Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/896

 

 

 

 

    2023              9               5                                       2023/ДШМ/896

 

Л.Шод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Эрдэнэ,  

шүүгдэгч Л.Ш, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/590 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Ш, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Шод холбогдох 2202007550043 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Л.Ш, 1994 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 57 дугаар байрны 27 тоотод оршин суудаг, /РД:УК94102734/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 638 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Шод мөн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн  ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн.

Л.Ш нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 42-84 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан “метамфетамин” бодисын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 0.0413 грамм, цэвэр жин нь 15.3961 грамм, цэвэр жин нь 14.9977 грамм, цэвэр жин нь 18.8211 грамм, цэвэр жин нь 16.2066 грамм, цэвэр жин нь 14.9827 грамм, цэвэр жин нь 14.8088 грамм жинтэй 7 хэсэг бүхий боодолтой нийт цэвэр жин нь 95.2543 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Л.Шын үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овогт Л.Шыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 02 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Шын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан А\А/7816235, А89324369, А111840595 серийн дугаартай мөнгөн дэвсгэрт 3 ширхэгийг Монгол банканд шилжүүлж, №1 гэж дугаарласан зиплок уутан дахь давхар гялгар ууттай нийт жин нь 4.6965 грамм /Цэвэр жин нь 0.0413 грамм/ бодис, N22 гэж дугаарласан цагаан саарал өнгийн жин хэмжигч 1 ширхэг, №3 гэж дугаарласан ягаан өнгийн тагтай дотроо цагаан цэнхэр өнгийн соруултай хуванцар сав 1 ширхэг, №4 гэж дугаарласан гялгар ууттай улаан ягаан өнгийн соруул 1 ширхэг, №5 гэж дугаарласан гялгар ууттай түүн дотор Тоди нэртэй цагаан өнгийн живх түүн дотор www.Scilab.kr гэсэн бичиглэлтэй 1-ээс 6 хүртэл дугаарласан зиплок ууттай “мөс” гэх нэршилтэй бодисууд байх ба 1 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 23.5068 грамм /цэвэр жин нь 15.396 грамм/, 2 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 22.0017 грамм /цэвэр жин нь 14.997 грамм/, 3 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 27.1678 грамм /цэвэр жин нь 18.821 грамм/, 4 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 24.5425 грамм /цэвэр жин нь 16.2066 грамм/, 5 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 22.1093 грамм /цэвэр жин нь 14.9827 грамм/, 6 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 23.4217 грамм /цэвэр жин нь 14.8088 грамм/, №6 гэж дугаарласан гялгар ууттай “Ариун” гэсэн бичиглэлтэй /хэрэглүүр болгож соруул гаргаж хийсэн/ хуванцар сав, таг хэсэг нь шилэн гуурсан бөөрөнхийтэйг тус тус устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Л.Ш бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Л.Ш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие уг гэмт хэрэгт холбогдох үед эсэргүүцэл үзүүлэлгүй, мөрдөн шалгах явцад Цагдаагийн байгууллагтай хамтран ажиллаж, сэтгэцэд нөлөөлөх бодисоо гарган өгч, хүндрэл учруулаагүй билээ. Миний хуучин өмгөөлөгч Машлаа нь хувийн байдлаас болж прокурорын шатанд эсэргүүцэл бичээгүй, мөн шүүхийн шатанд урьдчилсан хэлэлцүүлэг зарлагдаагүй, хэрэгт холбогдолтой нотлох баримт дэлгэгдээгүй зэрэг нь эрх зүйн байдлыг минь дордуулж байна. Мөн тухайн үед хураалгасан сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад зарах, худалдах санаа зорилго огт байгаагүй байсан бөгөөд тухайн бодисын хэмжээгээр харгалзан ял оногдуулсанд гомдолтой байна. Мөн уг хэрэгт ямар нэгэн төлөх төлбөргүй, бага насны 3 хүүхэдтэй зэрэг ар гэрийн байдлыг минь онцгойлон харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Би хадгалсан, хэрэглэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад зарж борлуулах санаа зорилго байгаагүй. ...” гэв.

Шүүгдэгч Л.Шын өмгөөлөгч Н.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс шүүгдэгч Л.Шод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг шүүгдэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн хуулийн 1.3 дахь заалтад зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Шүүгдэгч нь шүүх хурлаар шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд түүний гэмт хэрэг үйлдсэн үйлдэл холбогдол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар зүйлчлэгдэх ёсгүй, зүйлчлэл тохироогүй, түүний үйлдсэн гэмт хэрэг нь мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж энэ зүйл ангиар зүйлчлэгдэх байсан гэж маргаж, зөв хууль зүйн дүгнэлт хийж чадаагүйн улмаас зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжтой байна. Үүнд:

1. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь хуудаст яллагдагчийн нийт цэвэр жин нь 95,2543 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэх шинжийг бүрэн нотолсон үйл баримтаар хэргээс тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн биеэс биологийн дээж авч шинжилсэн нотлох баримт, хэргийг мухарлаагүй эх сурвалжийг заасаар байхад нарийвчлан тогтоогоогүй гэрчүүдийн мэдүүлгүүдийг яллах үндэслэл болгосон.

Гэтэл уг зүйл Л.Шийнх мөн болохыг нотлоогүй, түүнээс хэн аваад худалдаалж ашиг олох байсан гэх этгээдийг тогтоогоогүй, илрүүлэх ажиллагаа хийгээгүй байдаг. Шүүх тогтоолдоо хууль бусаар хадгалсан гэж үзсэн талаарх хууль зүйн дүгнэлтээ зөв тайлбарлан дүгнэсэн атлаа худалдаалсан гэх үйлдэл холбогдлын талаар тодорхой тайлбарлаагүй, 9 дэх хуудаст “худалдаалах зорилгоор хадгалсан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ” гэсэн тайлбар нь хуульд нийцэхгүй дүгнэсэн байна.

Энэ нь тогтоолд яллах үндэслэл болгож буй нотлох баримтаар дурдсан уг тэмдэглэлд хадгалсан зүйлсийг нэг бүрчлэн жагсааснаас харахад хэргийн газарт саатуулагдахдаа шүүгдэгчид түгээх зориулалт бүхий сав баглаа, боодол жин хэмжүүр гэх мэт эд зүйлс, бэлэн мөнгө зүйлс байгаагүй, түүнээс худалдаж авахаар харилцан тохиролцсон, үгсэн хуйвалдсан гэх этгээд хамт саатуулагдаагүй, хэргийг шүүхээр шийдэх хүртэлх хугацаанд хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэг огт байхгүй, түүнтэй гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл холбогдол хамаарал бүхий этгээд холбогдоогүйгээс харахад тэрээр бусдад худалдаалсан гэмт хэргийг төгс үйлдсэн гэж үзэж үндэслэл болгож буй нотлох баримт хангалтгүй байсан.

Улсын дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр мансууруулах бодисыг хууль бусаар олж авах, худалдаалах зорилго гэдэг талаар тайлбарласан байх бөгөөд мансууруулах бодисын хэмжээ их байгаа үйл баримт нь дангаараа мансууруулах бодисыг бусдад худалдаах зорилгыг тогтоох хангалттай үндэслэл болохгүй, харин хэргийн бусад нөхцөл байдлуудын талаарх нотлох баримт зэргийг нэгтгэн дүгнэж цогц байдлаар үнэлсээр мансууруулах бодисыг худалдаалах сэдэлт, санаа зорилгыг тодорхойлох хэргийн зүйлчлэлийн талаар зөв дүгнэлт хийх талаар тайлбарласан байхад мөрдөгч, прокурор, шүүх аль аль нь хууль хэрэглээнд энэ тогтоолыг харгалзан шийдвэрлэхгүй байна.

2. Шүүгдэгч Л.Ш нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад өөрийн өмгөөлөгчийн өмгөөлөлийн үйлчилгээг бүрэн гүйцэт авч чадаагүй, өөрт холбогдох хэргийн зүйлчлэлийн талаар зөвтгүүлэх тухай өмгөөлөгч нь хэргийн ажиллагааны явцад шат шатандаа санал, хүсэлт, гомдлоо гаргаж хандсаар байгаа гэж ойлгож байтал шүүх хурал гэнэт зарлаж өмгөөлөгч өвчтэй гэх хүсэлтийг шүүх рүү хүргүүлснийг шүүх хурал дээрээ мэдсэн. Энэ гэнэтийн нөхцөл байдлаас үүдэж түүний өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хүсэлт гаргахгүй хугацаа алдасны улмаас гэм буруугийн шүүх хурал богино хугацаанд товлогдож өмгөөлөгчийн асуудлаа шийдвэрлэх мөчид шүүхээс түүнийг үндэслэлгүйгээр цагдан хорьж өмгөөлөгчөөр хангагдах, өөрийн өмгөөлөгч сонгох эрхийг нь ноцтой зөрчиж цагдан хорьж байгаад ял оногдуулсан. Тэрээр дахин өөр өмгөөлөгч авч өмгөөлөгчдийн ажил үйлчилгээний хангалттай бус байдлаас болж гэм буруугийн талаар аль зүйл ангийг хүлээн зөвшөөрч маргахгүй орж байгаа талаараа зөв ойлголцоогүйн улмаас эрх зүйн байдал дордсон гэж үзэж байгаа.

3. Мөрдөн байцаалтын болон прокурор, шүүхийн аль ч шатанд яллагдагч өөрөө хэргийн материалтай огт танилцаагүй гэдэг бөгөөд өмгөөлөгчдөө тайлбарлаж гаргуулах байсан цагаатгах талын хэрэгт чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргаж өгөөгүй байсныг сүүлд мэдсэн.

 Өөрөөр хэлбэл, яллагдагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байх ба утсаар ярьсны дагуу түүнийх биш боолттой зүйлийг аваад “хөдөө өгч явуулаач” гэсэн гуйлтын дагуу уг ярьсан этгээдээс аваад тэр чигт нь хүнд хүргэж өгөх үүрэгтэй байснаа нотлож чадна гэж нотлох баримт гаргуулахаар өмгөөлөгчдөө хэлж гаргуулсан байсан. Харин одоо өмгөөлөгч би өөрийн үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс шүүхийн тогтоолд хууль хэрэглээний асуудлыг зөвтгүүлэхийг хүсэн хандаж байгааг ойлгон миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагчийн бусдад худалдаалах зорилго байсан гэдгийг ямар нотлох үйл баримтаар тогтоогдож байгааг нотлож чадаагүй гэж үзэж дэмжиж оролцож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1  дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Л.Шод Эрүүгиийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.Шын өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Ш нь 2018 онд үйлдсэн хэргийнхээ ял шийтгэлийг эдлээд дууссан. Өмнө нь ял шийтгэлтэй байсан гэдгээр эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэл болохгүй. Шээснээс нь илэрсэн, хэтрүүлэн хэрэглээтэй гэх дүгнэлт гарсан гэж байна. Л.Ш нь донтох эмгэгтэй байгаа болохыг анхаарч үзнэ үү. 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоол байгаа. Уг тогтоолд мансууруулах бодисын хэмжээ их байгаа үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан худалдаалах гэмт хэргийн сэдэлт зорилгийг дангаараа бүрэн нотолж чадахгүй, бусад үйл баримтаар тогтоогдсон байх ёстой гэж тайлбарласан байдаг. Хэнд худалдсан, хэнд худалдах гэж байсан, ямар үнээр худалдах гэж байсан болохыг шалгасан баримт хэрэгт авагдаагүй. Хууль тогтоогчоос их хэмжээ, бага хэмжээ гэж ямар байхыг тодорхой нарийн зохицуулалт хийж зааж өгөөгүй. Хураагдсан бодисын хэмжээг их гэж үзэх үү, бага гэж үзэх үү гэдэг асуудал эргэлзээтэй. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын Дээд Шүүхийн тайлбар биш тогтоол гарсан байдаг. Уг тогтоолд жин, хэмжүүр, бусад хэрэглэгдэхүүнүүдийн хэмжээнээс хамаарч үзнэ гэсэн байдаг. Хэргийн газарт үзлэг хийхэд жин, хэмжүүр хураагдсан байдаг. Үүнийг номер 2 гэж дугаарлаад хавтаст хэрэгт хавсаргасан. Хэргийн 105-106 дугаар хуудсанд эд мөрийн баримтаар тооцсон байдаг. Худалдаалах зорилготой гэдэг нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогддог. Шүүгдэгч Л.Шын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд тухайн мансууруулах бодисыг жижиг, жижиг хэсэг болгоод хураагдсан жин, хэмжүүр дээр тавиад жингийнх нь зургийг нь аваад утсан дээрээ хадгалсан зураг байдаг. Мөн 95.2 грамм бодис байгаа нь их хэмжээний байдаг. Нэг удаагийн хэрэглээ нь 1 грамм байдаг. Дангаараа өөрөө хэрэглэж дуусгах боломжгүй нөхцөл байдал харагддаг. Шүүгдэгч Л.Ш нь донтсон учраас хэрэглэхийн тулд бодисыг олж авсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Л.Ш, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Л.Ш нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 42-84 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан “метамфетамин” бодисын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 0.0413 грамм, цэвэр жин нь 15.3961 грамм, цэвэр жин нь 14.9977 грамм, цэвэр жин нь 18.8211 грамм, цэвэр жин нь 16.2066 грамм, цэвэр жин нь 14.9827 грамм, цэвэр жин нь 14.8088 грамм жинтэй 7 хэсэг бүхий боодолтой нийт цэвэр жин нь 95.2543 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 8-14/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 15-19/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодит хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх 20-22/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 23-29/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 105-106/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 107/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Л.Ш” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...” гэсэн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5944 дугаартай /1хх 115-117/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “ХТТГ” гэж хаягласан цагаан өнгийн уутанд хийж ирүүлсэн №1 гэж дугаарласан гялгар ууттай дотроо соруул мэт зүйлтэй хуванцар сав, №3 гэж дугаарласан ягаан өнгийн тагтай, дотроо соруул мэт зүйлтэй хуванцар сав, №4 гэж дугаарласан Монгол улсын “АW1816235” серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, Монгол улсын “АU1840595” серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, улаан өнгийн соруул мэт зүйл, №5 гэж дугаарласан хүүхдийн памперс, №5.1. гэж дугаарласан мөс мэт зүйл, №5.2. гэж дугаарласан мөс мэт зүйл, №5.3. гэж дугаарласан мөс мэт зүйл, №5.4. гэж дугаарласан мөс мэт зүйл, №5.5. гэж дугаарласан мөс мэт зүйл, 5.6. гэж дугаарласан мөс мэт зүйл, №6 гэж дугаарласан шилэн бортого, цагаан өнгийн соруул, гар ариутгагч гэсэн бичиглэлтэй резинэн соруулахаар холбогдсон өнгөгүй хуванцар сав тус бүрээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1917 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. №4 гэж дугаарласан Монгол улсын “АS9324369” серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. 2.4. №1 гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 0.0413 грамм, №5.1. гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 15.3961 грамм №5.2. гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 14.9977 грамм, №5.3. гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 18.8211 грамм, №5.4. гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 16.2066 грамм, №5.5. гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 14.9827 грамм, №5.6. гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 14.8088 грамм байна. ...” гэсэн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 12ны өдрийн 5943 дугаартай /1хх 120-131/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Л.Ш нь сэтгэцийн өвчнөөр урьд өмнө өвчилж байсан гэх баримт үгүй байна. Л.Ш нь сэтгэцийн хувьд F15 Сэтгэц идэвхт бодисын хэтрүүлэн хэрэглээтэй байна. Л.Ш нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.Ш нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэсэн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1185 дугаартай /1хх 154/ дүгнэлтүүд, Л.Шын яллагдагчаар өгсөн “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хэрэглэдэг нь үнэн, ямар нэгэн зарж борлуулах санаа зорилго агуулаагүй. . ...” /1хх 224-225, 228/ гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Л.Шыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Л.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Л.Ш, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нар гаргасан давж заалдах гомдолдоо “...Зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Л.Ш нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан үйлдэлд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, шүүхээс оногдуулсан ял гэм бурууд нь тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах. ...” гэж заасан бөгөөд хавтаст хэргийн материалд авагдсан баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Л.Шод оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх эсхүл зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн, шүүгдэгч Л.Ш нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан түүний гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 23-29/, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, цэвэр жин нь /95.2543/ грамм зэрэг нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдож байх тул тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан гэж үзэв.

Мөн шүүгдэгч Л.Ш нь давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө буюу 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хавтаст хэргийн материалтай танилцсан болно.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/590 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ш, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Ш нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 60 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/590 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ш, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ш нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ