Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/555

 

 

 

    2023             05          25                                      2023/ДШМ/555

Д.Б-, Л.Б-нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч М.Алдар, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Түвшинбаяр,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/167 дугаар шийтэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Түвшинбаярын бичсэн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаартай эсэргүүцлийг үндэслэн хохирогч, шүүгдэгч Д.Б-, Л.Б-нарт холбогдох 2109018321255 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. ....,
  2. ...,

Д.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... -тоот өөрийн гэртээ нөхөр Л.Б -тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар куртикны бүсний түгжээ хэсгийн төмөр хэсгээр нүүрэн тус газар нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “дух, баруун хөмсөгт сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Л.Б-нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... -тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай /эхнэр/ хохирогч Д.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар толгой, бие хэсэгт нь өшиглөх, цохих, бүсээр цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь “зүүн чамархайд шарх, зүүн, баруун шуунд цус хуралт, баруун гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зүүн гарт зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал’’ бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Л.Б -гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Лхагвасүрэнгийн Б -г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Прокурор Г.Түвшинбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Шүүх шийтгэх тогтоолдоо “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдпийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн хуулийн 2-т “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй гэж заасан. ... Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б-гийн зүгээс эрүүл мэндийнх нь эсрэг чиглэсэн хууль бус, хүч хэрэглэсэн довтолгооныг таслан зогсоох зорилгоор хийсэн үйлдлийн улмаас Л.Б -д хөнгөн хохирол учирсан гэж шүүх үзсэн тул шүүгдэгч Д.Б-гийн үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй” гэж дүгнээд түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Д.Б-гийн “нөхөр Л.Б -гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Д.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох гэсэн өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Л.Б-нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... -тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай /эхнэр/ хохирогч Д.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар толгой, бие хэсэгт нь өшиглөх, цохих, бүсээр ороолгох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь “зүүн чамархайд шарх, зүүн, баруун шуунд цус хуралт, баруун гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зүүн гарт зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал’’ бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Д.Б-гийн “... 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэр рүүгээ орсон. Тэгээд нөхөр Б -д “чи намайг байнга ингэж цохиж нүдэж байхаар үхвэл таарна” гэж хэлсэн чинь нөхөр Б-босч ирээд толгой тархи руу цохиод өшиглөөд байсан. Нэг мэдсэн миний куртикны бүс тайлагдчихсан намайг ороолгож байсан. Бүсний урд талын төмөр нь толгой оноод толгойноос цус гарсан. Би газар хэвтэж байгаад бүснээс нь зуурч татаад буцаж ороолгож өөрөөсөө холдуулсан. Тэгсэн манай охин Э манай ээж, эгч нарыг дуудсан байсан. Хэсэг хугацааны дараа манай гэрийнхэн ирээд цагдаад дуудлага өгсөн юм. ...1 сарын өмнө бид 2 маргалдсан, миний тархи толгой руу өшиглөж зодоод байсан, тэгэхээр нь би том эгч Нэргүйн гэрт очиж 1 сар амьдарсан. ... 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрийнхээ хажуугаар явж байгаад охин маань ковид туссан байсан болохоор яаж байгаа бол гээд гэр рүүгээ орсон чинь нөхөр Б -д зодуулсан. ... би гараараа толгойгоо хамгаалсан чинь миний дээр суусан цохиод байсан. Сүүлд нь миний куртикны бүсээр ороолгож байгаад төмрөөр нь толгой руу цохиж толгой хагалсан. ...” /25-29/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээд, түүнтэй маргалдах болсон шалтгаан, эрүүл мэндэд учирсан хохирлынхоо талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 95 дугаар “... Д.Б-гийн биед зүүн чамархайд шарх, зүүн баруун шуунд цус хуралт, баруун гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зүүн гарт зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” /хх 36-37/ гэх дүгнэлт,

Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас “...СБДЦХ-ийн-1 НХЖА тасгийн эргүүлийн офицер, дэслэгч Б.Дөлөөн , д/а Мөнгөнбаяр нар авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, 11/1 байр 51 тоот нөхөр нь эхнэрээ зодоод байна гэх дуудлагыг 00 цаг 25 минутад хүлээн авч очиж шалгаад уулзахад “би гэртээ согтуу орж ирсэн тэгээд нөхөр уурласан байх, бид хоёр муудалцаад ноцолдсон нөхөр миний хөл, гар, толгой руу цохисон миний куртикны бүсээр, би бас нөхрийнхөө толгой руу цохисон тэгж байхад манай ээж, эгч, дүү ирсэн” гэв ...” /хх 10/ гэсэн тэмдэглэл,

яллагдагчаар Д.Б-гийн “... манай нөхөр миний хүзүүнээс боогоод газар унагаад дээрээс цохиод байсан. Тэгээд нэг мэдсэн миний куртикны бүсээр намайг ороолгоод, миний толгой хэсэг рүү бүсээр цохиод толгой өвдсөн. Тэгэхээр нь би бүсээ авах гээд зууралдаад байж байсан чинь манай охин миний толгой хэсгээс цус гарахыг хараад манай гэрийнхэнийг дуудсан байна лээ. Тэгээд манайхан тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ...” /62-63/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар давхар нотлогджээ.     

Дээрх үйл баримтаас өмнө болон дараа нь Д.Б- нь бусдад зодуулсан эсхүл өөр бусад хүчин зүйлээс болж биедээ тухайн гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” /цаашид “хохирогч” гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг” ойлгоно гэж хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болон нэр томъёог тодорхойлон хуульчилжээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2019/ЗШ/906 дугаар шийтгэврээр Л.Б -г Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар 20 цагийн албадан сургалтанд хамруулж, 13 хоног баривчлах шийтгэл /хх 72-73/,  2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ЗШ/185 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар 10 цагийн албадан сургалтанд хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл /хх 74-75/ оногдуулсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Б-нь эхнэр Д.Б-гийн биед олон удаа хүч хэрэглэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь тогтоогджээ.

Гэр бүлийн хүчирхийллийн объектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна гэр бүлийн ашиг сонирхол хамаарах бөгөөд хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Б -г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэлээр үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар”, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор” тус тус хуульчилсан байна.

Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг удирдлага болгосны үндсэн дээр анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б -д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна.

Сүхбаатар дүүргийн прокуророос Д.Б-г 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... -тоот өөрийн гэртээ нөхөр Л.Б -тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар куртикны бүсний төмөр аралаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “дух, баруун хөмсөгт сорви” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу хэргийг хянан хэлэлцэж, Прокуророос шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүх аливаа гэмт хэргийг шийдвэрлэхдээ болсон үйл баримтыг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээтэй нийцүүлэн дүгнэлт хийхээс гадна шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа оролцогчийн гаргасан тайлбарыг зөвхөн хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэдэг учиртай.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

Хохирогч Л.Б -гийн “ 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 20 цагийн орчим манай эхнэр Д.Б- гаднаас согтуу орж ирсэн. ... агсам тавьж над руу дайраад өөрийнхөө куртикны бүсний төмөр, өмдний тэлээний төмрөөр цохиод дайраад байсан. Тэгээд толгой хагарсан. Миний биед учруулсан гэмтлийг Б- учруулсан. ...” /хх18-22/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээд, түүнтэй маргалдах болсон шалтгаан, эрүүл мэндэд учирсан хохирлынхоо талаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1638 дугаар “Л.Б -гийн биед дух баруун хөмсөгт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 40-41/,

хохирогч Л.Б -гээс гаргаж өгсөн 11 зураг хүлээн авсан тэмдэглэл /хх 80-83/ гэх нотлох баримтуудаар Д.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... -тоот нөхөр Л.Б -тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар өөрийг нь ороолгож, зодож байсан куртикны бүсийг хохирогч Л.Б -гээс булаан авч, бүсний төмөр аралаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “дух, баруун хөмсөгт сорви” хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.

Тодруулбал, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн өөрийн эсхүл бусдын хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдаж, өдөөн турхирч буй хохирогчийн халдлагыг зөвтгөж болохгүй бөгөөд энэхүү үйлдлийн эсрэг хамгаалалт хийх эрхийг хуулиар иргэн бүрт зөвшөөрсөн байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.1 дүгээр зүйлийн 3-т “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. ...”  гэж хуульчилсан бөгөөд хэрэгт авагдсан хохирогч Д.Б-гийн “... манай нөхөр миний хүзүүнээс боогоод газар унагаад хөл рүү өшиглөөд цээж, толгой хэсэгт нэлээн хэдэн удаа цохисон ... нэг мэдсэн миний куртикны бүсээр намайг ороолгоод, миний толгой хэсэг рүү бүсээр цохиод толгой өвдсөн. Тэгэхээр нь би бүсээ авах гээд зууралдаад өөрөөсөө холдуулсан. ... ” /62-63/ гэх мэдүүлгээс дүгнэхэд Д.Б- нь Л.Б -гийн дээрх хууль бус халдлага, довтолгооныг эхэлсэн тухайн цаг хугацаанд өөрийн амь биеийг  хамгаалж, улмаар өөрийг нь ороолгож байсан куртикны бүсийг хохирогч Л.Б -гээс булааж авч түүний нүүрэн тус газар нь уг бүсний төмөр аралаар цохиж, түүний хууль бус халдлагыг таслан зогсоож өөрийгөө хамгаалах явцдаа түүний эрүүл мэндэд нь  “дух, баруун хөмсөгт сорви” хөнгөн хохирол учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохоор байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б- нь Л.Б -гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах болсон гол хүчин зүйл, шалтгаан нь өөрийн хуулиар хамгаалагдсан “Халдашгүй чөлөөтэй байх эрх”-ийг ноцтойгоор зөрчиж, эрүүл мэндэд нь халдсан хууль бус довтолгооноос хамгаалж таслан зогсоохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол учруулсан нь “Аргагүй хамгаалалт” хийх эрхэд хамаарна.

Эрх зүй нь аливаа этгээдийн хууль бус үйлдлийг ямагт хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд үүний эсрэг хүлээн зөвшөөрөгдөхүйц хамгаалалтыг зөв гэж үздэг тул хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарч дүгнэлт хийж байх шаардлагатай.

Иймд анхан шатны шүүхээс Д.Б-д холбогдох хэргийг “Аргагүй хамгаалалт хийсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Харин шүүх дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэж заасанд хамаарч байхад “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож хуулийг буруу хэрэглэжээ.

Иймд Д.Б-д холбогдох хэргийг “Аргагүй хамгаалалт хийсэн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, прокурор Г.Түвшинбаярын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан буюу гэмт хэргийн шинжгүй ...” гэснийг “... “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон ...” гэж өөрчилсүгэй.

2. Прокурор Г.Түвшинбаярын бичсэн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шийтэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН