Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00027

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Бэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/03767 дугаар шийдвэртэй,

 

Ц.Бэнгийн нэхэмжлэлтэй Нгазарт холбогдох,

үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01165 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад улсын бүртгэлийнбббт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийг 90 984 057 төгрөгөөр шинжээч томилуулан үнэлүүлсэн байна.

Хариуцагч байгууллага нь Ц.Бэнгээс үнийн санал авалгүйгээр шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлсэн нь хууль бус байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнэлгээгээ ирүүлэх тухай албан бичиг хэрэгт байгаа ч уг албан бичгийг Ц.Бэнд албан ёсоор гардуулаагүй, ийнхүү гардуулсан гэх байдлаа хариуцагч нотолж чадаагүй.

Баталгаат шуудангаар хүргүүлснийг Ц.Бэнд шууд гардуулсан гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч Ц.Бэн нэхэмжлэлд дурдсан хаягтаа биш, Хан-Уул дүүрэгт байрлах Хурд хороололд амьдардаг байсан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буй байрыг бусдад түрээслүүлсэн байсан. Үүнийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан шийдвэр гүйцэтгэгч, төлбөр төлөгч, төлбөр авагч нар бүгд мэдэж байсан.

Тэгээд ч Ц.Бэн төлбөр төлөгч биш учраас оршин суух хаяг өөрчлөгдсөн талаар мэдэгдэх үүрэггүй юм.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01165 дугаар шийдвэрт /тогтоох хэсгийн 1-т/ хариуцагч Ц.Бэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж заасан байхад Нгазар Ц.Бэнг төлбөр төлөгчөөр тооцон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсаар ирсэн.

Нгазрын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний 4/18159 дүгээр мэдэгдэлд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01165 дугаар шийдвэрээр Ц.Бэнгээс 58.519.762 төгрөг гаргуулж “Ариг банк” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ хэмээн бичсэн нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бусаар явагдсаныг харуулж байна.

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалттай нийцэхгүй. Шийдвэр гүйцэтгэх газар нь хуулийн шаардлага хангахгүй гүйцэтгэх бичиг баримтыг хүлээж авахаас татгалзаж, гурав хоногийн дотор олгосон шүүхэд нь буцаах байтал баримт бичгийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлснээр бүх ажиллагаа хууль бус болсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт төлбөр төлөгч, төлбөр авагчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж зааснаас үзэхэд Ц.Бэн нь мөн хуульд заасан талууд гэдэгт хамаарахгүй, бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд гэж үзэж байна. Энэ талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан.

Шинжээч томилох тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд хэнийг шинжээчээр томилж байгаа талаар тодорхой зааж өгөөгүй буюу “Файн Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь тодорхой биш байна. Шинжээч томилохдоо тодорхой нэг шинжээчид Эрүүгийн хууль сануулж, баримтанд гарын үсэг зуруулах, шинжээчээр ажиллах эсэх талаар асууж зөвшөөрсөн тохиолдолд шинжээчээр томилох ёстой. Гэтэл энэ хуулийн заалтыг хангаагүй, Ц.Бэнгээс үнийн санал аваагүй болно.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийг 90 984 057 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2804 дүгээр шийдвэрээр А.Дуламсүрэнгээс 58 519 762 төгрөг гаргуулж “Ариг банк” ХХК-д олгох, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Ц.Бэнгийн өмчлөлийн орон сууцаар хангуулахаар шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ц.Бэнгийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 79 дүгээр байр 121 тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийнбббтай, үйлчилгээний зориулалттай 46,1 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураан авсан.

Иргэний хуульд заасны дагуу үнийн санал авахаар талуудад мэдэгдэл хүргүүлсэн боловч товлосон хугацаанд төлбөр төлөгчөөс үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагч “Ариг банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхээр хүсэлт гаргасан. Орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагааг Ц.Бэнгийн оршин суугаа хаягаар буюу Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 79 дүгээр байр, 121 тоот хаягаар явуулсан бөгөөд, тэрээр уг хаягтаа амьдарч байсан. Мөн түүнд давхар утсаар мэдэгдсэн. Түүнд хэрвээ оршин суух газраа өөрчилсөн бол 3 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэнэ гэж эрх, үүргийг нь тайлбарлан өгч, танилцуулсан. Гэтэл тэрээр уг хаягт байгаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Хөндлөнгийн шинжээчээр үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ гаргуулахад хөрөнгийг 90 984 057 төгрөгөөр үнэлсэн ба уг үнэлгээний 70 хувь болох 63 366 590 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Нгазарт холбогдох,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/01165 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн

Эрхийн улсын бүртгэлийн Y-2203026096 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 79 байр, 121 тоот хаягт байршилтай, 46.1 м.кв талбай бүхий, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Файн Эстимэйт ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ц.Бэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2020/12149 тоот захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01165 дугаар шийдвэрт Ц.Бэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосугай гэснийг үл ойлгон Ц.Бэнг төлбөр төлөгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэсэн субьектэд хамааруулж талуудад холбогдох хууль, эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр Ц.Бэнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болсноор Ц.Бэн бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд гэсэн субьект болж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох ёстой байтал талуудад холбогдох эрх, үүргийг танилцуулж, талуудад холбогдох хөөн хэлэлцэх хугацааг баримталж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах эрхийг хязгаарлаж ирсэн.

Анхан шатны шүүх мөн талуудад хамаарах хугацааг баримталж үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Бэн нь хариуцагч Нгазарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/01165 дугаар шийдвэрээр А.Дуламсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 58 519 762 төгрөг гаргуулан “Ариг банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 649 847 төгрөгт холбогдох хэсэг болон Ц.Бэнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, А.Дуламсүрэн нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ц.Бэнгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Y-2203026096 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 79 байр, 121 тоот хаягт байршилтай, 46.1 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх хэрэг нээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. /хх 47-54/

 

Нгазар нь Ц.Бэнгийн өмчлөлийн, улсын бүртгэлийнбббт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 79 байр, 121 тоот хаягт байршилтай, 46.1 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг 2019 оны 09 дүгээр сарын 05ы өдөр битүүмжилж, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хураан авах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна. /хх 95-96, 103-104/

 

Хариуцагч байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч А.Дуламсүрэнд 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11421 тоот, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ц.Бэнд 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4/10575 тоот албан бичгийг тус тус баталгаат шуудангаар хүргүүлж мэдэгдсэн, Ц.Бэн нь үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийн талаар санал өгөөгүй тул хариуцагч байгууллага нь төлбөр авагчийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хүсэлтийг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4/203 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор "Файн-Эстисмэйт" ХХК-ийг шинжээч томилжээ. /хх 109, 111, 113, 114/

 

Нгазраас томилогдсон шинжээч “Файн-Эстисмэйт” ХХК уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 90 984 057 төгрөгөөр үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг дээрх үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах саналыг мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргах эрхтэй болохыг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4/14813 тоот мэдэгдлийг Ц.Бэнд, мөн өдрийн 4/14814 тоот мэдэгдлийг А.Дуламсүрэнд мөн өдрөө баталгаат шуудангаар хүргүүлжээ. /хх133, 135/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар Ц.Бэн нь оршин суугаа хаяг өөрчлөгдсөн, эсхүл түр эзгүй тохиолдолд энэ тухайгаа шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүйд хариуцагч байгууллагыг буруутгах боломжгүй юм. Иймд шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаагаа Ц.Бэнд мэдэгдээгүй, тэрээр мэдэх боломжгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээг Ц.Бэнд мэдэгдсэн өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш гомдол гаргах 7 хоногийг тоолбол 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байх бөгөөд энэ хугацаанд тэрээр гомдол гаргаагүй, дээрх хугацааг хэтрүүлэн 10 хоногийн дараа шүүхэд гомдол гаргасан тул гомдол гаргах эрхээ алдсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/01165 дугаар шийдвэрээр нэхэмжлэлээс Ц.Бэнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Ц.Бэн нь төлбөр төлөгч бус бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох байсан, гуравдагч этгээдийн хувьд шүүхэд гомдол гаргах хугацаа хамааралгүй гэх гэх агуулгаар тодорхойлсон түүний давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.Бэн нь барьцаа хөрөнгөд үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн хариуцагч байх бөгөөд уг нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үүрэг гүйцэтгэхийг төлбөр төлөгч гэх нэр томъёогоор тодорхойлох хууль зүйн техникийг хэрэглэсэн бөгөөд барьцааны гэрээний барьцаалагч болох үүрэг гүйцэтгэгч нь Ц.Бэн болно. Иймд түүнийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч гэж тодорхойлж түүнд холбогдуулж уг ажиллагааг явуулсан, анхан шатны шүүх түүний төлбөр төлөгч гэж тодорхойлсон нь хуульд нийцсэн болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/03767 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                       ШҮҮГЧИД                                Д.БАЙГАЛМАА

 

                                                      Э.ЗОЛЗАЯА