| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2017/00100/Э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2017-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.Нямаа
Улсын яллагч: Д.Баянмөнх
Хохирогч Р.Булгантамир
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн
Шүүгдэгч: Ж.Батбилэг нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Батбилэгт холбогдох 1722000900053 тоот хэргийг 2017 оны 12 сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Адаацаг суманд 1988.10.01-нд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой гэх, мал зүйч мэргэжилтэй гэх, Дундговь аймгийн засаг даргын тамгын газрын харъяа Хөдөө аж ахуйн газарт мэргэжилтэн ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аривжихийн 2-7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, /РД:ЗА88100119/ Баяуд овогт Жалбуугийн Батбилэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд дуудагдан ирсэн этгээдийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокурор 2017.12.04-ний өдрийн 95 тоот яллах дүгнэлтдээ: Яллагдагч Ж.Батбилэг нь 2017 оны 10 сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аривжихийн 2-7 тоот хашаанд байх гэртээ эхнэр Р.Булгантамиртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэжээ. /хх 35-37/
Шүүх шүүхийн хэлэлцүүлгээр судалсан нотлох баримтыг шинжлэн судлаад Ж.Батбилэгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинж хангалттай нотлогдохгүй байна гэж үзлээ.
Учир нь: Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.
Прокурорын яллах дүгнэлтээс үзэхэд прокурор Ж.Батбилэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэсэн шинжийг заасны дагуу шалгаж үзэхэд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлаас Ж.Батбилэгийн үйлдэлд тохирох нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэг буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн заалт байна. 2015 оны Эрүүгийн хуульд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааж, зохицуулсан байна.
Хэргээс үзэхэд Ж.Батбилэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нотлох хохирогчийн нэг удаагийн мэдүүлгээс /хх-5 / өөр баримт хэрэгт авагдаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9-д “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж, мөн зүйлийн 11-д “Энэ хуульд заасан дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн… гомдол мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй” гэж, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус заажээ.
Хэдийгээр хохирогч Р.Булгантамир мэдүүлэгтээ “Би анх 2010 онд Дундговь аймагт ирсэн. Энд ирсэн цагаас хойш зоддог байсан. Миний гар хөлийг хөх няц болгодог байсан. Би урьд нь цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдэж байгаагүй. Саяхан сарын өмнө Батбилэг согтуу байхдаа толгой руу унатал цохиж байсан” гэж мэдүүлсэн боловч уг мэдүүлгийг нотлох ажиллагаа огт хийгдээгүй байх тул Ж.Батбилэгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нотлогдохгүй байна гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч Ж.Батбилэг нь 2017 оны 10 сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аривжихийн 2-7 тоот хашаанд байх гэртээ эхнэр Р.Булгантамиртай гэр бүлийн маргаанаас үүдэн зодолдож, буйдангийн дэрээр цохиж унагасны улмаас Р.Булгантамирын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
-Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “Тэр өдөр эхнэр Р.Булгантамиртайгаа гэртээ өдрийн цай ууж байгаад үл ялих зүйлээс болж маргаад хэрүүл болсон. Би өөр өрөөнд ороод байж байтал эхнэр араас орж ирээд дахиж хэрүүл хийсэн. Хэрүүл хийгээд болохгүй болохоор нь би түлхэж гаргахад эхнэр хойд өрөөнд ороод унтсан. Юм угааж байснаа үлдээсэн байхаар нь би усыг нь асгаад, угаалгын машинаа цэвэрлээд, эхнэрийг очиж хартал унтаж байсан. Унтаж байхад нь очвол дахиад хэрүүл болно гэж бодоод өөр өрөөнд орж унтсан. Эхнэр унтаад сэрэхдээ тайвширна гэж бодсон. Би орон дээр хэвтэж байтал эхнэр ирээд намайг нүүр нүдгүй алгадаад, хүүхдийнхээ тоглодог хүүхэлдэйг салтал нь намайг цохиод, болиулахаар хөлөөрөө өшиглөөд байсан учраас би нэг түлхсэн. Гараараа цохьвол гэмтээчих байх гэж бодоод буйдан дээр байдаг дэрээр түлхэж өөрөөсөө холдуулсан. Түүнээс хана мөргүүлэх, гэмтээх зорилго байгаагүй. Өөрөөсөө холдуулах гээд дэрээр түлхтэл эхнэр хана мөргөх шиг болсон” гэх мэдүүлэг
- Хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн “2017.10.14-ний өдөр би угаалгын машинаар юм угааж байсан. Үдийн цайнаас болоод бидний дунд хэрүүл болсон, би өөр өрөөнд ороод унтаад өгсөн. Унтаж босч ирээд нөхрийгөө алгадаад цохиод өшиглөсөн. Манай хүн урдаас хуц гичий минь гээд намайг буйдангийн дэрээр түлхэхэд би хойшоо цонх мөргөсөн. Тэгээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг
- Хохирогч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017.10.14-ний өдрийн 15 цагаас эхэлж нөхөр Батбилэг бид 2 хэрэлдсэн. Тэгээд муудалцаж байгаад хойд өрөөнд ороод унтсан. Тэгээд унтаж байгаад хоёр цагийн дараа сэрээд хойд өрөөнд нөхөр унтаж байхаар нь би алгадсан юм. Тэгээд би гараараа толгой хөл рүү нь цохисон. Тэгээд манай нөхөр Батбилэг буйдангийн дэр аваад миний толгой руу цохиход харалдаа байсан ханын өнцөг, паар хоёрын аль нэгийг мөргөсөн. Яг юу мөргөснөө мэдэхгүй. Тэгээд толгойноос цус гарсан байсан. Тэгээд жоохон сууж байгаад цагдаа дуудсан. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй, би зодуулсан өдрөө уурандаа нөхрөө хашраах санаатай цагдаад дуудлага өгсөн. Өмнө нь айхтар зодсон асуудал байхгүй. Өмнө нь уурандаа хашраах санаатай тэгж хэлсэн. Одоо гэр бүлийн харилцаа хэвийн байгаа гэжээ. /хх-5-6/
- Шинжээчийн 2017.10.17-ны өдрийн 170200302 тоот дүгнэлтэд “Р.Булгантамирын биед зүүн чамархайд шарх, зовхи, бугалганд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэжээ /хх-8/
Эдгээр баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэллээ.
Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийгээд прокуророос яллагдагч Ж.Батбилэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөхөөр шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч Ж.Батбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйлд заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч Ж.Батбилэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогч Р.Булгантамирын зүй бус үйлдэл нөлөөлсөн /хэрүүл маргааныг эхлүүлсэн, улам даамжруулсан/ нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ж.Батбилэг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй ба аргагүй хамгаалалт хийсэн мэтээр, эсхүл болгоомжгүйгээр хөнгөн зэргийн гэмтэл учруулсан мэтээр мэдүүлж байгаа нь баримтаар тогтоогдохгүй байгаа тул шүүх түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонгүй.
Мөн улсын яллагч Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг эш татсаныг шүүх хүлээн авсангүй. Учир нь гэмт хэргийг тодорхойлох, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлох талаар Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт туйлын тодорхой заасан байна. Иймд шүүх шүүгдэгч Ж.Батбилэгийн үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Батбилэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Баяуд овогт Жалбуугийн Батбилэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар Баяуд овогт Жалбуугийн Батбилэгийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын дотор хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Ж.Батбилэг нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих журамтайг Ж.Батбилэгт мэдэгдсүгэй.
6. Энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Батбилэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ