| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2024/0933/З |
| Дугаар | 128/ШШ2024/1040 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2024/1040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Р*******” ХХК /РД:*******/,
Гомдол гаргагчийн төлөөлөгч: П.А*******,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Э*******,
Хариуцагч: Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.С*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Х******* нарын хоорондын “Эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э*******, хариуцагч Б.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Монополийн эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Б.С*******аас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 000 тоот шийтгэлийн хуудсаар “Р*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 5,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.
1.2. “Р*******” ХХК-иас Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.С*******т холбогдуулан “Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.С*******ын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 000 тоот хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай гомдлыг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан байна.
Хоёр.Гомдлын үндэслэл:
2.1. Гомдол гаргагч “Р*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э******* шүүхэд ирүүлсэн гомдолдоо: ““Р*******” ХХК нь аялал жуулчлал, тийз борлуулалтын чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2024 оны 02 дугаар сард иргэн Т.Ч тус компанид хандан 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нисэх Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн МИАТ авиа компанийн нислэгийн тийз захиалж үйлчилгээ авсан буюу онгоцны тийзийг солих, өөрчлөх, хойшлуулах талаар суудал захиалгын ажилтан С.Бтэй амаар харилцан тохиролцсон боловч үл ойлголцох нөхцөл байдлын улмаас үйлчлүүлэгч Монополын эсрэг газарт хандсан байдаг. 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус компани нислэгийн тийзийн 1,188,000 төгрөгийг буцаан шилжүүлж хохирлыг барагдуулсан байхад 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч талын зүгээс 5,000,000 төгрөгийн торгууль оногдуулахдаа “бараа ажил үйлчилгээний доголдлыг боломжтой хугацаанд арилгах үүрэг хүлээнэ гэж заасныг зөрчиж, хэрэглэгчид учирсан доголдлыг арилгаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн эрх бүхий албан тушаалтны тайлбараар зөрчилд шийтгэлд оногдуулах тухай шийтгэлийн 000 хуудас нь тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж санхүүгийн дарамт учруулж байгаа учраас хууль бус тул эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7.2 зүйлд заасныг удирдлага болгон Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Монополын эсрэг газрын эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байна гэсэн захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчимд харшилж байгаа тул Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал төлбөрийг төлснөөр үгүйсгэгдэж байхад үйлчилгээний доголдлыг боломжтой хугацаанд арилгаагүй мэтээр тайлбарлан шийтгэл оногдуулж байгаа нь хууль бус захиргааны шийдвэр гэж үзэж байна.
Зөрчлийн тухай хуулийн 2.1 зүйл болон 3.1 зүйлд заасан хэм хэмжээ, зохицуулалтыг баримтлалгүй Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг мушгин тайлбарлаж үйлчлүүлэгчийн төлбөрийг бүрэн барагдуулсан байхад бодит нөхцөл байдалд тохироогүй, утга агуулгын илэрхий алдаатай учраас, шийдвэр нь үндэслэл бүхий бус учраас Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэсэн хуулийн шаардлага, зарчмыг зөрчсөн тул зөрчил гэж тооцсон шийтгэх хуудас шударга ёсонд нийцээгүй учраас эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Манайх хувийн компани, 6 хүний нийгмийн даатгалыг төлдөг, сард 8-9 сая төгрөгийн ашиг хийдэг. Үүнийг дараагийн аяллын тийзний урьдчилгаа болгоод явдаг. Үүнд том дарамт болдог учраас эрх бүхий тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Гомдлын агуулгаас харахад Монополын эсрэг газрын улсын байцаагчийн ногдуулсан шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 000 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжилжээ. Монополын эсрэг газарт хандан 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Т.Чгөөс ““Р*******” ХХК-аар 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн 03 дугаар сарын 11-ний өдөр нисэх онгоцны тасалбар 1.188.000 /нэг сая нэг зуун наян найман мянган төгрөгөөр захиалсан боловч нислэг болох өдөр Чингис хаан нисэх олон улсын нисэх буудал дээр нисэхээр очиход “Р*******” ХХК нь тасалбарын үнийг төлөөгүй гэсэн шалтгаанаар онгоцонд суулгаагүй, тухайн үед тус байгууллагад үүсээд буй нөхцөл байдлыг мэдэгдэхэд андуурал гараад өөр нислэг захиалсан байна. Та дараа нисэх үедээ тасалбар авч болно гэж мэдэгдсэний дагуу 2024 оны 09 дүгээр сард нислэг захиалахаар болсон. Гэтэл 09 сарын 08-ны өдөр “Р*******” ХХК-д холбогдоход “Бид одоо таны тасалбарыг гаргаж өгөх боломжгүй, өмнө ажиллаж байсан хүмүүс ажлаас гарсан” гэх хариу өгсөн” гэх зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг Удирдлага болгон 240******* дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг үндэслэн 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Т.Чд алдаатай нислэгийн тасалбар бичиж өгсөн нь хохирогч, холбогдогчийн өгсөн мэдүүлэг, мөн иргэний Ragusa ticket & trael agency business chat rэсэн хаягаар бичсэн мессеж, "Р*******" ХХК-ийн тайлбар хүргүүлэх тухай 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/21 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Дээрх зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар "Р*******" ХХК нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 зүйлийн 12.3-т заасныг зөрчиж, хэрэглэгчээс бараа, ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул тус компанид Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 000 дугаартай шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу “Р*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Т.Ч 2024 оны 03 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос улс руу нислэг захиалсан бөгөөд үйлчилгээний төлбөрөө 100 хувь төлсөн. Гэтэл “Р*******” ХХК-ийн тасалбар бичигч С.Б зөрүүтэй бичсэний улмаас Т.Ч нь тухайн өдрөө дахин тасалбар худалдан авч хохирсон. Энэхүү нөхцөл байдлыг тус байгууллагад мэдэгдэхэд андуурал гараад өөр нислэг захиалсан байна, та дараа нисэх үедээ тийз авч болно гэж мэдэгдсэний дагуу 2024 оны 09 дүгээр сард нислэг захиалахаар болсон. 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Р*******” ХХК-д хандахад манай өмнөх хүн ажлаасаа гарсан тул бид хариуцахгүй, тэр хүнтэй учраа ол гэж татгалзаад, улмаар тус байгууллагад хандаад ойлголцож чадахгүй байсан учраас манайд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гомдол гаргасан.
Иргэний тухай хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан нь ажилчин ажлаасаа гарсан гэдэг нь өөрөө хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Дээрх үйлдэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 зүйлийн 12.3-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч хэрэглэгчээс бараа, ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ” гэж заасан. Манайд гомдол бүртгэгдэхээс өмнө талууд ярилцаад тохиролцоод гомдлыг хуульд заасны дагуу барагдуулах боломж байсан уу гэвэл байсан.
“Р*******” ХХК хэрэглэгчийн хохирлыг барагдуулсан тул зөрчлийн шинжгүй гэж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно”, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус заасан. Харин хохирлын тухайд Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж заасан хохирлыг барагдуулсан нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талаас шүүх бичгээр гаргаж өгсөн хариу тайлбараа бүрэн дэмжиж байгаа. Аж ахуйн нэгж 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Т.Чгийн гомдолд нэхэмжилсэн төлбөрийг шилжүүлсэн байдаг. Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Монополын эсрэг газарт иргэн гомдлоо гаргаад манай агентлаг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг улсын хэмжээнд хэрэгжүүлж ажиллах чиг үүрэгтэй агентлаг. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан 09 дүгээр сарын 20-ны өдөр прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн зөрчлийн хэргийг нээж шалгасан. Зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байх хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Р*******” ХХК-иас тухайн иргэний гомдлын дагуу төлбөрийг барагдуулж байна гэдэг нь зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгаа, нотлох баримт судлуулж байхад үүнтэй холбоотой шаардлагатай баримтуудыг судлуулсан гэж үзэж байна. Шүүхэд бичгээр тайлбараа гаргаж өгсөн учраас давхардуулах шаардлагагүй гэж бодож байна. Тухайн иргэн өөрөө хүсэлтээ тавьсаар байтал асуудлыг шийдвэрлээгүй байж зөрчлийн хэрэг нээсний дараа асуудлыг шийдвэрлэчихээд одоо бидний зөрчил арилгасан гэж байгаа нь зөрчил үйлдсэн байгаа тэр үйлдэл нь шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “Р*******” ХХК-иас Монополийн эсрэг газрын улсын байцаагч Б.С*******т холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 000 дугаартай хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ “Бодит, нөхцөл байдалд тохирсон, үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй, Хэрэглэгчийн эрхийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад:
3.1. “Р*******” ХХК-ийн ажилтан С.Б нь иргэн Т.Чгийн захиалсан тийзийг буруу бичсэн, түүний улмаас иргэн С.Ч худалдан авсан тийзээ ашиглаж чадаагүй, улмаар ажилтан С.Бтэй тохиролцон нислэгийн огноог хойшлуулсан боловч 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “Р*******” ХХК-ийн менежерээс таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн,
3.2. Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Б.С******* нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 24******* тоот зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Р*******” ХХК-иас иргэний худалдан авсан тийзний буцаалт хийж, мөнгийг төлсөн,
3.3. Иргэн Т.Чгөөс Монополын эсрэг газар болон Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.С******* нарт хандан “... “Р*******” ХХК нь миний хохирлыг барагдуулсан зөрчлийн шинжгүй байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 9 зүйл, 1-ийн 1 дэх хэсгийн дагуу хэрэг бүртгэлийн ажиллагааг хааж өгнө үү” гэх хүсэлт гаргасан нөхцөл байдал тогтоогджээ.
4. Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Б.С*******аас 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Т.Чгөөс гаргасан “зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт”-ийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
5. Нийслэлийн Прокурорын газраас 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3/3123 тоот албан бичиг, мөн өдрийн 1755 дугаар тогтоолоор “... зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, шийтгэл оногдуулах эсэх асуудлыг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул прокуророос зөрчлийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ” гэсэн хариуг тус тус өгчээ.
6. Улмаар Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Б.С*******аас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 000 тоот шийтгэлийн хуудсаар “Р*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 5,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.
7. Зөрчлийн тухай хуулийн “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих” гэсэн нэртэй 10.2 дугаар зүйлийн 2-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй… ”-г зөрчилд тооцож “… торгох шийтгэл ногдуулахаар заасан байх ба Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч хэрэглэгчээс бараа, ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ” гэж худалдагчийн үүргийг тодорхойлсон байна.
8. Хуулийн дээрх зохицуулалтууд болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил нь эс үйлдэхүйгээр үйлдэгдэхээр хуульчилсан гэж үзэхээр, тухайн тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Р*******” ХХК-иас иргэний хохирлыг төлж барагдуулсан эс үйлдэхүй байхгүй болсон байхад хариуцлага хүлээлгэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж заасанд нийцэхгүй байна.
9. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” байхаар зохицуулсан тул зөрчилд тооцогдох эс үйлдэхүй арилсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.
10. Өөрөөр хэлбэл, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан “бараа, ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг”-ийг худалдагч биелүүлээгүй эс үйлдэхүй арилах хүртэл уг эс үйлдэхүйг зөрчилд тооцохоор Зөрчлийн тухай хуульд зөрчлийн шинжийг тодорхойлсон гэж үзэхээр байх тул эс үйлдэхүй арилсан буюу худалдагчаас хэрэглэгчийн тавьсан шаардлагыг биелүүлснээс хойш зөрчилд тооцох үндэслэлгүй, тодруулбал, маргааны тохиолдолд иргэн С.Чгийн шаардлага бодитоор биелсэн, энэ талаараа эрх бүхий албан тушаалтанд хүсэлт гаргаж илэрхийлснийг үл харгалзан шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Дараахь тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй:”, 1.1-д “зөрчлийн шинжгүй;”, 6.11 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана”, 1.1-д “энэ хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан” гэж заасан нийцээгүй байх тул “Бодит, нөхцөл байдалд тохирсон, үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй, Хэрэглэгчийн эрхийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлтэй гэж дүгнэлээ.
11. Иймд “Р*******” ХХК-иас гаргасан гомдлыг хангаж, Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.С*******ын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 000 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 4, Зөрчил шалган шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Р*******” ХХК-иас Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.С*******т холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.С*******ын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 000 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ