Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/897

 

 

 

 

      2023           9            05                                           2023/ДШМ/897

 

О.Лд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Булганчимэг,

шүүгдэгч О.Л, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар  даргалж, шүүгч Д.Дарьсүрэн, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/607 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Л, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Лд холбогдох 2309000000455 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хуурайхан овгийн О.Л, 1995 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 28 настай, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 16 дугаар гудамжны 409 тоотод оршин суудаг, /РД:ФА95062111/,

Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 418 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж,  2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 839 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял оногдуулж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 418 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ялын зарим болох 2 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 6 сар баривчлах ялаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сар 10 хоногийн баривчлах ялыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 839 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын баривчлах ялд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг бүгд 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, “Анхны ардчилсан сонгууль болж байнгийн ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар О.Лд оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг өршөөн хэлтрүүлсэн.

Хөвсгөл аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 445 дугаартай захирамжаар ялын хугацаа дуусч суллагдсан,

Хөвсгөл аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,

О.Л нь 2023 оны 02 дугаар сарын 25-наас 26-ны өдөр шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг Бэлхийн 16 дугаар гудамжны 409 тоотод гэр бүлийн хамаарал бүхий 74 настай өвөө З.Чоймпоролжавыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Лхагва-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтуудад тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хуурайхан овогт О.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтууд буюу хүнийг алах гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Лхагва-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтуудад тус тус зааснаар 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Лд оногдуулсан 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан О.Лхагва-Эрдэнийн цагдан хоригдсон 107 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, О.Лд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өвөөгийнхөө хэлсэн үгнээс болж гэнэт уурлах үедээ түүнийг зодож энэ хэргийг үйлдсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд маш их гэмшиж байна. Тухайн үед түргэн тусламж дуудсан боловч түргэн тусламж ирэх гэсээр байтал өвөө минь нас барсан. Өвөө минь архи уучихаад ээж, дүү нарыг маань дарамталж, доромжилж цохих асуудал гаргадаг байсан. Тухайн үедээ буруу зөнөж байна гэж боддог байсан. Би тухайн үед архи уусан байсан болохоор үйл явдлыг нарийн сайн санахгүй байгаа. Тэгээд нэг л мэдэхэд зодоод алчихсан байсан. Надад өвөөгөө алах санаа зорилго байгаагүй. Энэ хэргийг үйлдэх болсон шалтгаан нь сэтгэл санаанд дарамт үзүүлж, элдэв үгээр хэлсэнд гэнэтийн уур бухимдлаасаа болж энэ хэргийг үйлдсэн. Би залуу хүн, ардаа амьдралтай, гэр бүлээ тэжээдэг байсан. Дээрх байдлыг минь харгалзан үзэж хөнгөрүүлж, хорих ангийн дэглэмийг сольж өгнө үү. . ...” гэв.

Шүүгдэгч О.Лхагва-Эрдэнийн өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Л нь гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрдөг бөгөөд тухайн зүйл ангиар яллагдсан асуудалд маргадаггүй.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

Амь хохирогч З.Чоймпоролжав нь 73 настай, өөрийн оршин суух бүртгэлтэй хаягандаа амьдардаггүй байсан, архины хамааралтай байсан, тэнүүчилж амьдардаг байсан, зан аашийн хувьд ширүүн, бусадтай таарч тохирдоггүй байсан талаар гэрчүүдээс авсан мэдүүлгүүдээр нотлогддог.

Тодруулбал, амь хохирогчийн охин Ч.Оюунгэрэлийн “...Талийгаач Эрдэнэтээр хэсүүчлэн амьдардаг байсан, ...тамхи бол хэрэглэдэггүй, архи бол уудаг байсан, уухаараа ааш муутай гэж хүн болгон л ярьдаг” гэх, мөн “О.Л нь бага байхдаа хөөрхөн, уриалгахан, дуулгавартай, сэргэлэн хүүхэд байсан” гэх, амь хохирогчийн охин Ч.Одонтуяагийн  “Талийгаач зан байдлын хувьд их өөрийнхөөрөө, дураараа хүүхдүүд рүү орилоод байдаг ширүүн зантай хүн байсан юм” гэх, шүүгдэгч О.Лхагва-Эрдэнийн “Талийгаач өвөө 2023 оны 02 дугаар сарын эхээр манай гэрт ирснээс өдрийн цагаар хэсэг унтаад шөнө унтуулдаггүй байсан. Тэр үед нь би шөнийн 3, 4 цаг болж байна гэж хэлдэг байсан. Тэр үед тодорхой зүйл хэлдэггүй байсан тэрнээс болоод бид их уурладаг байсан. Ер талийгаач өвөө миний дэргэд манай ээжийг байнга янз бүрээр “янхан, гичий, банзал” гэх мэт муухай хэл үгээр доромжилдог байсан” гэх, амь хохирогчийн төрсөн дүү Д.Ичинхорлоогийн “Талийгаач сүүлийн 20 гаруй жил архи уусан, би ер талийгаачтай хөндий харилцаатай байсан, ширүүн зан харилцаатай хүн байсан...” гэх, амь хохирогчийн дүү Д.Ёндонцамцын 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “Талийгаач архины хамааралтай байсан бөгөөд их удаж байгаа” гэх, амь хохирогчийн хуурай охин Ч.Оюунтуяагийн “...намайг 3 дугаар ангид сурч байх үед манай ээжээс салаад явсан учраас сайн мэдэхгүй. ...” гэх мэдүүлгүүд.

Түүнчлэн, 2021 онд шүүгдэгч О.Л шүүхийн шийдвэрээр хорих ял эдэлж байх хугацаанд амь хохирогчийн үйлдсэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас шүүгдэгчийн ээж Одонтуяа, бага насны 2 хүүхдийн хамтаар 1 сарын хугацаатай гэр бүл хамгааллын байранд хамгаалалтад байсан, амь хохирогчийн зохисгүй зан ааш, зүй бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгчийн бага насны 2 дүү нар нь ээж Одонтуяа болон шүүгдэгч Лхагва-Эрдэнэ нарыг эзгүйд өдрийн цагаар гэртээ өвөөтэйгээ хамт байхаас айдаг, тэнүүчилдэг байсан, амь хохирогч нь шөнө болгон дэрэн дороо хутга эсхүл хайч нууж унтдаг, “ортой нь сүлбээд алчих юмсан” гэж амандаа үгэлж гэр бүлийн гишүүдийг айлган сүрдүүлдэг байсан гэх зэрэг зүй бус үйлдлүүд нь амь хохирогчийн зан ааш хэвийн бус болохыг тодорхойлж байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс дээрх нөхцөл байдлыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны явцад илэрхийлж, нотлох баримтаар үнэлэхийг хүсч байсан болно. Гэвч Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаант холбоо, нөхцөл байдлыг бодитоор дүгнэсэнгүй.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хүрээнд өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.Лд оногдуулсан 16 жилийн хорих ялыг бууруулж, нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Лхагва-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд нь тохирсон ял шийтгэл оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ... “ гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:                

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч О.Л, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.      

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч О.Л нь 2023 оны 02 дугаар сарын 25-наас 26-ны өдөр шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг Бэлхийн 16 дугаар гудамжны 409 тоотод гэр бүлийн хамаарал бүхий 74 настай өвөө З.Чоймпоролжавыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож алсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюунгэрэлийн “...Миний аав болох З.Чоймпоролжавын талаар сайн тодорхой мэдэхгүй, намайг 2 настай байхад эцэг, эх маань салсан. Би ээж Цэрэндуламы дагаад Хөвсгөл аймаг явж тэндээ суурьшиж байгаад 9 дүгээр ангид байхдаа анх уулзаж байсан юм. ...Тэгээд өчигдөр өглөө над руу Лхагва-Эрдэнэ ээжийнхээ дугаараас над руу залгаад “өвөө сонин болчихлоо” гэж ярихад нь би “Мөрөнгөөс гарч байна, түргэн дуудаад эмчид үзүүлээд байж байгаарай” гэж ярьсан. Тэгээд удалгүй залгаад “түргэний эмч ирээд 10-аас 20 минутын өмнө өнгөрчихсөн байна” гэж эгч Одонтуяа над руу ярьж хэлсэн. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Уг хэргийг хуулийн дагуу шийдүүлмээр байна...” /1хх 27-28, 30/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Одонтуяагийн “...Би аавыг шээх гэж байна гэж бодсон. Орж ирэхэд нь харахад баруун хацар нь шалбарсан байхаар нь би “та хацраа яасан юм бэ, доод шат руу унасан юм уу” гэхэд аав “тийм ээ, зүгээр” гэж хэлээд хэвтээд өгсөн. Өглөө 07 цаг 30 минутын үед босоод сэрээх гэхэд сонин байхаар нь хүүг сэрээгээд “өвөө чинь сонин байна” гэж хэлээд түргэн дуудсан. Түргэн ирээд 09 цаг 28 минутад ирээд “нас барсан байна” гэж хэлсэн. ...” /1хх 33/,

шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “...Талийгаач нь тархины хүнд гэмтэлтэй олон төрлийн хавирганы хугаралаас үүдэлтэй их хэмжээний цус алдсан. Мөн уушгины тараагуур судас өөхөн бөглөөдөс үүссэн гэх гэмтлүүд үүссэнээс болж нас барсан байна. ...” /1хх 226-227/

О.Лхагва-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...Өчигдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө би гаднаас бага зэрэг архи уусан Дэнжийн мянгаас алхаад иртэл өвөө унтаагүй баруун талын орон дээр суусан, ээж унтаагүй сэрүүн хойморт байх орон дээр дүү нарын урд суусан байдалтай байсан бөгөөд дүү нар унтаж байсан. Би гэртээ орж ирээд өвөөг “харанхуй шөнө болсон байхад та унтахгүй юу хийж байгаа юм, ээж, дүү нарыг унтуулахгүй” гэж уурласан чинь өвөө босож ирээд малгайгаа өмсөөд “за би тэгэж байгаад унтаж л таараа ш дээ, чи муу дуугүй бай” гэж уурлахаар нь би “ширээний зүүн талд байх сандал дээрээс босож очоод өвөөгийн зүүн талын шанаан тус газар нь баруун гараараа 1 удаа цохисон чинь өвөө гэрийн баруун талд байх гал тогооны шүүгээ рүү толгойн баруун хэсгээр мөргөж унахаар нь “та биднийг битгий ингэж тамлаад байлдаа гэж хэлсэн” чинь ээж намайг “одоо боль, боль миний хүү” гэж хэлэхээр нь би өвөөд “та одоо унтаад амраад өг” гэж хэлтэл “за өвөө нь одоо унтаж амарлаа” гэж хэлээд өөрөө босоод орон дээрээ хэвтээд гутал, хувцастайгаа унтсан. Өвөөг унтсан хооронд ээж бид хоёр унталгүй шөнөжин юм ярьж суугаад хоносон. ...” /1хх 6, 238-239, 2хх 26/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...З.Чоймпоролжавын цогцост зүүн зулай, чамархай, суурийн зүүн бага далавч ясны шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлөгийн орой, суурийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины хоёр тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай, дагз болон дотор гадаргуу, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр хажуугийн ховдлын цус харвалт, баруун, зүүн чамархайн булчин, зүүн дух, зулай чамархай, дагзны хуйханд цус хуралт, баруун уушгины дээд дэлбэн, зүүн уушгины дээд доод дэлбэнгийн авчилт, баруун уушгины дээд дэлбэнгийн хатгагдсан шарх, цээжний баруун, зүүн хөндий дэх цусан хураа /1800мл/, зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга, баруун талын 1, 2, 3, 4, 7, 8, 9, 10 дугаар хавиргануудын зөрүүтэй шууд хугарал, хугарлын харалдаах гялтан хальс, булчингийн цус хуралт, өвчүүний ташуу зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн цус хуралт, хоёр далны харалдаах булчинд цус хуралт, бүсэлхийн 2 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, орчны зөөлөн эдийн цус хуралт, үнхэлцэг хальс, өрц, бүдүүн гэдэсний чацархайд цус хуралт, баруун хацар, баруун шанаа, дээд уруулын баруун хэсэгт зулгаралт, баруун нүдний гадна булан, хоёр чихний дэлбэн, дух, зүүн эгэм, зүүн мөр, цээж, зүүн сарвуунд цус хуралт, дээд уруулын салстад язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлүүд нь хэвтээ, босоо, суугаа байрлалуудын аль алинд нь үүснэ. ...Зүүн зулай, чамархай, суурийн зүүн бага далавч ясны шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлөгийн орой, суурийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины хоёр тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай, дагз болон дотор гадаргуу, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр хажуугийн ховдлын цус харвалт, баруун уушгины дээд дэлбэн, зүүн уушгины дээд, доод дэлбэнгийн авчилт, цээжний баруун, зүүн хөндий дэх цусан хураа /1800мл/, зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга, баруун талын 1, 2, 3, 4, 7, 8, 9, 10 дугаар хавиргануудын зөрүүтэй шууд хугарал гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.10, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Өвчүү, бүсэлхийн 2 дугаар нугаламын арын сэртэнгийн хугарал гэмтлүүд нь тус, тусдаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Дээд уруулын салстын язарсан шарх, хуйхны цус хуралт, баруун уушгины дээд дэлбэнгийн хатгагдсан шарх, хоёр далны харалдаах булчингийн цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус, тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Дээрх гэмтлүүд нь нас барахын өмнө үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх хавсарсан олон гэмтлийг авсны дараа идэвхтэй хөдөлгөөн хийх боломж муутай. ...Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчин, томрох хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил, баруун бөөрний уйланхай өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. ...Ходоодонд 30 мл орчим хар ногоон өнгийн шингэн агууламж байна. ...Цус нь АВО системээр 1 дүгээр бүлгийн харьяалалтай байна. Урт нь 171 см, жин 65 кг байна. ...2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг 25 минутын байдлаар талийгаач нь нас бараад 2-3 цаг болсон байна. ...Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас гэмтлийн шокод орж нас баржээ. ...” гэсэн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 710 дугаартай /1хх 54-71/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Хөх өнгийн ноосон цамц, хөх өнгийн хүрмэнд ханзралт, түлэгдэлт, гогодолт шинээр үүссэн байна. Ханзралт, түлэгдэлт, гогодолтын материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр, ямар дарааллаар үүссэн болохыг тогтоох боломжгүй байна. Бусад хувцас гэмтэлгүй байна. ...” гэсэн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 1338 дугаартай /1хх 190/,

Шүүх сэтгэц судлалын “...О.Л нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн үйлдсэн хэргээ хариуцах чадвартай. ...” гэсэн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 203 дугаартай /1хх 89-90/ дүгнэлтүүд,

дуудлагын лавлагааны хуудас /1хх 8/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 9-13/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 12-14/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 15-20/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч О.Лхагва-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтуудад тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Лхагва-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтуудад тус тус зааснаар шүүгдэгч О.Лхагва-Эрдэнийг 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Л, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нар “...оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорих ангийн дэглэмийг өөрчилж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус гаргасан бөгөөд хавтаст хэргийн материалд авагдсан баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж, эсхүл хүндрүүлж шийдвэрлэхгүй бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хорих ял болон хорих ял эдлэх байгууллагын дэглэмийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч О.Л, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.Л нь 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 84 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/607 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Л, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л нь 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 84 /наян дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ