Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 50

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулав.

                                           Шүүх хуралдаанд:      

      Улсын яллагч                                        Д.Нямдэлэг

       Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Д.Даваасүрэн

      Нарийн бичгийн даргаар                       Б.Намуунзул  нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй анхан шатны шүүхэд шилжүүлсэн Баяд овгийн Батболдын Болдбаатарт холбогдох 173100000054 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлэгт заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, 1990 оны 11 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр баг 2-88 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Баяд овогт Батболдын Болдбаатар /РД:МН90112576/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Болдбаатар нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 23 цагийн орчимд  Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр баг Зээрэн гэх газарт байсан “Гацуур” ХХК-ны өмчлөлийн 4 ширхэг хуйлсан /рулон/ өвсийг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                               .

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Б.Болдбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... Би хүнд өвс өгнө гэж тохирсон болохоор 2-3 хоног өвс хадсан. Надаас найз маань өвс асуусан. Тэгээд над дээр портер машинтай ирсэн. Миний өвс хадаж байсан хадлангийн цаана 4 ширхэг рулон задарсан Ювс байхаар нь авсан. Хаячихсан байсан гэж бодоод авсан юмв Учир нь тэнд тэр өвс хориод хонож байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөр байна. Гэхдээ зүйлчлэлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би хулгай хийе гэж бодоогүй. Тэр өвс хэд хоног байгаад л байсан. Тэгэхээр нь хаячихсан өвс юм байх гэж бодоод авсан гэв.

2.Хохирогч Б.Мөнхбулганы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Зээрэнгийн ам” гэх газарт манай компани рулон өвс татаж байгаад багтахгүй болохоор нь задарсан тэр 4 рулон өвсөө сүүүлд ирж авъя гэж бодоод үлдээсэн байсан. Тэгээд дараа нь ирж авах гэсэн чинь байхгүй болчихсон байсан гэв.    

3. Хохирогч Д.Энхтулгын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Уг байгалийн урлоон өвс нь ойролцоогоор 400-700 кг жинтэй байдаг. Зах зээлийн үнэлгээ нь таримал нь 1 ширхэг нь 500.000 төгрөгийн үнэтэй байдаг.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 -14 дүгээр хуудас/

4.Хохирогч Б.Мөнхбулганы 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Манай компаниас 1 шихэгийг нь 500.000 төгрөгөөр үнэлдэг 4 ширхэг хуйлсан байгалийн өвсийг хулгайлж, манай компанид 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Манай өвс Түшиг сумын Зээрэн гэх газарт байсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/.

5.Гэрч Ч.Нарантуяагийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би Түшиг суманд байдаг Б.Болдбаатар гэх залуугаас 800.000 төгрөгийн авлагатай байсан. Б.Болдбаатар нь манай дүү одоо Солонгос улсад ажиллаж байгаа хүнээс 800.000 төгрөг авсан юм. Дүүгийнхээ авах ёстой мөнгөд өвс авъя бодоод ирсэн юм. Тэгээд 2017 оны 10 сарын 07-ны өдөр Б.Болдбаатар нь “би Түшиг суманд “Арвайн нарс” гэх газарт байгаа хадсан өвсөө тээвэрлэж чадахгүй байна. Бөөрөнхий хуйлаатай өвс авах уу” гэхээр нь тэгье гээд Б.Болбаатараас орой 23 цагийн орчим Түшиг сумын Зээрэн гэх газраас 4 ширхэг бөөрөнхий өвсийг тухайн унаж ирсэн Бонго -3 тээврийн хэрэгслээр 2 удаа явж Түшиг суманд бид хоёрын байрласан буудлын эзэн Атарсайхан гээд эгчийн хашаанд буулгасан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/.

6.Гэрч Б.Атарсайханы 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2017 оны 10 сарын 04-ний өдөр Төв аймгийн Борнуур сумаас ирсэн гээд махлаг бүдүүн Туяа гээд хүүхэн нэрийг нь сайн мэдэхгүй нэг залуутай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй манай суманд ирээд миний ажиллуулдаг буудалд байрласан юм. 2017 оны 10 сарын 08-ны өдөр өглөө байгалийн урлоон өвс буулгасан байсан.Ямар учиртай өвс буулгасныг асуугаагүй. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/

7.Гэрч Л.Эрдэнэбаатарын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Болдбаатар намайг Түшиг сумын “Арвайн нарс” гэх газарт “хадлангийн өвс бэлдээд өгөөч, мөнгө төгрөг өгнө” гэж хэлээд бэлдүүлсэн. Туяа болон Цогоо гэх хүмүүс өвс бэлдээгүй. Б.Болдбаатар би Хуягаа гээд манай сумын иргэн бид 3 бэлдсэн. Болдбаатараас хадлан бэлдсэн мөнгөө авч чадаагүй. Нэг өдрийн 100.000 төгрөгөөр тохирч өвс бэлдсэн. Болдбаатарын өвсийг 2 өдөр бэлдсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

8.Гэрч А.Алтанхуягийн 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... Болдбаатар намайг Түшиг сумын “Арвайн нарс” гэх газарт “хадлангийн өвс бэлдээд өгөөч, мөнгө төгрөг өгнө” гэж хэлэхээр нь би өвсийг нь бэлдэж өгсөн.  . Туяа болон Цогоо гэх хүмүүс өвс бэлдээгүй. Б.Болдбаатар би Эрдэнэбаатар гээд манай сумын иргэн бид 3 бэлдсэн. Болдбаатараас хадлан бэлдсэн мөнгөө авч чадаагүй. Нэг өдрийн 100.000 төгрөгөөр тохирч өвс бэлдсэн. Болдбаатарын өвсийг 2 өдөр бэлдсэн. Б.Болдбаатар нь гаднын хүнд өвс бэлдэж өгнө гэж хэлж байсан. Яг хэн гэдэг ихүнд гэдгийг мэдээгүй ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/

9.Шүүгдэгч Б.Болдбаатарын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд  сэжигтнээр  өгсөн: ...Миний бие нь 2017 оны 10 сарын 07-ны өдөр 23 цагийн үед Түшиг сумын Зээрэн гэх газраас Гацуурт ХХК-ны байгалийн урлоон буюу хуйлсан өвсийг машиныг дугаарыг санахгүй байна. Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл байсан уг тээврийн хэрэгслээр 2 удаа явж 4 ширхэг байгалийн урлоон авс хулгайлсан. Уг өвсөө Түшиг сумын 1-р баг Атарцэцэг гэх айлын хашаанд буулгасан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/.

 10.Шүүгдэгч Б.Болдбаатарын 2017 оны 1 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн..Би 2017 оны 09 сард Солонгос улсад байдаг манай 10-н жилийн ангийн Шинэтөр гэх залуу над руу залгаад “Солонгос улсад надтай хамт нэг өрөөнд байдаг залуу мөнгийг нь өгөөд өвс бэлдүүлмээр байна “ гэж надад хэлсэн. Бид нар тохирохдоо 10 портер машин 800.000 төгрөгөөр бэлдэхээр болсон. Тэгээд 10 сарын 05-ны өдөр Солонгост байдаг хүний эгч нь гээд Ч.Нарантуяа нь Цогоо гэх залуугийн хамт ирсэн. Би хадлангаа хийсэн болохоор өвс хадсан газраа зааж өгөөд Нарантуяа прэслэгч олоод өгөөч гэхээр нь би “тийм яаруу яваа юм бол хуйлсан өвс авах уу“ гэж хэлэхэд тэр өвсийг хараад болох юм байна гэж хэлсэн. Бид нар Түшиг сум ороод машиныхаа тэвшин дээр банз тавихад Ч.Нарантуяа очоод ачаад ирье гэхээр нь би “гэртээ харьж малаа хашиж янзалчихаад ирье” гэж хэлээд гэр рүүгээ явж цаг хожсон. Ингээд орой сумын төв орж Нарантуяа Цогоо нартай уулзсан. Тэгээд хуйлсан өвсөө авахаар явахад 2017 оны 10 сариын 07-ны өдрийн 22 цаг өнгөрч байсан. Гацууртын хуйлсан өвсийг авахад 23 цаг болж байсан. Нарантуяа надаас “энэ юун өвс вэ” гэж асуухаар нь “Гацуурт гээд компанийн хаягдал өвс байгаа юм байгалийн өвс болохоор хаягдал нэгийг нь эндээ үлдээсэн байна “ гэж хэлсэн. Бид нар машиндаа хоёроор нь ачаад 2 удаа зөөж Түшиг сумын төвд Атарцэцэг гэх зочид буудал ажиллуулдаг айлд буулгасан....гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/

11.Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/

12.”Баяндулаан Уул” ХХК-ийн хөрөнгөд үнэлгээ тогтоосон баримт /хавтатс хэргийн 31 дүгээр хуудас/

13.”Ашид билгүүн” ХХК-ийн Хюндай бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон баримт /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/.

14.Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/.

15.Шүүгдэгчийн захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас. /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Болдбаатарын холбогдсон гэмт хэрэг, гэм буруугийн

талаар өгөх дүгнэлт:

 

        Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Баяд овогт Батболдын Болдбаатарыг 2017 оны 10 дугаар сарын 07-ны орой 23 цагийн орчимд  Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр  багийн нутаг “Зээрэн” гэдэг газарт байсан “Гацуур” ХХК-ны өмчлөлийн 4 ширхэг хуйлсан /рулон/ өвсийг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, тус компанид 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.4-т заасан “Тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг ердийн журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36, 37,38 дугаар бүлэгт заасан  ердийн журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 Учир нь: Шүүгдэгч Б.Болдбаатар нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны орой 23 цагийн орчимд  Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр багийн нутаг “Зээрэн” гэдэг газарт боодол нь задарсны улмаас эргүүлж авах зорилгоор орхиод явсан үр тариа, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ны бэлтгэсэн 4 ширхэг хуйлсан /рулон/ өвсийг уг компаний бэлтгэж авсан өвс болохыг мэдсээр байж өөр бусдад бэлтгэж өгөх байсан өвснийхөө оронд тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж өгснөөр, тус компанид 2.000.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудсанд авагдсан хулгайлагдсан өвсийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн, 10-20 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид итгэмжлэл олгосон шийдвэр, хохирогчоос мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол, иргэний нэхэмжлэгчээр өгсөн тайлбар, 21-30 дугаар хуудсанд авагдсан Ч.Нарантуяа, Б.Атарсайхан, Ч.Наранцэцэг, Д.Эрдэнэцэцэг, Л.Эрдэнэбаатар, А.Алтанхуяг нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэргийн 36-41 дүгээр хуудсанд Б.Болдбаатарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.Болдбаатар нь уг гэмт хэргийг үйлдэхдээ шөнө болохыг хүлээж, шөнийн цагаар, бусдыг амарч хөл татарсан байдлыг далимдуулан, тээврийн хэрэгсэл ашиглаж, 2 удаа зөөж үйлдсэн нь хавтаст хэргийн 38-41 дүгээр хуудсанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тэмдэглүүлсэн нь “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн агуулж байгаа тул “хулгайлах” гэмт хэрэгт түүнийг шүүх гэм буруутайд тооцох үндэслэл болов. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс тус компаний бэлтгэсэн 4 боодол руллон өвсийг гээгдэл эд хөрөнгө тул “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй байна, иймээс зүйлчлэлийг өөрчлүүлэх хүсэлт гаргаж байна гэснийг хүлээн авах боломжгүй гэж Шүүх дүгнэв. Учир нь: Хэргийг мөрдөн шалгах явцад уг өвсийг гээгдэл эд хөрөнгө болох эсэх талаар огт дурьдагдаагүй өнгөрсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор оролцсон Б.Мөнхбулган “Бид бэлтгэсэн өвсөө татаж байх үед уг өвсний боодол задарчихаар нь дахин боох гэтэл боодлын мяндас дууссан байсан тул эргэж боодлын утас авчраад дахин боож авч явахаар орхиод явсан юм. Сүүлд эргээд авахаар ирэхэд алга болсон байсан. Энэ бол гээгдэл өвс биш, эргээд авахаар орхиод явсан өвс, гэтэл хулгайлагдсан байсан” гэх мэдүүлгээр няцаагдаж байна. Иймээс Батболдын Болдбаатарыг Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.4-т заасан “Тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч Болдбаатар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо төлж гэм хорыг арилгасан, өөрөөр хэлбэл хулгайлсан 4 боодол руллон өвсийг бүрэн бүтнээр нь буцааж хүлээж авсан талаар хохирогчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Болдбаатарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд шүүх эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тухайн хуулийн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд ял, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас үүссэн хохиролыг арилгасан байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан эрүүгийн хариуцлагаас 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоов.  

   Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурьдав. Улсын яллагчаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг 13.000.000 төгрөгөөр үнэлсэн үнийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгох санал тавьж байгаа ч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд харшлахаар байна гэж үзсэн болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35 дугаар бүлгүүд, 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баяд овогт Батболдын Болдбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Батболдын Болдбаатарыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.Болдбаатарт оногдуулсан  01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

4.Ялтан Болдбаатар нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай.

5.Б.Болдбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүхээс оногдуулсан ял эдлүүлэхээр энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийн оролцогчид, эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Б.НАЦАГДОРЖ