Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/899

 

 

 

 

    2023           9            05                                         2023/ДШМ/899

 

С.Б, Х.С, С.А

 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Онолт,

яллагдагч С.Бгийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх,

яллагдагч Х.С, түүний өмгөөлөгч Ц.Батзориг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/967 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Шагдарын бичсэн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 49 дугаартай эсэргүүцлээр С.Б, А.Сүрэнхорол, С.А нарт холбогдох 21020001720144 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дөчин дөрөв овгийн С.Б, 1985 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 25/4 дүгээр байрны 26 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 46а-19 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ПЭ85042723/,

Хотгойд овгийн Х.С, 1984 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Хууль зүй дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын шинжээч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 102-56 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хорооллын 102-56 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ПЮ84070889/,

Зээрд Адуун овгийн С.А, 1961 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 6-239 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 133-31 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ХП61103107/,

С.Б нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна”, 8 дугаар зүйлийн 8.4-т “Тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно.”, 8.5-д “Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан албаны эрх ашгийн эсрэг ашиглаж Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байранд 2019 оны 12 дугаар сард 27.100.000 төгрөгийн нийт төсөвт өртөгтэй “Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах” ажлын гүйцэтгэгчийг бага үнийн аргаар шалгаруулалгүйгээр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/377 дугаартай тушаалыг боловсруулж, батлуулахдаа нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг 5 хэсэгт хувааж, улмаар урьд өмнө 2013-2014 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн нар боловсруулсан “Хурдан морины бооцоот уралдааны тухай” хуулийн төслийн ажил, холбогдох материалыг иргэн Х.Сд өгч, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж хуулийн төслийг эцэслэн боловсруулсан мэтээр материал бүрдүүлэн санхүүжилт болох 10,000,000 төгрөгийг “Гадаад худалдаа, аялал жуулчлал, нийтийн хоол үйлдвэрлэл”-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Атаршим трейд” ХХК-ийн дансаар дамжуулан Х.Сд олгохыг зохион байгуулсан,

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Дуламжавтай 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 19/464 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, дээрх хуулийн төсөлтэй холбоотой бусад улс орны холбогдох журмын орчуулга хийлгэж 1.750.000 төгрөгийг шилжүүлсэн, түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй “Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөлтэй ижил төстэй бусад улс орны хуулийн судалгаа хийж дүгнэлт гаргах” ажлыг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 19/619 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж 7.100.000 төгрөгийг, мөн “Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах” ажлыг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 19/618 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан 8.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн атлаа огт дээрх ажлуудыг хийж гүйцэтгэлгүйгээр тус төвөөс 15.100.000 төгрөгийг буцааж Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу шилжүүлэн авч гадаад улс руу явах зардалд оруулан өөрөө гадаад улс руу явж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Улсын төсөвт нийт 26.675000 төгрөгийн хохирол учруулсан,

 Х.С нь нийтийн албан тушаалтан буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бтай санаатай нэгдэж, түүний Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна”, 8 дугаар зүйлийн 8.4-т “Тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно.”, 8.5-д “Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан албаны эрх ашгийн эсрэг ашиглаж Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байранд 2019 оны 12 дугаар сард 27.100.000 төгрөгийн нийт төсөвт өртөгтэй “Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах” ажлын гүйцэтгэгчийг бага үнийн аргаар шалгаруулалгүйгээр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/377 дугаартай тушаалыг боловсруулж, батлуулахдаа нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг 5 хэсэгт хувааж, улмаар урьд өмнө 2013- 2014 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зэхицуулалтын газрын мэргэжилтэн нар боловсруулсан “Хурдан морины бооцоот уралдааны тухай” хуулийн төслийн ажил, холбогдох материалыг С.Бгийн удирдлагад ажилладаг мэргэжилтэн Б.Жавхлангаас авч, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж хуулийн төслийг эцэслэн боловсруулсан мэтээр материал бүрдүүлэн санхүүжилт болох 10.000.000 төгрөгийг гадаад худалдаа, аялал жуулчлал, нийтийн хоол үйлдвэрлэл”-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Атаршим трейд” ХХК-ийн дансаар дамжуулан өөрөө авч гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, 

 С.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид эрүүгийн 2102001720144 дугаартай хэрэгт гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: С.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар сарын 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт цугласан нотлох баримт, хүсэлт тайлбаруудаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр А/377 дугаартай тушаал гаргаж 27.100.000 төгрөгийн нийт төсөвт өртөгтэй “Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах” ажлын гүйцэтгэгчийг бага үнийн аргаар шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэлгүй нийт төсөвт өртгийг 5 хэсэгт хуваах шийдвэр гаргасан байна.

Ингэснээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Х.Стой “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж санхүүжилт болох 10.000.000 төгрөгийг “Атаршим трейд” ХХК-ийн дансаар дамжуулан Х.Сд олгуулсан, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Дуламжавтай 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 19/464 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, дээрх хуулийн төсөлтэй холбоотой бусад улс орны холбогдох журмын орчуулга хийлгэж 1.750.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мэдсээр байж илт зөрчин 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр А/377 дугаартай тушаал гаргаж “Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах” ажлын гүйцэтгэгчийг бага үнийн аргаар шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэлгүй нийт төсөвт өртгийг 5 хэсэгт хуваах шийдвэр гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргыг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж гэм буруутай эсэхийг тогтоолгохоор шүүхэд шилжүүлэн ирүүлээгүй, прокурорын яллах дүгнэлтэд тодорхойлсноор яллагдагч Х.Стой адил үйлдэлтэй Д.Дуламжавын үйлдэл оролцоо энэ хэрэгт байгаа эсэхийг шалгах нь зүйтэй байна. Иймд яллагдагч С.Б, яллагдагч Х.С нарын үйлдлийн үндэс болсон 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/377 дугаартай тушаалыг гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, мөн яллагдагч Х.Стой адил үйлдэлтэй байж болох Д.Дуламжав нарыг дээрх гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг холбогдуулан шалгах, яллагдагч С.Б нь 15.100.000 төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу шилжүүлэн авч гадаад улс руу явах зардалд оруулан гадаад улс руу явж өөртөө давуу байдал бий болгосон үйлдлийг шалгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

Иймд мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон байх тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр С.Б, Х.С, С.А нарт холбогдох хэргийг прокурорт буцаан, хэргийг прокурорт очтол яллагдагч С.Б, Х.С, С.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Ц.Шагдар бичсэн эсэргүүцэлдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2023/ШЗ/967 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж гаргахдаа цаашид хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааны талаар тодорхой, ойлгомжтой тусгаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх захирамжид “...Төрийн нарийн бичгийн даргыг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж яллагдагч Х.Стой адил үйлдэлтэй Д.Дуламжавын үйлдэл оролцоо энэ хэрэгт байгаа эсэхийг шалгах, яллагдагч С.Б нь 15.100.000 төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу шилжүүлэн авч гадаад улс руу явах зардалд оруулан гадаад улс руу явж өөртөө давуу байдал бий болгосон үйлдлийг шалгуулахаар  хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв...” гэж заасан. Гэвч хэрэгт тусгагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганбаярын, гэрч О.Дуламсүрэн, Ц.Цэнгэлийн, гадаад улсад албан томилолтоор явсан баримтууд, Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 6-1/538 дугаартай Зөвлөмж, тайлбар хүргүүлэх тухай албан бичиг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, иргэн Д.Дуламжав, яллагдагч С.Бгийн 15.100.000 төгрөгийн үйлдэлтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байсныг анхааралгүй, дахин холбогдуулан шалгах гэж заасан атлаа ямар төрлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар захирамждаа тодорхой, ойлгомжтой тусгаагүй байна.

Ц.Цэнгэл нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт заасан Төрийн нарийн бичгийн даргын эрх хэмжээний хүрээнд Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах ажлыг зохион байгуулах зардлыг баталж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар С.Бд үүрэг болгож 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр А/377 дугаартай тушаал гаргасан байна.

Уг тушаалын хавсралтаар Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслийг  эцэслэн боловсруулах ажлыг 5 багцад хувааж, шаардагдах санхүүжилтийг Санхүүгийн хэлтсийн дарга О.Гантулга, ахлах нягтлан О.Дуламсүрэн нарт тус тус зөвшөөрчээ.

Гэвч Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар С.Б нь дээрх тушаалын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхдээ тендер сонгон шалгаруулалт зарлахгүйгээр, холбогдох хууль журмыг зөрчиж 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 19/464 дугаартай гэрээг иргэн Д.Дуламжавтай, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 19/549 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г “Атаршим трейд” ХХК-тай тус тус байгуулж бусдад давуу байдал бий болгосон байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, мөн хуулийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгахад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Харин түүний Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.2 дахь хэсэгт заасан “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, сайдын тушаал, Засгийн газрын хуралдаан, Ерөнхий сайд, сайдаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих” үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон боловч түүний дээрх биелүүлбэл зохих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, шаардлагатай арга хэмжээ аваагүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хайнга хандах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Албан тушаалтан хайнга хандах гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг аваагүй байх, мөн өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгэсэн боловч тэр нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсан нь алдаа доголдол гаргахад хүргэсэн байхаас гадна уг гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийн биелүүлбэл зохих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, шаардлагатай арга хэмжээ аваагүй үйлдлийн улмаас их хэмжээний хохирол учраагүй байх тул мөн дээрх гэмт хэргийн шинж үгүйсгэгдсэн тул мөрдөгчийн Ц.Цэнгэлд холбогдуулан яллагдагчаар татах мөрдөгчийн саналыг прокуророос татгалзаж шийдвэрлэсэн зэргээс Ц.Цэнгэлд холбогдуулан хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчилсан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг харгалзан тухайн зүйл заалтад заасан гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь, гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийн үйлдэл оролцоо дутсанаар гэмт хэрэг төгсөх боломжгүй байсан бол гэмт хэрэг хамтран оролцсон этгээдэд үйлдэл оролцоог харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймээс яллагдагч С.Б, Х.С нарын гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, гүйцэтгэсэн үүргээс хамааран зохион байгуулагч, хамжигч буюу хамтран оролцох хэлбэрийг тогтоосон болно.

Д.Дуламжав ХонгКонгийн Засаг захиргааны тусгай бүсэд мөрддөг, морины уралдаан, бооцоот хөлбөмбөг, мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой санхүүгийн харилцааг нарийвчлан зохицуулдаг “Мөрийтэй тоглоомын журам” зэргийг Англи хэлнээс орчуулах зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 19/464 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг тус яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Бтай байгуулсан бөгөөд гэрээнд заасан ажлыг Д.Дуламжав нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор хийж гүйцэтгэн, зохих журмын дагуу ажил гүйцэтгэх гэрээг дүгнүүлсэн байна.

Улмаар гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн 495041390 дугаарын дансаар дамжуулан 1.575.000 төгрөгийг хүлээн авсан буюу хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг авсан иргэн Д.Дуламжавын үйлдлийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор аливаа идэвхтэй үйлдэл хийж, гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон яллагдагч Х.Стой адил үйлдэлтэй гэж хэрэгт тусгагдсан баримтуудаар тогтоогдсон бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаах шийдвэрийн нэг хэсэг болгосон нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн хэрэгт тусгагдсан гэрч С.Бат-Эрдэнэ, С.Байгалмаа, Т.Энхцэцэг, Э.Батхүү, Б.Бүжинлхам, Б.Золзаяа, Б.Баттулга, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 21/86 дугаартай албан бичиг, Гадаад улсад албан томилолтоор явсан баримтууд зэрэг нотлох баримтуудаар яллагдагч С.Бгийн 15.100.000 төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу шилжүүлэн, гадаад улс руу явах зардалд оруулан гадаад улс руу явж өөртөө давуу байдал бий болгосон үйлдлийг шалгасан байсныг шүүх анхаарч үзэлгүй, цаашид ямар төрлийн мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх талаар тодорхой, ойлгомжтой бичигдээгүй байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлцээ төрүүлэхүйц, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Х.Онолт тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Ц.Шагдарын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх 3 үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Цэнгэлийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх боломжтой, түүнийг холбогдуулан шалгах шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг буцаасан. Уг үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Аливаа этгээдийг хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлийн хувьд тухайн этгээдийн үйлдэл оролцоо нь дутагдсан тохиолдолд тухайн гэмт хэрэг туйлдаа хүрээгүй шинжийг агуулсан байх шаардлагатай. Мөн гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээдүүд нь өөрийн хийж буй үйлдлийн улмаас бусдад хохирол хор уршиг учруулахыг лавтай сайн мэдэж байхыг шаарддаг. Дээрээс нь хийж буй үйлдлийн хувьд санаатай үйлдлийг хийсэн байхыг шаарддаг. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Цэнгэлийн хувьд ямар нэгэн санаатай үйлдэл хийсэн үйл баримт тогтоогдоогүй. Тухайн үед төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ажил үүргийн хуваарийн дагуу доод албан тушаалтануудаас боловсруулагдаж ирсэн баримт бичгүүдийг баталсан, гарын үсэг зурсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 5 багцад хувааж холбогдох худалдан авах ажиллагааг явуулсан үйл ажиллагааг Байгаль, орчин аялал жуулчлалын яамны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан Баясгалан хариуцан хийж гүйцэтгэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Цэнгэлийн хувьд хөндлөнгөөс ямар нэгэн байдлаар хууль бус үүрэг, даалгавар өгсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Цэнгэлийн үйлдэл албаны чиг үүргийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хайнга хандах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Цэнгэлийн хувьд санаатай гэмт хэрэгт хамтран оролцсон үйл баримт тогтоогдоогүй. Дуламжав гэх хүний хувьд орчуулах ажлыг хүлээн авч гэрээ байгуулж, 1.750.000 төгрөгийн санхүүжилтыг авсан байдаг. Шүүгчийн захирамжид дурдсанаар бол Дуламжав нь Сүрэнхоролтой адилхан гэмт хэрэгт хамтран оролцсон. Давуу байдал олж авсан этгээд тул түүнийг мөн холбогдуулан шалгах нь зүйтэй гэсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар уг хоёр хүн адилхан үйлдэл хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Дуламжавын хувьд албан тушаалын байдлаа ашиглан өөртөө давуу байдал олж авсан үйл баримт байдаг. Гэхдээ давуу байдлыг өөртөө олж авах зорилгоор аливаа этгээдтэй хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй. 15.100.000 төгрөгийг Аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй гэрээ байгуулж шилжүүлсэн асуудал байдаг. Өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор хийсэн үйлдэл гэж прокуророос зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн. Шүүхээс энэ талаар холбогдох ажиллагааг хийж шалгах гэсэн өгүүлбэрийг бичсэн байдаг. Энэ үйл баримттай холбоотой шалгалтын ажиллагаа хангалттай хэмжээнд хийгдсэн. Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан баримтуудаар ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр Худалдан авах ажиллагааны тухай хууль зөрчөөд энэ байгууллагатай хоёр төрлийн гэрээ байгуулаад 15.100.000 төгрөгийг шилжүүлсэн. Байгууллага уг хоёр төрлийн үйл ажиллагааг хийх ямар нэгэн чадамжгүй байгууллага байсан. Улмаар ажлыг хийж гүйцэтгээгүй. Холбогдох хуульд заасан арга хэрэгслээр бүхий л ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн. Шүүх шалгах шаардлагатай гэж үзэж байгаа бол яг ямар мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх, ямар нотлох баримт шаардлагатай байгаа, ямар нөхцөл байдлыг цааш нь дахин тодруулах шаардлагатай талаар тодорхой бичсэн бол шүүгчийн захирамж биелэгдэх боломжтой, хуульд нийцэх байсан гэж үзэж байна. Хэрвээ тодорхой төрлийн ажиллагааг хийхийг дурдсан бол уг ажиллагаануудыг яагаад шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа талаар хууль зүйн дүгнэлтийг өгөх ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж бодит байдалтай нийцээгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож өгнө үү. ... гэв.

Яллагдагч С.Бгийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн бус хийгдсэн талаар захирамжид тодорхой дүгнэсэн. Яллагдагч С.Б нь өөртөө тушаал гаргаад, өөртөө давуу байдал олгоод 15.000.000 төгрөгийг авсан үйлдэл байхгүй. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Х.Сын өмгөөлөгч Ц.Батзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дуламжавын үйлдлийг Х.Сын үйлдэлтэй адилхан гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Үүнтэй санал нэг байна. Прокурорын эсэргүүцэлд уг хоёр хүний үйлдлийг харилцан хамааралгүй мэтээр тайлбарласан байна. Гэтэл Төрийн захиргааны төв байгууллагаас тухайн худалдан авалттай холбоотой хувааж төлсөн асуудлыг төрийн байгууллагын дотоод асуудал гэж үздэг. Уг үйлдэлд Сүрэнхорол ямар ч хамааралгүй. Тухайн байгууллагад нь ажилладаггүй. Уг шийдвэрийг гарахад нөлөөлөх боломжгүй байсан. Энэ үйлдлийг Сүрэнхоролд хамааралтай мэтээр буруутгаж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. 27.100.000 төгрөгийн төсөвт өртгийг 5 хэсэгт хуваасан. Уг 5 ажлын нэгийг Сүрэнхорол хийж, нэгийг нь Дуламжав хийсэн. Ялгаагүй хоёулаа гэрээгээ хийгээд, төлбөрөө аваад, ажлыг хийгээд хүлээлгээд өгсөн байдаг. Адилхан хоёр ажлын нэгийг нь гэмт хэрэг гэж үзээд нөгөөг нь гэмт хэрэг биш гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг мөр шалгуулах саналтай байна. Дуламжавын үйлдэл гэмт хэрэг биш бол Сүрэнхоролын үйлдэл ч гэмт хэрэг биш байх боломжтой. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Х.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь харна уу. Баясгалан бид хоёрын үйлдлийг нотолсон нотлох баримт хэрэгт байхгүй. Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Хэргийг дахин шалгах ёстой. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурор Ц.Шагдарын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад С.Б, Х.С, С.А нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. ...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүгчийн захирамжид заасан “...Нийт төсөвт өртгийг 5 хэсэгт хуваах шийдвэр гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргыг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж гэм буруутай эсэхийг тогтоолгохоор шүүхэд шилжүүлэн ирүүлээгүй, прокурорын яллах дүгнэлтэд тодорхойлсноор яллагдагч Х.Стой адил үйлдэлтэй Д.Дуламжавын үйлдэл оролцоо энэ хэрэгт байгаа эсэхийг шалгах нь зүйтэй. ...” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байх бөгөөд эдгээр үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.  

Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлдөг тул үүнийг заавал тогтоож, тодорхойлох нь зүйтэй.

прокурор Ц.Шагдар “...хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэсэн эсэргүүцэл гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул түүний бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/967 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/967 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Шагдарын 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 49 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧ                                                              М.АЛДАР

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ