| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2208000001074 |
| Дугаар | 2023/ДШМ/615 |
| Огноо | 2023-06-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2023/ДШМ/615
2023 6 13 2023/ДШМ/615
С.Б -, Т.У - нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч С.Б -ын өмгөөлөгч Н.Одонтуяа,
шүүгдэгч Т.У -, түүний өмгөөлөгч Н.Амартогос,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар эсэргүүцлийг үндэслэн С.Б -, Т.У - нарт холбогдох 2208000001074 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ...,
- Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 307 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
- Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 285 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ял шийтгүүлсэн,
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
2. ...,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
-.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан.
С.Б - нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилж яллагдагч Т.У -тай бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны гадна авто зогсоолоос хохирогч Б.Д -гийн ... -улсын дугаартай Hyundai mighty” загварын автомашины Vartа брэндийн 2 ширхэг аккумляторыг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Т.У - нь гэмт хэргийг С.Б -тай бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны гадна авто зогсоолоос хохирогч Б.Д -гийн ... -улсын дугаартай Hyundai mighty” загварын автомашины Varta брэндийн 2 ширхэг аккумляторыг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Б -, Т.У - нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Б -ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Т.У -ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч С.Б -, Т.У - нарыг бүлэглэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.У -т 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Б -т 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Т.У -т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч С.Б - нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Лхагвасүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокуророос анх шүүхэд хэргийг шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг шүүхээс машин механизм ашигласан үйлдэл байна гэж үзээд хүндрүүлэн зүйлчлэхээр прокурорт хэргийг буцаасан. 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилснийг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь, шүүгдэгч С.Б - нь тухайн Маяти загварын авто машины аккумляторыг тайлж авахад амархан 10, 12-ын түлхүүр Т.У -т өгсөн бөгөөд замын хажууд тавихаар нь автомашиндаа ачина гэдгийг урьдаас төлөвлөсөн болох нь яллагдагч Т.У -ын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөхдөө 10, 12-ын түлхүүрийг болон авто машиндаа ачиж авч явна гэдгийг урьдаас зориуд мэдсээр байж төлөвлөж, ашигласан болох нь хангалттай нотлогдож байна. Гэтэл шүүх дээрх шүүгдэгчийн субьектив талын шинжийг тодорхойлолгүй зөвхөн хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизмыг ашигласан гэж буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Мөн шийтгэх тогтоолын 7 дугаар хуудас 2.3-д “Бусад асуудлын талаар” гэсэн хэсэгт шүүхийн дүгнэлт нь “Энэ хэрэгт шүүгдэгч нар баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй” гэж дүгнэсэн атлаа 6 дугаар хуудасны хэсэгт “Шүүгдэгч Т.У -ын 2022.08.15-ны өдрөөс 2022.11.08-ны өдөр хүртэл, 2023.04.08-ны өдрөөс 2023.04.25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 101 хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тоолов” гэж дүгнэж 2 өөр байдлаар дүгнэсэн. Мөн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйл” гэж байхгүй бөгөөд зүй нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл” гэж бичих байсныг буруу бичсэн. Мөн тогтоох хэсгийн 11 дэх заалтад “... тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Б -, Т.У - нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж шүүгдэгч Т.У -ын нэрийг буруу бичсэн, ямар таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж байгааг дурдаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч С.Б -ын өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Улсын яллагчийн зүгээс машин механизм ашигласан гэдгээр хүндрүүлэх үндэслэл болгосон боловч миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн “Соната” маркийн тээврийн хэрэгслийг байнгын эдэлж хэрэглэдэг. Мөн түлхүүр, багаж хэрэглэсэн гэж үзэж байгаа боловч машин хэрэглэж байгаа хүний хувьд машиндаа багаж хэрэгслийг байнга авч явдаг. Хавтас хэрэгт шүүгдэгч нарын мэдүүлгээс өөр нотлох баримт байдаггүй. Харин камерын бичлэгийн хувьд Т.У - нь С.Б -аар түшүүлж яваа дүрс бичлэг байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн эд зүйлийг “Т.У -аас худалдаж авсан” гэсэн мэдүүлгийг өгч, бидний хувьд анхан шатны шүүх хуралдаанд энэ хэрэгт хувь санаатайгаар оролцоогүй гэж мэтгэлцсэн. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Г.У -ын өмгөөлөгч Н.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү. ... миний үйлчлүүлэгчийн нэрийг Т.У - гэж, цагдан хоригдсон хоногийн хувьд алдаагүй бичигдсэн тул заавал хүчингүй болгох шаардлагагүй гэсэн саналтай байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг маш тодорхой тайлбарласан. Энэ хэргийн хувьд анхан шатны шүүхээс прокурорт нэг удаа буцаж байсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэмж шалгаж тогтоо гэсэн боловч шалгаж тогтоогоогүй шүүхэд ирсэн. Улсын яллагчийн зүгээс “... субьектив талаас нь үзэхэд Т.У - нь хулгай хийсэн байна ...” гэж тайлбарлаж байна. Тэгэхээр зөвхөн субьектив тал гэж байхгүй, объектив тал буюу хавтас хэргийн хүрээнд хэрхэн нотлогдсон нь тодорхойгүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.У - тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбар байхгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч С.Б -, Т.У - нар бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны гадна авто зогсоолоос хохирогч Б.Д -гийн ... -улсын дугаартай Hyundai mighty” загварын автомашины Vartа брэндийн 2 ширхэг аккумляторыг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 360.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Б.Д -гийн “... 2022 оны 5 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө 23 цагийн орчим машины цонхны ойролцоо байрлуулаад гэртээ амарсан. 2022 оны 5 дугаар сарын 08-ны өглөө 09 цагийн үед өөрийн машинаа асаах гэтэл машин асахгүй байхаар нь би бууж ирээд хартал машины 2 ширхэг аккумляторын боолтыг тайлаад цоожийг нь онгойлгоод аваад явсан байхаар нь цагдаад хандсан. ...” /хх 14-15/ гэж эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, болсон үйл явдал, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:
яллагдагчаар С.Б -ын “... Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ... Тэр залуу буугаад замын хажуунаас 2 ширхэг аккумлятор наашаа авч ирэх гээд өргөөд даахгүй болохоор нь би бууж машиныхаа багаажинд хийсэн. 2 ширхэг аккумлятор байсан бөгөөд тэр залуу “20.000 төгрөг өгчих” гэхээр нь би бэлэн 20.000 төгрөг өгөөд аккумляторыг аваад явсан. ...Нөгөөдөр аккумляторын эзэн гэх эрэгтэй над руу ярихаар нь очиж уулзаад “цагдаад битгий хандаараа” гэж хэлээд 2 ширхэг аккумляторыг нь 400.000 төгрөгтэй өгсөн. ...” /хх 55/,
яллагдагчаар Т.У -ын “... Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ... Би Улаанбаатар хотод Тахилтад ганц зам нэртэй сүмээр хоноглодог ... 2022 оны 05 дугаар 07-ны өдөр сүмээсээ гараад драгон орчимд тэнэж явахад Драгон төвийн зогсоол дээр Соната 7 маркийн хар машинтай нэг ах таараад “суучих архи байна.” гэхээр нь би архи уух гээд машинд нь суусан. ... архи задлаад өгөхөөр нь уусан. ... Тэгсэн “эндээс нэг аккумлятор байгаа, авахад амархан байна, чи аваад өг” гэж хэлээд машинтайгаа 5 шарын хойд талд байрны урд зогссон. ... маяти машин дээр очоод энэний хоёр аккумляторыг аваад өг гээд 10, 12-ын боолтны түлхүүр надад өгөөд “наадахаараа тайлаад замын хажууд тавьчих” гэж хэлээд ... би тэр машины 2 аккумляторыг тайлж аваад замын хажууруу аваачихад өөрөө машинтайгаа ирээд багаажиндаа хийгээд хөдөлсөн. ...” /хх 62/ гэх мэдүүлгүүд,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 918 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчийн хулгайд алдсан Varta брэндийн аккумляторыг 360.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх 31-32/,
Камерын бичлэгт “... Тухайн хүн аккумлятор бололтой зүйлийг газар тавиад явж байгаа дүрсийг харуулав. Саарал өнгийн жижиг тээврийн хэрэгсэл ирж зогсож байгаа дүрсийг харуулав. ...Тээврийн хэрэгслээс ногоон алаг өнгийн хүрэмтэй эрэгтэй жолооч талын хаалгаар буугаад зогсож байгаа дүрсийг харуулав. Машиныхаа арын багажийг онгойлгон газарт тавьсан аккумляторыг өргөж машины багажид хийж байгаа дүрсийг харуулав. ... Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг татах харуулахад ... -улсын дугаартай саарал өнгийн Sonata загварын тээврийн хэрэгсэл болохыг харуулав...” гэж үзлэг хийсэн тэмдэглэл /хх 43-48/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-6/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар давхар нотлогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч С.Б -, Т.У - нар ямар гэм буруутай, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Прокуророос шүүгдэгч С.Б -, Т.У - нар нь бүлэглэн хохирогч Н.Т -ын эзэмшлийн ... -улсын дугаартай “Hyundai mighty” загварын тээврийн хэрэгслийн “Varta” брэндийн 2 ширхэг аккумляторыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэх шинжийг хангахгүй, харин бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзэж, С.Б -ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, Т.У -ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.
Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад ач холбогдолтой.
Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хүч нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотлох ёстой.
Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт зорилгоороо нэгдсэн байвал гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үздэг.
Энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болно.
Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч С.Б - нь 2022 оны 5 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө шүүгдэгч Т.У -аар хулгайн гэмт хэрэг үйлдүүлэх зорилгоор архи, согтууруулах ундааны зүйл хэрэглүүлж, хохирогч Б.Д -гийн ... -улсын дугаартай Hyundai mighty” загварын автомашины 2 ширхэг аккумляторыг тайлж, авахуулахаар 10, 12 милметрийн түлхүүр өгч, улмаар С.Б - нь хохирогчийн автомашины 2 ширхэг аккумляторыг хулгайлан авч, шүүгдэгч С.Б -ын унаж явсан автомашинд ачиж явсан болох нь яллагдагчаар Т.У -ын өгсөн “... Драгон төвийн зогсоол дээр Соната 7 маркийн хар машинтай нэг ах таараад “суучих архи байна.” гэхээр нь би архи уух гээд машинд нь суусан. ... архи задлаад өгөхөөр нь уусан. ... Тэгсэн “эндээс нэг аккумлятор байгаа, авахад амархан байна, чи аваад өг” гэж хэлээд машинтайгаа 5 шарын хойд талд байрны урд зогссон. ... маяти машин дээр очоод энэний хоёр аккумляторыг аваад өг гээд 10, 12-ын боолтны түлхүүр надад өгөөд “наадахаараа тайлаад замын хажууд тавьчих” гэж хэлээд ... би тэр машины 2 аккумляторыг тайлж аваад замын хажууруу аваачихад өөрөө машинтайгаа ирээд багаажиндаа хийгээд хөдөлсөн. ...” /хх 62/ гэх мэдүүлэг, камерын бичлэгт “... Тухайн хүн аккумлятор бололтой зүйлийг газар тавиад явж байгаа дүрсийг харуулав. ...Тээврийн хэрэгслээс ногоон алаг өнгийн хүрэмтэй эрэгтэй жолооч талын хаалгаар буугаад зогсож байгаа дүрсийг харуулав. Машиныхаа арын багажийг онгойлгон газарт тавьсан аккумляторыг өргөж машины багажид хийж байгаа дүрсийг харуулав. ...” гэж үзлэг хийсэн тэмдэглэл /хх 43-48/ зэргээр тогтоодсон байх бөгөөд уг нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэрэгт шүүгдэгч нар оролцоогүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.У -ыг 07 сарын хугацаагаар хорих ялаар, С.Б -ыг 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Т.У -т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Прокурор Г.Лхагвасүрэнгээс “...шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан байхад шүүх дээрх гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзэн хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлгүй, ... шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 7 дугаар талд шүүгдэгч Т.У -ыг нийт 101 цагдан хоригдсон байхад шүүгдэгч нарыг цагдан хоригдсон хоноггүй гэж, мөн шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай анги гэж бичсэн нь алдаатай, тогтоох хэсгийн 11 дэх заалтад Т.У -ын нэрийг У - гэж буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн эсэргүүцэл бичжээ.
Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог.
Харин автомашин ашиглан зөөж тээвэрлэсэн үйлдэл бүрийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулах нь Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэхгүй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг харгалзан ялгамжтай авч үзэх нь зүйтэй.
Бусдын эд хөрөнгийг хулгайлж авсны дараа буюу гэмт хэрэг төгссөний хойно тухайн хөрөнгийг автомашиндаа нуусан эсхүл зөөж тээвэрлэн хэргийн газраас холдож буй үйлдлийг машин механизм ашиглаж үйлдсэн хэмээн дүгнэх үндэслэлгүй юм.
Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэдэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хялбарчлах, дөхөм болгохын тулд машин механизмыг зориулалтынх нь дагуу ашиглаж хэрэглэснийг ойлгоно.
Шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ автомашинаараа ямар нэгэн саадыг арилгаагүй, тийм зорилго агуулаагүй ба зогсоолд байсан тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хулгайлан авч С.Б -ын унаж явсан ... -улсын дугаартай саарал өнгийн Sonata загварын автомашинаар зөөж тээвэрлэн, хэргийн газраас холдсон байна.
Дээрх ойлголтуудаас үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй буюу машин механизм ашигласан гэх шинжийг хангахгүй байна гэснийг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж хуульчилжээ.
Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосны дараа “... шүүгдэгч нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, ...” гэж эргэлзээтэй дүгнэлт хийсэн, “Т.У -ыг ... цагдан хоригдсон 101 хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ял оруулан тооцов” гэж дүгнэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн гэж, мөн тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтад Т.У -ын нэрийг Т.У - гэж хайнга, хариуцлагагүй алдаа гаргасан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, залруулах нь зүйтэй.
Дээрх алдаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь буруу боловч шүүгдэгч нарын гэм бурууг үгүйсгэх, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.У -ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 49 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
11 дэх заалтын “... шүүгдэгч С.Б -, Т.У - нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэснийг “... шүүгдэгч Т.У -т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч С.Б -т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг хэсэгчлэн хангасугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У - 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 49 /дөчин ес/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН