Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/729

 

 

 

    2023           07            18                                            2023/ДШМ/729

О.Ө-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Түмэнжаргал,

шүүгдэгч О.Ө-,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/638 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Ө-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2308009150718 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

... ,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 76 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 20,000 төгрөгөөр торгох ялаар,

-Нийслэлийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хорих ялаар,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3-д зааснаар 5 жил 3 сарын хорих ялаар,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5-д зааснаар 6 жилийн хорих ял шийтгэж, 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 29 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө сулласан,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1324 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/489 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

О.Ө- нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... - тоотод зээ дүү 15 настай Д.Э - рүү хайч шидэх, ундааны саваар толгой, нуруу руу нь цохих зэргээр зодож түүний бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ө-т өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 260 /хоёр зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч О.Ө- нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Ө- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Миний бие Баянзүрх дүүргийн ... тоотод ээж Д -гийн хамт хоёул амьдардаг юм. Ээж минь одоо 76 настай, 2020 онд хальтарч унаад сүүжээ хугалсаны улмаас асаргаанд байдаг. Бас уушигны астамтай учир цэргийн төв эмнэлэгт хяналтанд байдаг учраас 7 хоногт 2-3 удаа эмнэлгээр явах хэрэгтэй болдог. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг дүйцүүлэн торгуулийн ялаар өөрчилж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Түмэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Үйлдсэн гэмт хэргийнх нь хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Гаргаж өгч буй нотлох баримт нь хувийн байдалтай нь холбоотой баримт биш гэж үзэж байна” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

О.Ө- нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... - тоотод зээ дүү 15 настай Д.Э - рүү хайч шидэх, ундааны саваар толгой, нуруу руу нь цохих зэргээр зодож түүний бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Насанд хүрээгүй хохирогч Д.Э -гийн “... Б өвөөгийнд байх үед Ө- ах ... ирчихээд намайг “чи буруу замаар яваад байгаа юм биш үү?” гээд над руу уурлаж байгаад гартаа барьж байсан хайчийг над руу шидсэн юм. ...Хайчны үзүүр хэсэг нь миний зүүн талын гарын булчин хэсгийг оносон. Тэгээд босож ирээд дотроо ундаатай байсан ундааны саваар миний толгойн ар хэсэгт 3-4 удаа цохисон ...” /хх 26-27/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээд, түүнтэй маргалдах болсон шалтгаан, эрүүл мэндэд учирсан хохирлынхоо талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2806 дугаартай  “... Д.Э -гийн биед зүүн бугалгад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх 18-19/ гэх дүгнэлт,

гэрч Т.Б-ын “... Ө- нь Э -ийг “электрон тамхи татлаа, өөрөөсөө том хүүхдүүдтэй нийллээ” гээд хүний ах юм болохоор загнаж байсан. Тэгсэн Э - өөдөөс нь “би тамхи татаагүй” гээд байсан. Ө- “танай аав чинь мэдэж байна лээ. Танай ангийн охидуудаас бүгдээс нь электрон тамхи гарч ирсэн гэж танай аав хэлж байсан.” гэж ярьж байсан. Тэгтэл Э - аав руу залгаж асууна гээд хоорондоо жоохон маргаад байсан. ... Э - ширээний нэг талд аяга угаагаад сууж байсан. Ө- нөгөө талд нь хайчаар хонины сүүлний үс хайчлаад сууж байсан. Гэтэл Ө- ширээн дээр байсан ундааны саваар Э -г цохих шиг болсон. Тэр үед би ... “тамхи энэ тэр татаж байгаа бол угаасаа чиний буруу” гэж загнаад салгасан юм. Э -гийн зүүн гарын бугалга булчингийн орчим жоохон шалбарсан харагдаж байсан. Сүүлд нь сонссон чинь Ө-, Э - рүү хайч шидсэн гээд байсан. ... ” /хх 31/,

гэрч Б.Ц-ийн “... Э -г электрон тамхи татлаа гээд Ө- ах уурлаад зодсон гэж надад хэлсэн. ... Тухайн үед намайг харахад Э -гийн зүүн гарын булчин хэсгээс нь цус гарчихсан байсан ...” /хх 29/,

яллагдагчаар О.Ө-ын “... би хонины сүүл хуйхлах гээд үсийг нь хайчлаад сууж байсан юм. Тэгээд би Э - рүү хайч шидчихээд дотроо ундаатай байсан ундааны саваар нуруу хэсэг рүү нь 3-4 удаа цохисон. Тэгээд Э - аав руугаа яриад аав нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ...” /хх 56-58/ гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч О.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.Ө- нь насанд хүрээгүй хохирогч Д.Э - рүү хайч шидэх, ундааны саваар толгой, нуруу руу нь цохих зэргээр зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь шинжээчийн дүгнэлтэд заасан “... зүүн бугалгад шарх гэмтэл ...” гэсэн хөнгөн хохирол учирсан байх тул О.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан бөгөөд шүүхээс О.Ө-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Ө-аас давж заалдсан гомдолдоо “... шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ял оногдуулж өгөхийг” хүссэн ба ингэхдээ “өөрийн эхийг эрүүл мэндийн шалгаантай улмаас асаргаа шаардлагатай, 7 хоногтоо 2-3 удаа эмнэлгээр авч явдаг” зэрэг хувийн байдлыг иш татсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч О.Ө- нь “эрхэлсэн тодорхой ажилгүй” гэж биеийн байцаалт өгсөн байхаас гадна хууль болон гэрээний үндсэн дээр ажил олгогчоос тодорхой цалин, хөлс авч байгаа байдлыг нотлох нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, лавлагаа, бусад баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй буюу шүүгдэгчийн хувьд торгох ялыг биелүүлэх бодитой үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч О.Ө-аас “Ж.Д” гэх иргэний эрүүл мэндийн байдалтай холбоотой 6 хуудас бүхий нотлох баримтыг гаргаж ирүүлсэн боловч Ж.Д -г шүүгчдэгчийн эх гэснийг нотлосон баримт болон шүүгдэгч О.Ө- нь эхийгээ асардаг гэх баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүхээс сонгож оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгч О.Ө-ын үйлдсэн гэмт хэргийнх нь шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

          Иймд шүүгдэгч О.Ө-ын гаргасан “... нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/638 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Ө-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ЗОРИГ       

              ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ

              ШҮҮГЧ                                                                      Н.БАТСАЙХАН