Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/614

 

 

2023             06             13                  2023/ДШМ/614                                           

 

И.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Содбаяр,

шүүгдэгч И.Г-ын өмгөөлөгч Г.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/246 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлоор 2211013520173  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

...,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч И.Г- нь 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй  дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн орчим хохирогч Ц.Б-ыг намайг хулгайч гэж хэллээ гэх зүйлээр шалтаглан газраас чулуу авч шидэн биед нь зүүн чихний дэлбээнд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас И.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч И.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэм буруутайд тооцож, 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлартаа “... И.Г- нь үйлдсэн хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөв мэдүүлэг өгсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогчийн дансанд 500.000 төгрөгийг шилжүүлсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тодорхойлолт гаргаж өгсөн. Шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан Эрүүл мэндийн даатгалын санд төлөх 188.000 төгрөгийг төлж барагдуулсан. И.Г-д холбогдох Эрүүгийн хэргийн талаар прокуророос үйлдсэн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 119 дүгээр яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт И.Г- нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 99 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн гэж бичсэн байна. Гэтэл И.Г- 2018 онд биш 2011 онд тус ял шийтгэлийг хүлээж байсан байх тул давж заалдах шатны шүүх энэ алдааг харж, энэ ял шийтгэлээс хойш 11 жил өнгөрсөн байгаад дүгнэлт хийнэ үү. Шүүгдэгч И.Г- нь “ХАИ” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа. Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, мөн хуулийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах тул хуулийн энэ заалтыг хэрэглэн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг өөрчилж, бусад төрлийн ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийг одоо эрхэлж байгаа ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн хийх боломж олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Прокурор Л.Содбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын ялын төрөл, хэмжээнд заасны дагуу тус ял шийтгэлийг оногдуулсан. Ийнхүү ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч И.Г-ын хувийн байдлыг харгалзан үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, шүүгдэгч И.Г-ын хувийн байдалд тохирсон гэж үзэж байна. Тус хэрэг нь 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр гарсан. Шүүгдэгч И.Г- нь мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, маргаагүй гэдэг нь эргэлзээтэй. Түүнчлэн 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хохирол, төлбөр төлөгдсөн гэх холбогдох баримт ирсэн бол шүүх харгалзан түүнд оногдуулсан ялын хэмжээг багасгахад татгалзах зүйлгүй. Харин ялын төрлийн хувьд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Өмнө нь 2 удаагийн ял шийтгэл хүлээж байсан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

И.Г- нь 2022 оны 8 дугаар сарын 11-ний орой 21 цаг 30 минутын үед Чингэлтэй  дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн орчим хохирогч Ц.Б-ыг “намайг хулгайч гэж хэллээ” гэх шалтгааны улмаас түүнийг чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “зүүн чихний дэлбээнд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

          Хохирогч Ц.Б-ын “... 2022 оны 08 дугаар сарын 11-ний орой 21 цаг 30 минутын орчим эхнэр Ю.М-ын хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монос эмийн сан руу Улсын их дэлгүүрээс 11 дүгээр сургуулийн зүг явж байсан. Улсын Их дэлгүүр өнгөрөөд алхаж явтал бидний ард 30 орчим насны үл таних эрэгтэй дагаад яваад байсан. Ингээд Голомт банкны урд удаашраад явж байтал тус эрэгтэй бид 2-ыг гүйцэж урд гарч зогсоод гар утсаа хараад байсан. Ингээд бид 2 тус эрэгтэйн хажуугаар өнгөртөл араас дагаад явсан. Ингээд эхнэр бид 2, 11 дүгээр сургуулиас хойш Монос руу эргэхэд тэр хэсгийн зам гэрэлгүй харанхуй байсан. Тэгээд би эргээд хартал тус эрэгтэй манай эхнэрийн цувны зүүн талын халаас руу зүүн гараа хийж байсан. Ингэхэд нь би хөөе муу халаасны хулгайч гээд тус эрэгтэйн гарыг баруун гараараа бариад авсан. Тэгээд тус эрэгтэй гараа угз татаж аваад хойш алхсан. Тус эрэгтэй нь 3-4 метрийн зайтай зогсоод “та намайг халаасны хулгайч гэлээ” гээд газраас явган хүний замын хажуу бетон бродюр аваад над руу шидсэн. Тэгэхэд би зүүн гараараа нүүрээ хамгаалсан. Ингээд миний зүүн гарын шуу хэсэгт язарсан. Мөн зүүн чихний дээд хэсэг урагдаж их хэмжээний цус гарсан ...” /хх 11-12, 27- 28, 81/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээд, түүнтэй маргалдах болсон шалтгаан, эрүүл мэндэд учирсан хохирлынхоо талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 11174 дугаар “Ц.Б-ын биед зүүн чихний дэлбээнд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” /хх 20- 21/ гэх дүгнэлт,

гэрч Ю.М-ын “... 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 21 цаг 30 минутын орчимд би нөхөр болох Б-тай хамт гадаа салхилахаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УИД-ийн урдуур алхаж байсан. Тэгээд УИД өнгөрөөд Голомт банкны ертөнцийн зүгээр баруун талаар уулзвараар хойд зүг рүү эргэхэд тэр орчим нь замын гэрэлтүүлэггүй, харанхуй байсан. Нөхөр бид 2 сугадчихсан би баруун талд нь явж байтал миний цувны зуун халаас руу нэг гар орох шиг болоод надад мэдрэгдсэн. Гэтэл 30 орчим насны, 170-175 см орчим өндөртэй, ази төрхтэй, бараан өнгийн богино халимаг үстэй, хар саарал өнгийн дугуй захтай, бэлтгэлийн гэмээр цамцтай, хар өнгийн бэлтгэлийн гэмээр өмдтэй, хар бараан өнгийн гуталтай эрэгтэй байсан. Уг халаасанд миний гар утас байсан. Манай нөхөр “Хөөш, муу хулгайч” гэтэл тухайн эрэгтэй холдож зай авсан. Ингэхэд манай нөхөр барьж авах санаатай дөхөөд очтол тухайн эрэгтэй газраас том хэмжээтэй чулууг аваад хоёр гараараа толгойнхоо араас манай нөхрийн урдаас шидсэн. Тэгээд би нөхөр рүү хартал манай нөхрийн зүүн шанаа, футболка зэрэг хувцас нь тэр чигтээ цус болчихсон байсан. Тэгээд тухайн залуу Голомт банкны чиглэлд төв зам дагуу ертөнцийн зүгээр зүүн тийш гүйгээд явчихсан ...” /хх 30/,

яллагдагчаар И.Г-ын “... би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна.” /хх 77/ гэх мэдүүлгүүд болон эд зүйл баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх14/ зэргээр давхар нотлогджээ.

Дээрх үйл баримтаас өмнө болон дараа нь Ц.Б- бусдад зодуулсан эсхүл өөр бусад хүчин зүйлээс болж биедээ тухайн гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч И.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс И.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингээс “шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг” хүссэн ба ингэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг иш татсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.

Хэрэгт шүүгдэгч И.Г-оос ажил хөдөлмөр эрхэлдэг гэдгээ нотолж “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон хохирогчид хохирол төлбөрийг төлж, гомдол саналгүй гэх баримтуудыг хавсгаргаж ирүүлсэн байх боловч анхан шатны шүүхээс сонгож оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгч И.Г-ын үйлдсэн төгссөн гэмт хэргийнх нь шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан “тухайн зүйл, хэсэгт зааснаар оногдуулсан ялын төрлийг солих тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч И.Г- нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байхад яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэж огноог буруу бичсэн зөрчил гаргасан байх тул энэхүү магадлалаар зөвтгөж, шүүх цаашид энэ төрлийн алдаа гаргахгүй байхыг анхаарвал зохино. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/246 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ

                         ШҮҮГЧ                                                                                    Б.БАТЗОРИГ

                         ШҮҮГЧ                                                                                    Н.БАТСАЙХАН