Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/30

 

 

 

 

 

 

 

 

2023        08          30                                        2023/ДШМ/30

 

    Ц.Ц-д холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч  Ц.Цд холбогдох, 2235001800127 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1964 оны 06 дугаар сарын 02-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, зээ, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Монголмууд овогт Цэрэнгийн Ц /РД:.......... /.

Холбогдсон хэргийн товч агуулга :

           Шүүгдэгч Ц.Ц нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Амарсанаа” ХХК-ийн хашаанаас 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тус компанийн эзэмшлийн 12 ширхэг чулуун хавтанг “ Mitsubishi Colt ” загварын 46-86 УВХ улсын дугаартай автомашин ашиглан хулгайлж, 372.000 төгрөгийн хохирол учруулсан,

 - мөн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 7дугаар багийн нутагт байрлах “Амарсанаа” ХХК-ийн хашаанаас тус компанийн эзэмшлийн 6 ширхэг чулуун хавтанг “ Mitsubishi Colt ” загварын 46-86 УВХ улсын дугаартай автомашин ашиглан хулгайлж,  259.200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ / яллах дүгнэлтэд дурдсанаар/.  

2. Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч М овогт Ц-гийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар шүүгдэгч Ц.Ц-д 2 /хоёр/ жил хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Ц-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- шүүгдэгч Ц.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч Ц.Ц-ын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан “Mitsubishi Colt” маркийн, 4686 УВХ улсын дугаартай, 2.400.000 төгрөгийн үнэ бүхий авто машиныг хурааж улсын төсөвт шилжүүлж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нар хамтран гаргасан давж заалдсан гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлдэг. Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг иш татан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж дүгнэж, шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж санал гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана” гэснийг зөрчсөн гэж харахаар байна. Өөрөөр хэлбэл,  анхан шатны шүүх ямар үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байгаа талаар дүгнэлт хийгээгүй, энэ талаар шийтгэх тогтоолд тусгаагүй байна. Ц.Ц-ын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, эрүүл мэндийн хувьд нурууны суултын улмаас нурууны хагалгаанд орсон. Тухайн өвчин нь дахин сэдэрсэн, артерын даралт ихэсдэг, ходоодны хавдар оношлогдсон, сонсгол муудаж хөдөлмөрийн чадвар 60 хувь алдсан, дараагийн шатлалын эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай зэрэг хувийн байдалтай байгаа.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:  “ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж болох”-оор хуульчлагдсан байдаг.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтад бодит дүгнэлт хийж Ц.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/136 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т :  “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т:  “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж заасан байдаг. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас 631,200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хулгайд алдагдсан эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилж хохирол төлбөргүй гэдгээ илэрхийлсэн. Иймд миний үйлчлүүлэгч Ц.Ц-ын хувийн байдал болон эрүүл мэндийн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэв.

6. Шүүгдэгч Ц.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хоёр удаагийн үйлдлээр Амарсанаа ХХК-аас хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Би эрүүл мэндийн шалтгаанаар төрийн албанаас өөрийн хүсэлтээр гарч, эмчилгээ хийлгэж байсан. Нуруу өвддөг байсан учир рашаанд яваад рашааны гам алдсаны улмаас хөдөлж явж чадахаа больсон. Миний даралт байнга ихэсч, зүрхний хэм алдагддаг учир хагалгаанд орж чадахгүй байна. Би ходоодны хорт хавдраас болж эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай байгаа. Цагдан хоригдож байх хугацаанд даралт 180 болж ихдээд даралтын эмийг 2-оор ууж байна. Манай хүү 30 гаруй насандаа ходоодны хорт хавдраар нас барсан учир бага насны хүүхэд нь манайд өсөж торниж байгаа. Миний эрүүл мэндийн болон хувийн байдлуудыг харгалзан үзээд амьд байх хугацааг минь уртасгаж, ялаас чөлөөлж өгнө үү” гэв.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Анхбаяр тайлбар, дүгнэлтдээ: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/136 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/136 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох, 2235001800127 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүгдэгч Ц.Ц нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлаж, барилгын үйл ажиллагаа явуулж байсан “Амарсанаа” ХХК-ийн хашаанаас 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тус компанийн эд хөрөнгө болох 120x15 см-ийн хэмжээтэй 10 ширхэг чулуун хавтан, 200x30 см-ийн хэмжээтэй 2 ширхэг чулуун хавтан, мөн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 120x30 см хэмжээтэй 6 ширхэг чулуун хавтан буюу  нийт 631200 төгрөгийн үнэ бүхий 18 ширхэг чулуун хавтанг өөрийн өмчлөлийн “Mitsubishi Colt” маркийн, 46-86 УВХ улсын дугаартай автомашинаар ачиж зөөвөрлөн хулгайлан авсан болох нь:

- хохирогч Амарсанаа ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би болон манай компанийн ажилчид өглөө бүр ажилд гарахдаа барилгын хашаанд байгаа материалуудаа шалгаж үздэг. 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа ирэхэд 24-ний өдөр үлдсэн байсан 4 ширхэг хавтан алга болсон байсан. Тэгээд камерын бичлэг ухрааж үзэх гэтэл 8 сарын 22-25-ны өдрийн хооронд тог тасарсан байсан тул камерын бичлэг хадгалагдаагүй байсан. Манай компанийн барилгын хашаанд камер суурилуулсан учир манаач ажилладаггүй.

Дараа нь буюу 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн камер шүүж үзэхэд үл таних хүн манай компанийн хашаанаас 120x30 см-ийн хэмжээтэй чулуун хавтангаас нийт 6 ширхэгийг машинд ачиж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан тул цагдаагийн байгууллагад хандсан юм. Ингээд цагдаагийн ажилтнууд манай компанийн хашаанаас хавтанг авсан хүнийг олж тогтоосон. Тухайн айлаас манай компанийн нийт 18 ширхэг хавтанг олж илрүүлсэн. Манай компанийн барилгын үйл ажиллагаанд ашиглаж байсан 120x15 см хэмжээтэй 10 ширхэг, 120x30 см-ийн хэмжээтэй 6 ширхэг, 200x30 см-ийн хэмжээтэй 2 ширхэг буюу нийт 18 ширхэг хавтанг Ц.Ц гэх хүн буцаан хүлээлгэж өгсөн.

Манай компанийн хулгайд алдсан 18 ширхэг чулуун хавтанг буцаан хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54, 56, 58, 60 дахь тал),

- гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа 32 айлын орон сууцны барилгын инженерээр ажилладаг бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өглөө 06 цаг өнгөрч байхад “Амарсанаа”ХХК-ийн  оффисын манаач Б нь над руу утсаар холбогдож барилгын хашаан дотор том малгайтай хүн яваад байна гэж хэлэхээр нь би өөрийг нь тухайн хүнд мэдэгдэхгүйгээр яваад оч гэж хэлчихээд би 07 цаг арай болоогүй байхад ажил дээр очиход манаач Тулга барилгын хашаан дотор байсан. Харин нөгөө хашаан дотор яваад байсан гэх хүн нь хэн болох, хаашаа явсан нь тодорхойгүй байсан. Тэгээд 08 цагийн үед ажил цуглаж, ХАБ-ын инженер Гантулга ирэхээр нь тус барилгын хашаанд байрлуулсан камер шүүж үзэхэд цагаан малгайтай, цэнхэр масктай, үл таних эрэгтэй хүн хашаанд орж ирээд гантиг хавтан буюу шатны чулуун тавцангаас 6 ширхэгийг аваад машинд ачаад явсан байсан. Тухайн хүн нь манай барилгын арын хашааны гадна машинтай ирж зогсоод явган орж ирээд авсан байсан. Уг хашааны хаалга нь онгорхой байсан учраас шууд онгойлгоод орж ирэх боломжтой байсан. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 120x30 см хэмжээтэй, 2 см-ийн зузаантай чулуун хавтангаас 6 ширхэгийг авсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал),

- гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт баригдаж байгаа барилгын чулуун хавтанг 2022 оны 07 дугаар сарын 25-нд хэмжээ тус бүрээр нь урд хилээр дамжуулан татан авалт хийсэн. 120x15 см хэмжээтэй хүрээ чулуун хавтанг 137 ширхэг, нэг бүрийн үнэ нь 32,500 төгрөгөөр, 120x30 см хэмжээтэй шатны чулуун хавтанг 123 ширхэг, нэг бүрийн үнэ нь 41,500 төгрөгөөр, 200x15 см хэмжээтэй шатны гишгүүр чулуун хавтанг 5 ширхэг, нэг бүрийн үнэ нь 54,000 төгрөгөөр тус тус тооцож, худалдан авсан" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал),

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-15 дахь тал),

- хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 16-18 дахь тал),

- автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

- шүүгдэгч Ц.Ц-ын өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

- хяналтын камерийн бичлэгт 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийсэн: “ Үзлэг хийж буй хяналтын  камер нь “Амарсанаа” ХХК-ийн барилгын хашааны дотор талыг харуулсан 1, 2 дугаартай камерууд байх бөгөөд үзлэгийг 2 дугаартай камерын бичлэгт хийв. Хяналтын камерын бичлэг нь өдрийн цагийн бичлэг байх бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 07 цаг 17 минут орчмоос 07цаг 38 минут хүртэл үргэлжилж байх бөгөөд 07 цаг 19 минутад тус барилгын хашааны хаалганы гадна цагаан өнгийн суудлын автомашин ирж зогсож, уг хаалгаар цайвар цагаан өнгийн малгайтай, цэнхэр өнгийн масктай, эрээн цоохор өнгийн цамцтай хүн орж ирээд барилгын оффисын байрны урд хэсэгт байх чулуун хавтангуудаас 6 удаа авч, тус тээврийн хэрэгсэл рүү зөөж байгаа дүрс бичлэг бичигдсэн байх тул уг бичлэгийг эд мөрийн баримтаар тооцохоор шийдвэрлэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 43 дахь тал),

- хяналтын камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл (хавтаст хэргийн 44 дэх тал) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.  

           3. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Ц-ыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

          Тодруулбал: “ Амарсанаа” ХХК-ийн барилгын үйл ажиллагаа явуулж байсан хашаанаас 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 12 ширхэг, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 6 ширхэг чулуун хавтанг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, нууц, далд аргаар авсан шүүгдэгч Ц.Ц-ын үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, түүнчлэн уг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн “Mitsubishi Colt” загварын, 46-86УВХ улсын дугаартай автомашиныг ашигласан үйл баримт тогтоогдсон байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж дүгнэсэн нь тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн байна. 

 4. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ц-ын хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Mitsubishi Colt” маркийн, 4686 УВХ улсын дугаартай, 2.400.000 төгрөгийн үнэ бүхий авто машиныг хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна.  

5. Шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас 631.200 (зургаан зуун гучин нэгэн мянга хоёр зуу) төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 285 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 82 дахь тал)-ээр нотлогдсон, хохирогч тал 18 ширхэг чулуун хавтанг биет байдлаар нь буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн нь хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

  6. Шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “ шүүгдэгч нь хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн. Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг иш татан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж дүгнэж, шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж санал гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана” гэснийг зөрчсөн гэж харахаар байна. Өөрөөр хэлбэл,  анхан шатны шүүх ямар үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байгаа талаар дүгнэлт хийгээгүй, энэ талаар шийтгэх тогтоолд тусгаагүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэхэд зөрүүтэй дүгнэлт хийсэн.

Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хоёр жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Ц.Ц-д  оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

6.1. Шүүгдэгч Ц.Ц-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилсан ба шүүхээс түүнд хоёр жил хорих ял шийтгэсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хийсэн дүгнэлтдээ: “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан үзсэн” гэж дүгнэсэн боловч түүний өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх саналыг хүлээн аваагүй хууль зүйн үндэслэлээ дүгнээгүй байна.

Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч Ц.Ц болон түүний  өмгөөлөгчийн зүгээс: “Гэм буруугийн талаар маргаангүй тул гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг нэгтгэж, нэг үе шаттай явуулах санал гаргасныг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дэмжсэн санал гаргасан, улмаар шүүх өмгөөлөгчийн саналыг хүлээн авч, хэргийг нэг үе шаттай явуулахаар тогтоосон боловч дахин 2 үе шаттай явуулахаар тогтоосон байна.

  Шүүгдэгч Ц.Ц нь анхан шатны шүүхийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд эцсийн үг болгож, “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, би өөрийн шийдвэрээр хулгай хийсэн, бүгд миний буруу. Би “Амарсанаа” ХХК-ийн хүмүүстэй уулзаж, уучлалт гуйсан. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж мэдүүлсэн,

түүний өмгөөлөгчийн зүгээс : шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал болон Ц.Ц нь сонсголын бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан, артерийн даралт ихэсч байнга эм ууж, эмчилгээтэй байдаг, ходоодны хавдрын үүсгэвэртэй тул байнгын эмчийн хяналтад байх шаардлагатай, нурууны хагалгаанд орсон хэдий ч гам алдсаны улмаас өвчин нь сэдэрч, таяг тулж алхаж байгаа зэрэг хувийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгөх” -ийг хүссэн санал гаргасан зэргээс дүгнэхэд шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

6.2. Шүүгдэгч Ц.Ц-ын эрүүл мэндийн байдлын талаарх баримтууд, тухайлбал сонсголын бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадварын алдалтыг 60 хувиар, 12 сараар тогтоосон Увс аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 7 сарын 06-ны өдрийн шийдвэр, мөн тэрээр 2020 оны 3 дугаар сард нурууны мэс засал хийлгэсэн, түүнээс хойшхи хугацаанд оношилгоо, эмчилгээ хийлгэсэн, рашаан сувилалд эмчлүүлсэн баримтууд,  2023 оны 07 сарын 05-аас 12-ны өдрийн хооронд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт бүсэлхий ууцны ёзоор дарагдал, Артерийн гипертензи 2/өндөр эрсдэл/ гэх эмнэлзүйн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн талаарх нотлох баримтууд тус тус хэрэгт авагдсан байна.

6.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт : Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,

мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т : “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болох” –аар тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Ц.Ц нь машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болон үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, эрүүл мэндийн байдлыг нь тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан дээрх журмыг баримтлан түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой байх бөгөөд түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нь шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хөндөхгүй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан анхан шатны шүүхээс оногдуулсан хоёр жил хорих ялыг нэг жил хорих ял болгон хөнгөрүүлж, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл  шүүгдэгч Ц.Ц-ын  цагдан хоригдсон 43  хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/136 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Ц-ыг нэг жил хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Ц-ын 2023 оны 7 сарын 18-ны өдрөөс 2023 оны 8  сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 43 /дөчин гурав / хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

                                   

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.ЖАМБАЛСҮРЭН

                                      ШҮҮГЧ                                Л.АЛТАН