Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 82

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Улсын яллагч: Д.Баянмөнх

Шүүгдэгч: Х.Бүрэн-Амгалан нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бүрэн-Амгаланд холбогдох 1722001010056 тоот хэргийг 2017 оны 11  сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Өлзийт суманд 1972.11.27-нд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р баг “Хаалгын ам” гэх газарт оршин суудаг гэх, сумын сайн малчин /2013 онд/, шагайн харвааны “Монгол Улсын гарамгай мэргэн” цолтой гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЮ72112771/ Харчин овогт Хавчуурын Бүрэн-Амгалан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Х.Бүрэн-Амгалан нь 2017 оны 10 сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ихэр-Улаан” гэх газарт иргэн Д.Оюунтунгалагийг зодсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогчийн : Би 2017.10.20-ны өдөр нөхөр Гантөмөрийн хамт гэртээ байж байтал манай худ болох Бүрнээ гэх хүн 19 цагийн орчимд ирсэн. Ирээд хонь хаана байна гэж асуусан. Тэгтэл манай нөхөр баруун талд байгаа гэсэн. Тэгтэл манайхыг хөөж туулаа гээд агсам тавиад эхэлсэн. Тэгээд манай нөхөртэй гадаа гарч муудалцсан. Би тэгэхээр нь араас нь гараад очтол гэрийн баруун талд байсан. Тэгээд очоод боль гэж хэлтэл намайг баруун гараараа гар луу цохиод гэр лүү чирсэн. Тэгэхээр нь би нэг удаа нүүр рүү нь самардсан. Тэгээд намайг хэл амаар доромжилоод гэрлүү чирсэн. Тэгээд би зууралдаж явтал гэрийн үүдэнд ирээд түлхсэн. Тэгтэл би хаалга мөргөөд газарт ойчсон. Тэгээд манай нөхөр ирээд салгасан. Гомдолтой байна, гэмтлийн зэрэг тогтоолгоно  гэх мэдүүлэг  /хх-13-14/

- Гэрч Б.Гантөмөрийн:  Би гэртээ эхнэр Оюунтунгалагийн хамт байж байтал манай худ Бүрнээ  19 цагийн үед ирээд манай хонь хаана байна гэхээр нь баруун талд байж байгаа харагдсан гэтэл манайхыг хөөлөө, туулаагээд агсам тавиад эхэлсэн. Тэгээд гэрийн гадаа маргалдаж байгаад эхнэр Оюунтунгалагийг чирээд гэрийн хаалгыг мөргүүлсэн. Тэгээд би голоор нь орж салгаад удалгүй Бүрнээ явсан. Бүрнээгээс архи үнэртэж байсан. Зодоон болох үед бид 3 л байсан гэх мэдүүлэг /хх-16/

- Шинжээчийн 2017.10.23-ны өдрийн 170200307 тоот дүгнэлтэд “Д.Оюунтунгалагийн биед тархи доргилт, хацар, уруул зулгарсан, зовхи болон хацарт цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Тархи доргилт нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-18/

- Шинжээчийн 2017.10.23-ны өдрийн 170200308 тоот дүгнэлтэд “Х.Бүрэн-Амгалангийн биед хацар, зовхинд зулгарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Бусдад маажуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-21/

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.  

Эдгээр баримтаар шүүгдэгч Х.Бүрэн-Амгалан нь 2017 оны 10 сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ихэр-Улаан” гэх газарт бэлчээрээс болж саахалт айлын Б.Гантөмөртэй маргаан үүсгэж, улмаар эхнэр Д.Оюунтунгалагийг нь гар луу нь цохих, чирж яван гэрийн хаалга руу түлхэж мөргүүлэх зэргээр зодож, Д.Оюунтунгалагийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь нотлогдож байна.

Шүүгдэгч Х.Бүрэн-Амгалан нь Д.Оюунгтунгалагийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч санамсар болгоомжгүйгээр “Д.Оюунтунгалагийг нэг удаа түлхсэн” мэтээр мэдүүлж байгаа нь хохирогч Д.Оюунтунгалаг, гэрч Б.Гантөмөр нарын мэдүүлгээр няцаагдаж байна.

          Шүүгдэгч Х.Бүрэн-Амгалангийн үйлдэл нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг /хх 13-14, 16/, шинжээчийн дүгнэлт/хх-21/ зэрэг баримтаар нотлогдож байх тул байх тул Х.Бүрэн-Амгаланг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Оюунтунгалагийн баримтаар нэхэмжилсэн 70680 төгрөгийг шүүгдэгч Х.Бүрэн-Амгалан хүлээн зөвшөөрч, 114100 төгрөг дансаар шилжүүлсэн болох нь эм тариа худалдаж авсан баримт, банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна. /хх43-48, 5/ Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар холбогдох  нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Х.Бүрэн-Амгаланг бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлбөргүйд тооцлоо.  Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Оюунтунгалаг нь баримт гаргаж өгсөн боловч хуульд заасан журмаар нэхэмжлэлээ гаргаагүй байхад шүүх санаачилгаараа тухайн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Нэгэнт шүүхээс хэлэлцэхгүй орхиж байгаа тул иргэний нэхэмжлэгч Д.Оюунтунгалаг нь нотлох баримтаа бүрдүүлж жичдээ нэхэмжлэх эрхтэй байна.

Шүүгдэгч Х.Бүрэн-Амгалан нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг шүүх хуралдаанаас өмнө нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эдгээр нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлэхгүй, гэмшээгүй байгааг  харгалзан шүүх шүүгдэгч Х.Бүрэн-Амгаланд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээний ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Бүрэн-Амгалангийн амьжиргааны нөхцөл байдал сайтай байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг 4 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Харчин овогт Хавчуурын Бүрэн-Амгаланг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйл, мөн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Харчин овогт Хавчуурын Бүрэн-Амгаланг 900 /есөн зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүхээс оногдуулсан торгох ялыг 2018 оны 3 сарын 30-ны дотор төлж барагдуулахыг шүүгдэгч Х.Бүрэн-Амгаланд даалгасугай. 
  4. Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг Х.Бүрэн-Амгаланд анхааруулсугай.
  5. Шүүгдэгч Х.Бүрэн-Амгалан нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогчид 114100 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.
  6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Бүрэн-Амгаланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ