| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2017/00082/Э |
| Дугаар | 79 |
| Огноо | 2017-11-22 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.Нямаа
Улсын яллагч: Д.Баянмөнх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа
Шүүгдэгч: М.Гантогтох нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Гантогтоход холбогдох 1722000520025 тоот хэргийг 2017 оны 11 сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэрэн суманд 1997.12.15-нд төрсөн, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл-3, эцэг, эхийн хамт Дундговь аймгийн Дэрэн сумын 2-р баг Саруул гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЖ97121511/ Асуд овогт Мягмарсүрэнгийн Гантогтох нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.Гантогтох нь 2017 оны 8 сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг “Хамар-Ус” гэх газар болсон морин уралдааны үеэр хамгаалалтын малгай хэрэгсэл өмсгөөгүй уралдуулсны улмаас 10 настай А.Дашнямын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017.08.30-ны өдөр Дэрэн сумын 2-р багийн нутаг Хамар ус гэх газарт манай эмээ Надмид гэж хүний насны алдар наадам болоод их насны морьдын уралдаан болсон юм. Би тухайн үед их насны зээрд морь уяж хурдлуулсан юм. Би өөрийн зээрд морио Дашням гээд манай хүргэн ах Нармандахынд морь унаж байсан хүүхдээр унуулсан юм. Тэгээд морьд эргээд 1 км гаруй явж байтал манай морины хүүхэд гэнэт мориноосоо ойчихсон байсан. Тэгээд очтол Дашням ухаан алдсан хамар амнаас нь цус гарсан байсан. Тэгээд би Дэлгэрцогт сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Би хурдан морь унуулахдаа ямар нэгэн хамгаалалтын хэрэгсэл огт өмсүүлээгүй” гэх мэдүүлэг /хх-42/
- Хохирогч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017.08.30-ны 16.00 цагийн үед ажил дээрээ байж байтал манай охин Алтанцэцэг над руу яриад хөдөө Дундговиос Нармандахын эхнэр Ганцэцэг гэх эмэгтэй залгаад Дашням хөдөө морь унаж байгаад ойчсон байна гэж хэллээ гэхээр нь буцаагаад залгаж асуухад морь унаж байгаад унаад Дэлгэрцогт сумын эмнэлэгт ирсэн бие нь тааруухан байна гэсэн. Дэлгэрцогтын сумын эмнэлэгт очих үед хүүхэд ямар ч ухаангүй бие нь тааруу байсан. Тэгээд Улаанбаатар хот руу ГССҮТ-рүү дуудлага өгч хүмүүс хагалгаа хийхээр Дэлгэрцогтод ирсэн. Ирсэн эмч нар Дундговь аймгийн эмнэлэг авч явъя хагалгаа хийхэд юмнууд нь бэлэн байгаа гээд өглөө 08.00 цаг өнгөрч байхад аймгийн эмнэлэгт авч явж тэндээ тархины хагалгаанд орсон. Миний хүүхэд эрүүл болоод хуучин шигээ болчихвол гомдол гээд байх зүйл байхгүй. Тэр өдрийн уралдаанд манай хүүхдийг морь унуулъя гэж хэн нэг нь яриагүй. Нармандах уралдаан болохын өмнө нь надад хэлж зөвшөөрөл авдаг байсан” гэжээ /хх-11-14/
- Гэрч Х.Нармандахын “... 2017.08.30-ны өдөр манай хадам ээжийн насны баяр болоод их насны морь уралдсан юм. Наадам хийсэн газар нь Дэрэн сумын 2-р баг “Хамар –Ус” гэх газар байсан. Манайд байдаг 10 настай Дашням гэх хүүхдийг манай эхнэрийн дүү Гантогтох гуйж морь унуулсан. ... сумын эмнэлэг ирэхэд Дашням ухаангүй байсан. Аймгийн эмнэлэг, цагдаа дуудсан мөн аав, ээж нь хотод байдаг болохоор утсаар дуудсан. Зун улсын наадамд очоод Номин даатгалд даатгуулж байсан” гэх мэдүүлэг /хх-15-16/
- Гэрч Ц.Ганзоригийн “... Манай ээжийн эгч Надмидын насны баяр Дэлгэрцогт суманд болно гээд 2017.08.30-нд ирээд байж байтал их насны морь уралдах болоод би Мөнхбаяр, Цолмон өөр 2 танихгүй хүний хамт прадо маркийн машинаар дагахаар болоод гараанаасаа 1 км орчмын наана хүлээгээд байж байтал битүү тоос болсон хоёр хэсэг морь бидний зогсож байсан газрын урд тал хорооны хойгуур 2 бөөн морьд явахад сүүлийн бөөн морьдын дунд хүүхэд унах шиг болохоор нь бид шууд хүүхэд унчихлаа гээд машинаа эргүүлээд яваад иртэл цэнхэр хувцастай 10 орчим насны хүүхэд толгой нь ертөнцийн зүгээр хойшоо харсан байдалтай хамар, чих, амнаас цус гарсан ухаангүй байсан. Тэгээд манай машинд сууж явсан охин цусыг нь арчаад би энгэртээ тэврээд тэр хүүхдийг машины урд тэвэрсэн чигээрээ яваад Дэлгэрцогт сумын эмнэлэг рүү явсан. Явж байх замд 2-3 удаа уртаар амьсгаа авч хөлөө жийж байсан. Ойролцоогоор 20-30 минут яваад сум орсон. Замд баруун чихнээс нь цус гараад байсан. Би хүүхэд унасан гэж бодоод л анхны тусламж үзүүлсэн ” гэх мэдүүлэг /хх-17-18/
- Гэрч О.Балжиннямын /Дэлгэрцогт сумын их эмч/ “2017.08.30-нд 16 цаг өнгөрч байхад гаднаас манай ажилчид дуудахаар нь гараад очтол хамар амнаас нь цус гараад хатчихсан, баруун чихнээс нь улаан ягаан өнгийн цус гарсан байдалтай ухаангүй хүүхэд хүргэгдэн ирсэн. Биеийн байдлыг үнэлэн шаардлагатай тусламжуудыг үзүүлэн аймаг руу мэдэгдэж мэс заслын эмч удалгүй 17.00 цагт ирсэн. Биеийн ерөнхий байдал маш хүнд ухаангүй, комын байдалтай тархины суурь ясы хугарал, маш хүнд гэмтэл, тархин дахь цусан хураа оноштой одоо Улаанбаатар хот руу ар гэртэй зөвшилцөөд явуулах гэж байгаа” гэх мэдүүлэг /хх-23-24/
- Шинжээчийн 2017.09.18-ны өдрийн 11312 дугаартай дүгнэлтэд: Дашнямын биед баруун чамархайн болон суурь ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, тархины зүүн тал бөмбөлөгийн суурийн хэсгийн эд дэх цусан хураа ба няцрал, тенториум, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн гар, хөлийн саажилт, тархины комын байдал, баруун чамархайн, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-27/
- ГССҮТ-ийн 2017.09.02-ны өдрийн А.Дашнямын өвчний түүх /хх-28-29/
- Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага, стандарт MNS 6264:2011 /хх-31-34/
- Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2017.10.17-ны өдрийн дүгнэлтэд: М.Гантогтох нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 6 сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын стандарт үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морин хэрэгсэлд тавих шаардлага МNS 6264:2011 стандартыг зөрчсөн байна. М.Гантогтох нь дээрх стандартын 1.1-1.3 дахь хэсэг, 3.1.4-3.1.8 дахь заалтыг зөрчсөн, уралдааны үеэр хурдан морь унаач А.Дашнямд хамгаалалтын хувцасыг бүрэн өмсүүлээгүй учраас толгойн хэсэгт нилээн хүнд гэмтлүүд авсан нь хэргийн материалын хохирогчийн биед хийсэн үзлэг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна” гэжээ /хх-97/
Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Гантогтох нь 2017 оны 8 сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын 2-р баг Хамар-Ус гэх газарт зохион байгуулагдсан наадамд их насны морьдын уралдаанд 10 настай Б.Дашнямыг хамгаалалтын хувцасгүйгээр морь унуулж уралдуулсны улмаас Б.Дашням нь мориноос унаж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн болон мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх41-42/, шинжээчийн 2017.09.18-ны өдрийн 11312 дугаартай дүгнэлт болон өвчний түүх /хх 27-29/, Монгол Улсын MNS6264:2011 стандарт /хх31-32/, Улсын байцаагчийн 2017.10.17-ны өдрийн дүгнэлт /хх-97/, хохирогчийн мэдүүлэг /хх11-14/, гэрч Х.Нармандах, Ц.Ганзориг, О.Балжинням нарын мэдүүлэг /хх-11-18, 23-24/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үндэсний морин уралдаан болон бэлтгэл сургуулилтын үед унаач хүүхдэд хамгаалалтын хувцас бүрэн өмсүүлэхээс гадна морины хэрэгсэлд тавих шаардлага нь стандартаар бүрэн баталгаажсан хувцас, хэрэгсэл байх шаардлагатай болох нь Монгол Улсын 13.340.01, 97.220.01 ангилалтын код бүхий MNS6264:2011 стандартаар тогтоогдож байна.
Мөн мал, амьтан өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ мал, амьтан, байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлага, бусдын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон журмыг сахин биелүүлэх үүрэгтэй байна.
Шүүгдэгч М.Гантогтох нь тогтоосон журам, заавар, стандартаар хүлээсэн үүрэгтээ хайхрамжгүй хандаж, биелүүлээгүйн улмаас унаач хүүхдийн бие махбодид хүнд гэмтэл учирсан нь Эрүүгийн хуульд заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд …хууль бусаар болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1-д “Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна” гэж, мөн хуулийн 506 дугаар зүйлийн 506.1-д “Арван зургаан насанд хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн 505.1-д зааснаар нөхөн төлнө” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу шүүгдэгч М.Гантогтох нь арван зургаан насанд хүрээгүй А.Дашнямын эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Гэмт хэргийн улмаас 2007.06.06-ны өдөр төрсөн 10 настай А.Дашнямын бие махбодид “баруун чамархайн болон суурь ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, тархины зүүн тал бөмбөлөгийн суурийн хэсгийн эд дэх цусан хураа ба няцрал, тенториум, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн гар, хөлийн саажилт, тархины комын байдал, баруун чамархайн, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий” хүнд зэргийн гэмтэл учирсан ба толгойн баруун чамархайд мэс засал хийгдсэн, 2017.10.09-ний өдрийн байдлаар “баруун нүд харахгүй байгаа, зовхи нь унжсан байдалтай, Юм сайн ойлгоно, юм андуурч хэлдэг байдалтай” Дүгнэлт: Үндсэн долгоион насны нормд тохирсон, Бичлэгт эпилепсийн өвөрмөц өөрчлөлт илрээгүй, Эмнэл зүйн онош нь: Тархины гэмтлийн гаралтай баруун нүдний птоз, Мотор афази” гэж тогтоосон болох нь шинжээчийн дүгнэлт, өвчний түүх, тархины цахилгаан бичлэг зэргээр тогтоогдож байна.
Хэргээс үзэхэд хохирогчийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардалд 1590461 төгрөгийн баримт цугларсан байх боловч энэ баримтыг хэн цуглуулж өгсөн нь тодорхойгүй байна /хх52-55, 60-92/ ХААН банкны харилцагч Хишигжаргалын Нармандах гэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг хэрэгт хавсарган ирүүлсэн боловч тухайн дансаар хийгдсэн 7506780 төгрөгийн гүйлгээ бүгд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дансанд, эсхүл эмчилгээний зардалд төлөгдсөн эсэхийг тогтоох, тооцоо гаргах, тодорхойлох боломжгүй баримт байна. Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч М.Гантогтох нь хохирогч талд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт хашаа байшин авч өгсөн гэх боловч үүнийгээ нотлох баримт шүүхэд гаргаж үзүүлсэнгүй.
Насанд хүрээгүй хохирогч А.Дашням нь төрсөн эх Лувсаннямын Амарзаяагаар овоглосон болох нь төрсний гэрчилгээний хуулбараар, Л.Амарзаяа, Д.Батцоож нар нь албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч А.Дашнямын эцэг эх болох нь А.Батцоожтой утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. Иймд Д.Батцоожийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн 2017 оны 9 сарын 15-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.
Хохирогч Д.Батцоож нь хүү А.Дашнямыг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал, төлбөрийг нэхэмжлээгүй ба хэргийн материалтай танилцаад “гомдолгүй” гэсэн байна.
Хохирол төлбөр нэхэмжлэх эсэх нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрхийн асуудал учраас шүүх өнөөдрийн шүүх хуралдаанаар энэ талаар шийдвэр гаргах боломжгүй байна. Харин шүүгдэгчийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас А.Дашнямын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан, хүүхэд өнөөдрийг хүртэл бүрэн эдгэрээгүй байгаа тул А.Дашнямын хууль ёсны төлөөлөгч хүүхдийн эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөртэй холбогдон гарсан гэх 1590461 төгрөгтэй холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлж цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заахаар шийдвэрлэлээ.
Хэргийн 51 дүгээр талд хэнээс өгсөн нь тодорхойгүй баримтад банкны картаас төлсөн зардал-7506780 төгрөг, аав, ээжид нь бэлнээр 945000 төгрөг, түлээ-130000 төгрөг,, бүгд төлсөн хохирол 8581780 төгрөг гэсэн байгааг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Гантогтох нь тухайн нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдолгүй гэж байгаа, ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан М.Гантогтохын морь уяж уралдуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, нийгэм, хамт олны дунд засарч хүмүүжих боломж олгохоор шийдлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ