Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Улсын яллагч: Д.Баянмөнх

Улсын өмгөөлөгч: Г.Лхам

Шүүгдэгч: Ц.Алтанбуян нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Алтанбуянд холбогдох 1722000930058 тоот хэргийг 2017 оны 12  сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Адаацаг суманд 1988 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бичиг үсэг мэдэхгүй гэх, мэргэжилгүй гэх, хөлсөөр малчин хийдэг гэх, ам бүл 7, эх, ах, дүү нарын хамт Дундговь аймгийн Адаацаг сумын 1-р баг “Тавин”-гийн задгайд оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй гэх, /РД:ЗИ88092814/ Тавин овогт Цэрэндоржийн Алтанбуян нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд дуудагдан ирсэн этгээдийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ц.Алтанбуян нь 2017 оны 10 сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Боржигоны 22-5 тоот хашаанд Б.Чимэгсайханы толгойн тус газарт цохисны улмаас Б.Чимэгсайханы бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогчийн: 2017.10.13-ны орой 21 цагийн үед манай гэрийн гаднаас хүн өшиглөөд байхаар нь гараад харсан чинь согтуу залуу байхаар нь хөөе чи боль гэсэн чинь тэр залуу намайг элдвээр хэлээд нохойн ал минь, эрийн дэвсгэр минь гээд намайг гараараа хоёр удаа цохиод би гэр налаад унасан. Тэгээд уйлаад босч ирээд уурандаа яадаг шоронгийн хадаас вэ гээд хэлсэн чинь тэр залуу намайг гэдэс рүү өшиглөх гэтэл аав гэрээс гарч ирээд намайг татаж авсан. Тэгээд цагдаа эмнэлэг дуудаад тэр залууг цагдаа нар аваад явсан. Эмч ирж үзээд хүүхэд чинь гарах гэж байна хэвт гэсэн. Би одоо бараг 5 сартай. Миний биед ил харагдах шарх байхгүй. Толгой тархи хөдөлсөн, тонгойхоор дүүрч өвдөөд босч явахаар толгой эргээд таллаж өвдөөд байгаа. Би гомдолтой эмчилгээний зардлаа нэхэмжилнэ  гэх мэдүүлэг /хх-21/

- Гэрч С.Бат-Өлзийгийн /хохирогчийн эцэг/  “Гэртээ охинтойгоо хамт байж байтал гэрийн гаднаас хүн гэр лүү өшиглөсөн. Би гуталгүй байж байсан бөгөөд гутлаа өмсөх хооронд манай охин юу болж байна гээд гарсан. Тэгээд би араас нь гарахад гэрийн баруун талд манай хажуу айлын хүний дүү болох үл таних залуу манай охины толгой руу гараараа 2 удаа цохисон. Тэгээд би охиноо татаад тэр залууг түлхсэн. Тэгээд цагдаа дуудаж өгсөн” гэжээ /хх-24/

- Насанд хүрээгүй гэрч Б.Уртнасангийн:  2017.10.13-ны өдөр би гадуур явж байгаад гэрт ортол манайхан бүгд байсан. Ц.Алтанбуян ах согтуу байсан надтай зөрөөд гарсан. Гарсных нь дараа гадаа маргаан болоод байх шиг байхаар нь би араас нь гараад очтол Ц.Алтанбуян ах хажуу айлын Б.Чимэгсайхан эгчтэй маргалдаж байсан. Би алхаад 2 гэрийн голд очиход эмэгтэй хүн муухай орилохоор нь хартал Б.Чимэгсайхан эгчийг Ц.Алтанбуян ах цохьсон байдалтай гар нь савагдаад бууж байгаа харагдсан. Тэгэхээр нь би гэрт орж аавд хэлсэн. Надад өөр харсан зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-27/

- Гэрч З.Нэргүйгийн: Манайх Сайнцагаан сумын 6-р баг Боржигоны 22-5 тоот буюу С.Бат-Өлзийгийн хашаанд байдаг байсан. Манай эхнэрийн авга дүү Ц.Алтанбуян 2017 оны 9 сараас хойш ирэн, очин амьдардаг байсан. 2017.10.13-ны өдөр Ц.Алтанбуян манайд халамцуу ирсэн. Манайд хэсэг сууж байгаад гараад явсан. Тэгснээ удалгүй эргээд ороод ирсэн. Түүний араас С.Бат-Өлзий гэх орж ирээд Ц.Алтанбуянг чи яагаад манай охиныг алгадаж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхэд Ц.Алтанбуян би алгадаагүй гар л далайсан гэж хэлсэн. Төд удалгүй цагдаа нар ирээд Ц.Алтанбуян аваад явсан. Би гадаа маргаан, зодоон болохыг хараагүй гэх мэдүүлэг /хх-25/

- Шинжээчийн 2017.10.17-ны өдрийн 170200303 тоот: Б.Чимэгсайханы биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна  гэх дүгнэлт /хх-29/

 

Дээрх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Алтанбуян нь 2017 оны 10 сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Боржигоны 22-5 тоот хашаанд оршин суух иргэн Б.Чимэгсайханыг “гэр гаднаас нь өшиглөлөө, боль” гэсэн шаардлага тавьснаар шалтаглан толгойн тус газарт нь 2 удаа цохиж “тархи доргилт” гэх оноштой хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Алтанбуянгийн “Б.Чимэгсайхан намайг хэл амаар доромжилсон тул цохьсон” гэсэн тайлбар гаргаж байгаа нь хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлгээр /хх-7, 21, 23/ няцаагдаж байгаа тул шүүх Ц.Алтанбуянг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаад тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Чимэгсайханы “Ц.Алтанбуян намайг жирэмсэн гэдгийг мэдэж байсан” гэж мэдүүлснийг шүүгдэгч Ц.Алтанбуянгийн “Б.Чимэгсайханыг танихгүй, жирэмсэн гэдгийг мэдээгүй” гэж эсэргүүцсэн тайлбар гаргажээ. Хэргээс үзэхэд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р багийн өрхийн эмч, гэрч Ө.Нямсүрэнгийн “ Б.Чимэгсайхан гэх хүн над дээр жирэмсний хяналтанд байдаг. Б.Чимэгсайхан нь өөрөө түнхний төрөлхийн өөрчлөлтэй гэсэн оношоор халамжийн группт байдаг болохоор тогтмол хяналтад байдаг. Жирэмсний 5 сартайдаа буюу 2017 оны 10 сард жирэмсний тэтгэмжээ авах гэж надад үзүүлж тодорхойлолт авсан. Б.Чимэгсайхан нь сул арьстай, хэвлий хэсгээрээ таргалалттай болохоор тухайн үед харахад бага зэргийн товгор ажиглагдаж байсан. Энгийн хүн харахад мэдэгдэхээргүй байсан. Хүнд зодуулсан гэж байсныг би жирэмсний картанд тэмдэглэгээ хийгээд зөвлөгөө өгч явуулсан. Урагт ямар нэгэн өөрчлөлт орсон үгүйг гаднаас хараад тогтоох боломжгүй” гэх /хх-26/ мэдүүлэг, хохирогч Б.Чимэгсайханы амбулаторийн карт, ЭХО үзлэгийн тэмдэглэл, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар /хх15-19, 29/ Б.Чимэгсайхан нь Б.Алтанбуянд толгой руугаа 2 удаа цохилснаас болж тархи доргилт гэмтэл авах үедээ 18-19 долоо хоногтой жирэмсэн байсан, биеийн байдал хэвийн байсан болох нь тогтоогдож байна.

Эдгээр баримтаар шүүгдэгч Ц.Алтанбуян нь хохирогчийг “жирэмсэн гэдгийг мэдсээр байж” зодсон эсэх нь нотлогдохгүй байгаа тул улсын яллагчаас Ц.Алтанбуянгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон гэж дүгнэлээ.

Хохирогч Б.Чимэгсайхан нь “30000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн боловч нэхэмжлэлийг нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Би 5 дахь өдөр дутуу төрөх гээд бие өвдөөд эмнэлэгт хэвтэж байна. Шүүх хуралд очиж чадахгүй. Хохирол төлбөрт 30000 төгрөг авсан, гомдол санал байхгүй” гэсэн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлээр тогтоогдож байгаа, хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй тул шүүх Б.Чимэгсайханыг нэхэмжлэл гаргаагүйд тооцлоо.

Хохирогч Б.Чимэгсайхан нь цаашид шаардлагатай гэж үзвэл гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлж, хариуцагч Ц.Алтанбуянгийн харъяа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Шүүгдэгч Ц.Алтанбуян нь шүүхэд биеийн байцаалтаа мэдүүлэхдээ “урьд ял шийтгүүлж байгаагүй” гэсэн болно. Гэтэл Ц.Алтанбуян нь Сум дундын 16 дугаар шүүхийн /Өмнөговь, Ханбогд сум/ 2014 оны 11 сарын 24-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдаж байсан нь шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх48-54/ тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Алтанбуян нь шүүхээс тэнссэн хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байна.

Шүүгдэгч Ц.Алтанбуянд ял оногдуулахдаа Ц.Алтанбуян нь ялгүй болсон, хохирогч нь “хохирол төлбөрөө авсан, гомдолгүй” гэсэн, 2.13 хувийн согтолттой үедээ /хх-6, 9/ гэмт хэрэг үйлдсэн, түүний орлогын эх үүсвэр тодорхойгүй байгаа зэрэг байдлыг харгалзан үзлээ.

Иймд улсын яллагчийн санал болгож байгаа торгох ялыг оногдуулах нь тохиромжгүй, биелэгдэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Алтанбуянгийн 2017 оны 10 сарын 13-наас 14-нд эрүүлжүүлэгдсэн нэг хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох хуулийн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Тавин овогт Цэрэндоржийн Алтанбуянг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйл, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Тавин овогт Цэрэндоржийн Алтанбуянд 260 /хоёр зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч Ц.Алтанбуянд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Шүүгдэгч Ц.Алтанбуян нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогчид 30000 төгрөг хүлээлгэж өгсөн гэсэн, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүйг тус тус дурьдсугай.
  5. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч , өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Алтанбуянд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ