Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/898

 

 

 

 

    2023           9            05                                         2023/ДШМ/898

 

М.Ат холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,  

иргэнийн нэхэмжлэгч У.Төмөр,

яллагдагч М.А,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/1230 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч У.Төмөрийн гаргасан давж заалдах гомдлоор М.Ат холбогдох 2303003250720 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Балжид овгийн М.А, 1972 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ОХУ-ын иргэдэд хөтөч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 63а байрны 14 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЧИ72081311/,

М.А нь Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Удирдлагын академийн зам, Оргил сувиллын хойд замд 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 15 цаг 05 минутын орчимд Тоёота приус 30 загварын 31-26 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг, мөн дүрмийн 11.5 "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэх заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрж “Волксваген Поло” загварын 28-22 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Волксваген Поло” загварын 28-22 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Д.Ганцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: М.Аийн үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолбол зохих байдал, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэхээр, мөн хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад мөрдөгч гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргахаар тус тус заажээ.

Шинжээч томилсон мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор ямар компанийг шинжээчээр томилсон талаар бичээгүй байхад хөрөнгийн үнэлгээчин М.Эрхэмбаяр дүгнэлт гаргасан, үнэлгээчин М.Эрхэмбаярыг хэний ямар шийдвэрээр шинжээчээр оролцуулсан нь ойлгомжгүй байна.

Хөрөнгийн үнэлгээчин М.Эрхэмбаяр “Итгэлт Эстимэйт 3” ХХК-ийн салбарын захирал гэсэн тамга хөрөнгийн үнэлгээнд дарагдсан бөгөөд “Итгэлт Эстимэйт 3” ХХК-ийг шинжээчээр тогтоосон шийдвэргүй байхад дүгнэлт гаргасан нь хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.

Эрх бүхий албан тушаалтны шийдвэр, тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээ гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний компанийг хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөгч, прокурор тогтоох шаардлагатай бөгөөд шинжээчээр томилогдсон хөрөнгийн үнэлгээний компани нь тухайн тээврийн хэрэгсэлд ямар ямар эвдрэл байгааг нэг бүрчлэн тогтоож, улмаар аль эвдрэл нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд учирсан, үүссэн болохыг, өөрөөр хэлбэл шинэ эвдрэл, хуучин эвдрэлээр ялгаж, тухайн эвдрэлийг засварлах боломжтой эсэх, засварлах боломжтой бол зах зээлийн үнэлгээ ямар болохыг, засварлах боломжгүй солих шаардлагатай эсэхийг ялгаж, зах зээлийн ханшийг буюу гэмт хэрэг гарсан гэх цаг хугацааны үнэлгээг нарийвчлан тогтоож, шинжилгээ хийх шаардлагатай. Энэ үйл баримтыг тогтоосноор гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол, хор уршиг тодорхойлогдох учиртай.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан мөрдөгчийн тогтоол хууль зөрчсөн нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 76, 77 дахь талд авагдсан Авто тээврийн үндэсний төв, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн албан бичиг авагдсан бөгөөд замын хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслүүд нь замын хөдөлгөөнд оролцохдоо тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж байсан эсэхийг шалгаж, тогтоосноор Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийхэд ач  холбогдолтой. “Их хэмжээний эвдрэлтэй” гэсэн үндэслэлээр тээврийн хэрэгслийн техникийн шинжээчийн дүгнэлт гаргаагүй нь учир дутагдалтай бөгөөд замын хөдөлгөөнд оролцсон “Волксваген Поло” загварын 28-22 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон “Тоёото Приус 30” загварын 31-28 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байсан эсэх талаар техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулах нь ач холбогдолтой.

Тухайн тээврийн хэрэгслүүдийн техникийн улсын 2021, 2022 онд үзлэгт орсон эсэх лавлагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулах нь ач холбогдолтой гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд мөрдөн шалгах дээрх ажиллагааг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь ач холбогдолтой, хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч М.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Иргэний нэхэмжлэгч У.Төмөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны явцад шинжээчийн дүгнэлтийг хэлэлцээгүй, мөн тээврийн хэрэгслийн оношлогоо, үзлэг бүрэн бус зэрэг хэрэгт ач холбогдолгүй зүйлээс үүдэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул гомдлыг хүлээн авч, шүүхийн явцыг түргэсгэж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч М.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хэлэх тайлбаргүй” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөгчөөс шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Шинжээч томилсон тогтоолыг шинжилгээ хийсэн шинжээч хүлээн аваад гарын үсэг зураад баталгаажуулсан байдаг. Хавтаст хэргийн 92 дугаар хуудсанд засварлах болон солих эд ангиудыг ялгаад бичсэн. Эд анги эвдэрсэн эсэх талаар “Таван богд” ХХК буюу албан ёсоор оруулж ирдэг компанид машиныг үзүүлэхэд нийт эвдэрсэн сэлбэгийн жагсаалтыг гаргаад нийт сэлбэгийн үнэ 68.665.000 төгрөг, засварын хөлс 14.109.700 төгрөг, нийт 82.774.700 төгрөгийн зардал гарах болохыг тодорхойлсон. Ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Зам тээврийн осол гарахад техникийн талаас ямар нэгэн нөлөөлсөн зүйл тогтоогдоогүй. Мөрдөгч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд магадлагаа гаргасан. Зам тээврийн осол гарахад техникийн байдал нөлөөлсөн эсэхийг тусгай шинжээч томилж шалгуулах шаардлагагүй. Авто тээврийн үндэсний төв бол зөвхөн оношилогоо хийдэг. Хохирлын хэмжээг хуульд заасны дагуу бодитойгоор тогтоосон. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч У.Төмөрийн гарргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад М.Ат холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. ...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүгчийн захирамжид заасан “...Шинжээчээр тогтоосон шийдвэргүй байхад дүгнэлт гаргасан нь хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн, тээврийн хэрэгслүүдийн техникийн улсын үзлэгт орсон эсэх лавлагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулах...” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байх бөгөөд эдгээр үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.  

Түүнчлэн, хавтас хэрэгт авагдсан шинжээч томилох, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд /хх 68-69, 89-90/ ямар компаниар, ямар шинжээчээр шинжилгээ хийлгэх нь тодорхой заагаагүй байхад “Б.Шинэбаяр, М.Эрхэмбаяр” гэх шинжээч нараар яагаад шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан нь ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна.

Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлдөг тул үүнийг заавал тогтоож, тодорхойлох нь зүйтэй.

Иргэний нэхэмжлэгч У.Төмөр “...хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүгчийн захирамж үндэслэлтэй тул иргэний нэхэмжлэгч У.Төмөрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/1230 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/1230 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч У.Төмөрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧ                                                              М.АЛДАР

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ