| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2023/0377/3 |
| Дугаар | 128/ШШ2024/0982 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2024/0982
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД:******* /
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: “***** *****” ХХК /РД:*******/
Гуравдагч этгээд: Б.М******* /РД:*******/ нарын хооронд үүссэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/406 дугаар захирамжийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* /цахимаар/, гуравдагч этгээд “***** *****” ХХК-ийн төлөөлөгч Г.Г*******, гуравдагч этгээд Б.М******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/406 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Анх нэхэмжлэгч “*******” ХХК нь ******* дүүргийн Засаг даргын 2006 оны А/313 дугаар захирамжаар ******* дүүргийн 4 дүгээр хороо, 40 дүгээр цэцэрлэгийн зүүн талд үйлчилгээний зориулалтай 800 м.кв газрыг эзэмшиж байсан.
2.2. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/418 дугаар захирамжаар тус газрын эзэмших эрхийг баталгаажуулж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/237 дугаар захирамжаар тус газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.3. Нэхэмжлэгчээс үүнийг эс зөвшөөрч, шүүхэд маргаан үүсгэн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 299/А дугаар шийдвэр[1], Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 157 дугаар магадлал[2], Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128 дугаар тогтоолоор[3] Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/237 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
2.4. Шүүхийн шийдвэрийг биелүүлж Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/742 дугаар захирамжаар[4] нэхэмжлэгч “*******” ХХК-д ******* дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 148003/0041 нэгж талбарын дугаартай 800 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг буцаан олгожээ.[5]
2.5. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх байршилд олгосон газрыг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Газрын байршил шилжүүлэх тухай” 007/11 дугаар хүсэлтийг[6] Нийслэлийн Газрын албанд гаргажээ.
2.6. Улмаар дээрх газрын байршил болон хэмжээг өөрчилж, “*******” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/344 дугаар захирамжаар[7] - дүүргийн 11 дүгээр хорооны /хуучнаар/ нутаг дэвсгэрт байрлах 1781000411 нэгж талбарын дугаартай, 4000 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1781000411 улсын бүртгэлийн дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг”[8] байгуулжээ.
2.7. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/406 дугаар захирамжаар[9] нэхэмжлэгч “*******” ХХК-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй байх тул гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
2.8. Дээрх маргаан бүхий актын эрх зүйн голлох үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэжээ.
2.9. Харин гуравдагч этгээд “***** *****” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/863 дугаар захирамжийг үндэслэн - дүүргийн 11 дүгээр хорооны /хуучнаар/ нутаг дэвсгэрт байрлах 1781000366 нэгж талбарын дугаартай 74368.0 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж[10], 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 01122-2016/70704 дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг”[11] байгуулжээ.
2.10. Мөн гуравдагч этгээд “***** *****” ХХК нь - дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн барьж буй орон сууцны хотхоны хойд талд байрлах нийтийн эзэмшлийн 2.14 га газарт спортын талбай болон бусад тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр Нийслэлийн Хот, төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар” батлуулжээ.[12]
2.11. Улмаар дээрх тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд гуравдагч этгээд “***** *****” ХХК болон Гризл ХХК нарын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2018/101 тоот Эрчим хүчний барилга угсралтын гэрээний[13] дагуу барьж байгуулсан “ хотхоны 2-р ээлжийн барилгын гадна цахилгаан хангамж, 10/0.4 кВ, 4х800 кВА РТП, Хаалттай дэд өртөө” байрлаж буй газар нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан маргаан бүхий газарт хамаарч байна.
2.12. Харин гуравдагч этгээд Б.М*******т Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжийг үндэслэн - дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1781001849 нэгж талбарын дугаартай 1000 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж[14], 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 01122-2024/03283 дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг”[15] байгуулжээ.
2.13. Дээрх газар нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/2671 дугаар “Нотлох баримт хүргүүлэх тухай” шүүхэд ирүүлсэн албан бичиг болон хавсралтаас үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан маргаан бүхий газартай давхцалтай байна.[16]
2.14. Нэхэмжлэгчийн зүгээс “... Маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлгүй. Тухайн газар нь нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулалт хийхээр төлөвлөгөө нь батлагдсан, “***** *****” ХХК-ийн цахилгааны подстанц баригдсан, манай газрыг хашаалсны улмаас нэвтрэх боломжгүй байсан, газрын кадастрын системийн алдаатай нөхцөл байдалтай байсан зэрэг шалтгааны улмаас газраа ашиглаж чадаагүй. Энэ нөхцөл байдлыг шалгаж үзээгүй байж газраа 2 жил дараалан ашиглаагүй, төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус, үндэслэлгүй." гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.15. Хариуцагчаас “... Нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй байх тул энэ үндэслэлээр маргаан бүхий актаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Маргаан бүхий акт нь Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гарсан, Нийслэлийн Засаг дарга хууль бус шийдвэр гаргасан. Хууль бус захирамжаа А/406 дугаар захирамжаар хүчингүй болгосон.” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
2.16. Гуравдагч этгээд “***** *****” ХХК-ийн зүгээс “... Нийслэлийн Засаг даргаас янз бүрийн шалтгаанаар газар олгодог тул удаа дараа хүсэлт тавьж орон сууцны төслийн хойд талд нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Хот төлөвлөлтийн ерөнхий газраар тохижилтын ажлын төлөвлөлтийн зураг буюу спорт талбайн эскиз зураг батлуулсан. Тус эскиз зураг батлуулсны дагуу Барилга хот байгуулалтын яамны Барилга хөгжлийн төвөөр хянуулж магадлал хийлгэсэн. Тохижилтын ажил буюу үерийн даланг ********** компаниар 234,000,000 төгрөгөөр, “*****” ХХК-тай эрчим хүчний барилга угсралтын гэрээг 1,187,641,000 төгрөгөөр, “*******” ХХК-тай спорт талбайн тохижилтын гэрээг 365 сая төгрөгөөр, нийт 1,784,641,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тус газар дээр нийтийн эзэмшлийн тохижилт хийгдсэн. 2018 оны үед С.Б****** гэх дарга замбараагүй газар олголт хийсэн. Энэ нь Эрчим хүчний тухай хууль, Газрын тухай хууль зөрчиж нийт 7 аж ахуй нэгжид газар олгосон байдаг. Энэ талаар хүсэлт гаргаж олгосон газар нь эрчим хүчний шургам зөрчиж байна. Мөн тохижилтын газар авсан байна гэж удаа дараа хэлсэн боловч тухайн үед С.Б*******ын өөрийнх нь улс төрийн байдал муудсан байсан тул Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид буюу өөрт хамааралтай хүмүүстээ газар өгсөн. Тус асуудал шийдвэрлэгдэхгүй байсаар 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Усны тухай хууль, Ойн тухай хуулийг тус тус зөрчиж байна гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга Д.С****** нийт 19 нэгжийн газар эзэмших эрхийг цуцалсан байдаг. Энэ дотор “*******” ХХК орсон. Энэ талаар телевиз, радио хэлбэрээр хангалттай хэлсэн. Би тухайн газрын компани болон хүмүүсийн талаар мэдэх тул бүгдтэй нь шүүхээр явж маргасан. Маргасан хүмүүс нь 3 жилийн өмнө газрын албантай тохиролцож өөр өөр газар авч явсан. Ганц үлдсэн газар нь “*******” ХХК байгаа. “*******” ХХК нэг ч удаа манайд хандаж байгаагүй.” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
2.17. Гуравдагч этгээд Б.М*******ын зүгээс “... Анх 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/912 дугаар захирамжаар - дүүргийн 15 дугаар хороонд ******* гүүрний зүүн талд надад 1000 м.кв газар олгогдсон. Тухайн газар нь далантай байсан учир Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг үндэслэж эзэмших боломжгүй гэж сонсох ажиллагаа хийж мэдэгдэл ирүүлж байсан. Тухайн үед сонсох ажиллагааны дагуу миний эзэмших эрхийг хамгаалж өөр газар олгож өгнө үү гэж хүсэлт гаргаж байсны дагуу 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/595 дугаар захирамжаар - дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1000 м.кв газрыг үйлчилгээний конторын зориулалтай эзэмшүүлэх эрх олгогдсон. Тухайн байршил дээр нь хэд хэдэн удаа очиж үзэхэд цахилгаан дамжуулах дэд бүтэцтэй станц байсан. Тухайн станц нь гуравдагч этгээдээр оролцож байгаа “***** *****” ХХК эзэмшил байсан. Түүний хажууд миний газар давхцахааргүй байна.” гэж тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анх “*******” ХХК нь ******* дүүргийн Засаг даргын 2006 оны А/313 дугаар захирамжаар ******* дүүргийн 4 дүгээр хороо, 40 дүгээр цэцэрлэгийн зүүн талд үйлчилгээний зориулалтай 800 м.кв газрыг эзэмшиж байсан. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/418 дугаар захирамжаар тус газрын эзэмших эрхийг баталгаажуулсан. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/237 дугаар захирамжаар тус газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 299/А дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 157 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлж Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/742 дугаар захирамжаар ******* дүүргийн 4 дүгээр хороо, 40 дүгээр цэцэрлэгийн зүүн талд байрлах 800 м.кв газрыг “*******” ХХК-д эзэмшүүлсэн.
Энэ хугацаанд тухайн газар дээр “*******” ХХК-ийн зүгээс барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөлд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Тус газрыг анх авахдаа дуудлага худалдаагаар авч, дуудлага худалдааны анхны үнийг төлсөн. Шүүхийн шийдвэрүүдэд энэ талаар дурдагдсан. Нийслэлийн Засаг даргын Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/344 дугаар захирамжаар эзэмшиж буй ******* дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 800 м.кв газрын байршлыг өөрчилж, одоогийн - дүүргийн 11 дүгээр хорооны үйлчилгээ, орон сууцны зориулалттай 4000 м.кв газрыг сольж эзэмшүүлсэн. Эзэмшүүлснээс хойш буюу 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн газар нь бусад этгээдийн газартай давхардсан, нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижилт хийж байгаа нөхцөл байдалтай байсан тул нэхэмжлэгчийн зүгээс газраа ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ашиглах боломжгүй нөхцөл байдлын улмаас газрын төлбөр төлөх болсон. Хууль болон гэрээнд зааснаар ашиглаж байгаа газрын төлбөрийг төлнө гэж заасан байдаг. Мөн “***** *****” ХХК-ийн цахилгааны станцаас шалтгаалж ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Манай газрыг хашаалсны улмаас нэвтрэх боломжгүй байсан. Энэ нөхцөл байдлыг шалгаж үзээгүй байж газраа 2 жил дараалан ашиглаагүй, төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн үзлэгийн явцад эдгээр нөхцөл байдал тогтоогдсон.
Нийслэлийн Засаг даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандахад 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0105/8002 дугаар албан бичгээр “…газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгч, дүүргийн газрын зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заасан байна. Иймд 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан эзэмшихээр зөвшилцөх газрын байршлын санал болон холбогдох бичиг баримтыг тус албанд ирүүлнэ үү.” гэх хариу өгсөн. Бид тус албан бичгийн дагуу газрын байршлыг солиулах байдлаар холбогдох бичиг баримтыг өгч байна. Гэвч газар эзэмших эрх хүчин төгөлдөр байж газрын байршил солигддог. Иймд гуравдагч этгээд Б.М******* гэх хүний газрыг хүчингүй болгуулах шаардлага гаргахгүйгээр захирамжийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг хүчинтэй байдлаар нь газрын байршлаа солиулах агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/406 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тухайн захирамжийг батлан гаргахдаа холбогдох хууль тогтоомж, Газрын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг дарга - дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 4000 м.кв газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасны дагуу гаргахдаа Улсын Дээд шүүхийн 2018 оны 15 дугаар тогтоолоор 2 жил зориулалтын дагуу дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02032637 албан бичигт заасны дагуу мэдэгдэх сонсох ажиллагаа хийсэн. Иймд хуульд заасны дагуу захирамж гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.3. Гуравдагч этгээд “***** *****” ХХК-ийн төлөөлөгч Г.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ***** *****” ХХК нь - дүүргийн одоогийн 17 дугаар хороонд 1997 оноос хойш орон сууцны зориулалтаар газар эзэмшиж байна. Манай компани Засгийн газраас хэрэгжүүлж буй 100,000 айлын орон сууцны хөтөлбөрийн дагуу хиллс хотхоны 412 айлын 8 блок, нийт 216 авто машины нэгдсэн зогсоол, 190 машины нэгдсэн зогсоол, 2 давхар 4 блок барилга буюу бага сургууль, цэцэрлэг зэрэг орон сууцуудыг барьж улсын комисст хүлээлгэж өгсөн. Одоо хиллс 2 төсөл 144 айлын 3 блок орон сууцыг ашиглалтад оруулах гэж ажиллаж байна. 1997 оноос хойш тухайн газрыг манай компани эзэмшиж явсан. Тухайн газар нь онцлогтой бөгөөд Туул голын сав газар. Бид хөрш компаниудтай ярилцаад 3.5 метрийн өргөнтэй, 4.5 метр өндөртэй үерийн хамгаалалтын даланг урд, хойд талаар барьж байгуулсан. Учир нь сүүлийн 2 жилийн хугацаанд маш олон удаа үер болсон тул тус даланг барьж байгуулсан.
Нийслэлийн Засаг даргад удаа дараа хүсэлт тавьж орон сууцны төслийн хойд талд нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Хот, төлөвлөлтийн ерөнхий газраар тохижилтын ажлын төлөвлөлтийн зураг буюу спорт талбайн эскиз зураг батлуулсан. Тус эскиз зураг батлуулсны дагуу Барилга хот байгуулалтын яамны Барилга хөгжлийн төвөөр хянуулж магадлал хийлгэсэн. Тохижилтын ажил буюу үерийн даланг “*********” ХХК-аар 234,000,000 төгрөгөөр, “*****” ХХК-тай эрчим хүчний барилга угсралтын гэрээг 1,187,641,000 төгрөгөөр, “*******” ХХК-тай спорт талбайн тохижилтын гэрээг 365,000,000 төгрөгөөр, нийт 1,784,641,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тус газар дээр нийтийн эзэмшлийн тохижилт хийгдсэн.
Нийслэлийн Засаг даргаас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Усны тухай хууль, Ойн тухай хуулийг тус тус зөрчиж байна гэх үндэслэлээр нийт 19 нэгжийн газар эзэмших эрхийг цуцалсан байдаг. Үүнд нэхэмжлэгч “*******” ХХК орсон. “*******” ХХК нэг ч удаа манайд хандаж байгаагүй. Нэхэмжлэгч компани нь газар дээрээ юу ч хийгээгүй. Анх Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2017 оны А/262 захирамжаар 800 м.кв газар олгоод дараа нь 4000 м.кв болгож нэмж олгосон. Тус газар нь Туул ривер ХХК-ийн эзэмшилд байсан. Тухайн газрыг манайд худалдахаар хүсэлт тавьсан тул худалдаж авч байсан. Гэтэл давхцуулж нэхэмжлэгч компанид олгосон байдаг. Газрыг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын А/406 дугаар захирамжийг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзах эсвэл нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.4. Гуравдагч этгээд Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/912 дугаар захирамжаар - дүүргийн 15 дугаар хороонд ******* гүүрний зүүн талд надад 1000 м.кв газар олгогдсон. Тухайн газар нь далантай байсан учир Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг үндэслэж эзэмших боломжгүй гэж сонсох ажиллагаа хийж, мэдэгдэл ирүүлж байсан. Тухайн үед сонсох ажиллагааны дагуу миний эзэмших эрхийг хамгаалж өөр газар олгож өгнө үү гэж хүсэлт гаргаж байсны дагуу 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/595 дугаар захирамжаар - дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1000 м.кв газрыг үйлчилгээний конторын зориулалтай эзэмшүүлэх эрх олгогдсон. Тухайн байршил дээр нь хэд хэдэн удаа очиж үзэхэд цахилгаан дамжуулах дэд бүтэцтэй станц байсан. Тухайн станц нь гуравдагч этгээдээр оролцож байгаа “***** *****” ХХК эзэмшил байсан. Түүний хажууд миний газар давхцаагүй байгаа учир миний газар эзэмших эрхийг хамгаалж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/406 дугаар захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Нэг. Хариуцагчийн шийдвэрийн хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар:
1.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/406 дугаар захирамжийг 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зөв байна. Тодруулахад:
1.2. Маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/406 дугаар захирамжийн эрх зүйн голлох үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн боловч маргаан бүхий захиргааны актын бодит үндэслэлд “... ******* ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул ...” гэж дурдсан байна.
1.3. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Тухайн захирамжийг батлан гаргахдаа холбогдох хууль тогтоомж, Газрын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг дарга - дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 4000 м.кв газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгосон ... Нийслэлийн Засаг дарга хууль бус шийдвэр гаргасан. Хууль бус захирамжаа А/406 дугаар захирамжаар хүчингүй болгосон ...” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл, шүүх маргаан бүхий захиргааны актад үндэслэсэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалттай холбоотой үйл баримтыг дүгнэх шаардлагагүй, харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 болон Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт холбоотойгоор хариуцагчийн шийдвэрт эрх зүйн дүгнэлт хийж, түдгэлзүүлж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
1.4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”[17] гэж, мөн зүйлийн 40.1.6 дахь заалтад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж тус тус заажээ.
1.5. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж заасан.
1.6. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж зохицуулжээ.
1.7. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэл нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой зохицуулалт бол Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэл нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан анхнаасаа хууль зөрчиж гаргасан шийдвэрээ тухайн албан тушаалтан өөрөө, эсхүл түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүхээс хүчингүй болгохтой холбоотой ялгаатай зохицуулалтууд болно.
1.8. Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг даргын гаргасан 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/406 дугаар захирамжийн бодит үндэслэлд “... ******* ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул ...” гэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлийг дурдсан атал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа энэхүү үндэслэл дээр нэмж Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хамаарах агуулгаар буюу Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг тайлбарлаж буй нь ойлгомжгүй.
1.9. Мөн хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02-06/2636 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт[18] “... Танай эзэмшлийн газар нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг зөрчин ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс болон Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага хэрэгжүүлэх ажиллагааны төлөвлөгөө, Авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсан авто замын трасст өртсөн байх тул ...” гэх агуулгаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар мэдэгдэж байсан, мөн энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан мэдээлэхдээ[19] тухайн үндэслэлүүдийг дурдаж байсан зэрэг үйл баримтуудаас үзэхэд, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/406 дугаар захирамж нь бодит болон эрх зүйн үндэслэлийн хувьд үндэслэл бүхий эргэлзээг үүсгэж, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон ... байх” зарчимд нийцэхгүй байх тул хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа эрх зүйн үндэслэлээ дахин тодруулах шаардлагатай.
1.10. Тогтоогдсон үйл баримтын тухайд, анх нэхэмжлэгч “*******” ХХК нь ******* дүүргийн Засаг даргын 2006 оны А/313 дугаар захирамжаар ******* дүүргийн 4 дүгээр хороо, 40 дүгээр цэцэрлэгийн зүүн талд үйлчилгээний зориулалтай 800 м.кв газрыг эзэмшиж байсан ба Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/418 дугаар захирамжаар тус газрын эзэмших эрхийг баталгаажуулж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/237 дугаар захирамжаар тус газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
1.11. Нэхэмжлэгчээс үүнийг эс зөвшөөрч, шүүхэд маргаан үүсгэн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 299/А дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 157 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/237 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
1.12. Шүүхийн шийдвэрийг биелүүлж Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/742 дугаар захирамжаар[20] нэхэмжлэгч “*******” ХХК-д ******* дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 148003/0041 нэгж талбарын дугаартай 800 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг буцаан олгосны дараа нэхэмжлэгчийн зүгээс дээрх байршилд олгосон газрыг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Газрын байршил шилжүүлэх тухай” 007/11 дугаар хүсэлтийг Нийслэлийн Газрын албанд гаргажээ.
1.13. Улмаар дээрх газрын байршил болон хэмжээг өөрчилж, “*******” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/344 дугаар захирамжаар[21] - дүүргийн 11 дүгээр хорооны /хуучнаар/ нутаг дэвсгэрт байрлах 1781000411 нэгж талбарын дугаартай, 4000 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1781000411 улсын бүртгэлийн дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг”[22] байгуулжээ.
1.14. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/1362, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/2127 дугаар албан бичгээс[23] үзэхэд, нэхэмжлэгчид олгосон гэх - дүүргийн 11 дүгээр хорооны /хуучнаар/ нутаг дэвсгэрт байрлах 1781000411 нэгж талбарын дугаартай газар нь маргаан бүхий газрын байршилд бус, харин 1781001777 нэгж талбарын дугаартай “*******” ХХК-ийн гэх газартай давхцалтай харагдаж байсан тул, өөрөөр хэлбэл, байршил зөрүүтэй байсан тул шүүхээс тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШЗ2023/9268 дугаартай захирамжаар[24] шинжээч томилж, “*******” ХХК-ийн эзэмшиж байсан нэгж талбарын 1781000411, ******* ХХК-д бүртгэлтэй нэгж талбарын 1781001777 дугаар бүхий газрын байрлалыг тогтоолгосон.
1.15. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/61 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/50 дугаартай шинжээчийн дүгнэлтээр[25] газрын кадастрын мэдээллийн системд нэгж талбарын 1781000411 дугаартай газар нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар биш, харин 4797 м.кв талбайн хэмжээтэйгээр Богдхан уулын дархан цаазат газрын ******* ам нэртэй газарт байрлах нэгж талбарын 1781001777 дугаар бүхий ******* ХХК-ийн 2997 м.кв газартай давхцалтайгаар бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.[26]
1.16. Харин нэхэмжлэгч “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ[27] дээр бичигдсэн хуучин нэгж талбарын дугаар болох 18643308491232 нэгж талбарын дугаараар газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд хайлт хийхэд энэ нэгж талбарын дугаар нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан гэх 4000 м.кв талбай бүхий газрын байршил мөн болох нь тогтоогдов.[28]
1.17. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/344 дугаар захирамжаар сольж авсан гэх 4000 м.кв газар нь 1781000411 нэгж талбар дээр бус, харин 18643308491232 нэгж талбарын дугаараар бүртгэлтэй байсан байх бөгөөд энэ агуулгаараа нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан “... нэхэмжлэгчийн газрын байршил нь газрын кадастрын системийн алдаатай нөхцөл байдалтай байсан ...” гэх тайлбар үндэслэлтэй байна.
1.18. Иймээс хариуцагч дахин шинэ акт гаргахдаа дээрх нөхцөл байдлуудыг тодруулж, газрын кадастрын мэдээллийн санд зөвтгөх ажиллагааг хийх шаардлагатай бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудалд хамаарна.
1.19. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “... ******* ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ...” гэж тайлбарлаж байх боловч Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын[29] 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.” гэсний “... газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ...” гэж заасныг энэ тохиолдолд хангалттай тодруулаагүй байна гэж шүүх дүгнэлээ.
1.20. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн эзэмшиж байсан 18643308491232 нэгж талбарын дугаартай 4000 м.кв газар нь гуравдагч этгээд “***** *****” ХХК-ийн эзэмшиж байгаа 1781000366 нэгж талбарын дугаартай газартай давхцалгүй боловч “***** *****” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан “ хотхоны 2-р ээлжийн барилгын гадна цахилгаан хангамж, 10/0.4 кВ, 4х800 кВА РТП, Хаалттай дэд өртөө”-тэй давхцалтай, тэр хэсгээрээ хашаалсан, мөн дотроо олон тооны мод буттай зэрэг нөхцөл байдлууд шүүхээс хийсэн газрын үзлэгээр[30] тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан зөрчил гаргасан гэж шууд буруутгахад эргэлзээтэй, тиймээс энэ талаар хариуцагч дахин шинэ акт гаргахдаа тодруулах шаардлагатай.
1.21. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч хэрхэн зөрчсөн талаарх үйл баримтыг хариуцагч бүрэн дүүрэн тогтоогоогүй болох нь энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч тодруулан асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодорхой хариулт өгөөгүй зэргээс үзэхэд хэрвээ хариуцагч энэ агуулгаар нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж буруутгаж байгаа бол дахин шинэ акт гаргахдаа энэ талаар тодруулах ажиллагааг хийх нь хууль болон эрх зүйн зарчимд нийцнэ.
1.22. Хэрвээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан “... Нийслэлийн Засаг дарга хууль бус шийдвэр гаргасан. Хууль бус захирамжаа А/406 дугаар захирамжаар хүчингүй болгосон ...” гэх тайлбарыг хариуцагч дахин шинэ акт гаргахдаа хүлээн авсан тохиолдолд түүний эрх зүйн үр дагавар нь Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчид нөхөн олговор олгох, эсхүл газрыг сольж олгох харилцааг үүсгэх үндэслэл болох тул дахин шинэ акт гаргахдаа үүнийг анхаарвал зохино.
1.23. Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжид хамааралгүй буюу энэхүү шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг хийх нь хариуцагч Нийслэлийн Засаг даргын үүрэгт хамааралтай байх тул энэхүү үйл баримтыг тодруулсны эцэст хариуцагчаас дахин шинэ акт гаргах замаар газрын маргааныг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ.
1.25. Шүүхээс тогтоосон 6 сарын хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш тоолох болохыг тэмдэглэж байна.
Хоёр. Хэрэгт ач холбогдолтой бусад асуудлын талаар:
2.1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн эзэмшиж байсан 18643308491232 нэгж талбарын дугаартай 4000 м.кв газар нь гуравдагч этгээд “***** *****” ХХК-ийн эзэмшиж байгаа 1781000366 нэгж талбарын дугаартай газартай давхцалгүй болох нь тогтоогдсон тул хариуцагчаас дахин шинэ акт гаргахад гуравдагч этгээд “***** *****” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй.
2.2. Харин гуравдагч этгээд “***** *****” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан “ хотхоны 2-р ээлжийн барилгын гадна цахилгаан хангамж, 10/0.4 кВ, 4х800 кВА РТП, Хаалттай дэд өртөө” болон тохижуулсан спортын талбайн газрын асуудлыг хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр хууль болон эрх зүйн зарчимд нийцүүлэн шийдвэрлэхийг анхаарвал зохино.
2.3. Гуравдагч этгээд Б.М*******т Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжаар олгосон - дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1000 м.кв газар нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн эзэмшиж байсан 4000 м.кв газартай шууд давхцалтай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.[31]
2.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221/ШТ2023/0679 дугаартай тогтоолоор[32] тус хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/406 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байхад хариуцагчаас гуравдагч этгээд Б.М*******т 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газартай давхцуулан газар олгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй.” гэж заасанд нийцээгүй байх тул дахин шинэ акт гаргахдаа энэхүү эрх зүйн асуудлыг анхааран үзэж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Б.М******* нарын хэн алины эрх, ашиг сонирхлыг хохироохгүй байх зарчмыг баримтлах учиртайг дурдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.6 дахь заалт, 40.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан “*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/406 дугаар захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацааны дотор хариуцагч шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт заасан тодруулах ажиллагаануудыг хийж, шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд тийнхүү дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий А/406 дугаартай захирамж хүчингүй болохыг тогтоосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээчийн дүгнэлтэд гуравдагч этгээд “***** *****” ХХК-аас төлсөн 546,822 төгрөгийн 50 хувь болох 273,411 /хоёр зуун далан гурван мянга дөрвөн зуун арван нэгэн/ төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-аас гаргуулан гуравдагч этгээд “***** *****” ХХК-д олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 31-34 дэх тал
[2] Хэргийн 2-р хавтасны /цаашид “2Хх” гэх/ 145-154 дэх тал
[3] 1Хх 35-37 дахь тал
[4] Хэргийн 4-р хавтасны /цаашид “4Хх” гэх/ 24-26 дахь тал
[5] 1Хх 127 дахь тал
[6] 1Хх 107 дахь тал
[7] 2Хх 131-136 дахь тал
[8] 1Хх 17-18 дахь тал
[9] 1Хх 98 дахь тал
[10] 1Хх 246 дахь тал
[11] 1Хх 247-248 дахь тал
[12] 2Хх 1-2 дахь тал
[13] 1Хх 175-177 дахь тал
[14] Хэргийн 3-р хавтасны /цаашид “3Хх” гэх/ 221-227 дахь тал
[15] 3Хх 230-233 дахь тал
[16] 3Хх 210-213 дахь тал
[17] Маргаан бүхий захиргааны актыг гаргах цаг мөчид үйлчилж байсан хэм хэмжээ
[18] 1Хх 93 дахь тал
[19] 1Хх 45-47, 95-96 дахь тал
[20] 4Хх 24-26 дахь тал
[21] 2Хх 131-136 дахь тал
[22] 1Хх 17-18 дахь тал
[23] 2Хх 138-140 дэх тал
[24] 3Хх 163-165 дахь тал
[25] 3Хх 171-181 дэх тал
[26] 3Хх 179 дэх тал
[27] 1Хх 16 дахь тал
[28] 3Хх 172, 176, 179-180 дахь тал
[29] https://legalinfo.mn/mn/detail?lawId=16468128756301 /нийтэд илэрхий нотлох баримт/
[30] 2Хх 45-55 дахь тал
[31] 3Хх 210-213 дахь тал
[32] 2Хх 83-85 дахь тал