Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00088

 

МАГАДЛАЛ

2021.01.08 Дугаар 88

 

 

 

 

 

 

Д.А-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/02222 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б, Л.Б нарт холбогдох, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 8 621 524 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэч Д.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б, Л.Б нарт Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж, Олимп хотхон, 423 дугаар байр, 42 тоотын 2 өрөө орон сууцыг хөлслөсөн. Д.Б, Л.Б нар орон сууцыг 2016 оны 9 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хөлсөлсний төлбөр, ашиглалтын төлбөр, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нийт 12 238 700 төгрөгийг төлөх талаар бид эвлэрлийн гэрээг байгуулсныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 1539 дугаар захирамжаар баталсан. Миний бие 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Канад улс руу явсан. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүү С.Сандуйн хамт түрээслүүлсэн орон сууцад очиход Л.Б, хүргэн Г.Ганхуяг, охин Б.Хулан нар амьдарч байсан. Төлбөр тооцоогоо хийхийг шаардахад Л.Б нь хөлсөлсний төлбөр болон ашиглалтын зардлуудаа төлнө, мөн байрнаас гарахдаа засвар хийж өгнө гэж хэлсэн. Дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Канадаас Л.Бтэй утсаар ярьж төлбөр тооцоог яагаад хийхгүй байгаа талаар асуухад мөнгө бүтэхгүй байна, маргааш хүргэн Г.Ганхуягийг явуулж орон сууцыг хүлээлгэж өгнө гэсэн. Д.Б, Л.Б нар 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл орон сууцыг хөлслөж суусан. Нэг сарын хөлс нь 600 000 төгрөгөөр тооцоход 2018 оны 3 дугаар сарын 15-наас 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 10 сар, 8 хоногийн төлбөр нийт 6 160 000 төгрөг болно. Хариуцагч нар орон сууцад засвар хийж өгнө гэж баталгаа гаргаж өгсөн боловч засвар хийгээгүй. Миний бие 396 000 төгрөгийн засвар хийсэн. 2018 оны 3 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын дуусах хүртэл хугацаанд ашиглалтын зардал 917 036,64 төгрөг, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 851 666,40 төгрөг, 2018 оны 4, 5, 8, 9, 10, 11, 12 саруудын цахилгааны төлбөр 296 896,72 төгрөг, нийт 2 065 524 төгрөг, бүгд 8 621 524 төгрөгийг Д.Б, Л.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б, Л.Б нар Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж, Олимп хотхон, 423 дугаар байр, 42 тоотод байрлах Д.А-гийн орон сууцыг 2 жил хөлслөсний төлбөр 12 440 175 төгрөгийг эвлэрлийн гэрээ байгуулж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөрийг төлж дуусгасан. Энэ тооцооноос хойш тэд төлбөрийг Д.Ад бэлнээр өгдөг байсан. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлбөр тооцоо болон тус байранд ямар ч эвдрэл гэмтэл байхгүй гэдгийг Д.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбат шалгаж орон сууцны түлхүүрийг Д.Болдбаатарын хүргэн Г.Ганхуягаас авсан. Л.Б нь Хаан банк ХХК-ийн данснаас 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байр 423-42 тоот гэх утгатай 100 000 төгрөг, охин Б.Хулан 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 99192787 Олимп 423-42 тоот төлбөрийн эцсийн үлдэгдэл гэж 170 000 төгрөг төлж дуусгаад энэ байрнаас нүүсэн. Д.Болдбаатар нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нүүж Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 63/А байр, 14 тоотын 2 өрөө орон сууцыг хөлсөлж төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 89900678 байрны төлбөр Д.Болдбаатар гэсэн утгаар 2 100 000 төгрөгийг 3 сараар тушаасан. Д.Б, Л.Б нар А.Адалбектэй 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан орон сууц хөлслүүлэх гэрээгээр Д.А-гийн орон сууцад амьдраагүй гэдгийг нотолно. Мөн орон сууцны ашиглалтын төлбөр, цахилгааны төлбөрийг цаг тухайд нь төлөөгүй бол цахилгаан тасалдаг, ус хаадаг тул төлж байсан. Д.Болдбаатар нь Д.А-гийн орон сууцыг анх хөлслөхдөө барьцаа 600 000 төгрөг төлсөн үүнийг одоо болтол буцааж аваагүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2-т заасныг баримтлан хариуцагч Д.Б, Л.Б нараас 6 089 403 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 532 121 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, Л.Б нараас нийт 112 380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэг талыг барьж шийдвэрлэсэн. Д.Б, Л.Б нар Баянзүрх дүүргийн 26 хороо, Олимп хотхоны 423 дугаар байрны 42 тоотод байрлах Д.А-гийн 2 өрөө орон сууцыг хөлслөсний төлбөр 12 440 175 төгрөгийг эвлэрлийн гэрээ байгуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар төлж дуусгасан. Үүнээс хойшхи төлбөрийг Д.Ад бэлнээр өгч байсан. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлбөр тооцоо, орон сууцад эвдрэл гэмтэл байхгүй гэж Д.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шалгаж Г.Ганхуягаас түлхүүрийг хүлээн авсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж шийдвэрлэсэн боловч талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Д.Б, Л.Б нарт холбогдуулан орон сууц хөлсөлсний төлбөр 6 160 000 төгрөг, засварын зардал 396 000 төгрөг, ашиглалтын төлбөр 2 065 524 төгрөг, нийт 8 621 524 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Д.А нь Д.Б, Л.Б нарт Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж 423 дугаар байр, 42 тоотод байрлах 49,9 м.кв орон сууцыг 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хөлслөхөөр тохиролцож, хөлслөгч нар нь уг орон сууцад амьдарч байсан үйл баримт тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

Иймд гэрээний зүйл нь орон сууц байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон, давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/01539 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Д.Б, Л.Б нарт холбогдуулан 2016 оны 9 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны орон сууц хөлсөлсний төлбөр болон ашиглалтын зардалд нийт 13 000 000 төгрөг гаргуулахаар шаардснаас хариуцагч нар 12 238 700 төгрөгийг төлөхийг зөвшөөрч талууд эвлэрлэснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1хав-4-6х/

 

Дээрх захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон гэж шүүх зөв дүгнэсэн.

 

Харин нэхэмжлэгч дээрх захирамжид заасан хугацаанаас хойш буюу 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаан дахь орон сууц хөлслөх гэрээний төлбөр болон уг хугацаанд хамаарах ашиглалтын зардлыг гаргуулахаар шаардсан, энэ шаардлага нь шүүхийн хүчин төгөлдөр өмнөх шийдвэрт дурдсан үйл баримтад хамааралгүй байна.

 

Зохигчид орон сууцыг хүлээлгэн өгсөн хугацааны талаар маргаж, нэхэмжлэгч Д.А 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр орон сууцыг хүлээн авсан гэж, хариуцагч Д.Б, Л.Б нар 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр орон сууцнаас гарсан, уг өдөртөө хүлээлгэн өгсөн гэж тус тус тайлбарлан мэтгэлцжээ.

 

Д.Б, Л.Б нар иргэн А.Адалбектэй 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 63/А дугаар байрны 14 тоотын 70 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хөлслөж, төлбөрт 2 100 000 төгрөг төлсөн учир нэхэмжлэгч Д.Атай байгуулсан гэрээг дуусгавар болсон гэх агуулгаар дүгнэлт хийж 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр орон сууцыг хариуцагч нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн гэж үйл баримтыг тогтоосон, энэ дүгнэтэд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

Гэрч Г.Ганхуяг ...орон сууцны түлхүүрийг 2018 оны 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгсөн гэж, гэрч П.Эрдэнэбат ...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн гэж зөрүүтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй байна. Иймд уг мэдүүлгүүд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. /2хав-71-77х/

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан.

 

Иймээс хариуцагч Д.Б, Л.Б нар Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т Эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх гэж заасан үүргээ зөрчиж, дээрх хугацааны түрээсийн төлбөр болон холбогдох ашиглалтын зардлыг төлөөгүй байх тул нэхэмжлэгч Д.А нь орон сууцыг өөрсдийн эзэмшил, ашиглалтад байлгасан хариуцагч Д.Б, Л.Б нараас нэхэмжлэх эрхтэй.

 

Хариуцагч Д.Б, Л.Б нар Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууцыг ашигласан хугацааны хөлс болон мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар түүнд хамаарах ашиглалтын зардлыг нэхэмжлэгч Д.Ад төлөх үүрэгтэй тул 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг 1 сарын 600 000 төгрөгөөр тооцоход 8 сар, 4 хоногийн төлбөрт 4 880 000 төгрөг төлөхөөр байна.

 

Мөн 2018 оны 4 дүгээр сараас мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 8 сарын хугацааны Сууц өмчлөгчдийн холбооны зардал 312 960 төгрөг, ашиглалтын төлбөр 540 105 төгрөг, алданги 205 144 төгрөг, нийт 745 249 төгрөг, цахилгааны төлбөр 151 194 төгрөг төлөөгүй болох нь Төрийн банк ХХК-ийн гүйлгээний хуулгаар тогтоогджээ. /1хав-8,19х/

 

Иймд хариуцагч нараас түрээсийн төлбөр 4 880 000 төгрөг, ашиглалтын зардал 1 209 403 төгрөг, нийт 6 089 403 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгох нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2-т заасантай нийцнэ.

 

Хариуцагч нар орон сууцны хөлсөнд 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 5034583826 тоот дансанд 100 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 22-ны өдөр 5041106694 тоот дансанд 170 000 төгрөг төлсөн гэж тайлбарладаг боловч дээрх хоёр данс нь нэхэмжлэгч Д.А-гийн эзэмшлийн биш болох нь Хаан банк ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 29/4721 дугаар албан бичгээр гаргасан тодорхойлолтоор тогтоогдсон тул уг мөнгөн дүнг Д.Б, Л.Б нарын төлөх төлбөрөөс хасаж тооцох боломжгүй. /1хав-77-79, 154/

 

Хариуцагч Д.Б, Л.Б нар орон сууцны төлбөрийг бэлнээр төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/02222 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 гэснийг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 112 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.БАЙГАЛМАА