон шалтгаан юу болох, илрэх шинж тэмдгийн талаар юу болохыг асуухад энэ өвчин аажим явцтай, удаан явагддаг, том хэмжээний цооролттой байсан учраас эрүүний ясанд үүссэн гэсэн. Шүдний хэмжээ тодорхой харьцаатай байгаа учраас эмгэг зүйн шинж нь бага байдаг. Шүдэнд багаж хугарснаас хохирогч эрүү нүүрний мэс засалд орсон гэж үзэх үндэслэл байхгүй байна. Шүдэнд багаж хугарснаар энэ хор уршигт хүрээгүй...” гэв. 

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хуулийн ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Ц.Анхцэцэгт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. Үүнд:

 

1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 228 дугаар Шинжээчийн дүгнэлт гаргах үндэслэл болсон Нүүр ам судлалын мэргэжлийн шинжээч эмч нарын дүгнэлтийг гаргасан Л.Давааням, Ж.Үржинлхам нар /хх-ийн 43-44 тал/, 2016 оны 2 дугаар сарын 8-ний өдрийн Нүүр ам судлалын мэргэжлийн шинжээч эмч нарын дүгнэлтийг гаргасан Л.Давааням, Ж.Үржинлхам нарыг дахин шинжилгээ буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 357 дугаар шинжээчийн дүгнэлт гаргахад оролцуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.

 

2. Ц.Анхцэцэг нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх /хх-ийн 77-79 тал/ явцдаа хохирогч Т.Рэгзэнгомбын бие махбодид гэмтэл учруулсан гэж үзэхээр “Цахиур дэнт” ХХК-ийг хуульд заасны дагуу иргэний хариуцагчаар татан оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн.

 

3. “Цахиур дэнт” ХХК-ийн захирал Л.Загарзүсэмийн үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгаагүй нь учир дутагдалтай байна. Учир нь, Ц.Анхцэцэг яллагдагчаар “...үйлчлүүлэгчээ сандраад айчихвий гэж бодоод туршлагатай эмч Загарзүсэм эмч рүү утсаар залгахад маргааш би багажийг гаргаад авъя гэж хэлсэн...” /хх-ийн 64 тал/, шүүгдэгчээр “...Сувгаас багаж авч байгаагүй туршлагагүй эмчийн хувьд би өөрөө багажийг сугалж авахыг оролдоод гаргаж авч чадахгүй байсан. Би зургаа бариад Загарзүсэм эмч байхаар нь сувагт багаж хугалчихлаа гээд авсан зургаа үзүүлэхэд үүнийг гаргаж авах боломжтой, хэзээ хугалсан юм бэ гэхэд би авах гэж бараг 1 цаг оролдсон гэхэд энэ хүнээ маргааш ирүүлээрэй, сувагт нь байгаа багажаа гаргаж авъя гэсэн. Би өрөө шинэ хүн учир энэ хүнд эхлэх үү, байх уу гэж асуухад үүнийг гаргаж авах боломжтой учир хэлээд яах вэ, тэр хүн чинь үүнийг хүндээр хүлээж авна гэсэн...” /хх-ийн 197 тал/ гэж, Л.Загарзүсэм гэрчээр “...18 цагийн үед эмнэлэг дээрээ очиход ийм байдал болсон талаар надад хэлсэн. ...Маргааш нь тэр өвчтөн ирээгүй...” /хх-ийн 36 тал/ гэж тус тус мэдүүлснээс гадна давж заалдах шатны шүүх хуралдаан дээр цагаатгагдсан этгээд Ц.Анхцэцэг нь “...тухайн үед багаж хугарсныг нь мэдээд зургийн аваад харсан чинь авах боломжтой боловч авч чадахгүй байсан болохоор Загарзүсэм эмчээс тусламж хүссэн. Загарзүсэм эмч зургийг нь хараад авах боломжтой гэж хэлсэн. Энэ хүнээ өнөөдөр явуулчих, өвчтөнд хэлэх үү гээд асуухад маргааш хүрээд ир гээд хэлчих, би аваад өгнө гэж хэлсэн...” гэж мэдүүлж байгаа тул Л.Загарзүсэмийн гэм буруутай эсэхийг зайлшгүй шалгах нь зүйтэй.

 

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ц.Анхцэцэгт холбогдох хэргийг магадлалд дурдсан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоолд Ц.Анхцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг “...хаалттай явуулсан /хх-ийн 219 тал/, шүүх хуралдааны тэмдэглэлд “...нээлттэйгээр...” /хх-194 тал/ гэж зөрүүтэй бичигдсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зөрчил болж байгааг, мөн шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.3 дахь хэсэгт заасан “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болж байгаа нотлох баримт, яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг шүүх ямар учраас үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхойлох...” гэсэн шаардлагад нийцүүлэн бичиж байхыг тус тус анхан шатны шүүхэд анхааруулан тэмдэглэж байна. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ц.Анхцэцэгт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжин прокурорт очтол Ц.Анхцэцэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.              

                                               

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                                   Д.ОЧМАНДАХ