Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2024/0934

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.А******* /РД:*******/

Хариуцагч: Прокурорын ёс зүйн зөвлөл нарын хооронд үүссэн тус зөвлөлөөс нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан дүгнэлтийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн Э.Болортуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С*******, Д.Д******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч С.А*******ээс Прокурорын ёс зүйн зөвлөлд холбогдуулан Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч С.А******* нь 2019 оноос Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/31 дүгээр тушаалаар Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаар томилогдон 2021 он хүртэл ажиллаж байсан.[1]

2.2. Тус хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ХХК-аас Прокурорын ёс зүйн зөвлөлд хандан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М*******, П.Э*******, Д.П******* нарыг Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр шалгуулахаар гомдол[2] гаргасныг шалгаад Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх С.А******* 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаар хариу мэдэгдэх хуудсаар[3] Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М*******, П.Э*******, Д.П******* нарт холбогдуулан гаргасан гомдлын дагуу ёс зүйн зөвлөлийн ажлын албанаас холбогдох шалгалтыг явуулахад прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно. гэсэн хариу өгчээ.

2.3. Улмаар ХХК-аас Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргад холбогдуулан тус шүүхэд Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаар хариу мэдэгдэх хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М*******, П.Э*******, Д.П******* нарт холбогдуулан гаргасан гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмаар тогтоосон үндэслэл, журмын дагуу шалгаж шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.[4]

2.4. Нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн тус шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2021/0446 дугаартай шийдвэрээр Прокурорын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2, 65.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Прокурорын ёс зүйн зөвлөлөөс дахин шинэ акт гарах хүртэл Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаар хариу мэдэгдэх хуудсын биелэлтийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.[5]

2.5. Нэхэмжлэгч ХХК-аас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорт хандан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2021/0446 дугаартай шийдвэрийг биелүүлэх тухай хүсэлт гаргажээ.[6]

2.6. Улмаар Прокурорын ёс зүйн зөвлөл хуралдан 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт[7] гаргаж, тус дүгнэлтээр ... хяналтын прокурор Б.М*******, П.Э******* нар нь Прокурорын ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчөөгүй байна. 2. Хяналтын прокурор Д.П******* нь ... Прокурорын ёс зүйн дүрмийн ... хэм хэмжээг зөрчсөн байна ... гэж дүгнэсэн.

2.7. Түүний дараа ХХК-ийн захирал Б.Бээс 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01/04 тоот албан бичгээр[8] Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан "... Улсын ерөнхий прокурорын орлогч С.А******* нь прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаар ажиллахдаа үндэслэлгүй шийдвэр гаргасан ..." гэх гомдол гаргажээ.

2.8. Тус гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлийн Ажлын албаны ахлах прокурор Д.Д******* хүлээн авч, шалгалтын ажиллагааг явуулан Прокурорын ёс зүйн зөвлөл 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн 06 дугаартай дүгнэлтийг[9] гаргажээ.

2.9. Тус дүгнэлтээр ... 1. Улсын ерөнхий прокурорын орлогч С.А******* нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Прокурорын ёс зүйн дүрэм"-ийн 2.3.5, 2.3.8 дахь хэсэгт заасан хэм хэмжээг зөрчсөн" гэж дүгнэсэн байна.

2.10. Нэхэмжлэгчийн зүгээс ... Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг гаргахдаа Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажлын албанаас шалгасан материалыг нэхэмжлэгч С.А*******т бүрэн танилцуулаагүй, танилцах боломжоор хангаагүй, албан ёсоор тайлбар аваагүй, зөвхөн тэмдэглэл хөтлөх байдлаар тайлбар, мэдүүлэг гаргах эрхийг хязгаарласан ба дүгнэлт нь Прокурорын тухай хууль болон Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг зөрчиж гарсан билээ ... Улсын Ерөнхий прокуророос хууль болон Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг зөрчсөн хүчингүй болгуулахаар маргаж буй дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурорын орлогч С.А*******ийн бүрэн эрхийг дуусгавар болгох асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 74 дүгээр зарлигаар С.А*******ийн бүрэн эрхийг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч С.А*******ийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох болоогүй байсан бөгөөд энэхүү дүгнэлтэд үндэслэн бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгосон тул нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.11. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ... " " ХХК-ийн захирал Б.Бээс гаргасан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн "... Улсын ерөнхий прокурорын орлогч С.А******* нь прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаар ажиллахдаа үндэслэлгүй шийдвэр гаргасан..." гэх гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлийн Ажлын албаны ахлах прокурор Д.Д******* хүлээн авч, шалгалтын ажиллагааг явуулж, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улсын ерөнхий прокурорын орлогч С.А*******тэй биечлэн уулзаж, гомдлыг танилцуулан тайлбар авах талаар тайлбарлахад "энэ гомдолтой холбогдуулан тайлбар өгөх шаардлага байхгүй, энэ захиалгатай гомдол байна." гэсэн талаар тэмдэглэл үйлдсэн байна. Ахлах прокурор Д.Д******* шалгалтын ажиллагааг дуусган, зөрчилд холбогдсон прокурор С.А*******т шалгалтын явцад цугларсан материалыг танилцуулах, хариу тайлбар, нотолгоо баримт гаргах нөхцөлийг бүрдүүлэхээр 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шалгалтын материалыг прокурор С.А*******т танилцуулахад Би Ажлын албанаас танилцуулсан танилцуулгын хүрээнд шийдвэр гаргасан" танилцсан УЕП-ын Орлогч С.А гэсэн тэмдэглэл шалгалтын материалд авагджээ. Дээрх баримтуудаас дүгнэхэд Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажлын алба нь Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам, Улсын ерөнхий прокурорын 2022 оны А/86 дугаар тушаалаар батлагдсан "Прокурор, ажилтантай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг хянах, шалгах, шийдвэрлэх журам"-д заасны дагуу шалгалтын ажиллагааг явуулж, прокурор С.А*******т гаргасан гомдол болон шалгалтын материалыг танилцуулах, тайлбар, нотолгоо баримт гаргаж өгөх боломжоор ханган ажилласан байна. Прокурорын ёс зүйн зөвлөл 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар прокурор С.А******* нь Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэж, 06 дугаар дүгнэлтээр С.А******* нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Прокурорын ёс зүйн дүрэм"-ийн 2.3.5, 2.3.8 дахь хэсэгт заасан хэм хэмжээг зөрчсөн" гэж дүгнэсэн ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч С.А******* шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг гаргахдаа Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажлын албанаас шалгасан материалыг нэхэмжлэгч С.А*******т бүрэн танилцуулаагүй, танилцах боломжоор хангаагүй, албан ёсоор тайлбар аваагүй, зөвхөн тэмдэглэл хөтлөх байдлаар тайлбар, мэдүүлэг гаргах эрхийг хязгаарласан ба дүгнэлт нь Прокурорын тухай хууль болон Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг зөрчиж гарсан билээ ... Улсын Ерөнхий прокуророос хууль болон Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг зөрчсөн хүчингүй болгуулахаар маргаж буй дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурорын орлогч С.А*******ийн бүрэн эрхийг дуусгавар болгох асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 74 дүгээр зарлигаар С.А*******ийн бүрэн эрхийг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч С.А*******ийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох болоогүй байсан бөгөөд энэхүү дүгнэлтэд үндэслэн бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгосон тул нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа болно.

Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д "Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрх дараахь тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр гарснаар хугацаанаас өмнө дуусгавар болно" гэж, 46.7-д "Энэ хуулийн 46.6-д зааснаар бүрэн эрх нь дуусгавар болсон тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 46.1, 46.2-т заасан журмын дагуу дараагийн Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилно" гэж тус тус заасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д "Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана", 4-т "Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно" гэж тус тус заасан. Үүнээс үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжгүй бөгөөд хууль бусаар бүрэн эрхийг дуусгавар болгосонтой холбоотой асуудлаар эхлээд тус зарлигийн үндэслэл болсон прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт нь хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагатай байгаа болно. Ийнхүү Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг нь хууль бус дүгнэлтийг үндэслэн гарсан болох нь тогтоогдож, нэхэмжлэгчийн хувьд хууль бусаар Улсын ерөнхий прокурорын орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгосон болохыг эрх бүхий байгууллага буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралд хандах үндэслэл бий болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 74 дүгээр зарлигт Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4 дэх заалт болох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан гэснийг баримталсан боловч нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл тус зөвлөмжтэй танилцаагүй бөгөөд энэхүү зөвлөмж нь одоо маргаж буй Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлттэй холбоотой талаарх мэдээлэлтэй байгаа болно.

Иймд Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж өгөхийг хүсье гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд шүүхэд бичгээр гаргасан тайлбар нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байгаа. Түүнийг давтаж хэлэхгүй ерөнхий гол агуулгуудаа яриад явчихъя. Маргаан бүхий 06 дугаартай дүгнэлтээр Монгол Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан С.А*******т Прокурорын ёс зүйн зөвлөл, прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.5, 2.3.8-д заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэсэн байдаг. Ямар асуудлаар ёс зүйн зөрчил гаргасан гэж үзээд байгаа гэхээр 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ХХК-ийн захирал н.Б гэж иргэнээс Б.М*******, П.Э*******, Д.П******* гэх прокуроруудын ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлд гаргасан байдаг. Тухайн гомдлыг шалгахдаа анхааралтай хандаагүй, зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэлгүйгээр өмнөөс нь хариу өгсөн үйлдэл нь өөрөө ёс зүйн дүрмийн зөрчил болсон гэж дүгнээд байна. Монгол улсын ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар зарлигаар Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг баталсан байдаг. Тус журмаар Прокурорын ёс зүйн зөвлөлд ирж байгаа гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар нарийвчлан зохицуулсан. Журмын 1.9-д Прокурорын ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаарх шалгалтыг Улсын ерөнхий прокурорын газрын хяналт шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгж явуулна гэж заачихсан байдаг. Мөн 5.4-д хяналт шалгалтын тухай нэгж нь хэдий хугацаанд шийдвэрлэх, ямар процесс ажиллагаа хийх гэдэг байдлаар нарийвчлан заагаад өгчихсөн байдаг. Тухайн ажиллагаануудыг хийж дуусах явцад гарсны дараа тухайн шалгалттай холбоотой танилцуулгыг бэлдээд Ерөнхий прокурорын ёс зүйн зөвлөлийн даргад танилцуулахаар журмаар нарийвчлан заасан. Мөн журмын 5.6-д шалгалтыг хэн хийж явуулах, нарийвчлан заахдаа шалгалтын дүнгээр танилцуулгыг бэлтгэх хүн нь тухайн хэлтсийн хариуцаж байгаа прокурор өөрөө шалгаад нотлох үүргийг хүлээдэг. Анх ирсэн 2020 оны гомдолтой холбоотойгоор тухайн хэлтсийн нэгжид цохогдоод тухайн хэлтсийнх нь прокурор нь шалгалтын ажиллагааг явуулаад, шалгалтын ажиллагаатай холбоотойгоор материалыг Ёс зүйн зөвлөлийн даргад танилцуулсан байдаг. Танилцуулахдаа Ёс зүйн зөрчил гаргасан талаар баримтууд байхгүй гэдэг байдлаар танилцуулаад Ёс зүйн зөвлөлийн даргаас тухайн шалгалтын авагдсан материалын хүрээнд танилцаад эдгээр асуудлууд нь Ёс зүйн зөрчил биш байна гэж үзээд тухайн ажиллах журамд зааснаар өөрөө эрх хэмжээний хүрээнд тухайн н.Бээс гаргасан гомдол нь ёс зүйн зөрчилтэй хамааралтай асуудал биш байна. Хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичгээр хариу өгсөн. Мөн тухайн гомдол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол байна. Тиймээс холбогдох нэгж рүү нь шилжүүлсэн гэдэг тайлбарыг өгөөд гомдлыг нь шийдвэрлэсэн байдаг. Үүний дараагаар тухайн гомдолтой холбоотойгоор Б.Б гэж иргэнээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд ямар нэхэмжлэл гаргасан гэхээр Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаас өгч байгаа хариу нь илт хууль бус байна. Үүнийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд Захиргааны хэрэг үүсээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар Прокурорын ёс зүйн зөвлөлөөс холбогдох ажилтнууд томилолттой ажиллаад тайлбараа өгөөд явсан байдаг. Тухайн хэрэг 2021 онд шийдэгдэхдээ үндэслэх хэсгийн шүүхийн шийдвэрийг нь харахаар илт хууль бус гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бол илт хууль бус захиргааны акт гэж үзээгүй. Гэхдээ тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Прокурорын ёс зүйн зөвлөлийн холбогдох нэгж гомдлыг шийдвэрлэхдээ холбогдох ажиллагааг дутуу хийсэн гэдэг үйл баримтыг дүгнээд тухайн үйл баримтыг шүүх шууд шийдвэрлэх боломжгүй. Үүнтэй холбоотой шийдвэр гаргах ажиллагаагаа илүү шалгаад дахиж нягтлаад гарга гэдэг байдлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг. Тухайн шийдвэр гараад хуулийн хүчин төгөлдөр болсны дараагаар шүүхийн шийдвэрийг албадан биелүүлээч гэдэг үүднээс иргэн Б.Бээс дахин Ёс зүйн зөвлөлд хүсэлт гаргаад тухайн хүсэлтийнх нь дагуу 2022 онд Ёс зүйн зөвлөлийн 08 дугаартай дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлт дээр шүүхийн шийдвэр ямар агуулгаар гарсан түүний биелэлтийг хангая гэдэг байдлаар хуралдаж байсан. Шүүхээр шийдвэрлэхдээ зөвхөн Б.М******* гэдэг прокурорын ажлаас гарсан талаар баримтуудыг шалгалтын материалд хавсаргаагүй байгаа нь өөрөө дутуу шалгалт явагдсан гэдэг үндэслэлийг дурдсан байдаг. 2022 онд хуралдахдаа энэ үндэслэлээр ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнээгүй. Өмнө нь танилцуулга дээр дурдаагүй асуудлуудыг дурдах буюу Д.П******* гэдэг прокурорын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлсэн үйлдэл нь ёс зүйн зөрчил гаргасан байна гэдэг байдлаар шийдвэрлээд дуусчихсан. Нэхэмжлэгч С.А*******ийн хувьд тухайн 2022 оны 08 дугаартай дүгнэлтийн шалгалтын ажиллагаанд өөрийн биеэр оролцоогүй. Тухайн шалгалттай холбоотойгоор дүгнэлт нь гарахдаа шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа гэдэг үндэслэлээ дурдаад гарахдаа үндэслэлгүйгээр гарсан гэж үзэж байгаа. Учир нь Б.Бийн гаргасан гомдол 3 прокурорын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдлуудыг дурдаад яваад байдаг. С.Алимцэцэгийн ёс зүйн дүрэм зөрчсөн гэж дүгнээд байгаа зөрчлүүд нь 2.3.5 буюу прокурорт хандаж гаргасан байгууллага, иргэдийн, хүсэлт, гомдол мэдээлэлд анхааралтай хандаж хуульд заасан хугацаанд шийдвэрлэж байх, 2.3.8-д прокурор гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотолж байх хэрэв гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг нотолж чадахгүйд хүрвэл хариуцлага хүлээдэг байх гэдэг дүрмийн заалтыг зөрчсөн гэж тайлбарлаад байгаа. Гэхдээ 2.3-д заасныг харахаар прокурор өөрөө ямар шийдвэр дээр нөлөөлөх юм гэхээр прокурорын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд ёс зүйн хэм хэмжээг баримтлах зардлыг дурдаад байгаа. Гэтэл С.А*******ийн тухайн Б.Бт гомдолтой холбоотойгоор өгч байгаа хариу нь прокурорын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаатай холбоотой шийдвэр гэж үзэх боломжгүй гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаад байгаа Прокурорын ёс зүйн зөвлөлийн 06 дугаартай дүгнэлтийн гол нэхэмжлэгчийг буруутгаад 3 үндэслэл байгаа. Б.Бийн гомдолд хариу мэдэгдэх хуудас өгсөн нь шүүхийн шийдвэрээр хууль бус гэдэг нь тогтоогдоод хүчингүй болчихсон гэдэг үндэслэл. Зөвлөлийн хурлаар шийдвэрлэх асуудлыг өмнөөс нь дур мэдэн гаргаад дараа нь 08 дугаартай дүгнэлтээр Д.П******* прокурор нь Ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдчихоод байна. Ийм учраас Ёс зүйн дүрмийнхээ 2.3.5, 2.3.8 гэсэн заалтыг зөрчсөн байна гэдэг ерөнхий дүгнэлт яриад байгаа. Үндэслэл болгон дээр нь няцаалтаа хийгээд явах нь зүйтэй байх. Шүүхийн шийдвэртэй холбоотой асуудал дээр шүүхийн шийдвэр бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийн заалтыг удирдлага болгон гарсан. Дээд шүүхийн тогтоолуудаар уг 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг хэрхэн хэрэглэх талаар тайлбар гарсан байдаг. Энд ямар нөхцөлд хэрэглэгдэж байна гэхээр хэргийн нөхцөл байдал тодорхойгүй урьдчилсан нөхцөлтэй үед энэ заалтын дагуу хэргийг хянан шийдвэрлэнэ гэсэн агуулгатай байгаа. Тэгэхээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болон тогтоох хэсгээс нэг зүйл харагдаж байгаа. Илт хууль бус болгохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзчихсэн. Өөрөөр хэлбэл илт хууль бус захиргааны акт биш. Харин шалгалтын хүрээнд тогтоох ёстой асуудлууд нь тогтоогдоогүй материал дутуу асуудлууд байна. Тэгэхээр энэ материалуудаа бүхэлд нь дахин нэмж цуглуулаад шийдвэрээ дахиж гаргаад ир гэх шийдвэр. Тэрнээс биш тухайн хариу мэдэгдэх хуудсыг хууль бус гэж тогтоосон ямар нэгэн шийдвэр шүүхээс гараагүй. Шийдвэрийн дагуу дахиж хуралдаад С.А******* прокурорын гаргасан хариу мэдэгдэх хуудсанд өгсөн хариутай ижил байдлаар шийдвэрлэх боломжтой. Үүнийг Ёс зүйн дүгнэлтэд танилцуулахдаа хууль бус шийдвэр болсон гэдэг ийм агуулгаар танилцуулаад яваад байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө огт үндэслэлгүй хуульд нийцээгүй асуудал болоод байгаа. Мөн өмнөөс нь шийдвэр гаргачихсан гэдэг асуудал яриад байдаг. Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 3.2.3-д Ёс зүйн зөвлөлийн даргын бүрэн эрхийг заасан. Юу гэж байна гэхээр бүрэн эрхийг гаргасан гомдол нь Прокурорын ёс зүйтэй холбогдолгүй болох нь шалгалтаар тогтоогдвол зөвлөлийн хуралдаанаас өмнө гомдол хүсэлтийг шийдвэрлэх гээд заачихсан. Энэ заалтыг миний хувьд юу гэж үзэж байна гэхээр энэ нэгэнт батлагдчихсан хэрэгжиж байгаа журам учраас харьяаллын асуудлыг урьдчилан шийдвэрлэх боломжтой. Энэ бүрэн эрхийг нь зөвлөлийн даргад олгоод байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл шалгалтаар цугларсан материалын хүрээнд дүн танилцуулсан тохиолдолд үнэхээр харьяаллын бус асуудал бол ёс зүйн хурлаар нь оруулахгүйгээр холбогдох нэгж рүү шилжүүлэхтэй холбоотой эрхийг нь олгоод байгаа асуудал гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ шинжлэн судлуулсан нотлох баримтаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаалын ажиллагаанд хяналт тавих хэлтэс рүү Б.Бийн гомдлыг хуулийн хугацаанд шилжүүлчихсэн. Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3, 2.4, 2.5-д прокурорын дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээнүүдийг ялгаатай байдлаар зохицуулчихсан. Өөрөөр хэлбэл 2.3-д прокурор хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ эдгээр ёс зүйн хэм хэмжээг баримтална. 2.4-д хяналтын чиг үүргээс гадуур бусад үйл ажиллагаанд ямар ёс зүйн хэм хэмжээг баримтлах болон 2.5-д улс төрийн үйл ажиллагаатай холбоотой хориглосон ямар асуудлууд байгаа гэдгийг ялгаатай байдлаар зохицуулсан. Хяналтын чиг үүрэг гэж юу гэхээр албаны бүх асуудлууд орно гэж хариуцагчаас тайлбарлаад байгаа. Гэвч хууль тогтоомждоо үндэслэж тайлбарлах хэрэгтэй. Прокурорын тухай хуулийн 11-25 дугаар зүйлд прокурор ямар байдлаар хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх талаар тоочин заачихсан байгаа. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад яаж хяналтаа хэрэгжүүлэх шүүхэд төрийг төлөөлөхтэй холбоотой асуудлаар ямар хяналтын чиг үүргүүд хийхийг заасан. Мөн прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлд прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрийг нь тухайлан заасан. С.А******* прокурор хуульд заасан хяналтын чиг үүрэгтэйгээ холбоотой ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Зөвхөн прокурорын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар байгуулагдсан орон тооны бус ёс зүйн зөвлөлийн даргын хувиар хариу мэдэгдэх хуудсыг явуулаад байгаа. Тэгэхээр энэ 2.3 дугаар зүйлд ялгаатай заагаад өгчихсөн хяналтын чиг үүрэгтэй холбоотой асуудлаар С.А******* прокурорыг буруутгаж Ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Нарийвчлах юм бол 2.3.8-д прокурор гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотолж байх, хэрэв гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг нотолж чадахгүй бол хариуцлага хүлээдэг байх гэсэн зарчим байгаа. Тэгэхээр прокурорын гаргасан шийдвэр гэж өөрөө хууль зүйн нэр томьёотой асуудал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.34-д прокурорын шийдвэр гэж прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг ойлгоно гэчихсэн байгаа. Үүнд прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тогтоол, даалгавар, зөвшөөрөл, шаардлага, мэдэгдэл, дүгнэлт, санал, эсэргүүцэл, хүсэлт, нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гээд нарийвчилсан зохицуулалттай. Харин Прокурорын ёс зүйн зөвлөлийн асуудалтай холбоотойгоор иргэнд гомдлын хариу мэдэгдэж байгаа энэ хариу мэдэгдэх хуудас орохгүй. 2.3.8-д заасан прокурорын гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг прокурор ямар нэгэн прокурорын тухай хуульд заасан шийдвэр гаргасан байх ёстой гэсэн урьдчилсан нөхцөл. Энэ тохиолдол ерөөсөө хамаа хангагдахгүй. Прокурорын тухай хуульд нэр томьёоны тайлбараар ярьсан шийдвэр нь байхгүй байна гэсэн үг. Прокурорт хандаж гаргасан байгууллага иргэдийн хүсэлт, гомдол, мэдээлэлд анхааралтай хандаж хуульд заасан хугацаанд шийдвэрлэж байх гэж байгаа. Хариуцагч талаас Ёс зүйн дүрмээс анхааралтай хандаж гэдэг нэг үгийг нь авч тайлбарлаад байна. Энэ бол хуульд заасан хугацаанд нь шийдвэрлэхтэй холбоотой асуудал. С.А******* прокурорт тухайн үедээ Б.Бийн гомдолд 7 хоногийн дотор хариу өгсөнгүй, хуульд заасан хугацаанд гомдол ороод ирчихсэн гэдгийг мэдэж байсан. Гомдлын хугацаанд нь анхааралтай хурдан шуурхай шийдвэрлээд явсан. Гомдлыг харьяалах чиг үүрэг рүү нь шилжүүлсэн. Түүнээс биш гомдлын агуулгад нь анхааралтай хандах гэдэг ийм зохицуулалт байх боломжгүй. 2.3.5 дахь заалтыг бол хугацаанд нь анхаарлаа хандуулаад түргэн шуурхай шийдвэрлээрэй гэдэг энэ агуулга байгаа. 2.3.5, 2.3.8-д хяналтын чиг үүрэгтэй холбоотой асуудлаар С.А******* прокуророос ямар нэгэн зүйл гараагүй. Мөн хяналтын чиг үүргээ хэрэгжүүлээгүй болох нь Хүний эрхийн үндэсний комиссын дүгнэлтээс харагдаж байгаа. Хариуцагч талаас шалгалтын материалтай урьдчилж танилцах эрхийнхээ хүрээнд өөрөө татаж аваад шалгачихсан гэсэн зөрөөтэй тайлбар өгөөд байдаг. С.А******* прокурорын 2 удаагийн тайлбар, тэмдэглэлд нь би шалгалтын материалын дүнг нь аваад тэр хүрээнд би шийдвэрээ боловсруулсан гэдэг эсрэг байр суурьтай байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах боломжийг нь хангах гэсэн зохицуулалт байгаа. 2020, 2022, 2024 оны шалгалт, 2022 онд болсон шүүх хуралдаан энэ үйл ажиллагаанд хяналтын прокурор Д.Д******* гэдэг хүн яваад байгаа. 2020 онд энэ буруутгагдаад байгаа асуудлаар нь шалгалтын материалыг хэн хийж гүйцэтгэх ёстой байсан гэхээр Д.Д******* гэдэг прокурор гүйцэтгэх ёстой байсан. 2020 онд шалгалтын материал дутуу, бүрдэл нь хангагдаагүй гэдэг асуудал үүсэхээр шалгалтын материал нь бүрэн байсан Ёс зүйн зөвлөлийн дарга өөрөө өмнө нь энэ материалыг татаж аваад бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн гэдэг. Ийм эсрэг байр суурьтай ашиг сонирхлын зөрчилтэй байдлаар хандаад байгаа нь 3 удаагийн танилцуулга, тэмдэглэлээс нь харагдаад байгаа. Нэгэнт ийм ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй нөхцөл байдалд нэг бол ажлын алба буюу шалгалт хийсэн прокурор буруудах гээд нэг бол Ёс зүйн зөвлөлийн дарга буруудах ийм нөхцөл байдал үүсэхээр Д.Д******* прокурорын танилцуулгыг үндэслээд 06 дугаартай дүгнэлт гараад байгаа. 06 дугаартай акт хуульд үндэслэсэн байх шаардлагуудыг хангаагүй. Хяналтын чиг үүрэгтэй огт холбоогүй асуудал. Тодруулбал 2020 онд Б.Бийн гомдолтой холбоотой танилцуулга бэлтгээгүй. 2022 онд Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга холбогдуулаад 08 дугаартай Д.П******* прокуророос танилцуулга бэлтгээд байгаа. 2024 онд Прокурорын ёс зүйн зөвлөлд нь танилцуулга бэлтгээд байгаа. 2022 онд 3 прокурортой холбоотой асуудалд ёс зүйн зөрчилгүй байна гэж танилцуулга бичсэн. 2024 оны танилцуулга нь С.А******* гэдэг прокурор эрх хэмжээгээ хэтрүүлчихсэн гэдэг танилцуулга бэлтгээд байгаа. Хэрэв С.А******* прокурорын асуудал биш бол ажлын албатай холбоотой асуудал болж таарна. Яагаад гэхээр прокурорын ёс зүйн ажиллах журмын тавын 4 дүгээр зүйлд шалган тогтоох баримтжуулах үүргийг хэрхэн хийх гэдгийг маш тодорхой заачихсан. Үндсэн захиргааны акт агуулгаараа тухайн баталсан дүрэмд нийцэхгүй байна. Захиргааны ерөнхий хуульд заасан 4.2.7, 4.2.5-д заасан үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй байгаа учраас захиргааны актыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэр төр, эрх ашгийг сэргээж өгнө үү гэж хүсэж байна. гэв.

3.4. Хариуцагч Прокурорын ёс зүйн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*******, З.С******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлд "Прокурорын ёс зүйн зөвлөл нь 06 дугаар дүгнэлтийг гаргахдаа Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажлын албанаас шалгасан материалыг нэхэмжлэгч С. А*******т бүрэн танилцуулаагүй, танилцах боломжоор хангаагүй, албан ёсоор тайлбар аваагүй, зөвхөн тэмдэглэл хөтлөх байдлаар тайлбар, мэдүүлэг гаргах эрхийг хязгаарласан ба дүгнэлт нь Прокурорын тухай хууль болон Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг зөрчиж гарсан.... Иймд Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж өгөхийг хүсье" гэжээ.

1. " " ХХК-ийн захирал Б.Бээс гаргасан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн "... Улсын ерөнхий прокурорын орлогч С.А******* нь прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаар ажиллахдаа үндэслэлгүй шийдвэр гаргасан..." гэх гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлийн Ажлын албаны ахлах прокурор Д.Д******* хүлээн авч, шалгалтын ажиллагааг явуулж, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улсын ерөнхий прокурорын орлогч С.А*******тэй биечлэн уулзаж, гомдлыг танилцуулан тайлбар авах талаар тайлбарлахад "энэ гомдолтой холбогдуулан тайлбар өгөх шаардлага байхгүй, энэ захиалгатай гомдол байна." гэсэн талаар тэмдэглэл үйлдсэн байна.

2.Ахлах прокурор Д.Д******* шалгалтын ажиллагааг дуусган, зөрчилд холбогдсон прокурор С.А*******т шалгалтын явцад цугларсан материалыг танилцуулах, хариу тайлбар, нотолгоо баримт гаргах нөхцөлийг бүрдүүлэхээр 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шалгалтын материалыг прокурор С.А*******т танилцуулахад Би Ажлын албанаас танилцуулсан танилцуулгын хүрээнд шийдвэр гаргасан" танилцсан УЕП-ын Орлогч С.А гэсэн тэмдэглэл шалгалтын материалд авагджээ.

Дээрх баримтуудаас дүгнэхэд Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажлын алба нь Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам, Улсын ерөнхий прокурорын 2022 оны А/86 дугаар тушаалаар батлагдсан "Прокурор, ажилтантай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг хянах, шалгах, шийдвэрлэх журам"-д заасны дагуу шалгалтын ажиллагааг явуулж, прокурор С.А*******т гаргасан гомдол болон шалгалтын материалыг танилцуулах, тайлбар, нотолгоо баримт гаргаж өгөх боломжоор ханган ажилласан байна.

Прокурорын ёс зүйн зөвлөл 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар прокурор С.А******* нь Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэж, 06 дугаар дүгнэлтээр С.А******* нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Прокурорын ёс зүйн дүрэм"-ийн 2.3.5, 2.3.8 дахь хэсэгт заасан хэм хэмжээг зөрчсөн" гэж дүгнэсэн. Прокурорын ёс зүйн зөвлөл нь тус асуудлыг Прокурорын тухай хууль, Прокурорын ёс зүйн дүрмийг баримтлан, Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын дагуу хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлын албанаас дутуу шалгасан байна гэсэн асуудал ярьж байна. Ажлын алба дутуу шалгасан асуудал байхгүй. Иргэн н.Бээс Прокурорын ёс зүйн зөвлөлд ирүүлсэн гомдлыг хүлээж авсан. Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 3.2.2-т зааснаар Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга нь зөвлөлийн гишүүнээс гадна ёс зүйн зөвлөлийн даргын хувьд эрх эдэлдэг. Уг эрхийнхээ хүрээнд шалгалтын материалтай урьдчилж танилцах эрхтэй. Энэ хүрээндээ Ёс зүйн зөвлөлийн даргаар тухайн үед ажиллаж байсан Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор С.А******* материалтай танилцсан. н.Бээс гаргасан гомдол нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ирсэн. Ёс зүйн зөвлөлийн дарга 11 дүгээр сарын 03-нд материалтай танилцсан. Ажлын албанаас шалгаад тухайн үед танилцуулгаар оруулаагүй. Ёс зүйн зөвлөлийн даргын өөрийнх нь эрх хэмжээнд хамаарах учраас материалаа урьдчилж танилцуулсан. Ёс зүйн зөвлөлийн дарга өөрөө танилцаад энэ бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтын чиг үүргийн хэрэгжүүлэн ажилласан прокуроруудын шийдвэр үйл ажиллагаанд холбогдуулан гаргасан гомдол байна. Энэ Ёс зүйн зөвлөл, ёс зүйн дүрэмд хамааралгүй үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу дээд шатын прокурорын хяналтаар шийдвэрлэх боломжтой асуудал учраас Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүргийн хэлтэс рүү шилжүүлэх нь зүйтэй шилжүүл гэсэн үүргийг өгсөн. Ёс зүйн зөвлөлийн дарга ийм чиглэлийг өгсөн байгаа. Энэ хүрээнд гомдлыг хэрхэн шийдвэрлэх нь Ёс зүйн зөвлөлийн даргын эрх. Ажлын албанаас ямарваа нэгэн санал илэрхийлэх эрх байхгүй. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ёс зүйн зөвлөлийн даргын өгсөн чиглэлийн дагуу иргэн н.Бээс гаргасан гомдлыг 11 дүгээр сарын 05-ны өдөр Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст шилжүүлсэн. Гэхдээ 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд ХХК-ийн захирал н.Бт түүнээс гаргасан гомдлыг шийдвэрлэсэн тухай хариу өгсөн. Энэ хүрээнд нэхэмжлэгчээс гаргаж байгаа ажлын албанаас танилцуулгаар материал оруулаагүй, Ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлээгүй байна гэдэг асуудлыг ярьж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үедээ Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаар ажиллаж байсан С.А******* прокурорын өөрийнх нь эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр үйл ажиллагаа. Үүний дагуу Б.Бээс гаргасан гомдлын хүрээнд 2021 онд Захиргааны хэргийн анхан шатын шүүхээс шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. гэжээ.

3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмэлт тайлбар хэлье. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр зөвхөн ажлын албыг ажиллах журмыг зөрчсөнтэй холбоотой үйл ажиллагааг сая ярьж байна. Гэтэл Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга нь өөрөө прокурорын сахилга ёс зүйтэй холбогдуулан гаргасан гомдол ёс зүйтэй холбогдолгүй болохыг шалгах талаар нотлогдсон тохиолдолд хуралдаанаас өмнө гомдлыг шийдвэрлэхээр байхад нэхэмжлэгч ХХК-д өгсөн хариу мэдэгдэх хуудсанд Прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж зөвлөлийн хуралдаанаас шийдвэрийг гаргасан гэж үзэхээр байна гээд тодорхой заачихсан байгаа. Мөн прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга прокурор Б.М*******тай холбоотой нэмэлт шалгалт хийлгүүлж нэхэмжлэгч компаниас гаргасан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М*******, П.Э*******, Д.П******* нарт холбогдох гомдол нь ёс зүйтэй холбогдолгүй талаар үндэслэл бүхий хариу өгөх эсвэл шалгалтын дүнг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдүүлэх талаарх тус зөвлөлийн ажиллах журамд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзлээ гэдэг байдлаар дурдсан байгаа. Мөн ёс зүйн дүрмийн агуулга дээр тайлбар хэлж байна. 2.3.5-т прокурор хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ гэж байгаа. Тэгтэл Прокурорын тухай хуулиар прокурорын чиг үүрэг, бүрэн эрх үйл ажиллагааны зарчим, баталгаа, тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тодорхойлсон байгаа. Прокурорын ёс зүйн дүрэм болон ажиллах журмыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар батлагддаг. Прокурорын ёс зүйн дүрмийн 1.2-т прокурорын албаны үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа баримтлах зарчим даган биелүүлэх хэм хэмжээг тодорхойлж түүнийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, прокурорын ёс зүйн хариуцлагатай байдлыг бэхжүүлэх, прокурорт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, прокурорын хараат бус байдлыг хамгаалахад оршино. Ёс зүйн дүрмийг хяналтын чиг үүрэг болон нийгэм болон бусад үйл ажиллагаанд оролцохдоо зөрчиж байна гэдэг агуулгаар ойлгож болохгүй. Энэ бол прокурорын ёс зүйн дүрэм Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан прокурорууд үйл ажиллагаандаа даган мөрдөх хэм хэмжээний акт гэдэг нэмэлт тайлбарыг хэлж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч С.А*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчээс Прокурорын ёс зүйн зөвлөлд холбогдуулан Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан тул шүүх тэр хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэнэ.

2. Тодруулбал, Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлт үндэслэлтэй эсэхийг шүүх хянана.

3. Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Прокурор ёс зүйн дүрэм зөрчсөнтэй холбоотой асуудлыг шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус ёс зүйн зөвлөлтэй байна., 65.2 дахь хэсэгт Прокурорын ёс зүйн дүрэм, ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална. гэж тус тус зохицуулжээ.

4. Хуулийн дээр дурдсан зохицуулалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигаар "Прокурорын ёс зүйн дүрэм" болон "Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам"-ыг баталжээ.[10]

5. Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд, ХХК-ийн захирал Б.Бээс 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01/04 тоот албан бичгээр[11] Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан "... Улсын ерөнхий прокурорын орлогч С.А******* нь прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаар ажиллахдаа үндэслэлгүй шийдвэр гаргасан ..." гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

6. Тус гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлийн Ажлын албаны ахлах прокурор Д.Д******* хүлээн авч, шалгалтын ажиллагааг явуулан Прокурорын ёс зүйн зөвлөл 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн маргаан бүхий 06 дугаартай дүгнэлтийг[12] гаргасан байна.

7. Уг дүгнэлтээр ... 1. Улсын ерөнхий прокурорын орлогч С.А******* нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Прокурорын ёс зүйн дүрэм"-ийн 2.3.5, 2.3.8 дахь хэсэгт заасан хэм хэмжээг зөрчсөн" гэж дүгнэсэн байна.

8. Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.5-д прокурорт хандаж гаргасан байгууллага, иргэдийн хүсэлт, гомдол, мэдээлэлд анхааралтай хандаж, хуульд заасан хугацаанд шийдвэрлэж байх;, 2.3.8-д прокурор гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотолж байх, хэрэв гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг нотолж чадахгүйд хүрвэл хариуцлага хүлээдэг байх; гэж заажээ.

9. Шүүх маргаан бүхий 06 дугаартай дүгнэлтийн дээрх үндэслэлүүдэд дараах тухайлсан эрх зүйн дүгнэлтийг хийв. Тодруулахад:

10. 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ХХК-аас Прокурорын ёс зүйн зөвлөлд хандан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М*******, П.Э*******, Д.П******* нарыг Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр шалгуулахаар гомдол[13] гаргасныг шалгаад Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх С.А******* 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаар хариу мэдэгдэх хуудсаар[14] Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М*******, П.Э*******, Д.П******* нарт холбогдуулан гаргасан гомдлын дагуу ёс зүйн зөвлөлийн ажлын албанаас холбогдох шалгалтыг явуулахад прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно. гэсэн хариу өгчээ.

11. Улмаар ХХК-аас Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргад холбогдуулан тус шүүхэд Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаар хариу мэдэгдэх хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М*******, П.Э*******, Д.П******* нарт холбогдуулан гаргасан гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмаар тогтоосон үндэслэл, журмын дагуу шалгаж шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

12. Тухайн нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг тус шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2021/0446 дугаартай шийдвэрээр Прокурорын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2, 65.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Прокурорын ёс зүйн зөвлөлөөс дахин шинэ акт гарах хүртэл Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаар хариу мэдэгдэх хуудсын биелэлтийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

13. Тус шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2021/0446 дугаартай шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт ... ХХК-иас 3 прокурорт холбогдуулан гомдол гаргасан бөгөөд хэрэгт авагдсан Прокурорын ёс зүйн зөвлөлд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн материалаас үзвэл Нийслэлийн прокурорын газрын прокурор Б.М*******д холбогдох гомдлыг шалгаж шийдвэрлэсэн баримт байхгүй, Б.М******* прокурорын байгууллагаас гарсан гэх боловч энэ талаарх баримтыг хавсаргаагүй нь болон шалгалтын талаар танилцуулга бичиж Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргад танилцуулаагүй зэрэг нь журмын дээрх заалтад нийцээгүй гэж үзлээ. Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга прокурорын сахилга, ёс зүйтэй холбогдуулан гаргасан гомдол прокурорын ёс зүйтэй холбогдолгүй болох нь шалгалтаар нотлогдсон тохиолдолд хуралдаанаас өмнө гомдлыг шийдвэрлэхээр байхад нэхэмжлэгч ХХК-д өгсөн хариу мэдэгдэх хуудсанд прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж зөвлөлийн хуралдаанаас гарах шийдвэрийг гаргасан гэж үзэхээр байна. Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга прокурор Б.М*******тай холбоотой нэмэлт шалгалт хийлгүүлж нэхэмжлэгч компаниас гаргасан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М*******, П.Э*******, Д.П*******  нарт холбогдох гомдол нь ёс зүйтэй холбогдолгүй талаар үндэслэл бүхий хариу өгөх, эсвэл шалгалтын дүнг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэх талаарх тус зөвлөлийн ажиллах журамд заасан бүрэн эрхийнхээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзлээ ... гэх дүгнэлтийг хийсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

14. Хариуцагч Прокурорын ёс зүйн зөвлөл нь маргаан бүхий 06 дугаартай дүгнэлтийг гаргахдаа дээрх шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг гол үндэслэл болгон нэхэмжлэгч С.А*******ийг ёс зүйн зөрчил гаргасан гэж буруутгахдаа Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.5-д заасныг баримталсан нь дараах байдлаар үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

15. Тодруулбал, Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3-д Прокурор хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараах ёс зүйн хэм хэмжээг баримтална: гэж заасан байх бөгөөд энэхүү зохицуулалтын Прокурор хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ... гэх хэсгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлахдаа Прокурорын ёс зүйн дүрмийн үндсэн зорилтод албаны үйл ажиллагаа гэж байгаа. Албаны үйл ажиллагаа гэдэгт прокурорын бүх үйл ажиллагаа багтана гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь буруу.

16. Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно. гэж прокурорын байгууллагын хяналтын чиг үүргийн Үндсэн хуулийн хүрээ хязгаарыг тогтоож, улмаар Үндсэн хуулийн энэхүү үндэслэлийг Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн Хоёрдугаар бүлгийн Прокурорын үйл ажиллагаа-ны 11-25 дугаар зүйлд хуульчлан зохицуулжээ.

17. Дээрх зохицуулалтуудаас үзвэл, прокурорын хяналтын чиг үүрэгт зөрчлийн хэрэг бүртгэлт, эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүргүүдийг хамаатуулсан байна.

18. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч С.А******* нь ямар нэг байдлаар зөрчлийн хэрэг бүртгэлт, эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавиагүй, харин Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаар ажиллаж байсныхаа хувьд 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ХХК-аас Прокурорын ёс зүйн зөвлөлд хандан гаргасан /Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М*******, П.Э*******, Д.П******* нарыг Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн гэх агуулгатай/ гомдолд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаар хариу мэдэгдэх хуудсаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М*******, П.Э*******, Д.П******* нарт холбогдуулан гаргасан гомдлын дагуу ёс зүйн зөвлөлийн ажлын албанаас холбогдох шалгалтыг явуулахад прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно. гэсэн хариу өгсөн байна.

19. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь дээд шатны прокурор болохын хувьд доод шатны прокурорын үйл ажиллагааг хянах хүрээнд бус, харин Прокурорын ёс зүйн зөвлөлд ирүүлсэн гомдолд хариу өгсөн байхад хариуцагч нь нэхэмжлэгчийг Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.5-д прокурорт хандаж гаргасан байгууллага, иргэдийн хүсэлт, гомдол, мэдээлэлд анхааралтай хандаж, хуульд заасан хугацаанд шийдвэрлэж байх үүргээ зөрчсөн гэж буруутгасан нь үндэслэлгүй.

20. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй.

21. Харин Прокурорын ёс зүйн зөвлөлөөс нэхэмжлэгчийг Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.8-д заасныг зөрчсөн гэж дүгнэснийг шүүх үндэслэлтэй гэж үзлээ. Дэлгэрүүлэхэд:

22. Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.8-д прокурор гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотолж байх, хэрэв гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг нотолж чадахгүйд хүрвэл хариуцлага хүлээдэг байх; гэж заажээ.

23. Дээрх заалтын ... гаргасан шийдвэрийнхээ ... гэх хэсэгт Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан прокуророос гаргах шийдвэрийн төрлүүд болох тогтоол, даалгавар, зөвшөөрөл, шаардлага, мэдэгдэл, дүгнэлт, санал, эсэргүүцэл, хүсэлт, нэхэмжлэл, тайлбар, гомдол гэсэн бүхий л эрх зүйн хэлбэр хамаарахаар байна.

24. Маргаан бүхий 06 дугаартай дүгнэлтэд ... Улсын ерөнхий прокурорын орлогч С.А******* нь Улсын ерөнхий прокурорын 2019 оны А/31 дүгээр тушаалаар Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаар томилогдон ажиллах хугацаандаа ХХК-ийн захирал Б.Бээс прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн эсэх асуудлаар явуулсан шалгалтын дүнг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр хариу мэдэгдэх хуудсаар прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, шийдвэрлэжээ. Тодруулбал, прокурорын ёс зүйтэй холбогдуулан гаргасан гомдлыг шалгах чиг үүрэг бүхий ажлын албаар бүрэн шалгуулж, иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдолд анхааралтай хандаж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, Б.Бийн гомдол, тайлбараар тогтоогдож байна ...[15] гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

25. Учир нь, Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын[16] 5.4-д Хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгж нь гомдол, хүсэлтийг шалгахаар хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор зөрчлийг шалгах, нотлох ажиллагааг дор дурдсанаар шалгаж, тогтооно: гээд, 5.4.1-5.4.3-т 5.4.1. гомдол, хүсэлтийг шалгах (зөрчил гарсан газар дээр нь танилцах, гомдол гаргагч, бусад этгээдээс тайлбар авах, бичиг баримт, нотлох баримтыг шинжлэн судлах, бэхжүүлж авах зэргээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийж материалжуулна); албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс нотлох баримт шаардан гаргуулах, тайлбар авах, хавтаст хэргээс хуулбар хийх, шалгалтын материалыг тухайн прокурорт танилцуулж тэмдэглэл үйлдэх, хариу тайлбар авах, тухайн зөрчилд холбогдон шалгагдаж буй прокурорт түүний буруутгаж буй баримт сэлт материалыг танилцуулах, нотолгоо баримт гаргаж өгөх боломжоор хангах, ажиллагааны явцтай танилцах, хариу тайлбар өгөх боломжоор хангах. гэж заасан.

26. Мөн журмын 3.2-т Зөвлөлийн дарга нь гишүүний эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд, 3.2.3-т  гаргасан гомдол нь прокурорын ёс зүйтэй холбогдолгүй болох нь шалгалтаар тогтоогдвол зөвлөлийн хуралдаанаас өмнө гомдол, хүсэлтийг шийдвэрлэх; гэж тус тус зохицуулжээ.

27. Журмын дээрх зохицуулалтуудаас үзвэл, прокурорын ёс зүйн зөрчилд холбогдуулан аливаа этгээдээс ирүүлсэн гомдлыг эхлээд Хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгж хүлээн авч 20 хоногийн дотор зөрчлийг шалгах, нотлох ажиллагааг хийсний дараа тус нэгжээс танилцуулга бэлтгэн Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргад танилцуулна.

28. Харин аливаа этгээдээс прокурорт холбогдуулан гаргасан гомдол нь прокурорын ёс зүйтэй холбогдолгүй болох нь шалгалтаар тогтоогдвол, өөрөөр хэлбэл, Хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгжийн хийсэн шалгалтаар /танилцуулгаар/ тогтоогдвол Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга зөвлөлийн хуралдаанд оруулахгүйгээр буюу зөвлөлийн хуралдаанаас өмнө гомдол, хүсэлтийг өөрөө шийдвэрлэх хууль зүйн боломжтой байна.

29. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас судлан үзэхэд, нэхэмжлэгч С.А******* нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ХХК-аас Прокурорын ёс зүйн зөвлөлд хандан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М*******, П.Э*******, Д.П******* нарыг Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр шалгуулахаар гаргасан гомдолд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаар хариу мэдэгдэх хуудсаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М*******, П.Э*******, Д.П******* нарт холбогдуулан гаргасан гомдлын дагуу ёс зүйн зөвлөлийн ажлын албанаас холбогдох шалгалтыг явуулахад прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно. гэж хариу өгсөн үйл баримт тогтоогдов.

30. Ийнхүү хариу мэдэгдэх хуудсаар хариу өгөхдөө нэхэмжлэгч нь ХХК-аас гаргасан 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/70 тоот гомдлын дагуу[17] Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 5.4-д зааснаар Хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгжээс шалгалт хийж танилцуулга хийгдээгүй байхад[18] түүнээс хойш 8 хоногийн дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 8/2600 тоот хариу мэдэгдэх хуудсаар хариу өгсөн буюу Прокурорын ёс зүйн зөвлөлийн хуралдаанд оруулаагүй нь буруу байна.

31. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М*******, П.Э*******, Д.П******* нарт холбогдох гомдол нь прокурорын ёс зүйтэй холбогдолгүй болох нь Хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгжийн шалгалтаар тогтоогдоогүй байхад Прокурорын ёс зүйн зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэхгүйгээр 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 8/2600 тоот хариу мэдэгдэх хуудсаар шийдвэрлэсэн нь Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 3.2-т нийцээгүй байна.

32. Тиймээс энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

33. Мөн нэхэмжлэгч нь ... Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг гаргахдаа Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажлын албанаас шалгасан материалыг нэхэмжлэгч С.А*******т бүрэн танилцуулаагүй, танилцах боломжоор хангаагүй, албан ёсоор тайлбар аваагүй, зөвхөн тэмдэглэл хөтлөх байдлаар тайлбар, мэдүүлэг гаргах эрхийг хязгаарласан ... гэх агуулгаар маргасныг шүүх хүлээн авах боломжгүй.

34. Учир нь, Прокурорын ёс зүйн зөвлөлөөс маргаан бүхий 06 дугаартай дүгнэлтийг гаргахаас өмнө нэхэмжлэгчид шалгалтын материалыг танилцуулахаар хоёр удаа хандсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл[19], мөн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэлээр[20] тус тус тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгчийг сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар өгөх боломжоор хангаагүй гэж үзэхгүй.

35. Түүнчлэн, нэхэмжлэгч нь прокурор гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотолж байх үүргийнхээ хүрээнд Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанд оролцож, өөрийн тайлбар, няцаалтыг гаргах боломжтой байхад тус хуралдаанд оролцоогүй үйл баримт тогтоогдсон болно.[21]

36. Мөн Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаартай маргаан бүхий дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох, тухайн дүгнэлтийг хүчингүй болгосноор ямар эрх сэргэх нь тогтоогдоогүй[22] болохыг тэмдэглэх нь зүйтэй.

37. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас нэхэмжлэгчийг Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.8-д заасныг зөрчсөн гэж үзсэн дүгнэлт нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.А*******ээс Прокурорын ёс зүйн зөвлөлд холбогдуулан гаргасан Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид Хх гэх/ 248 дахь талын арын нүүр

[2] Хх 241-245 дахь тал

[3] Хх 99 дэх тал

[4] Хх 247 дахь тал

[5] Хх 249 дэх талын арын нүүр

[6] Хх 183-184 дэх тал

[7] Хх 207-211 дэх тал

[8] Хх 96-98 дахь тал

[9] Хх 17-26 дахь тал

[10] https://legalinfo.mn/mn/detail?lawId=16389840697621 /нийтэд илэрхий нотлох баримт/

[11] Хх 96-98 дахь тал

[12] Хх 17-26 дахь тал

[13] Хх 241-245 дахь тал

[14] Хх 99 дэх тал

[15] Хх 25 дахь тал

[16] https://legalinfo.mn/mn/detail?lawId=16389840778661&showType=1 /нийтэд илэрхий нотлох баримт/

[17] Хх 241 дэх тал

[18] Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч болон хариуцагч тал энэ үйл баримтад маргасан бөгөөд шүүхээс баримт бичгийн үзлэг хийхэд ХХК-аас гаргасан 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/70 тоот гомдолд холбогдох танилцуулга байгаагүй, харин 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 8/20 дугаартай нэр бүхий гурван прокурорт холбогдох танилцуулга /хх 185-206/, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 21 дугаартай С.А*******т холбогдох танилцуулга /хх 219-228/ байсан болно.

[19] Хх 115 дахь тал

[20] Хх 116-117 дахь тал

[21] Хх 129-140 дэх тал

[22] Хх 35, 61 дэх тал