Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 89

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Улсын яллагч: Т.Төмөртулга

Хохирогч Д.Эгиймаа

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Лхам

Шүүгдэгчийн өмгөөлөгч. Д.Дарьсүрэн

Шүүгдэгч: Л.Түвшинжаргал нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Түвшинжаргалд холбогдох 1722000980048 тоот хэргийг 2017 оны 11  сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 1988.05.26-нд төрсөн, 29 настай, эрэгтэй, 2-р анги төгссөн гэх, бичиг үсэг мэдэхгүй гэх, мэргэжилгүй гэх, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4-р баг “Баян”-д оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй /РД:ЗД88052616/ Тайж овогт Лхагвасүрэнгийн Түвшинжаргал нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох буюу Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр нотлох баримт шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Прокурор яллах дүгнэлтдээ “яллагдагч Л.Түвшинжаргал нь  2017 оны 10 дугаар сарын 19-ний орой Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр баг, төвийн задгайд өөрийн эхнэр Д.Эгиймааг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоож”, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн ирүүлжээ. /хх 74-77/

            Шүүгдэгч Л.Түвшинжаргал нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний орой Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр баг, төвийн задгайд өөрийн эхнэр Д.Эгиймааг архи ууж согтуурсан үедээ  хэрүүл маргаан өдөж, эрх, эрх чөлөөнд нь халдаж зодсон болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017.10.19-ний өдөр Л.Түвшинжаргал өглөө гарч яваад орой согтуу ирсэн. Ирээд намайг архинд яв гэхээр нь мөнгө байхгүй гэсэн чинь намайг дэлгүүрээс зээлээд аваад ир гэхээр нь би дэлгүүрээс архи зээлээд аваад ирсэн. Намайг хашаа руу ороод ирэхэд өөдөөс гарч ирээд цуг ирсэн Болд гэдэг хүнтэйгээ намайг хардсан. Би авч ирсэн архиа өгөөд гэртээ орсон. Түвшинжаргал намайг зодож, боож унагаж, өшиглөж  данхтай цайгаар цохьсон. Дараа нь ална гээд хутга эрээд байхаар нь би 2 хүүхдээ аваад гараад зугтаасан. Тэгээд гарч яваад цагдаад хэлсэн. Энэ хүн 2014 оноос эхлээд архинд орсон. Сүүлдээ намайг зоддог болсон. 2017 оноос хойш зоддог болсон. Намайг 8 сартай жирэмсэн байхад зодож байсан. Би Сэтгэл санааны хохирол 2 сая төгрөг нэхэмжилж байгаа түүнийгээ гаргуулна. Хэрэг гараад би аймаг сум хоёрын хооронд зөндөө явсан, зардлаа авмаар байна. Надад тэрталаар баримт байхгүй, дандаа хувийн унаагаар ирж очсон. Бодож үзэхэд 160000 төгрөгийн зардал гарсан. Нэг талдаа 10000 төгрөг, хоёр талдаа нийт 20000 төгрөгийг зардал  гардаг гэх мэдүүлэг

- Хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 10 сарын 19-ний орой манай нөхөр Л.Түвшинжаргал архи уусан байдалтай орж ирээд надад агсам тавьж гэрийн зүүн багана гараараа цохиж аваад чамд агсам тавих уу, яах уу гэж агсраад байсан. Тэгээд гэрээс гараад ирээ юм хэлье гэхээр нь гараад очтол чи нэг шил архи аваад ир гэсэн. Би мөнгө байхгүй талаар хэлэхэд намайг зандрангуй зээл хийгээд ч хамаагүй архи олж ир гэсэн. 0.75 литрийн Улаанбаатар архи аваад хашаа руу орох гээд явж байтал гэрээс гарч ирээд шилтэй архи гараас булааж аваад намайг цохих гээд байснаа чи хүнтэй сундалж явдаг хэн юм бэ гэх мэтээр айлгаад байсан. Гэр лүү зугтаагаад ортол гэрт орж ирээд намайг зодох гээд давшлаад байснаа гэрийн баруун орон дээр очоод суучихсан. Миний өөдөөс данх аваад шидчихсэн, би бултаж амжаагүй миний нуруу хэсэгт цохьсон. Тэгээд босож ирээд зуухан дээр байсан тогоотой хоолоо авч шидээд гэрийн зүүн хэсэг рүү зуухаа өшиглөсөн. Л.Түвшинжаргал намайг цагдаа сэргийлэхээ дуудаа би айхгүй гичий, п.. гэх мэтээр их доромжилж айлгасан. Мөн миний утсыг булааж аваад асаж байгаа гал руу шидчихсэн. Мөн өөрийнхөө гар утсыг хананд саваад хэмхэлчихсэн. Тэгээд намайг өмсөж явсан куртикаар боож унагаагаад нуруу бөөр хэсэг рүү нэг удаа өшиглөснөө гэрийн зүүн урд хэсэгт байх модон тавиураас хутга олоод чамайг ална гээд хайгаад байхаар нь би айгаад гараад зугтаачихсан гэх мэдүүлэг /хх 6-7/

- Гэрч С.Эрэнжаргалын /хохирогчийн эх/: 2017 оны 10 сарын 19-ний орой харуй бүрий болж байсан юм. Манай охин Д.Эгиймаа эгч Түмэн-Одын утас руу залгаад нөхөр Л.Түвшинжаргалд зодуулчихлаа зугтаагаад гудманд байна, утасны цэнэг дуусчихлаа гэж хэлсэн. Би гараад охиноо гудамжинд хайгаад олоогүй гэх мэдүүлэг/хх-12/

- Гэрч Н.Гарьдын: 2017.10.19-ний орой 21 цаг 30 минутын үед Д.Эгиймаа хоёр хүүхдээ дагуулаад нөхөр Л.Түвшинжаргалд зодуулчихлаа гэж манайд очсон. Д.Эгиймаа хоёр хүүхдийн хамт хувцас хунар нимгэнтэй, өмссөн хувцас хунар нь урагдчихсан байсан. Шөнө унтаж байхдаа ёолоод байсан гэх мэдүүлэг /хх-13/

- Гэрч Д.Түмэн-Одын /хохирогчийн эгч/: 2017.10.19-ний орой 20 цагийн орчимд дүү Д.Эгиймаа өөрийн утаснаасаа нөхөр Л.Түвшинжаргалд зодуулаад гэрээсээ гараад явж байгаа талаар хэлээд утас нь холбогдохоо байчихсан. Тухайн орой манай дүү Эрдэнэбаатар согтуу байсан. Би гэрээ цэвэрлээд байж байтал Л.Түвшинжаргал гэрт согтуу орж ирээд манай аав Лхагвасүрэн, эхнэр Д.Эгиймаа нар муудалцсан сурагтай, эхнэр гэрт алга байна гэж хэлсэн. Би Л.Түвшинжаргалд хандан Д.Эгиймаа утсаар ярьсан, та нар ямар учраас муудалцаад байдаг юм гэж хэлтэл үгүй ээ аавтай муудалцсан гэж байсан. Тэгтэл манай дүү Эрдэнэбаатар 2 шил онги гэдэг архи гаргаж ирээд Л.Түвшинжаргалтай хувааж угаад сууж байтал ээж гэрт орж ирээд хөөгөөд гаргасан. Маргааш өглөө Д.Эгиймаагийн хоолой хөхөрсөн байсан, мөн нуруу хэсэгт байна гэж байсан гэх мэдүүлэг /хх-18/

- Шинжээчийн 2017.10.27-ны өдрийн 170200314 тоот дүгнэлтэд: Д.Эгиймаагийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ /хх-20/

Дээрх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Л.Түвшинжаргал нь 2017 оны 10 сарын 19-ний өдөр архидан согтуурсан үедээ эхнэр Д.Эгиймаад агсам тавьж, цээртэй үгээр харааж доромжлон, тогоотой хоолоо авч чулуудах, зуухаа өшиглөх зэргээр эд хогшлоо эвдэж хэмхлэн, улмаар эхнэр Д.Эгиймааг зодсон үйлдэл, үйлдэл болсон газар, орчин нөхцөлд дүгнэлт хийхэд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн  зарим шинжийг агуулж байгаа боловч тухайн зүйл, хэсгийг хэрэглэхэд эргэлзээтэй дараахь  нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тодорхойлсон байна. Прокурорын шүүхэд шилжүүлж ирүүлсэн яллах дүгнэлтээс /хх-74-77/ үзэхэд зөвхөн 2017 оны 10 сарын 19-ний өдөр хохирогч Д.Эгиймааг зодсонтой холбоотой  нотлох баримтуудыг тэмдэглэх хэсэгтээ тусгасан байна.

- Хохирогч Д.Эгиймаа нь “2017 оны 5 сарын 12-ны өдөр 8 сартай жирэмсэн байхад мотоцикльтой туулгаж байгаад зодсон, 2016 онд архи уусан байхдаа 3-н удаа зодсон” гэж мэдүүлж байгаа боловч түүний мэдүүлгийг батлах баримт гаргаж өгөөгүй, мөрдөгч мөн тэр талаар нотлох баримт цуглуулаагүй байна. Хохирогч нь 2017 оны хавар зодуулснаас болоод хэвтрийн дэглэм сахиж байж хүүхдээ төрүүлсэн гэж мэдүүлж байгааг ч мөн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан байна.

- Улсын дээд шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан албан ёсны тайлбарын /Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1-ийн 4 дэх заалт/ 9 дэх хэсэгт “…”байнга зодох” гэж тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаа бие махбодийн хүчирхийлэл хийсэн байхыг хэлнэ” гэж тайлбарлажээ. Энэхүү тогтоол хүчин төгөлдөр байгаа бөгөөд хуульд харшлаагүй байх тул Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг тайлбарлахад хэрэглэх үндэслэлтэй байна. Мөрдөн байцаалтын явцад цуглуулсан нотлох баримтаар Л.Түвшинжаргал нь эхнэр Д.Эгиймааг “байнга зодсон” гэсэн нь хангалттай нотлогдохгүй байна. 

Эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан шүүхэд хуралдаанаар нотолбол зохих гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ Л.Түвшинжаргалд холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтар хангалттай нотлогдоогүйн улмаас шүүгдэгч Л.Түвшинжаргал нь эхнэр Д.Эгиймааг “байнга зодож  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг хэрэглэхэд эргэлзээ гарч байна.

           Иймд Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн зүйлийн 2-т “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан хууль ёсны зарчмыг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль…-ийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг … шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмыг  удирдлага болгон энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “байнга зодсон” шинж нь баримтаар хангалттай нотлогдоогүй байхад үйлдлийн зарим нэг шинжээр нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг төсөөтэй хэрэглэж, уг зүйл хэсэгт зааснаар Л.Түвшинжаргалыг үйлдлийг зүйлчилж, ял оногдуулах боломжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахаар шийдвэрлэлээ.

Энэхүү хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг хэргийг прокуророор дамжуулан, хэрэг бүртгэлтэд буцаах байдлаар хэрэглэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүйгээс цагаатгаж буй тул хохирогчийн сэтгэл санааны хохирол, замын зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих үндэслэлтэй байна. Хохирогч нь эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлагыг 2017 оны 10 сарын 19-нөөс хойш 5 жилийн дотор хариуцвал зохих этгээдийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг тайлбарлах нь зүйтэй байна.

  Мөн шүүхээс Л.Түвшинжаргалын үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, цагаатгахаар шийдвэрлэсэн нь түүний үйлдлийг зөвтгөж, улмаар түүний үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлыг үгүйсгэж байгаа асуудал биш тул энэхүү цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Л.Түвшинжаргалын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинжтэй эсэхийг хянан шалгах, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн бүрэлдэхүүнтэй эсэхийг хянан шалгаж, захиргааны хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг, хэрэг бүртгэлтэнд буцсаны дараа явагдах журамтайг шүүгдэгч, хохирогч нарын хэн алинд тайлбарлаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10, 36.13, 38.1, 38.2  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Тайж овогт Лхагвасүрэнгийн Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Д.Эгиймааг байнга зодсон гэх хэргийг хэрэгсэхгүй болгож,  цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Дундговь аймгийн Прокурорын  газрын хяналтын прокурорын 2017.11.09-ний өдрийн 1722000980049 тоот тогтоолыг хүчингүй болгож, Л.Түвшинжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророор дамжуулан хэрэг бүртгэлтэнд буцаасугай.

3. Энэхүү цагаатгах тогтоолыг хүчин төгөлдөр болмогц Л.Түвшинжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Эгиймаагийн шүүхэд гаргасан сэтгэл санааны хохиролд 2 сая төгрөг, мөрдөн байцаалтад болон шүүхэд дуудагдан ирсэн зардал 160000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд зааснаар хариуцагчийн харъяа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.

5. Энэхүү цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ