| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0830/3 |
| Дугаар | 128/ШШ2024/1003 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2024/1003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Я******* /РД:/
Нэхэмжлэгч: Ц.Э /РД:/
Нэхэмжлэгч: Ц.Ү /РД:/
Нэхэмжлэгч: Ц.Ц /РД:/
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагч
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга нарын хооронд үүссэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/10542 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Улсын ерөнхий байцаагчийн хяналтаа хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хяналтаа хэрэгжүүлэхийг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я*******, хариуцагч Д.Д, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч нараас тус шүүхэд хандан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/10542 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах[1][1], Улсын ерөнхий байцаагчийн хяналтаа хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хяналтаа хэрэгжүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я******* нь анх Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагчид хандан 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Б шинжээч дүгнэлт гаргах эрх бүхий этгээд мөн эсэх, тус газрын Хяналт шалгалтын газрын дарга Б.Г*******, Ж.Ч******* нарын хууль бус үйлдэл, үйл ажиллагаа хэрэгжүүлсэн, Хяналтын улсын байцаагч Б.Бгийн хөрөнгө орлогын байдал нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх өндөр магадлалтай, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагч Д.Д нь чиг үүргээ хэрэгжүүлээгүй ... гэх агуулгаар гомдол гаргажээ.[2][2]
2.2. Дээрх гаргасан гомдолтой холбогдуулан нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я******* нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өмнө нь гаргасан гомдолдоо нэмэлт тайлбар, хүсэлт гаргах тухай гэх агуулгаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан.[3][3]
2.3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/126 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар тус газрын дотоод үйл ажиллагаатай холбоотой Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд иргэдээс ирүүлсэн гомдлыг шалгах шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна.[4][4]
2.4. Уг тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсэг нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, 07-ны өдөр, 09-ний өдөр, 28-ны өдөр тус тус хуралдаж нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я*******гийн тус газарт хандан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, хариу өгөх талаар хурлын тэмдэглэлд тусгагджээ.[5][5]
2.5. Тус гомдлын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргаас 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/10542 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр иргэн Д.Я*******д 1. Хяналтын улсын байцаагч Б.Бг мөрдөн шалгах эрх бүхий албанаас шинжээчээр томилох эсэх, томилсон тохиолдолд түүний дүгнэлтэд нөлөөлөхгүй байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль Шүүхийн шинжилгээний тухай хуулиар тус тус зохицуулагдсан тул та мөрдөн шалгах болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй; 2. Ж.Ч*******г мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд эрх бүхий албан тушаалтнаас гэрчээр дуудах, гэрчийн мэдүүлэг, тайлбар өгөх ажиллагаанд төрийн захиргааны байгууллагаас оролцох болон саад учруулах боломжгүй; 3. Хяналтын улсын байцаагч Б.Бгийн хөрөнгө орлогын байдал нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Авлигатай тэмцэх байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх хэмжээнд хамаарах асуудал тул энэ тухай гомдлоо тус байгууллагад хандан гаргах эрх тань нээлттэй; 4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагч Д.Д нь чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа тухайд тус гомдолд дурдсан асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой байх тул тус мөрдөн шалгах ажиллагаанд Улсын ерөнхий байцаагч мэдүүлэг, дүгнэлттэй холбоотой асуудлаар аливаа шийдвэр гаргах гэрч, шинжээч, эрх бүхий этгээдэд хөндлөнгөөс нөлөөлөх эрх олгогдоогүй таны гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байх тул эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандах боломжтойг зөвлөе. гэх хариуг өгчээ.[6][6]
2.6. Нэхэмжлэгч нарын зүгээс ... Хяналтын улсын байцаагч өөрт олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлж, хэрэглэх ёсгүй тамга тэмдгийг дарж, хуулиар хориглосон чиг үүргийг хэрэгжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан татгалзах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас хувийн ёс зүйн зөрчилтэй хяналтын улсын байцаагчийг томилсон шийдвэрт арга хэмжээ аваагүй буюу улсын ерөнхий байцаагчаас хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн үйл ажиллагаанд хяналт тавих, хяналтын улсын байцаагчийн тамга тэмдгээ хэрэглэж байгаа нь чиг үүрэгт нь нийцэж буй эсэхэд хяналт тавихыг Улсын ерөнхий байцаагчид хандан гомдол гаргасан боловч хяналтын улсын байцаагчийн үйл ажиллагаанд хяналт тавих, ёс зүйн хариуцлага тооцох зэрэг чиг үүргээ хэрэгжүүлээгүй ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.7. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ... Улсын ерөнхий байцаагч нь Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулиар хүлээсэн маш олон эрх, үүргийг хэрэгжүүлдэг. Тиймээс хяналтын улсын байцаагчийн өдөр тутмын үйл ажиллагааг зааж зааварлаж байх боломжгүй. Улсын ерөнхий байцаагчаас хяналтаа хэрэгжүүлж буй нэг хэлбэр нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулж өргөдөл, гомдол шийдвэрлэхэд нэхэмжлэгчээс гаргасан гомдолд хариуг албан бичгээр өгсөн. Тус албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулаагүй буюу захирамжилсан, зохицуулалт агуулаагүй буюу гомдол гаргагчид эрх зүйн үр дагавар үүсгээгүй. Хяналтын улсын байцаагчийн шинжээчийн дүгнэлт нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хянагдаж буй эрүүгийн хэрэгт хамааралтай хийгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр оролцож буй хяналтын улсын байцаагчид ерөнхий байцаагчийн зүгээс нөлөөлөх боломжгүй. Тиймээс шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан эрх бүхий байгууллагад гомдол гаргах эрх нь нээлттэй байна ... Д.Я*******д хариу өгсөн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/10502 тоот албан бичгийг захиргааны акт гэж үзэхгүй байгаа. Учир нь, нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзсэн. Мөн захиргааны актын шинжид эрх зүйн үр дагаврыг бий болгосон байх гэсэн шаардлага тавигддаг. Энэ нь аливаа харилцааг ямагт зохицуулсан шинжийг агуулдаг. Д.Я*******д өгсөн албан бичгээр ямар харилцааг зохицуулаагүй. Өөрөөр хэлбэл, таны гаргасан өргөдөл гомдлыг манай байгууллага хянан шалгах үүрэгтэйг биш. Ж.Ч*******, Б.Б******* нарын хууль бус гэж үзсэн үйлдлийг өөр байгууллагаас шалган тогтоох ёстой. Түүнээс биш ямар нэгэн харилцааг зохицуулсан зүйл огт байхгүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Г.Дд хандаж хяналтын улсын байцаагч нарын үйл ажиллагаанд хяналт тавиагүй, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйд холбогдуулж гомдол гаргасан. Миний бие нэлээн хэдэн удаа хандсан. Гомдолд нэмэлт тайлбар, тодруулга гэсэн 3 багц материал өгсөн. Миний ярьж байгаа асуудал нь бүртгэлийг хянуулах биш ерөнхий байцаагчийн хяналтаа хэрэгжүүлээгүй эс үйлдэлтэй холбоотой маргаж байна. Хэрэгт цугларсан баримтаар ерөнхий байцаагч өөрийн эс үйлдлийг эргэж харах ямар ч хүсэл зориг байгаагүй. Гэрчийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтаар Г.Д дарга 11-11 дугаараар орж ирсэн гомдлыг бүгдийг нь хаа гэдэг даалгавар өгч ажилласан. Ерөнхий байцаагч чиг үүргээ огт хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлж байгаагүй мэт ойлгогдож байна. Эс үйлдлээ хянах тухайд ажлын хэсэг байгуулахаас эхлээд ашиг сонирхлын зөрчилтэй хандсан харагддаг. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг толгойлж байгаа ерөнхий байцаагчийн хамгийн гол чиг үүрэг нь Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хяналтын улсын байцаагч нарын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах юм. Хяналт тавьж ажиллах чиг үүргээ хэрэгжүүлэхээс татгалзаж байгаа эс үйлдэл нь иргэн, хуулийн этгээдэд тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэж буй захиргааны акт юм.
Б.Б эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлт гаргаж ажилласан асуудалд ерөнхий байцаагчаас эрүүгийн процесс ажиллагаанд оролцох боломжгүй гэж тайлбарладаг. Хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг хуульд маш тодорхой заасан. Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын хүрээнд хяналтын улсын байцаагчаас ямар тохиолдлуудад ажиллах вэ гэдгийг Хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах тухай журам, хавсралт, эрх зүйн актуудаар хязгаарлагдана. Захиргааны үйл ажиллагаа хууль дээдлэх зарчим, иргэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хөндөхгүй байх ёстой. Хяналтаа хэрэгжүүлэхдээ иргэн, хуулийн этгээдийн гомдлоор эсхүл байгууллагын даргын баталсан гэнэтийн эсхүл төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд удирдамж батлуулж хяналт шалгалтыг хэрэгжүүлэх ёстой. Хяналтын улсын байцаагч нь журмын хавсралтаар баталсан эсхүл зөрчил шалгах хуудас, хавсралт зэрэг аль тохирохыг гаргана. Гэтэл энэ дотор байхгүй эрх зүйн акт үйлдэж, хяналтын улсын байцаагчийн 15 дугаартай дугуй тэмдгийг дарж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хууль ноцтой зөрчигдсөн. Яаж зөрчигдсөн гэхээр өөрт нь хамааралтай асуудлаар хяналт шалгалт явуулахыг хориглодог. Ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн. Б.Б хяналтын улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг удирдлага болгон Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг баримталж ажиллана. Ажиллахдаа төрийн албан хаагчийг зөвлөн дэмжих чиг үүрэгтэйгээр ажлынх нь алдаа дутагдал, мэргэжил арга зүйн хувьд бусад эд хөрөнгийн бүртгэгч нар ямар ажил хэргийн алдаа гарч байгааг шалгаж ажиллах ёстой гэж ойлгодог. Улсын бүртгэлийн ерөнхий газарт мөрдөгддөг хууль, хяналтын байгууллагад хянагдаж байгаа хэрэгт бүртгэлийн байгууллага ямар байр сууринаас, яаж оролцох вэ гэдгийг зохицуулсан журам байдаг. Энэ журмыг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжээчээр ажиллаж болохгүй, шинжээчээр ажиллахаас татгалзах ёстой тохиолдлуудыг заасан. Ашиг сонирхлын зөрчил гэж Б.Б байцаагч Ү-*******, Ү-******* дугаартай бүртгэлийг өмнө нь хянаж, бүртгэлүүд хууль ёсных гэж дүгнэлт гаргаж байсан. Харин байр суурь нь өөрчлөгдөж 2009 оноос бүх бүртгэл бүхэлдээ хууль бус байсан мэтээр дүгнэлт өгсөн. Үүнд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын 2 улсын бүртгэгчийг буруутгаж байна. Тэгэхээр нэг байгууллагад ажилладаг хүний хувьд шинжээчээр ажиллахаас татгалзах ёстой байсан. Өөрөө өмнө нь хяналт шалгалт явуулж зөв бүртгэл байна гэж дүгнэлт гаргаж байсан учраас өмнө дүгнэлт гаргасан гэх үндэслэлээр татгалзах ёстой байсан. Гэр бүл хоорондын эд хөрөнгийн маргаан захиргааны хэрэг болон иргэний хэргийн шүүхээр явж байгаа гэдгийг хяналтын улсын байцаагч Б.Б маш сайн мэдэж байсан.
Д.Г******* нь доороо нэг ахлах хяналтын улсын байцаагчийн хамт ажилладаг. Байгууллагын албан ёсны сайтаар ороод үзэхээр 10 хүрэхгүй тооны хяналтын улсын байцаагч ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар 5 удаагийн Улсын дээд шүүхийн тогтоол, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн захирамж, давж заалдах шатны шүүхийн тогтоол зэрэг гарч шийдвэрлэгдсэн гэдгийг мэдэж байгаа атлаа дүгнэлтдээ алийг нь ч дурдаагүй. Хяналт шалгалт хийж зөв гэж дүгнэж байснаа нуун дарагдуулсан. Ашиг сонирхлын зөрчилтэй, нэг байгууллагад ажилладаг. Мөн хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлээгүй байж хяналтын улсын байцаагчийн тэмдгийг хэрэглэж байна. Санамсаргүйгээр гаргасан зүйл биш зориуд санаатайгаар хийсэн. Үүнд улсын ерөнхий байцаагчаас ашиг сонирхлын зөрчил үүссэн гэх ёс зүйн хариуцлага тооцох бүрэн боломжтой байсан. Гэтэл алийг нь ч хянахгүй гэж хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүй зугтаалгаад байгаа илт хууль бус эс үйлдэхүй гаргасан.
Хяналтын улсын байцаагч өөрт олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлж, хэрэглэх ёсгүй тамга тэмдгийг дарж, хуулиар хориглосон чиг үүргийг хэрэгжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан татгалзах чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Шинжээчийн асуудалд Д.Г******* нь манай байгууллага шинжээчээр ажиллах боломжгүй гээд буцаах ёстой байсан. Ямар шалгуураар Б.Бг шинжээчээр томилж байгаа нь ойлгомжгүй. Хэдхэн цагийн дотор болсон үйл ажиллагаа бөгөөд энэ тохиолдолд төрийн байгууллага хөндлөнгийн хараат бус байх ёстой. Хэн нэгэн эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн захиалгаар төрийн албан хаагчдыг бүхэлд нь буруутгасан дүгнэлт гаргасан. гэжээ.
3.2. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэгдүгээрт, Улсын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаартай тушаал нь улсын ерөнхий байцаагчийн тушаал биш агентлагийн даргын тушаал юм. Уг тушаалыг боловсруулж, хянасан албан тушаалтан нь би учраас тайлбар өгье. Улсын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаартай тушаалын дагуу хийсэн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ажлын хэсгийн илтгэх хуудаст 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэдээс 11-11 дугаарт ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхээр болсон.
Нэхэмжлэгч Д.Я*******гийн 11-11 дугаарт гаргасан өргөдөл гомдолд хяналт шалгалт хийж 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/10532 тоот албан бичгээр хариу өгсөн. Уг албан бичгийг захиргааны акт гэж үзэж, хэрэгсэхгүй болгох нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэж, хариу өгсөн албан бичиг нь ямар нэгэн захирамжлах шинжтэй шийдвэр гаргаагүй. Улсын ерөнхий байцаагч болон нэр дурдагдаад байгаа Д.Г*******, Ж.Ч*******, Б.Б нарын ашиг сонирхлын тухай яригдаж байна. Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт агентлагийн дарга төлөөлөх эрхийг нэгжийн даргад шилжүүлж болно гэж заасан. н.Б******* комиссоороос ирсэн бичгийг энэ хуулийн заалтыг үндэслэж хяналт шалгалтын газрын дарга Д.Г******* руу шилжүүлсэн. Тэгэхээр Д.Г******* нь Б.Б******* комиссоороос ирсэн албан бичгийн дагуу Авлигатай тэмцэх газарт байгууллагыг төлөөлж Б.Б гэдэг хяналтын улсын байцаагчийн нэрийг хүргүүлсэн. Томилох эрх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгчийн эрх юм. Нэр хүргүүлсэн албан бичгийг үйлдэж шууданд хийсэн нь манай байгууллагын захиргааны үйл ажиллагаа юм.
Д.Я*******д хариу өгсөн миний гарын үсэгтэй 2/10502 тоот албан бичгийг захиргааны акт гэж үзэхгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд захиргааны байгууллагыг тогтоосон. Мөн хуулийн 5.1.1 дэх хэсэгт төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага гэдэгт манай байгууллага хамаарна. 5.1.4 дэх хэсэгт Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах хуулиар тусгайлан эрх олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ гэсэн. Тэгэхээр хуулиар эрх олгогдсон албан тушаалтан нь агентлагийн дарга учраас даргаас эрх шилжүүлж өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн этгээд нь би тул захиргааны албан тушаалтан мөн гэдгийг ойлгож байна. Гэхдээ гомдолд хариу өгсөн албан бичиг захиргааны акт уу гэдэгт тайлбар хэлье. Захиргааны ерөнхий хуулийн 37 дүгээр зүйлийн 37.1 дэх хэсэгт захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон, амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон эсвэл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж заасан. Үүнийг нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан шийдвэр биш гэж үзсэн. Яагаад гэхээр Г.Ө*******, Г.И******* нарт холбогдуулж үүссэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд субъектүүд рүү чиглэсэн хувийн эрх зүйн харилцаа үүсэж байгаа учраас нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзсэн. Мөн захиргааны актын шинжид эрх зүйн үр дагаврыг бий болгосон байх гэсэн шаардлага тавигддаг. Энэ нь аливаа харилцааг ямагт зохицуулсан шинжийг агуулдаг. Д.Я*******д өгсөн албан бичгээр ямар ч харилцааг зохицуулаагүй. Өөрөөр хэлбэл, таны гаргасан өргөдөл гомдлыг манай байгууллага хянан шалгах үүрэгтэй биш. Ж.Ч*******, Б.Б нарын хууль бус гэж үзсэн үйлдлийг өөр байгууллагаас шалган тогтоох ёстой. Түүнээс биш ямар нэгэн харилцааг зохицуулсан зүйл огт байхгүй.
Тодорхой эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн байна уу. Үүнд ямар ч эрх зүйн үр дагаврыг үүсгээгүй. Энэ нь юугаар нотлогдож байна гэхээр албан бичгийн бичвэр хэсэгт таны эрх нээлттэй гэсэн нь эрх бүхий байгууллагаар шалгуулж гомдлоо гаргах эрх нь нээлттэй гэдэг агуулгатай болохоос биш ямар ч эрх зүйн үр дагавар үүсгээгүй. Захирамжилсан шинж байхгүй, учир нь гомдолд нэр нь дурдагдаж байгаа Д.Г*******, Ж.Ч*******, Б.Б нарын эрхийг хязгаарласан шийдвэрийг ажлаас хэсгээс гаргаагүй. Мөн зөвшөөрсөн шийдвэр ч гаргаагүй, хуульчилсан, журамласан, тогтоосон аливаа нэг үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй. Зөвхөн гомдлын хүрээнд хянаж шалгаад бидний шалгах асуудал биш гэсэн хариуг өгсөн. Тиймээс ажлаас хэсгээс хийсэн ажил болон Д.Я*******д өгсөн хариунд ямар нэгэн формаль эрх зүйн шаардлага байхгүй, эрх зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэд хэдэн удаагийн тайлбар хэллээ. Улсын бүртгэгч нарын хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хаацайлж, хамгаалж болохгүй бөгөөд олон хууль тогтоомжоор зохицуулагддаг. Тэгэхээр эдгээр хүмүүсийн гэм буруугийн асуудал нь эрүүгийн шүүхээр хянан шийдвэрлэгдэх байх. Улсын ерөнхий байцаагчаас улсын бүртгэл, шинжээчийн дүгнэлтэд оролцоогүй гэсэн асуудал нь бүгд эрүүгийн шүүхээр хянан хэлэлцэгдэх байх. гэжээ.
3.3. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Иргэн Д.Я******* нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг манай байгууллага эс зөвшөөрч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байр суурьтайгаар оролцож байна. Улсын ерөнхий байцаагчийг хяналтаа хэрэгжүүлээгүй гэх асуудлын талаар маргаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дугаартай батлагдсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 20 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл гомдол, мэдээлэл хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг хийх талаар зохицуулсан. Тэгэхээр улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын байцаагч, улсын байцаагч нарын зүгээс уг журмыг баримталж ирүүлсэн өргөдөл гомдлыг шалгаж шийдвэрлэдэг. Ерөнхий байцаагч нь Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулиар хүлээсэн маш олон эрх үүргийг хэрэгжүүлдэг. Тиймээс хяналтын улсын байцаагчийн өдөр тутмын үйл ажиллагааг зааж зааварлаж байх боломжгүй. Уг журмын хүрээнд хяналтаа хэрэгжүүлж байгаагийн нэг хэлбэр нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Г.Даас гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулж иргэн Д.Я******* нарын гаргасан гомдол болон нэмэлт тайлбар бүхий гомдлын агуулгыг шалгуулахаар ажлын хэсэг байгуулж, энэ хүрээнд иргэн Д.Я*******гийн 2 гомдол хамрагдаж шийдвэрлэгдсэн. Энэ талаар иргэнд хариу албан бичиг хүргүүлсэн. Энэ нь улсын ерөнхий байцаагчаас хяналтаа хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна.
Хяналтын улсын байцаагч Б.Бгийн шинжээчийн дүгнэлтийн тухайд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хянагдаж буй эрүүгийн хэрэгт хамааралтай хийгдсэн. Энэ талаар Т.Мөнх-Эрдэнэ шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 8878 дугаартай захирамжид эрүүгийн хэрэгт хамааралгүй талаар дурдсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дүгээр зүйлийн 17.5 дахь хэсэгт шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гаргасан өргөдөл гомдлыг энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт заасан эрх бүхий этгээдэд гаргана гэж маш тодорхой заасан. Эрх бүхий этгээд гэдэгт мөрдөгч, прокурор, шүүгч гэсэн хүмүүсийг заасан. Тиймээс шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдлыг манайд биш Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу мөрдөгчид гаргах эрх нь иргэн Д.Я*******д нээлттэй. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нараас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/10542 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагчид холбогдуулан гаргасан Улсын ерөнхий байцаагчийн хяналтаа хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хяналтаа хэрэгжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/10542 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
1.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагадаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/10542 тоот[7][7] Хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулахаар тодорхойлжээ.
1.2. Тус албан бичгийн агуулгыг үзвэл, 1. Хяналтын улсын байцаагч Б.Бг мөрдөн шалгах эрх бүхий албанаас шинжээчээр томилох эсэх, томилсон тохиолдолд түүний дүгнэлтэд нөлөөлөхгүй байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль Шүүхийн шинжилгээний тухай хуулиар тус тус зохицуулагдсан тул та мөрдөн шалгах болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй; 2. Ж.Ч*******г мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд эрх бүхий албан тушаалтнаас гэрчээр дуудах, гэрчийн мэдүүлэг, тайлбар өгөх ажиллагаанд төрийн захиргааны байгууллагаас оролцох болон саад учруулах боломжгүй; 3. Хяналтын улсын байцаагч Б.Бгийн хөрөнгө орлогын байдал нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Авлигатай тэмцэх байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх хэмжээнд хамаарах асуудал тул энэ тухай гомдлоо тус байгууллагад хандан гаргах эрх тань нээлттэй; 4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагч Д.Д нь чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа тухайд тус гомдолд дурдсан асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой байх тул тус мөрдөн шалгах ажиллагаанд Улсын ерөнхий байцаагч мэдүүлэг, дүгнэлттэй холбоотой асуудлаар аливаа шийдвэр гаргах гэрч, шинжээч, эрх бүхий этгээдэд хөндлөнгөөс нөлөөлөх эрх олгогдоогүй таны гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байх тул эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандах боломжтойг зөвлөе. гэжээ.
1.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана гээд, 54.1.1 дэх заалтад захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж заасан.
1.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэдгийг тухайн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргаан нь мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхыг ойлгоно.
1.5. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй маргааны зүйл нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхийг шүүх тодорхойлохдоо тухайн маргаан нь нийтийн эрх зүйн маргаан мөн эсэх, улмаар маргаж буй шийдвэр нь захиргааны акт мөн эсэхэд дүгнэлт хийнэ.
1.6. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж захиргааны актын үндсэн шинжийг хуульчлан заасан.
1.7. Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/10542 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг нь хуулийн дээр дурдсан үндсэн шинжүүдээс зохицуулалт агуулсан байх шинжийг агуулаагүй байх тул захиргааны акт биш гэж шүүх үзлээ.
1.8. Тодруулбал, аливаа захиргааны актаар хаяглагдсан этгээдэд эрх зүйн шууд үр дагавар бий болгосон буюу тухайн этгээдэд эрх үүсгэсэн, эсхүл үүрэг бий болсон зэрэг зохицуулалт агуулсан байх учиртай.
1.9. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/10542 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгийг нь тийм шинжгүй бөгөөд үндсэндээ нэхэмжлэгч нарт Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/126 дугаартай тушаалаар[8][8] байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан хариу, түүнд хамаарах үйл баримтыг мэдээлсэн шинжтэй мэдэгдэл байна.
1.10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хоёр. Улсын ерөнхий байцаагчийн хяналтаа хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хяналтаа хэрэгжүүлэхийг даалгах шаардлагын тухайд:
2.1. Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах ... гэж заасны дагуу хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагчийн эс үйлдэхүйд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
2.2. Тогтоогдсон үйл баримтыг авч үзвэл, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я******* нь анх Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төв /11-11/-өөр дамжуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагчид холбогдуулан 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Б шинжээч дүгнэлт гаргах эрх бүхий этгээд мөн эсэх, тус газрын Хяналт шалгалтын газрын дарга Б.Г*******, Ж.Ч******* нарын хууль бус үйлдэл, үйл ажиллагаа хэрэгжүүлсэн, Хяналтын улсын байцаагч Б.Бгийн хөрөнгө орлогын байдал нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх өндөр магадлалтай, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагч Д.Д нь чиг үүргээ хэрэгжүүлээгүй ... гэх агуулгаар гомдол гаргасан.
2.3. Дээрх гаргасан гомдолтой холбогдуулан нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я******* нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өмнө нь гаргасан гомдолдоо нэмэлт тайлбар, хүсэлт гаргах тухай гэх агуулгаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт ханджээ.
2.4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/126 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар тус газрын дотоод үйл ажиллагаатай холбоотой Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд иргэдээс ирүүлсэн гомдлыг шалгах шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна.
2.5. Тус тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсэг нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, 07-ны өдөр, 09-ний өдөр, 28-ны өдөр тус тус хуралдаж нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я*******гийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд улсын ерөнхий байцаагчид хандан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, хариу өгөх талаар хурлын тэмдэглэлд тусгагджээ.
2.6. Түүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргаас 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/10542 дугаар иргэн Д.Я*******д Хариу хүргүүлэх тухай албан бичгээр 1. Хяналтын улсын байцаагч Б.Бг мөрдөн шалгах эрх бүхий албанаас шинжээчээр томилох эсэх, томилсон тохиолдолд түүний дүгнэлтэд нөлөөлөхгүй байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль Шүүхийн шинжилгээний тухай хуулиар тус тус зохицуулагдсан тул та мөрдөн шалгах болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй; 2. Ж.Ч*******г мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд эрх бүхий албан тушаалтнаас гэрчээр дуудах, гэрчийн мэдүүлэг, тайлбар өгөх ажиллагаанд төрийн захиргааны байгууллагаас оролцох болон саад учруулах боломжгүй; 3. Хяналтын улсын байцаагч Б.Бгийн хөрөнгө орлогын байдал нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Авлигатай тэмцэх байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх хэмжээнд хамаарах асуудал тул энэ тухай гомдлоо тус байгууллагад хандан гаргах эрх тань нээлттэй; 4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагч Д.Д нь чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа тухайд тус гомдолд дурдсан асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой байх тул тус мөрдөн шалгах ажиллагаанд Улсын ерөнхий байцаагч мэдүүлэг, дүгнэлттэй холбоотой асуудлаар аливаа шийдвэр гаргах гэрч, шинжээч, эрх бүхий этгээдэд хөндлөнгөөс нөлөөлөх эрх олгогдоогүй таны гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байх тул эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандах боломжтойг зөвлөе. гэх хариуг өгсөн байна.
2.7. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд энэ талаар тухайлсан эрх зүйн дүгнэлтүүдийг хийж байна. Тодруулахад:
2.8. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ. гэж, 18.4 дэх хэсэгт Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга улсын ерөнхий байцаагч байна. гэж, 18.6 дахь хэсэгт Улсын ерөнхий байцаагч нь улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана. гэж тус тус заажээ.
2.9. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч нар хэрэгжүүлэх бөгөөд Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь улсын ерөнхий байцаагчаар давхар ажиллан доод шатны улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах чиг үүргийг хүлээсэн байна.
2.10. Захиргааны эрх зүйн онолд, ялангуяа, төрийн хяналт шалгалтын эрх зүйн хүрээнд эрх зүйн хяналт болон албаны хяналт гэсэн хоёр ойлголтыг ялгамжтай авч үздэг.
2.11. Эрх зүйн хяналт гэдэг нь дээд шатны захиргааны байгууллагаас доод шатны захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны хууль зүйн үндэслэл болон зорилгодоо нийцсэн эсэхийг хянадаг захиргааны байгууллагын урьдчилсан хяналт[9][9] бол албаны хяналт нь дээд шатны байгууллага, албан тушаалтнаас доод шатны байгууллага, албан тушаалтнууд хуулиар өөрт нь хүлээлгэсэн чиг үүргийг зохих ёсоор, бүрэн дүүрэн хэрэгжүүлж ажиллаж байгаа эсэх, тэр явцдаа ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан эсэх зэргийг хянадаг захиргааны байгууллагын дотоод хяналт[10][10] болно.
2.12. Мөн захиргааны байгууллагын үйл ажиллагааны онцлог, зохион байгуулалтын шинжээс хамаарч захиргааны байгууллагаас эрх зүйн болон албаны хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг, бүтэц харилцан адилгүй байна.
2.13. Тухайлбал, татварын албаны тогтолцоонд татварын улсын байцаагчаас гаргасан маргаан бүхий шийдвэрт эрх зүйн хяналтыг хэрэгжүүлдэг бүтэц нь тухайн татварын албаны удирдлага бус, харин хөндлөнгийн, бие даасан маргаан таслах зөвлөл байдаг бол албаны хяналтыг хэрэгжүүлэгч нь татварын албаны удирдлага байдаг жишээг дурдаж болно.
2.14. Харин маргаан бүхий энэ тохиолдолд улсын бүртгэлийн эрх зүйн болон албаны хяналтын чиг үүргийг хуулиар бие даасан бүтцэд бус, харин нэг этгээдэд, тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хоёр чиг үүргийг нэгэн зэрэг олгосон болох нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.4, 18.6 дахь хэсэгт зохицуулагджээ.
2.15. Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно. гэж захиргааны байгууллагын эрхийг шилжүүлж болох үндэслэлийг заасан бөгөөд захиргааны байгууллага зөвхөн хуульд заасан тохиолдолд өөрт хуулиар оногдуулсан бүрэн эрхийг бусдад шилжүүлэх зарчимтай.
2.16. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтуудаас үзвэл улсын ерөнхий байцаагчийн хяналтын чиг үүргийг хэн нэг өөр албан тушаалтанд шилжүүлж болох талаарх зөвшөөрсөн зохицуулалт байхгүй байна.
2.17. Тийм байхад нэхэмжлэгч нараас Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төв /11-11/-өөр дамжуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагчид холбогдуулан түүний нэр дээр хаяглан удаа дараа гаргасан гомдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагч өөрөө хариу өгөлгүй, харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/126 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар байгуулсан Ажлын хэсгээр асуудлыг хэлэлцүүлж, тухайн ажлын хэсгийг төлөөлөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргаас нэхэмжлэгч нарт 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/10542 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр хариу өгсөн нь буруу.
2.18. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь улсын ерөнхий байцаагчаар давхар ажиллан доод шатны улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах чиг үүргийг хэнтэй ч хуваалцахгүйгээр хэрэгжүүлэх бүрэн эрхтэй этгээд болохын хувьд иргэдээс тодорхой улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан гомдолд өөрөө хариу өгөх үүрэгтэй гэж үзнэ.
2.19. Иймээс хууль зүйн агуулгаараа, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж зааснаар нэхэмжлэгч нараас гаргасан 2024 оны 07 дугаар сарын 30, мөн оны 08 дугаар сарын 09-ний өдрийн гомдлуудыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагч өөрөө шийдвэрлэлгүй эс үйлдэхүй гаргасан байна гэж шүүх дүгнэлээ.
2.20. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагч нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт заасан чиг үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэгч нараас гаргасан гомдолд өөрөө хариу өгөх үүрэгтэй ба харин өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд Ажлын хэсэг байгуулан гомдлыг судлуулах ажиллагааг хийлгэснийг шүүхээс буруутгаагүй болно.
2.21. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: гээд, мөн зүйлийн 16.1.10 дахь заалтад улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх баримт бичгийн загвар, маягт, холбогдох заавар, журмыг хуульд заасны дагуу баталж мөрдүүлэх; гэж заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/341 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам-ыг[11][11] баталжээ.
2.22. Тус журмын 20.1-д Энэ журмын 3-т заасан эрх бүхий этгээд нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, санал, хүсэлтийг хянан шийдвэрлэх хяналт шалгалтын үйл ажиллагаанд дараах дарааллыг баримтална: гээд, 20.1.1-20.1.8-д заасан ажиллагаанаас, тухайлбал, 20.1.7-д Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хуульд заасан арга, хэлбэрээр зохион байгуулах, 20.1.8-д тогтоогдсон нөхцөл байдлыг үнэлэн, үндэслэл бүхий шийдвэр гаргах гэж зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагч нэхэмжлэгч нарын гомдолд хариу өгөхдөө эдгээр ажиллагааг хийвэл зохино.
2.23. Учир нь, нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ... миний гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ сонсох ажиллагаа хийгээгүй ... гэх агуулгаар, хариуцагчаас тайлбарлахдаа ... Д.Я*******той хэд хэдэн удаа холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан тул зурвас үлдээсэн ... Сонсох ажиллагааны тухайд ажлын хэсэг шийдвэр гаргаагүй учраас сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн ... гэх агуулгаар тайлбарлаж байгаагаас үзэхэд, хариуцагчийн үйл ажиллагаа нь дээр дурдсан журмын зохицуулалт болон Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна. гэсэнд нийцээгүй байна.
2.24. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нараас гаргасан Улсын ерөнхий байцаагчийн хяналтаа хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хяналтаа хэрэгжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.25. Шүүхийн энэхүү шийдвэр нь нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан агуулгатай биш бөгөөд харин хариуцагч нь нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг хуульд заасны дагуу хянаж, өөрөө хариу өгөх агуулгатай болно.
2.26. Мөн энэхүү шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нарын дурддаг Хяналтын улсын байцаагч Б.Бг мөрдөн шалгах эрх бүхий албанаас шинжээчээр томилсон нь хууль ёсны эсэх, Б.Б шинжээчээр ажиллах эрх бүхий этгээд мөн эсэх, түүний гаргасан гэх шинжээчийн дүгнэлт хууль ёсны эсэх зэрэг асуудалд дүгнэлт өгөхгүй бөгөөд нэхэмжлэгч нар нь холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих журмаар энэ асуудлаар маргах эрх нь нээлттэй бөгөөд тэрхүү эрхийг энэ шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын тухайд:
3.1. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын төлөөлөгч Д.Я*******гоос Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тогтоох тухай шинжилгээний төрөл байдаг эсэх лавлагааг Шүүх шинжилгээний ерөнхий газраас гаргуулах, тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох, санал дүгнэлт гаргах эрхий бүхий орон тооны бус зөвлөлөөс тусгай зөвшөөрөл олгосон хүмүүстээ шинжээчийн хувийн тэмдэг олгодог. Хяналтын улсын байцаагчийн 15 дугаартай дугуй тэмдэг тусгай мэдлэг бүхий шинжээчийн хувийн тэмдэгтэй дүйцэх эсэхийг Шүүх шинжилгээний ерөнхий газраас тодруулах, Монгол Улсын иргэн С***** овогтой Б*******-ын Б, Ж***н Ч*******, Б******ны Г******* нарт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11.12.3 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн хувийн дугаар бүхий тэмдэг, шинжээчийн дүгнэлтийн маягт олгосон эсэхийг тодруулах, Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 тоотод Б.Б улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийн хувь Шүүх шинжилгээний ерөнхий газарт хадгалагдаж байгаа эсэх талаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан.
3.2. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан гаргуулахыг хүссэн нотлох баримтууд нь хэрэгт шууд хамааралгүй бөгөөд энэ хэрэгт нотолгооны ач холбогдолгүй байх тул хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4 дэх заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.10 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.2, 18.4, 18.6, Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Я*******, Ц.Э, Ц.Ү, Ц.Ц нараас Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд улсын ерөнхий байцаагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын ерөнхий байцаагчийн хяналтаа хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хяналтаа хэрэгжүүлэхийг даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэг, 54.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Я*******, Ц.Э, Ц.Ү, Ц.Ц нараас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/10542 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дүгээр зүйлийн 107.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд улсын ерөнхий байцаагч нь нэхэмжлэгч нараас гаргасан 2024 оны 07 дугаар сарын 30, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн гомдолд хуульд заасан журмын дагуу өөрөө хариу өгөх замаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгөөс 35 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 35 100 төгрөгийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд улсын ерөнхий байцаагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1][1] Нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариуцагчийг шүүгч тодруулсан болно, хэргийн 2-р хавтасны /цаашид 2Хх гэх/ 11 дэх тал
[2][2] Хэргийн 1-р хавтасны /цаашид 1Хх гэх/ 156-160 дахь тал
[3][3] 1Хх 161-166 дахь тал
[4][4] 1Хх 167-168 дахь тал
[5][5] 1Хх 169-181 дэх тал
[6][6] 1Хх 153-155 дах тал
[7][7] 1Хх 153-155 дахь тал
[8][8] 1Хх 167-168 дахь тал
[9][9] Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд хуульчлагдсан гомдлыг хянан шийдвэрлэх журам бол эрх зүйн хяналтын сонгодог хэлбэр юм.
[10][10] Тухайлбал, захиргааны байгууллагын хяналт шалгалтын ажиллагаа нь албаны хяналтын нэг хэлбэрт тооцогддог.
[11][11] https://burtgel.gov.mn/post/58178 /нийтэд илэрхий нотлох баримт/