Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2024/0988

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х*******” ХХК, РД:*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Х*******,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э******* нарын хоорондын “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/684 дугаартай тушаалын 1 дэх хэсгээр “Х*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн 11606,8 мкв талбайд хамаарах хэсгийг хэсэгчлэн цуцалсныг, 2 дахь хэсгээр 23783,3 мкв талбай болгон өөрчилснийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаар тушаалаар “Х*******” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн З*******ын аманд 41148,9 мкв газрын ашиглах эрх олгосон.

1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/684 дугаар тушаалаар “Х*******” ХХК-д ашиглуулахаар олгосон 41148,9 мкв газраас Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ирүүлсэн саналын дагуу нийтийн эзэмшлийн орц, гарц нээх хүрээнд гэсэн үндэслэлээр 17365,7 мкв газрыг хэсэгчлэн цуцалсан.

1.3. “Х*******” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/684 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан.

1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/684 дугаартай тушаалаар “Х*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн 11606,8 мкв талбайд хамаарах хэсгийг хэсэгчлэн цуцалсныг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн.

1.5. 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/684 дугаартай тушаалын 1 дэх хэсгээр “Х*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн 11606,8 мкв талбайд хамаарах хэсгийг хэсэгчлэн цуцалсныг, 2 дахь хэсгээр 23783,3 мкв талбай болгон өөрчилснийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэж тодруулсан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “Х*******” ХХК-иас тус шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай “Х*******” ХХК-ийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаар тушаалаар ашиглаж буй 41148,9 м.кв ашиглах эрхтэй газрын 17365.7 м.кв талбайг нийтийн эзэмшлийн орц, гарц нээх хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/684 дугаартай тушаалаар хүчингүй болгосон. Манай компани маргаан бүхий газарт эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг “Т*******” ХХК-иар хийлгүүлж, дараах хэмжээг тогтоосон. Үүнд:

Цуцалсан хэмжээ 17365.7 м.кв цуцалсан газар дээр баригдсан замын хэмжээ 5758.9 м.кв замаас бусад цуцалсан талбайн хэмжээ 11606.8 м.кв өөрөөр хэлбэл 11606.8 м.кв газрыг цуцалсан нь зорилгодоо нийцээгүй, орц гарц нээх хүрээнээс хэтэрсэн, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Мөн манай компани нь газар ашиглах эрхийн зориулалтын дагуу барилга, байгууламж барихаар 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Аялагч, түр буудаллах, отоглох орон байрны зураг төслийг “Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Хот байгуулалт, хөгжлийн газраар тус тус хянуулж, зураг төслийг Нийслэлийн ерөнхий архитектураар батлуулсан. Уг зураг төслийг гаргахдаа одоо баригдсан байгаа /орц гарц болж буй/ хатуу хучилттай замыг устгах, өөрчлөх, хаах зэргээр бусад этгээдийн эрхийг хязгаарлахаас сэргийлж, уг замыг хэвээр үлдээж, тухайн замтай уялдуулан зураг төслийг гаргасан бөгөөд уг зураг төслийн дагуу баригдах барилга, байгууламж нь өөр бусад этгээд одоо баригдсан байгаа замаар зорчиход саад болохгүй байхаар тусгасан.

Өөрөөр хэлбэл, тухайн зөвшөөрөлгүй баригдсан замд өөрчлөлт оруулахгүйгээр “Э*******” ХХК-тай зөвшилцсөн тохиролцооны дагуу тухайн компанийн үйл ажиллагаа, орох, гарах эрхийг нь хүндэтгэн манай газраар дамжин өнгөрөх боломжтой байхаар зураг төслийг боловсруулж, батлуулсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам тухайн зураг төслийг хянан үзээд зөвшөөрсөн. Гэтэл орц, гарц нээх хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа баригдсан байгаа замын хэмжээнээс хэтэрсэн буюу орц, гарцыг нээхэд зайлшгүй шаардлагатай хэмжээнээс 11606.8 м.кв-аар илүү хэмжээгээр газрын ашиглах эрхийг цуцалсан. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/684 дугаартай тушаалаар “Х*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн 11606,8 м.кв талбайд хамаарах хэсгийг хэсэгчлэн цуцалсныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.3 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай компанид А/356 дугаар тушаалаар 41,148.9 мкв талбай бүхий газрыг ашиглуулахаар шийдвэрлээд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр газар ашиглах гэрчилгээ авсан. Ийнхүү газар ашиглах гэрчилгээ авсны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр газар ашиглах гэрээ байгуулж газрын төлбөрт жил бүр 59,254,560 төгрөгийг тухай бүрд нь шилжүүлж ирсэн. Манай компани газар ашиглах авснаас хойш хашаа барих, худаг гаргах, газрын төлөв байдлын хянан баталгааны дүгнэлт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх зэргээр холбогдох баримт бичгийг хууль тогтоомжид заасны дагуу бүрдүүлэн ажиллаж байсан. Үүний дагуу 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тухайн газарт архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн ерөнхий архитектураар батлуулаад 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр аялагч түр буудаллах, отоглох байрны загвар зургийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын даргаар хянуулаад батлуулсан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/468 тоот тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлаад, цуцалж байгаа тухай манай компанид огт мэдэгдээгүй, цуцалсан шийдвэрийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны гэрээ шинэчилж байгуул гэдэг албан бичгийн хүлээж авснаар тухайн үед мэдсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/468 дугаартай тушаал гарсан нь хууль тогтоомжид үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас маргаж байгаа. Хууль зүйн үндэслэлгүйн тухайд, тухайн захиргааны акт гарахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.“хуульд үндэслэх”, 4.2.5.“зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6.“бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8“хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасны дагуу захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимд заасан шаардлагуудад нийцүүлэн гаргах ёстой, гэтэл эдгээр шаардлагуудад нийцээгүй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/684 дугаартай тушаалыг үндэслэсэн хуулийн зохицуулалтууд нь бодит нөхцөл байдалд тохирсон байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа. Уг тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 39 дүгээр зүйлийн 39.1, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3, 48 дугаар зүйлийн 48.2 заалтуудыг үндэслэл болгосон.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д тэр хэмжээний хүрээнд гарсан шаардлагын тухай зохицуулалт байсан, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах; энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах” гэж заасныг үндэслэсэн байсан. Гэтэл “Х*******” ХХК анх уг газрыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэсэн зориулалтаар авсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд байгаль орчинд сөргөөр нөлөөлөх болон гэрээнд зааснаас өөр, зориулалтаас нь өөр үйл ажиллагааг явуулж байгаагүй, хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйлдэл хийж байгаагүй. Энэхүү үндэслэлээр уг газрыг ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасныг үндэслэсэн байсан. Тус зохицуулалтад хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт зохицуулалттайгаар нийтээр ашиглана: зам, шугам сүлжээний газар гэдэг зохицуулалт байсан. Гэтэл нийтээр ашиглах зам барихаар газар ашиглах эрхийг цуцлахын тулд эрх бүхий байгууллагын зөвшөөрөл эсхүл зам барихаар газар ашиглах эрхийг цуцлах эрх нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд олгогдсон байх ёстой, гэтэл авто зам барих эрх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд хуулиар олгогдоогүй. Авто замын тухай хуульд заасныг үндэслээд нийслэл болон орон нутгийн чанартай зам баригдсан эсэх, тухайн зам зөвшөөрөлтэй баригдсан эсэхийг тодруулахад замыг ямар нэгэн байдлаар зөвшөөрлөөр баригдаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харуулсан байгаа. Мөн архитектур төлөвлөлтийн даалгаврыг нийслэлийн ерөнхий архитектур батлахдаа нийтийн эзэмшлийн орц гарцыг хааж байгаа эсэхийг тодруулаад, хэрэв хааж байгаа тохиолдолд архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгодоггүй, манай тохиолдолд 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан байгааг дурдах нь зүйтэй.

Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг үндэслэсэн байсан. Уг зохицуулалт нь үл хөдлөх хөрөнгө өмчлөгчид холбогдох зохицуулалт бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам тухайн газарт ямар нэг байдлаар үл хөдлөх хөрөнгө өмчилдөггүй учраас уг зохицуулалтын хүрээнд манай газрыг хэсэгчлэн цуцлаад үл хөдлөх хөрөнгө өмчлөгчийн эрхийг дурдаж манай ашиглах эрхийг цуцалж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Сонсох ажиллагааг нэхэмжлэгчийн зүгээс явуулаагүй гэж үзэж байгаа. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж тус тус заасан. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд манай газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах шийдвэр гаргаж байгаа бол сонсох ажиллагаа хийх ёстой этгээд нь тухайн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалж байгаа этгээд буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байх ёстой байсан. Гэтэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” гэх толгойтой “Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны зохицуулалтуудыг оруулсны дагуу Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хариу тайлбарыг ирүүлэх, ирүүлээгүй тохиолдолд газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлахад саад болохгүй” гэсэн албан бичгийг манай компанид ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, газар ашиглах эрхийг хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй этгээд болох Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа сонсох ажиллагаа явуулах эрхгүй байтал сонсох ажиллагаа явуулах тухай албан бичиг өгч байгаа нь сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй болж байгаа. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслээд сонсох ажиллагаа огт явуулалгүй газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Манай компанийн зүгээс “Т*******” ХХК-иар эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг хийлгүүлээд уг зургаар дээрх хэмжээнүүд тодорхой болсон. Үүнд манай компанийн анх ашиглаж байсан газрын хэмжээ 41,148.9 мкв талбай байсан, зураг хийлгүүлээд одоо баригдсан байгаа замыг оруулалгүй тоолсон талбайн хэмжээ нь 35,390 мкв талбай байгаа, үүнээс үзвэл тухайн газарт баригдсан байгаа нийт замын хэмжээ 5,758.9 мкв байгаа. Иймд нийт цуцалсан 17,365.7 мкв талбайгаас замын хэмжээг хасвал үндэслэлгүй цуцалсан талбайн хэмжээ 11,606.8 мкв талбай гарч ирж байгаа. Дээрх үндэслэлийн дагуу манай компанийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/684 дугаартай тушаалын 1 дүгээр хэсгийн “Х*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн 11,606.8 мкв талбайд хамаарах хэсгийг хэсэгчлэн цуцалсныг 2 дахь хэсгээр 23,783.3 мкв талбай болгон өөрчилснийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү“ гэв.

2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн зүгээс өмнөх шүүх хуралдаанд дүгнэлтийг хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаад шинээр баримт ирсэнтэй холбоотой нэг зүйлийг тодруулж хэлье. Хавтаст хэрэгт баримтаар авагдсан манай үйлчлүүлэгч компанийн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан зураг төсөл байгаа. Энэхүү зураг төсөлд зааснаар баруун талд байрлаж байгаа 1 3 гэсэн хоёр объект болон замын хоёр хажуугийн газарт төлөвлөгдөж байгаа барилга байгууламжууд нь цуцлагдаж байгаа газарт ороод байгаа учраас энэхүү байгууллага газрын төлбөрийг хууль ёсны дагуу авсан өдрөөс өнөөдрийг хүртэл ямар нэг дүрэм, журам зөрчөөгүй гэдэгт өмнөх хуралдаанд мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч байсан.

Нэгэнт энэ үйл баримтаар маргахгүй, мөн “Э*******” ХХК-тай манай үйлчлүүлэгч байгууллага харилцан тохиролцож энэхүү замыг сүүлд нь зөвшөөрч, хэлэлцэж хийлгэсэн хатуу хучилттай болгох үед. Иймд нэгэнт төлөвлөгөөгөөр уг замын трасс явж байгаа, хэдийгээр авто замын газраас трасс нь батлагдаагүй ч уг замд нэхэмжлэгч маргахгүй гэж байгаа учраас, харин зам гаргахдаа орц, гарц нээнэ гэдэг нэрийдлээр их хэмжээний газар, тухайлбал, 11,606.8 мкв газар гэдэг 1 га орчим газрыг хүчингүй болгосноор эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байгаа гэж харж байгаа” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Х*******" ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/684 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/684 дүгээр тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаар тушаалаар "Х*******” ХХК-д олгогдсон 41149 м.кв газраас нийтийн эзэмшлийн орц, гарц нээх хүрээнд 17365.7 м.кв газрыг хэсэгчлэн цуцалж шийдвэрлэсэн. Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/1303 дугаар саналыг үндэслэсэн. Тус саналд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2. "газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж заасны дагуу талбайн хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно." 27 дугаар зүйлийн 27.2.1. "хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж тус тус заасан.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага ба тус байгууллагаас өөрийн хамаарал бүхий газарт сонсох ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/684 дүгээр “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай" тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул "Х*******" ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/684 дүгээр тушаалын 1, 2 дахь хэсэгтэй холбогдуулаад байгаа, гэтэл шаардлага нь хүчингүй болгоё гээд байгаа юм уу, өөрчлүүлье гээд байгаа юм уу, 17,365.7 мкв газрыг хүчингүй болгосон байгаа, үүнээс 5,758.9 мкв газрыг хүлээн зөвшөөрөөд 11,606.8 мкв газрыг хүлээн зөвшөөрөхгүй хэтрүүлж хүчингүй болгосон нь буруу байна гэдэг тайлбар хэлээд байна. 2 дахь хэсэгт 23,783.3 мкв гээд байгаа, хэрэв 5,758.9 мкв газрыг хүлээн зөвшөөрвөл 28,000 мкв гэж өөрчлөгдөхөөр болно. Иймд хүчингүй болгуулах тушаалын агуулгыг хүчингүй болгоод үндэслэлийг нь зөвшөөрөөд байна гэж ойлгоод байгаа. 5,758.9 мкв газрыг хүчингүй болгох нь зөв байсан, 11,606.8 мкв газрыг цуцалсан нь буруу байсан гэдэг агуулгатай байгаа. Иймд тушаалын үндэслэл хэсэгтэй маргалдаагүй гэж ойлгогдохоор байгаа. Харин газрын хэмжээний хувьд маргаантай байгаа нь тодорхой, гэтэл бусад газар эзэмшигч, ашиглагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол, мөн нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын төлөө хийгдэж байгаа ажил байгаа учраас энэхүү шаардлагын хүрээнд бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд тушаалыг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. “Х*******” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/684 дүгээр тушаалын 1 дэх хэсгээр ашиглах эрхийн 11606,8 мкв талбайд хамаарах хэсгийг хэсэгчлэн цуцалсныг, 2 дахь хэсгээр 23,783.3 мкв талбай болгон өөрчилснийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй шийдвэр гаргасан бөгөөд хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.

3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/356 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн З*******ын аманд байрлах 41148,9 мкв газрыг “Х*******” ХХК-д ашиглуулахаар олгож, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0211910 тоот гэрчилгээ олгож, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ байгуулжээ.

4. Маргаан бүхий А/684 дүгээр тушаалаар “... нийтийн эзэмшлийн орц гарц нээх хүрээнд” 17365,7 мкв газрын ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалж, “Х*******” ХХК-ийн ашиглалтын газрын хэмжээг 23783,3 мкв байхаар тогтоож шийдвэрлэсэн байна.

5. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т ”Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг хуульчилсан.

6. Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” тус хэсгийн 1-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах” гэж, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана:”, 6.2.3-т “зам, шугам сүлжээний газар;”, 48 дугаар зүйлийн 48.2-т “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй” гэж заасан өөр өөр харилцааг зохицуулсан агуулга бүхий зохицуулалтуудад үндэслэсэн нь тухайн харилцаанд хэрхэн уялдах эсэх нь ойлгомжгүйгээс захиргааны шийдвэр гаргах ажиллагаа хуульд үндэслээгүй гэж үзэх нөхцөлийг бий болгож байна. Тодруулбал,

7. Тусгай хамгаалалттай газар нутгийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж гэрээ байгуулах журмыг зохицуулсан байх ба мөн хууль болон Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болох үндэслэлийг, 40 дүгээр зүйлд газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох харилцааг тус тус зохицуулсан, ингэхдээ газар ашиглах эрхийг дуусгавар болгох нэг үндэслэл нь газар ашиглах гэрээг цуцлах тохиолдолд байхаар заажээ.

8. Гэтэл хариуцагч нь маргаан бүхий актын нэг дэх заалтаар “... 17365,7 мкв газрыг хэсэгчлэн цуцалсугай” хэмээн шийдвэрлэсэн нь өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэхээр, өөрөөр хэлбэл, “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-ний талуудын хэрэгжүүлэх эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

9. Энэ тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтын дагуу газар ашиглах гэрээний хугацаа дуусаагүй байхад тухайн гэрээний талууд гэрээг цуцлах талаарх санал гаргаж шийдвэрлэх боломжтой, хариуцагч нь газар ашиглах эрх олгосон эрх бүхий этгээд болохынхоо хувьд газар ашиглах эрхийг дуусгавар болгосон эрх зүйн акт гаргах боломжтой байхад хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь гэрээний тал биш атлаа газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах шийдвэр гаргасан нь өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргэж байна.

10. Хэдийгээр хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий гэрээний тал болох Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/1303 дугаар албан бичгээр ирүүлсэн “солбицлыг өөрчлүүлэх, талбайн хэмжээг хэсэгчлэн цуцлуулах санал”-ыг үндэслэсэн байх боловч нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд уг саналд дурьдсан “Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т “... төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлага”-ыг биелүүлээгүй гэх нөхцөл тогтоогдохгүй байх тул гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй гэж үзэхээр байна.  Тодруулбал,

10.1. “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” гэрээний 5.24 дэх хэсэгт ““Х*******” ХХК нь Газрын тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.1 /Засгийн газар аймаг, сум, нийслэлийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно/, 46.2 /Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно/ тус тус заалтуудын дагуу Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, Ой хээрийн түймэр, гамшгийн эрсдэлийн үед Хамгаалалтын захиргаа, холбогдох төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, тээврийн хэрэгслийг ашиглалтын талбайд саадгүй нэвтрүүлэх, ашиглуулах, төлөвлөлтийн зам талбай, нийтээр ашиглах орц гарцыг нээлттэй байлгах үүрэгтэй” гэсэн,

 10.2. Нийслэлийн замын хөгжлийн газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03/1306 тоот албан бичигт “...Тухайн байршилд манай байгууллагаас холбогдох зөвшөөрөл аваагүй байна. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орц гарцын зөвшөөрөл олгох хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл авалгүй уулын зам сэтэлсэн болно” гэсэн, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03/2857 тоот албан бичигт “...Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг, З*******ын аманд авто зам, замын байгууламж барих болон зураг төсөл боловсруулах ажлын даалгаврын хүсэлт аливаа иргэн болон хуулийн этгээдээс 2020-2023 онд ирүүлээгүй болно” гэснээс тус тус үзвэл, Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан журмын дагуу эрх бүхий этгээдээс тавьсан аливаа шаардлага, тогтоогдохгүй байх тул маргаан бүхий актын агуулгыг гэрээний нэг талын саналыг үндэслэн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон гэх агуулгаар тайлбарлах хууль зүйн боломжгүй, нэхэмжлэгч талын “Газрын тухай хуульд заасан нийтээр ашиглах зам, шугам сүлжээний газарт хамаарахгүй” гэх тайлбар үндэслэлтэй.

10.3. Мөн хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлд Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй” гэж заасныг удирдлага болгосон байгаа нь газар ашиглах эрхийг дуусгавар болгох хариуцагчийн бүрэн эрхэд хамаарахгүй талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэйн зэрэгцээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/941 дугаартай албан бичигт “... “Х*******” ХХК-л газар ашиглах эрх олгохоос өмнө уг газар дээр орц, гарцын зориулалттай ашиглахаар сайжруулсан шороон зам барьсан байдаг, ... орц гарцаар ашиглаж байсан замтай давхцуулж газар ашиглах эрх олгосноор уг замыг бусад газар ашиглагч нийтийн эзэмшлээр ашиглах боломжгүй болсон...” гэснээс үзвэл, хариуцагч нь анхнаасаа тодорхой төлөвлөлтгүй, нийтийн эзэмшлийн орц гарцгүйгээр газар ашиглах эрх олгосон атлаа маргаан бүхий актыг “нийтийн эзэмшлийн орц гарц нээх” гэсэн үндэслэлээр гаргасан нь газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эсхүл газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн аль ч зохицуулалтад нийцэхгүй байна.

 

11. Маргаан бүхий газар дээр баригдсан автозамыг уг газрын урд хэсэгт байрлах “Э*******” ХХК-иас барьж байгуулсан тухайд нэхэмжлэгч маргахгүй байхын зэрэгцээ уг замыг өөрийн төслийн төлөвлөлтөд оруулж загвар зураг хийлгэснээс үзвэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах”-ыг хориглох гэснийг газар ашиглагчаас зөрчсөн гэж үзэхээр байна.

12. Энэ тохиолдолд хариуцагч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалтыг хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй, харин ч “Х*******” ХХК-ийн аялагч түр буудаллах, отоглох орон байрны загвар зургийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, зохицуулалтын газрын дарга/Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг баталсан/-аас зөвшөөрч баталсан байх тул нэхэмжлэгчийг хуулиар хориглосныг зөрчсөнд буруутгах боломжгүй, маргаан бүхий акт нь бодит нөхцөл байдалд тохироогүй гэж үзнэ.

13. Дээрхээс үзвэл маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан захиргааны илт хууль бус актын шинжийг агуулахын зэрэгцээ бодит нөхцөлд тохироогүй, хуульд үндэслээгүй хууль бус шийдвэр болсон гэж үзэхээр байна.

 

14. Гэвч шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх ба нэхэмжлэгч хуулийн этгээдээс маргаан бүхий актын 1 дэх заалтын 17365,7 мкв гэсэн хэсгийн автозам тавигдсан хэсгийг буюу 5758,9 мкв газрын ашиглах эрхийг дуусгавар болсныг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

15. Нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч буй дээрх автозам нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр баригдсан болох нь Замын хөгжлийн газраас ирүүлсэн лавлагаануудаар тогтоогдож байхын зэрэгцээ “Т*******” ХХК-ийн үйлдсэн автозамын зураг нь Автозамын тухай хуульд заасан нийтийн эзэмшлийн автозамд тавигдах шаардлага, холбогдох стандартыг хангах эсэхийг шүүхээс тодорхойлох боломжгүй байна.

16. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч маргаан бүхий актыг бүхэлд хүчингүй болгох боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг дагуу маргааны бүхий актын 1 болон 2 дахь заалтыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

17. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан бодит нөхцөл байдалд дүгнэлт хийж, тухайн автозамыг автозамын сүлжээнд холбох боломжтой эсэхийг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн газар ашиглах дуусгавар болгох эсэх, хүчингүй болгох эсэх, өмнө нэгэнт бий болсон байсан нийтийн эзэмшлийн зам талбайд газар ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох эсэх, газрыг нөхөх олговортойгоор буцааж авах эсэх асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй.

18. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гэж заасан.

19. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1092 тоот албан бичгээр “Х*******” ХХК-д сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд “Х*******” ХХК-иас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 10/10 тоот албан бичгээр холбогдох тайлбарыг нотлох баримтын хамт хүргүүлсэн болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас байгуулагдсан, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэг захиргааны байгууллага болохынхоо хувьд хариуцагчийн шийдвэр гаргах үйл ажиллагааны мэдэгдэх, сонсгох ажиллагааг хэрэгжүүлэхээр байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...сонсох ажиллагаа хийх ёстой этгээд нь тухайн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалж байгаа этгээд буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байх ёстой байсан” гэх тайлбар үндэслэлгүй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/648 дугаар тушаалын 1, 2 дахь заалтыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/648 дугаар тушаалын 1, 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ