| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2023/0878/З |
| Дугаар | 128/ШШ2024/0889 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2024/0889
2024 11 12 128/ШШ2024/0889
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Баатарчулуун /РД:ЧЙ56110115/,
С.Нарантуяа /РД:ХА78052562/,
Б.Жаргал/ РД:ХА54062364/,
Д.Ариунбилэг/РД:ХА73072177/,
Г.Баясгалан /РД:УХ76062409/,
С.Түвшингэрэл /РД:ШЖ77042703/,
О.Гэрэлням /РД:ШБ72093001/,
Х.Баярсайхан /РД:УХ56042111/,
О.Энхцэцэг /РД:ТГ65012108/,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Одмаа,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Газар Зохион Байгуулалтын албаны дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Булганмаа, О.Сэлэнгэ нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Н.Баатарчулуун, О.Түвшингэрэл, О.Энхцэцэг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одмаа, нэхэмжлэгч С.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бат, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одмаагийн өмгөөлөгч Л.Нинжбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Булгамаа, О.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч нар нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоогийн гарын үсэг бүхий №02-05 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.
1.2.Нэхэмжлэгч нараас 2024 оны 04-р сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа: “Бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн, хуульд нийцээгүй Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн A/237 дугаартай захирамж, мөн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоогийн гарын үсэг бүхий №02-05 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.
1.3.Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШЗ2024/3887 дугаар захирамжаар “2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоогийн гарын үсэг бүхий №02-05 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан.
1.4.Энэ хэрэгт тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09-р сарын 26-ны өдрийн 128/ШЗ/2024/8030 дугаар захирамжаар иргэн О.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн засаг дарга, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн.
1.5.Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШЗ2024/3887 дугаар захирамжаар “2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоогийн гарын үсэг бүхий №02-05 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас тул энэхүү үндэслэлээр О.Энхцэцэгийн мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзсэн
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн... гарааш ... эзэмшиж, ашиглаж байх тул 14 хоногийн дотор газар чөлөөлөхийг мэдэгдсэн байна.
2.2.Нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хотын захирагч Д.Сумъяабазарт хандан “Сүхбаатар дүүргийн газрын албанаас төрийн захиргааны байгууллагын шийдвэр, газрын төлбөр төлсөн актад дурдсан газрын тухай хууль, газрын төлбөрийн хуулиудын заалтуудыг үгүйсгэж, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн газар ашиглаж “хууль дүрэм” зөрчсөн гэж буруутгаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Нийслэлийн бүтээн байгуулалттай холбоотой аливаа асуудлыг бид ойлгон дэмжинэ. Гэхдээ биднийг буруутгаж байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
2.3.Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/237 дугаар 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” захирамжаар гараашийг албадан буулгаж газрын зөрчлийг арилган, газар чөлөөлөх ажлыг холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд зохион байгуулахыг Газар зохион байгуулалтын албаны даргад даалгасан байна.
2.4.Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн... гарааш ... эзэмшиж, ашиглаж байх тул 14 хоногийн дотор газар чөлөөлөхийг мэдэгдэж байна. Мөн заасан хугацаанд газар чөлөөлөөгүй бол Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу албадан чөлөөлөх болохыг шаардсан” тухай мэдэгдэх хуудсыг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан автомашины гараашны хаалган дээр дахин нааж мэдэгджээ.
2.5.Ийнхүү нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02-05 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл
3.1.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
“Н.Баатарчулуун, С.Нарантуяа, Б.Жаргал, Д.Ариунбилэг, Г.Баясгалан, С.Түвшингэрэл, О.Гэрэлням, Х.Баярсайхан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одмаа миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Шаазан ваарны үйлдвэрийн урд байрлалтай, гарааш эзэмшигчид болох нэр бүхий иргэд хууль зөрчөөгүй болохыг тогтоолгох, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоогийн гарын үсэг бүхий №02-05 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа дараахь байдлаар тодруулж байна.
Тухайн нэхэмжлэлд дурдсан нэр бүхий нэхэмжлэгчид хуулийн дагуу гарааш барих газраа авсан, зарим иргэдийн хувьд гараашийг худалдан авсан байдаг. Уг учир байдлаа бичихдээ нэхэмжлэлийн шаардлага мэтээр ойлгуулсан нь учир дутагдалтай болсон байна.
Нэхэмжлэл гаргаж буй нэр бүхий иргэдийн өмч хөрөнгийг Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоо нь иргэдтэй зөвлөлдөхгүй, дур мэдэн иргэдийн өмч хөрөнгийг буулгахаар мэдэгдэл өгч байгаа нь хууль бус байх тул 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоогийн гарын үсэг бүхий №02-05 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэд өөрсдийн өмч хөрөнгөтэй байх, өмч хөрөнгөө захиран зарцуулах, эзэмших, ашиглах эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, эрх бүхий албан тушаалтны хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахаар хандсан болохоо үүгээр тодруулан хүргүүлж байгаа болно.
Тиймээс 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоогийн гарын үсэг бүхий №02-05 тоот мэдэгдлийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.
3.2.Нэхэмжлэгч нар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Бид өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа "2023 оны 05 дугаар 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоогийн гарын үсэг бүхий №02-05 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж тодорхойлсон юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бидний мэдэхгүй, өмнө үзэж танилцаагүй баримт материалыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/237 дугаартай захирамжаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 30 дугаар байрны зүүн хойд талд байрлах 26 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж газрын зөрчлийг арилган, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийг өмнө нь бидэнд танилцуулаагүй, ийм шийдвэр гаргах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй болно. Бид энэхүү шийдвэрийг огт зөвшөөрөхгүй байгаа тул өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж байна.
Нэг. Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/237 дугаартай захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд. 1.1. Засаг даргын А/237 дугаартай захирамжийн 1 дэх заалтад ... газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй байгаа....... Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 30 дугаар байрны зүүн хойд талд байрлах 26 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж газрын зөрчлийг арилган, газар чөлөөлөх..." гэж үндэслэлээ тодорхойлжээ. Анх Сүхбаатар дүүргийн Засаг дарга Г.Бүдрагчаа 2000 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 65 дугаартай захирамжаар иргэн Б.Баярмаад 12 автомашины гарааш барих зориулалтаар 0,02 га газрыг олгосон юм. Улмаар Б.Баярмаа гараашаа бариад бид түүнээс худалдан авч өөрийн гэсэн өмчтэй болсон. Худалдан авсан цагаасаа хойш бид газрын төлбөрийг төлсөөр ирсэн юм. Гэтэл гэнэт 2023 оны 05 дугаар 17-ны өдөр 02-05 дугаартай Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоогийн мэдэгдэлд зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гарааш эзэмшиж, ашиглаж байх тул..." гэжээ. Бид дээр дурдсан дүүргийн Засаг даргын 2000 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 65 дугаартай захирамжаар зөвшөөрөгдөж олгогдсон газарт баригдсан гараашийн өмчлөгчид юм. Бидний өмчийг нурааж газар чөлөөлөх шийдвэр гаргах гэж байгаа бол эхлээд хуульд заасан үндэслэл, журмын дагуу 2000 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 65 дугаартай захирамжийг хүчингүй болгож нөхцөл, болзол шаардагдана.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба биднээс 20 гаруй жилийн хугацаанд газар эзэмшсэний төлбөр авсаар ирсэн нь бидний хооронд газар, Эзэмших, ашиглах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.
Хоёр. Шийдвэр гаргасан процессын тухайд.
2.1. Бид газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгосон тухай Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/237 дугаартай захирамжийг санаандгүй байдлаар шүүхэд маргаж яваад мэдсэн юм. Бидэнд өмнө нь ийм захирамж гарах гэж байгаа, гарсан эсэх талаар хэн ч, хэзээ ч мэдэгдэж байгаагүй тул бид энэ мэдээг ихэд цочирдож хүлээн авсан юм. Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/237 дугаартай захирамж ийм байдлаар гарсан нь дараах хууль тогтоомжуудыг зөрчсөн байна. Үүнд: а/ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6. дэх хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчмыг баримтална" гэснийг, 6/ Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2. дах хэсэгт сонсох ажиллагааны "Оролцогч энэ хуулийн 18.1-д заасан этгээдийг нэрлээгүй бол түүнд хаяглагдсан баримт бичгийг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр, харин цахим шуудангаар явуулсан баримт бичгийг түүнийг илгээснээс хойш ажлын таван өдөр өнгөрснөөр баримт бичиг гардуулсанд тооцно" гэснийг; в/ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэснийг, г/ Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт "Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно" гэснийг д/ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2. дэх хэсэгт "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ" гэснийг тус тус зөрчсөн байна. Бидний үзэж байгаагаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга захиргааны хууль зүйн үр дагавар бүхий акт гаргуулахдаа хуульд заасан захиргааны процессыг ноцтой зөрчиж, илтэд худал, бодит байдалд нийцээгүй мэдээллийн үндсэн дээр шийдвэр гаргасан байна. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд бидэнтэй холбоо барих бүх утасны дугаар, хаягийн мэдээлэл байсаар байхад бидэнтэй утсаар, хүргэлтийн шуудан болон цахим шуудангаар холбоо барих ямар нэгэн оролдлого хийгээгүй байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/237 дугаартай захирамж 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гарсан байхад уг захирамжийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж байгаа бидэнд мэдэгдээгүй, өөрсдийн байр суурь, үйл баримтын талаар нотолгоог гаргаж танилцуулах боломж олгоогүй нь захиргааны байгууллагаас захиргааны актыг гаргах хуульд заасан журам ноцтой зөрчигдсөн гэж үзэхээр байна. Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаартай "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 1.11-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан "... мэдэгдэнэ..." гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ" гэж заасан байна.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлж өөрчилсөн шаардлага: Дээр дурдсан үндэслэлээр бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн, хуульд нийцээгүй Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/237 дугаартай захирамж, мөн 2023 оны 05 дугаар 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоогийн гарын үсэг бүхий №02-05 дугаартай мэдэгдэл зэргийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.3.Нэхэмжлэгч О.Энхцэцэг шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие 2010 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 65 дугаар захирамж болон газрын харилцааны холбогдох байгууллагуудын батламжилсан байршлын зураг төслийн дагуу зөвшөөрөлтэй баригдсан гражийг өөрийн хөрөнгөөр худалдан авсан ба худалдаж авсан цагаасаа жил болгон зохих хууль журмын дагуу газрын төлбөрөө төлж байсан болно.
Сүхбаатар дүүргийн газрын албанаас дээр дурдсан төрийн захиргааны байгууллагын шийдвэр, газрын төлсөн акт, газрын төлбөрийн хуулиудын заалтуудыг үгүйсгэж, зөвшөөрөлгүй дур мэдэн газар ашиглах “Хууль, дүрэм зөрчсөн” гэж буруутгаж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд нэхэмжлэл гаргасан болно” гэжээ.
3.4.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Нинжбат шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Бид өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоргиогийн гарын үсэг бүхий 02-05 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бидний мэдэхгүй, өмнө үзэж танилцаагүй баримт материалыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлжээ. Тухайлбал Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/237 дугаартай захирамжаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 02 дугаар хороо 30 дугаар байрны зүүн хойд талд байрлах 26 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газрын зөрчлийг арилган, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийг өмнө нь бидэнд танилцуулаагүй, ийм шийдвэр гаргах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй болно. Бид энэхүү шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/237 дугаартай захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд: Засаг даргын А/237 дугаартай захирамжийн нэг дэх заалтад газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй байгаа Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 30 дугаар байрны зүүн хойд талд байрлах 26 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж газрын зөрчлийг арилган, газар чөлөөлөх гэж үндэслэлээ тодорхойлжээ. Анх Сүхбаатар дүүргийн Засаг дарга н.Бүдрагчаа 2000 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Б.Баярмаад 12 ширхэг автомашины гарааш барих зориулалтаар 0.02 га газрыг олгосон байна. Улмаар н.Баярмаа гараашийг бариад бид түүнээс худалдан авч өөрийн гэсэн өмчтэй болсон. Худалдан авсан цагаасаа хойш бид газрын төлбөрийг төлсөөр ирсэн. Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 02-05 дугаартай Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоогийн мэдэгдэлд зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гарааш эзэмшиж, ашиглаж байх тул гэжээ. Бид дээр дурдсан Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 65 дугаартай захирамжаар зөвшөөрөгдөж олгогдсон газарт баригдсан гараашны өмчлөгчид юм. Бидний өмчийг нурааж газар чөлөөлөх шийдвэр гаргах гэж байгаа бол эхлээд хуульд заасан үндэслэл журмын дагуу 2000 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 65 дугаартай захирамжийг хүчингүй болгох нөхцөл болзол шаардагдана. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба биднээс 20 гаруй жилийн хугацаанд газар эзэмшигчдийн төлбөр авсаар ирсэн нь бидний хооронд газар эзэмших ашиглах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж байгаа. Шийдвэр гаргасан процессын тухайд бид газар эзэмших ашиглах эрхийг хүчингүй болгосон талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/237 дугаартай захирамжийг санаандгүй байдлаар шүүхэд маргаж яваад мэдсэн бидэнд өмнө нь ийм захирамж гарсан эсэх талаар хэн нь ч хэзээ ч мэдэгдэж байгаагүй.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/237 дугаартай захирамж ийм байдлаар гарсан нь дараах хууль тогтоомжуудыг зөрчиж байна. Үүнд Захиргааны ерөнхий хуулийн 04 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэг захиргааны үйл ажиллагаанд бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах тусгай зарчмыг баримтална гэснийг, Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт сонсох ажиллагааны оролцогч нь энэ хуулийн 18.1 дэх хэсэгт заасан этгээдийг нэрлээгүй бол түүнд хаяглагдсан баримт бичгийг баталгаат шуудангаар явуулснаас хойш Нийслэлд ажлын 5 өдөр, орон нутагт ажлын 10 өдөр, харин цахим шуудангаар явуулсан баримт бичгийг түүнийг илгээснээс хойш ажлын 5 өдөр өнгөрснөөр баримт бичиг гардуулсанд тооцно гэснийг, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт захиргааны акт захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоно гэснийг, Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай баримт бичигтэй оролцогч түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно гэснийг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт энэ хуулийн 21.1 дэх хэсэгт заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэснийг тус тус ноцтой зөрчсөн байна.
Бидний үзэж байгаагаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга захиргааны хууль зүйн үр дагавар бүхий акт гаргахдаа хуульд заасан захиргааны процессыг ноцтой зөрчиж, илтэд худал, бодит байдалд нийцээгүй мэдээллийн үндсэн дээр шийдвэр гаргасан байна. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд бидэнтэй холбоо барих бүх утасны дугаар, хаягийн мэдээлэл байсаар байхад бидэнтэй утсаар, хүргэлтийн шуудан болон цахим шуудангаар холбоо барих ямар нэгэн оролдлого хийгээгүй байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/237 дугаартай захирамж 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гарсан байхад уг захирамжийг эрх хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж байгаа бидэнд мэдэгдээгүй, өөрсдийн байр суурь, үүрэг, үйл баримтын талаар нотолгоо гаргаж, танилцуулах боломж олгоогүй нь захиргааны байгууллагаас захиргааны актыг гаргах хуульд заасан журам ноцтой зөрчигдсөн гэж үзэхээр байна. Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаартай “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах” тогтоолын 1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “мэдэгдэнэ гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, имэйл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж түүнийг баталгаажуулсныг хэлнэ” гэж заасан байна.
Иймд бид нэхэмжлэлийнхээ шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. 04 дүгээр сарын 03-ны өдрийн 65 дугаартай худалдаа үйлчилгээний павильон барих тухай Засаг даргын захирамж байгаа. Үүний 1 дэх заалтад Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дугаар заалт Монгол Улсын Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.5 дахь заалтыг үндэслэн тус дүүргийн иргэн Б.Баярмаад хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрээс Монгол шаазан компанийн урд талд 12 автомашин гараашны зориулалтаар 0.02 га газрыг, иргэн н.Гүнсмаад 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт спорт сургалтын төвийн зүүн урд талд худалдааны зориулалтаар павильон барихыг зөвшөөрсүгэй гэж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт энэ захирамжийн зөвхөн павильонтой хэсгийг яриад байна. Хэрвээ захирамжийг ярих гэж байгаа бол 12 автомашины гараашны зориулалтаар 2.02 га газрыг олгосон байгааг яагаад ярихгүй байна вэ, бид энэ хэсгийг л ярьж байгаа. Бидэнд албан ёсоор олгосон энэ газар дээр уг гараашнууд байгаа. Уг захирамж хууль эрх зүйн актынхаа хувьд өнөөдөр хүчин төгөлдөр байгаа бөгөөд уг захирамжийг хэн ч ямар ч эрх бүхий албан тушаалтны хувьд хүчингүй болгоогүй байгаа. Мөн өнөөдрийг хүртэл гэрчилгээ аваагүй гэж яриад буруутгаад байх шиг байна. Тэгэхээр гэрчилгээ авах талаар энэ найман хүн удаа дараа Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандсан боловч гэрчилгээ олгодоггүй. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт энэ хуулийн 33.1 дэх хэсэгт заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал аймаг нийслэл дүүргийн газрын алба тухайн иргэн аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж эрхийн гэрчилгээ олгож улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан. Тэгэхээр гэрчилгээ авъя гэхээр олгохгүй байсан байж өнөөдөр шүүх хурал дээр та нар гэрчилгээгүй шүү гэж болохгүй. Олгох ёстой үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй.
Энэ Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт газар эзэмшигч нь газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг хүлээнэ гэж заасан. Сүхбаатар дүүргийн Газрын алба 2000 оноос 2018 оныг хүртэл 18 жил гарааш эзэмшигчдээс тасралтгүй газрын төлбөр авсан. Үүгээр газар эзэмших, ашиглах харилцаа үүсэн байна гэж манай зүгээс үзэж байгаа. Учир нь нэхэмжлэгчдээс төлбөр гэрчилгээг нь олгохгүй яваад байсан байна. Газар эзэмшүүлэх захирамж гаргасан бөгөөд тухайн захирамжийн дагуу гараашнууд баригдсан байна. Гэтэл одоо олгоогүй гэрээний үр дагавар болгож та нар гэрээ хийгээгүй учраас та нар газар эзэмших эрх байхгүй гээд захирамжаа гаргасан ч өмнөх захирамжаа хүчингүй болгоогүй.
Ер нь бол аливаа захиргааны акт өмнөх хүчин төгөлдөр актынхаа үйлчлэлийг зогсоож байж дараагийнхаа актын хүчин төгөлдөр байдлыг хамгаалах байдлаар акт гарч байх ёстой бөгөөд давхардсан байдлаар гарч болохгүй. Тийм учраас хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэж байна” гэв.
3.5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“Иргэн Н. Баатарчулуун нарын нэр бүхий 8 иргэнээс Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргад холбогдуулан гаргасан 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02-05 тоот хугацаатай мэдэгдэх хуудас бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Тус алба нь нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж ажилладаг чиг үүрэг бүхий байгууллага тул газрын зөрчил арилгах тухай дүүргийн Засаг даргын 2023 оны A/237 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийтийн эдэлбэрийн зам талбайд зөвшөөрөлгүй баригдсан гараашуудад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасныг үндэслэн газар чөлөөлөх тухай 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тухайн байршилд байрлах 26 гараашуудад сонсох ажиллагааг хийж хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн.
Н.Баатарчулуун нарын нэр бүхий 8 иргэнээс Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан дүүргийн Засаг даргын 2023 оны A/237 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Дүүргийн Засаг даргын 2023 оны A/237 дугаар захирамж Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасны дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хэрэгжилтийг ханган захиргааны байгууллагаас нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд гаргасан хүчин төгөлдөр захиргааны акт байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сэлэнгэ шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлага нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2000 оны 65 дугаар захирамжаар газар эзэмших буюу тухайн газар дээр гарааш барих зориулалттай гэж зааж байгаа боловч та бүхэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ байна уу. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж байдаг. Гэтэл уг эзэмшүүлэх гэрчилгээ байхгүй байна. Тийм учраас манайхаас сонсох ажиллагааг мэдэгдэх хуудасны дагуу хийнэ. Газрын гэрчилгээтэй бол олон нийтийн радио телевизээр болон тухайн эзэмшигчид зориулсан албан бичгээр мэдүүлгийг хүргүүлдэг. Тэгэхээр уг захирамжийн хүрээнд тухайн үедээ газрын гэрчилгээг хөөцөлдөх ёстой байсан боловч тийм үйл ажиллагаагаа хийгээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байгаа болохоор газар эзэмшигч гэж тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Нийслэлийн болон Дүүргийн Засаг даргын захирамжаар газар чөлөөлөх буюу зөвшөөрөлгүй газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээр мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн” гэв.
3.7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Булганмаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч тал газар эзэмших эрх зүйн харилцаа үүссэн гэж маргаж байгаа. Нэгэнт газар эзэмших харилцаа үүссэн болохоор Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох үйл ажиллагаа хийгээгүй процесс алдаа гаргажээ гэж үзэж байх шиг байна. Манай итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр Монгол Улсад газрыг зөвхөн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмших ёстой гэж Газрын тухай хуульд заасан. Дүүргийн Засаг даргын 2000 оны 65 дугаар захирамж нь гараашны зориулалтаар газрыг эзэмшүүлсэн биш худалдаа үйлчилгээний павильон барих зориулалтаар тухайн газрыг олгохыг зөвшөөрсөн байдаг. Уг захирамж нь газар эзэмшүүлэх биш худалдаа үйлчилгээний павильон барих зориулалтаар тухайн газрыг эзэмшигчид олгожээ гэж ойлгож болно. Магадгүй газрын харилцаатай холбоотой маргаан үүсэж байгаа бол тухайн иргэн өөрөө Газрын тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэгч байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч талуудын хэнд ч газар эзэмших эрхийн гэрчилгээ буюу гэрээ байхгүйгээр үл барам газрын мэдээллийн сан тухайн иргэдийн нэртэй холбоотой кадастрын зураг бусад зүйл байхгүй.
Нэгэнт тухайн газарт газрын тухай хуульд заасан эрх үүсээгүй юм бол тухайн газар дээр байгаа зөвшөөрөлгүй объектыг нурааж нийтийн эрх ашгийн хүрээнд ашигласан нь зүйтэй юм.
Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөг баталсан Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг биелүүлэх үүрэг нь Дүүргийн Засаг даргад байдаг. 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дүүргийн Засаг даргаас Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 7/32 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсэгт хэсгийг биелүүлэх зорилгоор захирамж гаргасан. Уг тогтоолын 13 дахь хэсэгт 7/32 дугаар тогтоолын 13 дугаар хэсэг нь 1-8 болон 10 дугаар хороодын нутаг дэвсгэр орон сууцын хорооллууд дахь зөвшөөрөлгүй автомашины гараашнуудыг буулган, чөлөөлөгдсөн газарт олон нийтэд зориулсан ногоон байгууламж, тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх боломжийг бүрдүүлнэ гэсэн. Уг захиргааны актыг биелүүлэхийн тулд дүүргийн Засаг даргын захирамж гарсан.
Эрх зүйн акт нэгэнт хүчин төгөлдөр болсон тохиолдолд захиргааны актыг биелүүлэх үүргийг хүлээдэг. Газрын тухай хууль тогтоомжоор эрх олгогдоогүй газар тухайн газар зөвшөөрөлгүй гэж үзэж байгаа. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 327.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэх хуудсаа тухайн гараашны хаалга дээр нааж хүргүүлсэн. Нэхэмжлэгч талын хувьд өөрийн өмч гэж үзээд байгаа гараашны хаалга дээр мэдэгдэх хуудсыг нааж хүргүүлэх нь хамгийн зөв шийдэл гэж манай зүгээс харж байгаа. Нэхэмжлэгч нарт мэдэгдэх хуудсыг хаяг болон утсаар мэдэгдэх боломжгүй буюу тухайн иргэдийн мэдээлэл газрын мэдээллийн санд байдаггүй учраас тийнхүү мэдэгдэх боломжгүй.
Энэ захиргааны акт нь процессын хувьд алдаагүй гарсан бөгөөд захиргааны байгууллага өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр юм. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хариу тайлбар гаргаж байна.
Удаа дараа Газрын албанд мэдэгдсэн боловч Газрын алба шийдвэрлээгүй гэх асуудлыг дурдаж байна. Тэгэхээр Дүүргийн Засаг даргатай холбоотой 237 дугаар захирамжийн хүрээнд яригдаж байгаа.
Захиргааны байгууллага гомдлыг шийдвэрлэхгүй бол дараагийн шатны байгууллагад гомдол гаргах, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрх нэхэмжлэгчид байгаа. Хэдэн сарын хэдний өдөр хэн гэдэг хүн газрын албанд ямар өргөдөл гараад тэрийг нь хэдий хугацаанд шийдвэрлээд өөр талаар нотлох баримт хэрэгт бол авагдаагүй.
Иргэн Б.Баярмаа газраа хуваагаад эдгээр хүмүүст хувааж өгсөн юм шиг байна. Тэгвэл та бүхний тухайн иргэн Б.Баярмаатай хийсэн гэрээ нь хаана байна. Мөн тухайн иргэн гэрээ гэрчилгээгүй юм бол эдгээр хүмүүст газраа хуваагаад зарсан юм. Үнэхээр иргэн Б.Баярмаагаас газрыг худалдаж авсан юм бол яагаад өөрсдөө Газрын алба дээр очиж тухайн газрыг өөрсдийн нэр дээр болгоогүй юм. Ийм асуудлууд гарч ирж байна. Мөн Газрын тухай хуульд зааснаар Монгол Улсад газар ашиглаж байгаа бол тухайн ашиглаж байгаа газрын төлбөрийг төлөх ёстой байдаг. Тэр төлбөрөө авсан хэрэг. Түүнээс биш яг энэ газрыг танд эзэмшүүлжээ гэсэн эрхийн акт байхгүй байна. 65 дугаар захирамжийг хүчингүй болгох талаар яригдлаа. Тодорхойгүй зүйлийг яаж хүчингүй болгох юм бэ, 22 гарааш яригдаж байгаа боловч тухайн захирамж дээр байгаа 0.02 га газар хэнд байгаа нь мэдээллийн санд байхгүй байна. Учир нь эдгээр хүмүүс мэдээллийн санд өөрсдийн мэдээллийг бүртгүүлээгүй байна. Тэр бүү хэл Б.Баярмаагийн мэдээлэл газрын мэдээллийн санд байдаггүй” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэргийн маргаанд “газрыг албадан чөлөөлөхтэй холбогдон гаргасан захиргааны акт”-ад холбогдох үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч Б.Баатарчулуун, С.Нарантуяа, Б.Жаргал, Д.Ариунбилэг, Г.Баясгалан, С.Түвшингэрэл, О.Гэрэлням, Б.Баярсайхан, О.Энхцэцэг нарын 9 иргэн /цаашид “Нэхэмжлэгч Б.Баатарчулуун нар” гэх/ нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хорооллын оршин суудаг болох нь тэдгээрийн иргэний үнэмлэх дэх хаягийн бүртгэлээр тогтоогдлоо.
2.2.Нэхэмжлэгч Б.Баатарчулуун нарын 9 иргэн нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 30 дугаар байрны зүүн хойд талд байрлах тоосгон автомашины /маргаан бүхий актад 26 ширхэг гэж бичсэн/ гражийн тус бүрийн өмчлөгч гэж тайлбарлаж байгаа боловч эдгээр гражийн газрыг эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ болон аливаа өөр бусад хүчин төгөлдөр шийдвэр, гэрээ, гэрчилгээ байхгүйгээс гадна уг гражийг өмчлөх эрхийн гэрчилгээ, өмчлөгч гэдгийг нотлох хуульд заасан шаардлага хангасан баримтууд байхгүй байна.
2.3.Харин өөрсдийн гражийн газар ашиглах, эзэмших эрх нь хууль ёсоор үүссэн буюу уг орон сууц болон гражийн доорхи буй газрыг анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 65 дугаар захирамжаар Б.Баярмаад 12 автомашины зориулалтаар газар эзэмшүүлсэн, Б.Баярмаа граж барьж бидэнд худалдсан тул зохих этгээдийн зөвшөөрлөөр баригдсан граж учраас хувийн өмчөө шүүхэд хамгаалагдах ёстой” гэж маргасан.
2.4.Гэвч Б.Баярмаа нь уг газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан, гэрээ байгуулсан, мөн эдгээр иргэдэд гражийг барьж худалдсан гэх нотлох баримтууд байхгүй байна.
2.5.Мөн нэхэмжлэгч Б.Баатарчулуун нараас 18 жилийн турш уг гражийн газрын төлбөрийг төлж ирсэн, төлүүлэхээр шаардаж байсан нь газар эзэмших эрхтэй гэдгийг зөвшөөрч байсан, 2018 он хүртэл газрын төлбөр төлж ирсэн тул эрхээ хамгаалагдана гэх агуулгаар тайлбар гаргаж байна.
2.6.Нэхэмжлэгч Б.Баатарчулуун нараас: С.Нарантуяа нь гражийн төлбөрийг тодорхойлох акт 2011 онд үйлдсэн, уг актыг 2015 он дуустал сунгасан, үүний дагуу газрын төлбөрийг 2015 он хүртэл төлсөн баримтыг гаргаж өгсөн ч нотлох баримтыг шаардлага хангахгүй байна /ХХ-1-ийн 63-65 дахь хуудсанд/
2.7.Мөн нэхэмжлэгч С.Түвшингэрэл Газрын төлбөр тодорхойлох тухай актыг 2015 онд үйлдэж, 2015 онд газрын төлбөр төлсөн баримт гаргаж өгсөн боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. /ХХ-1-ийн 67-68 дахь тал/
2.8.Нэхэмжлэгч Б.Баатарчулуун нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2021 онд гаргасан “тус хороонд граж эзэмшдэг” гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн ч /ХХ-1-ийн 70 дахь тал/, газрын төлбөр төлсөн баримт баримт байхгүй байна.
2.9.Нэхэмжлэгч Д.Ариунбилэг Газрын төлбөр тодорхойлох тухай актыг 2011 онд үйлдэж, уг актыг 2016 он дуустал сунгасан, үүний дагуу газрын төлбөрийг 2016 он дуустал төлсөн баримт гаргаж өгсөн боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. /ХХ-1-ийн 74-79 дахь тал/
2.10.Нэхэмжлэгч П.Гэрэлням нь гражийг бусдаас худалдан авч, төлбөрт 10,00,00 /Арван сая/ төгрөг төлсөн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар ирүүлсэн. /ХХ-1-ийн 82-86 дахь тал/
2.11.Бусад нэхэмжлэгч нараас гражийн өмчлөгч, газрын төлбөр төлсөн гэх баримтыг нотлох баримтын шаардлага хангасан, хангаагүй аливаа байдлаар ирүүлээгүй болно.
2.12.Нэхэмжлэгч Б.Баатарчулуун нарт гражийн зориулалтаар газар эзэмшүүлсэн аливаа шийдвэр гараагүй гэдэг нь Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17/1227 дугаартай албан бичигт “... гражийн зориулалтаар олгосон Засаг даргын захирамж, холбогдох баримт хадгалагдаагүй” гэснээр давхар нотлогдсон. /ХХ-1-ийн 105 дахь тал/
2.13.Нэхэмжлэгч Б.Баатарчулуун нараас 8 хүн нь газрын албанд удаа дараа хандаж газар эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаж байсан гэх ч, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17/1298 дугаар албан бичигт “ ... иргэдийн нэр болон регистрийн дугаараар Сүхбаатар дүүргийн газрын алба, Улаанбаатар банкны (2611038040) тоот дансанд төлбөр төлсөн тухай мэдээлэл, мөн иргэдэд газрын төлбөрийг тодорхойлох тухай акт хүргүүлж байсан акт, … газрын байршил тогтоосон акт, түүнтэй холбоотой хувийн хэргийн материал хадгалагдаагүй” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч талаар энэхүү баримтыг үгүйсгэж, аливаа хүсэлт гаргаагүй болно.
2.14.Нэхэмжлэгч Б.Баатарчулуун нар нь ийнхүү өмчилж буй гэх гражийн доорх газрыг ашиглахаар хүсэлт гаргаж байсан гэх боловч бичгээр ийм хүсэлт гаргаж байсан нотлох баримт байхгүй, түүнчлэн гражийн газар ашигласны төлбөр төлж байгаагүй зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
2.15.Маргаан бүхий захиргааны акт нь “Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 7/31 дүгээр тогтоолоор баталсан “Сүхбаатар дүүргийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай” тогтоолыг биелүүлж гарсан” зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Шүүх нь төрийн эрх бүхий байгууллагаас хориглоогүй буюу Б.Баярмаа гэгчийн ашиглах эрхтэй газар дээрээ барьсан гэх гражуудыг худалдан авсан иргэний эд хөрөнгөд хамгаалалт хийх, эсхүл газар эзэмших эрхгүй ч төрийн байгууллагаас зөвшөөрч бариулсан автомашины гражуудыг буулгаж, хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэд амарч суух ногоон орчин бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэсэн нийтийн эрх ашигт хамгаалалт хэрэгтэй юу гэдгийг харьцуулан дэнсэлж үзэж дараахь хууль зүйн дүгнэлтийг хийж байна.Үүнд:
3.2.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” ойлгохоор, 7 дугаар зүйлийн 7.1-т “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 56 дугаар зүйлийн 56.1-т “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ” гэж зааснаас үзвэл иргэн нь нийтийн эзэмшлийн газрыг ашиглах бол Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасан журмын дагуу дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж, газрын төлбөрийг төлбөр төлөх, эзэмших бол гэрээ гэрчилгээний үндсэн дээр эзэмших эрх үүсэх хууль зүйн зохицуулалттай байна.
3.3.Нийслэлийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Засаг дарга, тэдгээрийн газар зохион байгуулах албанаас нэхэмжлэгч нарт газар ашиглах зөвшөөрөл гаргаагүй, гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй бол дээрх заалтуудын дагуу иргэнд газар ашиглах эрх үүссэн гэж үзэхгүй байх хууль зүйн үр дагавартай болохыг иргэд мэдэх ёстой.
3.4.Нөгөө талаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж, мөн зүйлийн 5.2-т “Эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.2, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.1.6, 8.1.7, 8.1.8, 8.1.9-д заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна” гээд мөн зүйлийн 8.1.1-т “эд хөрөнгө өмчлөх эрхийн” гэж заасан байна.
3.5.Нэхэмжлэгч Б.Баатарчулуун нар нь тус бүртээ гражийг худалдан авсан учраас өмчлөгч гэж тайлбарлаж байгаа боловч дээрх хуулийн заалтуудын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг Эд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсч, өмчлөгч гэж үзэх бөгөөд ийм улсын бүртгэл хийгдээгүй, гэрчилгээ олгоогүй тул нэхэмжлэгч нарыг гражийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээр эрх нь хамгаалагдсан өмчлөгч нар гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
3.6.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь гражийн өмчлөх эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас тэдгээрийг эд хөрөнгийг хуулиар хамгаалах эрх зүйн хамгаалалт тогтоогүй болно.
3.7.Иймд шүүхэд нэхэмжлэгч Б.Баатарчулуун нарын 9 иргэний хамгаалагдах ёстой гэж тайлбарлаж байгаа хөрөнгийн “өмчлөх эрх” нь нотлогдохгүй байгаа учраас түүнээс өмчийн хамгаалалт хийлгэхээр шаардсаныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
3.8.Газрын тухай хуулийн мөн зүйлийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зохиогдоогүй хот, тосгон, бусад сууринд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн энэ хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаас дүгнэвэл иргэн, аж ахуйн нэгжид ямар газраа ашиглуулах, хэзээ ашиглуулах, ямар зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулахаа шийдвэрлэх бүрэн эрх нь иргэдийн өөрсдийнх нь сонгосон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хамаарч байна.
3.9.Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 7/31 дүгээр тогтоолоор баталсан “Сүхбаатар дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний Нэг дэх бүлгийн Гурав дахь хэсгийн 13-т “1-8, 10 дугаар хороодын нутаг дэвсгэр, орон сууцны хороолол дундах зөвшөөрөлгүй автомашины гражуудыг буулган газрыг чөлөөлж, чөлөөлөгдсөн газарт олон нийтэд зориулсан ногоон байгууламж, тохижилт, бүтээн байгуулалт хийх боломжийг бүрдүүлнэ” гэж төлөвлөөд, уг төлөвлөлтийг хийх болсон үндэслэлээ Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн Зургаа дахь хэсгийн 6.4 дэх заалтыг удирдлага болгосон байжээ. /ХХ-1-ийн 119 дэх тал/
3.10. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/09 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн Зургаа дахь хэсгийн 6.4 дэх зорилтоор “дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтруулах замаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна” гээд энэ төлөвлөлтийн хүрэх түвшинг тогтоосны дотор цэцэрлэгт хүрээлэн, амралтын талбайг 18 гэсэн суурь түвшинээс 24 гэсэн хүрэх түвшинг тогтоожээ.
3.11.Ийнхүү нийслэлийн иргэдийн өөрийгөө удирдах ёсны байгууллага болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэл хотын хэмжээнд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгээ баталж, энэхүү бодлогыг нь хэрэгжүүлэх үүрэг бүхий дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргаас дээр Үндсэн чиглэлийн дагуу газар ашиглах эрх нь дуусгавар болсон газрыг чөлөөлөх, уг чөлөөлсөн газартаа хотын стандартад нийцсэн байгууламж барихаар тогтоосныг нь шүүх нийтийн эрх ашигт нийцүүлсэн үйл ажиллагаа нь мөн гэж үзсэн бөгөөд шүүхээс бодлогын баримт бичгийг хэрэгжүүлж гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэхгүй болно.
3.12.Нэхэмжлэгч Б.Баатарчулуун нарын “Б.Баярмаа газар эзэмших захирамжтай” гэж байгаа боловч Б.Баярмаа нь уг захирамжийнхаа дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй болох нь нотлогдсон тул нэхэмжлэгч иргэд нь Б.Баярмаагаас эрхийн доголдолтой эд хөрөнгө болох гражийг худалдан авсан гэж үзэх бөгөөд ийм эрхийн доголдолтой эрх хөрөнгийг шилжүүлж авсан этгээдэд хууль ёсны эрх үүсэхгүй гэж үзэх эрх зүйн үр дагавартай.
3.13.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж, 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж, мөн зүйлийн 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, ...” гэж заажээ.
3.14.Энэхүү хуулийн зохицуулалтаас үүсэх хууль зүйн үр дагавар нь газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгүй иргэд газар эзэмшихийг таслан зогсоох шаардлага үүсэх бөгөөд энэ нөхцөлд газрыг албадан чөлөөлүүлэхээр дүүргийн Засаг дарга мэдэгдэл хүргүүлэх журам үйлчилнэ.
3.15.Хариуцагч нь дээрх хуулийн дагуу газрыг албадан чөлөөлөх мэдэгдлээ гражийн хаалган дээр наасныг мэдэгдлийг хүргүүлээгүй гэж буруутгах үндэслэл байхгүй ба нэгэнт мэдэгдлийг энэ арга замаар хүргүүлсэн тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа давхар явуулах шаардлагатай байсан гэж үзэхгүй гэж дүгнэв.
3.16.Нэхэмжлэгч Б.Баатарчулуун нар нь “газрын төлбөр төлж ирсэн тул газрын эрх зүйн харилцаа байсан гэж тайлбарлаж байгааг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
3.17.Учир нь Газрыг тухай хуульд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж нь газрыг зөвхөн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмших, эдгээрийн үндсэн дээр газрын эрх зүйн харилцаа үүсэх бөгөөд газрын төлбөрийг төлж байгаа “газар эзэмших эрх” үүсгэж байгаа хууль зүйн үр дагавар үүсгэхгүй.
3.18.Мөн нэхэмжлэгч Б.Баатарчулуун нарын өмгөөлөгчөөс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2000 оны 65 дугаар захирамж хүчинтэй байгаа тул газрын эрх зүйн харилцаа дуусгавар болоогүй гэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй юм.
3.19.Тодруулбал, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмших бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2000 оны 65 дугаар захирамж дангаараа буюу гэрээ, гэрчилгээ олгогдоогүй бол газрын эрх зүйн харилцааг үүсгэх чадваргүй эрх зүйн баримт бичиг болно.
3.20.Мөн энэхүү Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2000 оны 65 дугаар захирамж нь Б.Баярмаа гэгч рүү чиглэж гарсан тул энэхүү захирамжаар Б.Баатарчулуун нарт газар эзэмших эрх хадгалагдаж байгаа гэж дүгнэх эрх зүйн боломж байхгүй юм.
3.21.Дээрх үндэслэлүүдээр “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/237 дугаар захирамж нь нэхэмжлэгч Б.Баатарчулуун нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй болох нь нотлогдсон гэж дүгнээд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Баатарчулуун, С.Нарантуяа, Б.Жаргал, Д.Ариунбилэг, Г.Баясгалан, С.Түвшингэрэл, О.Гэрэлням, Б.Баярсайхан, О.Энхцэцэг нарын гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/237 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.Баатарчулуун, С.Нарантуяа, Б.Жаргал, Д.Ариунбилэг, Г.Баясгалан, С.Түвшингэрэл, О.Гэрэлням, Б.Баярсайхан, О.Энхцэцэг нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ