| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2017/00084/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2017-11-29 |
| Зүйл хэсэг | 230.2., 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.Нямаа
Улсын яллагч: Д.Баянмөнх
Хохирогч Л.Отгонбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: И.Нэмэхбаяр нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн /2002 оны/ 230 дугаар зүйлийн 230.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Найданбатад холбогдох 201712000100 тоот хэргийг 2017 оны 11 сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1996.07.24-нд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, эх, эмээ, эгч, дүү нарын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Зоогийн 8-12 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ЗЮ96072411/ Ганжуур овогт Нэмэхбаярын Найданбат нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч Н.Найданбат нь 2017 оны 6 сарын 9-ний шөнө 22 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Зоогийн 8-12 тоотод цагдаагийн албан хаагчдын хууль ёсны шаардлагыг зэвсэг хэрэглэн /заазуур/ эсэргүүцэж, улмаар эргүүлийн цагдаа Л.Отгонбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
2. Шүүгдэгч Н.Найданбат нь дээрх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх явцдаа буюу 2017 оны 9 сарын 18-ны өдөр Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нитро баарны гадаа иргэн Н.Түдэвдагвыг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Н.Түдэвдагвын: 2017 оны 9 сарын 18-ны орой 22 цагийн Нитро бааранд ажлаа хийж байтал гаднаас миний танил Н.Найданбат гэх залуу Лууяа гэх залуу танихгүй нэг ахын хамт орж ирээд ширээнд сууж архи ууж байсан. Тэгээд би бууж очоод мэнд мэдсэн. Тэгсэн Н.Найданбат өөдөөс салаавч гаргасан. Тэгэхээр нь би хэрүүл маргаан гарах нь гэж бодоод буцаж яваад гадаа гарч утсаар ярьж байтал ардаас Н.Найданбат ганцаараа гарч ирээд чи яасан том болчихсон юм. Архи авч өг гэхээр нь надад одоогоор боломж алга байна гэж хэлсэн. Тэгтэл шууд миний нүүрний зүүн талын хацар хэсэгт нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би доошоогоо суусан. Тэгсэн миний толгой руу 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би хэвтээд өгсөн. Тэгсэн яваад өгсөн. Тэгээд би хэсэг хэвтэж байгаад ажлын эгч Болороогийн хамт эмнэлэг явж үзүүлсэн. Түүнээс хойш миний тархи толгой өвдөх болсон. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-29-30/
- Гэрч Д.Лувсандоржийн: ...орой 22-23 цагийн үед найз Н.Найданбат түүний танил ах гэх танихгүй залуугийн хамт бид 3 Нитро бааранд орсон юм. Тэгээд бид 3 нэг шил архи 0.5 литрийн, 3 шил пиво захиалж уусан. Тэгээд бид 3 тайзан дээр гараад бүжиглэж байтал Н.Найданбат ганцаараа гараад явсан. Тэгсэн хэсэг хугацааны дараа буцаад ороод ирсэн. Тэгээд байж байтал гаднаас миний найз Н.Түдэвдагва нүүр нь цус болсон байдалтай ороод ирсэн. Тэгэхээр нь би очоод юу болсон талаар асуухад Н.Түдэвдагва хэлэхдээ гадаа утсаар яриад байж байтал Н.Найданбат гарч ирээд намайг зодчихлоо гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-42/
- Гэрч Б.Болортунгалагийн: ….орой 23 цагийн үед хөгжим зогссон. Тэгээд дижи дээр очиход ажлын байрандаа байхгүй байсан. Тэгэхээр нь би баарны арын хаалгаар гарахад манай баарны дижи Н.Түдэвдагва нь бусдад зодуулсан байдалтай гадаа хэвтэж байсан. Тэгэхээр нь би аваад аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Хэнд зодуулсан талаар асуухад Н.Найданбат гэх залууд зодуулсан гэж хэлж байсан. Н.Найданбат гэх залуу манай бааранд хааяа орж ирж маргаан үүсгэх гээд байдаг. Тэр өдөр 1-2 танихгүй залуустай орж ирж байгаа харагдаж байсан” гэжээ /хх-41/
- Шинжээчийн 2017.09.22-ны өдрийн 170200286 тоот: Н.Түдэвдагвын биед тархи доргилт, чамархай хэсэгт зулгарсан гэмтэл тогтоогдлоо. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгарсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчиллээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-61/
- “Нитро” баарны гаднах камераас 2017 оны 9 сарын 18-ны шөнийн 22 цаг 39 минутаас 6 минут 21 секунд үргэлжлэх бичлэгийг CD-нд буулган авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураан авах тогтоол, бичлэг /хх21-23/ зэрэг баримтаар Н.Найданбат нь “Нитро” баарны дижи ажилтай Н.Түдэвдагвыг ямар ч шалтгаангүйгээр зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна.
3. Шүүгдэгч Н.Найданбат нь 2017 оны 6 сарын 9, 9 сарын 18-ны өдөр тус тус гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан, одоо ч тийм байдалтай байгаа болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Шинжээчийн 2017.06.29-ний өдрийн 702 тоот дүгнэлтэд “Н.Найданбат нь бие хүний органик эмгэг хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. Уг эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно. Н.Найданбатын уг сэтгэцийн эмгэг нь “Сэтгэл бухимдах” хэлбэрээр сэдэрсэн үедээ тухайн үеийн нөхцөл байдлыг хянах болон асуудлын талаар санах чадваргүй байдаг болно. Н.Найданбат 2017 оны 6 сарын 9-ний өдөр болсон хэргийн тухай үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Н.Найданбат нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна. Жич: Н.Найданбатад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна гэжээ /хх-53-59/
- Шинжээчийн 2017.08.16-ны өдрийн 477 тоот дүгнэлтэд “Н.Найданбатын сэтгэцийн тухай гаргасан шүүх сэтгэц эмгэг судлалын 702 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Н.Найданбатын өмнөх дүгнэлтээр гарсан “бие хүний органик эмгэг” гэх нь бага насандаа тархинд цус харвалт өгч улмаар уналт таталтын хам шинж илэрч бие хүний зан төрхийн эмгэг байдлаар илэрч байна. Н.Найданбатын “бие хүний органик эмгэг” гэх сэтгэцийн эмгэгийг Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн сэтгэцийн үзлэг, СЭМҮГ-ийн зөвлөх эмчийн үзлэг оношлогоо 2017.01.05-ны өдрийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэргийг үндэслэн гаргасан байна. Н.Найданбатын “бие хүний органик эмгэг” нь байнгын архаг олдмол сэтгэцийн эмгэг юм. Н.Найданбат нь “бие хүний органик эмгэг”-тэй байна. Н.Найданбат нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Н.Найданбат нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна. Н.Найданбатад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна гэжээ /хх-145-148/
- Шинжээчийн 2017.09.28-ны өдрийн 866 тоот дүгнэлтэд “Н.Найданбат нь өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байна. Н.Найданбатын “бие хүний органик эмгэг” өвчин нь гэмт хэрэг үйлдлийн дараа зан төрхийн өөрчлөлт, бухимдалт тод илэрч байна. Н.Найданбат нь зан төрхийн өөрчлөлт бухимдалт илэрсэн үед өөрийн үйлдлийг удирдах өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах чадваргүй байна гэжээ /хх-176-177/
Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Н.Найданбат нь 2017 оны 6 сарын 9-ний шөнө 22 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Зоогийн 8-12 тоотод цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг зэвсэг хэрэглэн /заазуур/ эсэргүүцэж, улмаар эргүүлийн цагдаа Л.Отгонбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн дээрх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх явцдаа буюу 2017 оны 9 сарын 18-ны өдөр Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нитро баарны гадаа иргэн Н.Түдэвдагвыг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул төрийн албан хаагчийг эсэргүүцсэний улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Найданбат нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэх үедээ “бие хүний органик эмгэг” гэх өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь Шүүх эмгэг судлалын 702, 477, 866 тоот дүгнэлтүүдээр /хх-53-59, 145-148, 176-177/ тогтоогдож байгаа тул Н.Найданбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байна.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан үндэслэлээр Н.Найданбатад ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар ердийн дэглэмд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Хэргээс үзэхэд Н.Найданбат нь хэрэг хариуцах чадваргүй боловч санаатай гэмт хэрэг удаа дараа үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг хүйтэн зэвсэг /заазуур/ хэрэглэн эсэргүүцсэн, мөн амиа хорлох оролдлого хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байгаа тул шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан “холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл асран хамгаалагчид хамгаалуулахаар хүлээлгэн өгөх” хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 2-т “эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээнэ” гэж заасан тул шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан “өөрөө хүүхдээ эмнэлгийн байгууллагад хүргэж өгөх тухай” хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.
Хохирогч Л.Отгонбаатар, Н.Түдэвдагва нар нь өөрт учирсан гэм хорын төлбөрийг нотлох баримт гаргаж өгөөгүй тул холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Шүүгдэгч Н.Найданбатын 2017 оны 6 сарын 10-ны өдрөөс эхлэн 6 сарын 13-ны өдрийг хүртэл сэжигтнээр баривчлагдсан хугацааг эмнэлгийн чанартай албадлагын арга авагдсан хугацаанд оруулан тооцно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ганжуур овогт Нэмэхбаярын Найданбатыг төрийн албан хаагчийг эсэргүүцсэний улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар Ганжуур овогт Нэмэхбаярын Найданбатад Эрүүгийн хуулийн /2002 оны/ 230 дугаар зүйлийн 230.2, Эрүүгийн хуулийн /2015 оны/ 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ял оногдуулахгүйгээр эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7-д зааснаар Ганжуур овогт Нэмэхбаярын Найданбатыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ердийн дэглэмд 1 /нэг/ жилийн хугацаагаар албадан эмчлүүлэх арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 5-д зааснаар сэжигтнээр баривчлагдсан 3 /гурав/ хоногийн хугацааг эмнэлэгийн чанартай албадлагын арга хэрэглэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Шүүхээс оногдуулсан эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх явцад хяналт тавихыг Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт даалгасугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.2, 190 дүгээр зүйлд зааснаар Н.Найданбатад шүүхээс хэрэглэсэн эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсэн энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Н.Найданбатыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэхийг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар Н.Найданбатын үйлдлийн улмаас Л.Отгонбаатар, Н.Түдэвдагва нарын бие махбодид учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал, эд хөрөнгийн хохиролтой холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Н.Найданбат, түүний хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Найданбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Хэрэгт хураагдаж ирсэн “Нитро” баарны гаднах камераас 2017 оны 9 сарын 18-ны шөнийн 22 цаг 39 минутаас 6 минут 21 секунд үргэлжлэх бичлэг бүхий цахим зээрэнцэгийг Н.Найданбатад холбогдох эрүүгийн хэрэг хадгалагдан дуусах хугацаа хүртэл хэрэгт хадгалсугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ