Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 108

 

“Д т ү” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын

Улсын төсвийн орлого, хяналтын газар, тус газрын

татварын улсын байцаагч Ц.Х, Р.Д, Б.Б нарт тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч          Д.Мөнхтуяа

Шүүгчид:                        Г.Банзрагч

                                       Б.Мөнхтуяа

                                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:              Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:Д.Долгордорж   

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын Улсын байцаагч Ц.Х, Р.Д, Б.Б нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актын “Тогтоох нь” хэсгийн 1.7, 1.8, 1.11, 1.12 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах;

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.6 дахь заалтын дагуу Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын Улсын байцаагч Ц.Х, Р.Д, Б.Б нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актын төлбөрийн хэмжээг багасгуулах;

“Д т ү” ХК нь 2010, 2011, 2014, 2015 оны татварын тайланд залруулга хийх эрхтэй болохыг тогтоолгох;

“Д т ү” ХК-ийн 2010, 2011, 2014, 2015, 2017 оны татварын залруулсан тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй, татгалзлыг хууль бус болохыг тогтоож, залруулсан тайланг хүлээн авахыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт даалгуулах;

Татварын улсын байцаагчдын 2014.06.30-ны өдрийн 210003852 тоот актаар тавигдсан торгууль, алдангийн тухайд өршөөлийн хуулийг хэрэглэж зохих хэмжээгээр өршөөлд хамруулан чөлөөлүүлэх”  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0729 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0083 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, Д.У, Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Т.Б,

Хариуцагч Ц.Х, Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Б.Б, Ц.Т нарыг  оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0729 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 28 дугаар зүйлийн 28.1.9,  29 дүгээр зүйлийн 29.1.8, 74 дүгээр зүйлийн 74.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д т ү” ХК-иас гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Х, Р.Д, Б.Б нарын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актын тогтоох хэсгийн 1.11 дэх хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Х, Р.Д, Б.Б нарын гаргасан 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актын тогтоох хэсгийн 1.11 дэх хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 28 дугаар зүйлийн 28.1.9,  29 дүгээр зүйлийн 29.1.8, 74 дүгээр зүйлийн 74.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.2-т заасныг тус тус баримтлан  “Д т ү” ХК-иас гаргасан, “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Х, Р.Д, Б.Б нарын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актын тогтоох хэсгийн 1.7, 1.8, 1.12 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, актын 1.8-д заасан 292,200,088,763.2 төгрөгийн зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгож, “актын 1.7, 1.12 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс гаргасан “татварын залруулсан тайланг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, залруулсан тайланг хүлээн авахыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт  даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч компанийн татварын залруулсан тайланг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, залруулсан тайланг хүлээн авахыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт  даалгаж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актаар ногдуулсан нийт торгууль, алдангиас татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор хассан үнийн дүнгээр тооцож 429,969,354.2 төгрөгийн торгууль, 256,385,410.8 төгрөгийн алданги, нийт 686,354,765.0 төгрөгийг  өршөөн хэлтрүүлж нэхэмжлэгчийн төлөх нийт төлбөрийг 193.386,182.6 төгрөг болгож багасгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актын 1.11 дэх хэсэг хүчингүй болохыг дурджээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0083 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0729 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 13 дугаар зүйлийн 13.11, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3.1, 7.3.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.2-т заасныг тус тус баримтлан “Д т ү” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Х, Р.Д, Б.Б нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 дугаар актын 1.8 дахь хэсгийг хүчингүй болгон, үлдэх актын 1.7, 1.11, 1.12 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Д т ү” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Д т ү” ХК-ийн 2010-2017 оны татварын залруулсан тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй, татгалзлыг хууль бус болохыг тогтоож, залруулсан тайланг хүлээн авахыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт даалгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай гэж,

5 дахь заалтыг хасч, 3, 6 дахь заалтын дугаарыг 2, 5 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч татварын улсын байцаагч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол       

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Гомдлын шаардлага: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/MA2019/0083 дугаар магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0729 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээх

4. Гомдол гаргах болсон үйл баримтын хувьд: Давж заалдах шатны шүүхийн магадлал нь анхан шатны шүүхийн шийдвэрт 2 өөрчлөлт оруулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүнд: Анхан шатны шүүх хариуцагч татварын улсын байцаагч Ц.Х, Р.Д, Б.Б нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актын тогтоох хэсгийн 1.11 дэх хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх татварын актын 1.11 дэх хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5. Анхан шатны шүүх “татварын залруулсан тайланг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, залруулсан тайланг хүлээн авахыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх “Д т ү” ХК-ийн 2010-2017 оны татварын залруулсан тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй, татгалзлыг хууль бус болохыг тогтоож, залруулсан тайланг хүлээн авахыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт даалгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6. Гомдлын үндэслэл: Нэг. Татварын актын 1.11 дэх хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11 дэх заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан cap хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан хүрээнд шийдвэрлэсэн.

7. Учир нь нэхэмжлэгч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт төлсөн төлбөрөөс 155,941,420 төгрөгийн илүү төлөлттэй байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог бөгөөд хавтаст хэрэгт авагдсан. Хариуцагч нь энэхүү илүү төлөлтийг татварын хяналт шалгалт хийх хүрээнд зөвтгөн бүртгэх боломж байх бөгөөд татварын улсын байцаагч шийдвэрлэх боломжтой талаар тайлбар өгсөн.

8. Анхан шатны шүүх энэ хүрээнд актын 1.11 дэх хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй бөгөөд, хариуцагч нь татварын хяналт шалгалтын хүрээнд зөвтгөн бүртгэж, шийдвэрлэгдэх боломжтой талаар тайлбарласан тул хавтаст хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарт үндэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ.

9. “Хэдийгээр магадлалын “Хянавал” хэсгийн 3-т: “Энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч компанийн Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.9-д заасан эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдах...” гэж заасан боловч, энэ нь уг асуудлыг татварын албанд шууд үүрэг болгоогүй байх тул хариуцагч үзэмжээрээ шийдэх боломж олгосон нь хугацаагүй, тодорхойгүй байдал үүсгэж, татвар төлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.”

10. Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Татвар төлөгч дараах эрх эдэлнэгээд 17.1.4 дэх хэсэгт “илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах” мөн хуулийн 58.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 17.1.4-т заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараах журмаар шийдвэрлэнэ:” гээд 58.1.1-т “тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох” гэж хуульчилсан бөгөөд хариуцагчийн зүгээс хяналт шалгалтын хүрээнд шийдвэрлэгдэх боломжтой талаар тайлбар өгсөн атал давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.

11. Хоёр. Татварын залруулсан тайланг хүлээн авахыг даалгасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тухайд: Нэхэмжлэгч нь Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт холбогдуулан “Д т ү” ХК-ийн 2010-2017 оны татварын залруулсан тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй, татгалзлыг хууль бус болохыг тогтоож, залруулсан тайланг хүлээн авахыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт даалгуулах” нэхэмжлэл гаргасан.

12. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой, нотлох баримтын үндсэн дээр үнэн зөв шийдвэрлэж, нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

13. Учир нь Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор “Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.4 дэх заалт, мөн 2013 оны 131 дүгээр тогтоолын 3.2 дахь заалтад төмрийн баяжмалд холбогдох хэсгийг, мөн Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийн 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэснээр гадаад борлуулалт хийсэн тохиолдолд олон улсын жишиг үнийг бус гэрээний үнийг баримтлан АМНАТ төлөх эрх зүйн үр дагавар үүссэн.

14. Гэтэл хариуцагч нь Татварын ерөнхий хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, мэдүүлэх, татварын тайланг баталгаажуулах үүргээ биелүүлээгүй буюу уг шүүхийн шийдвэрийг нийтэд мэдэгдээгүйгээс илүү татвар тайлагнасан. Уг шүүхийн шийдвэрийг зөвхөн хэргийн оролцогчид нь мэдэх боломжтой бөгөөд www.shuukh.mn  сайтаас нэхэмжлэгч нь сүүлд олж мэдэн Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт удаа дараа татварын залруулсан тайланг хүлээлгэн өгөх талаар хүсэлт гаргахад үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэж байсан тул шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

15. Нэхэмжлэгч нь 2010-2017 оны татварын залруулсан тайланг хүлээн авахыг даалгах шаардлага гаргаад үүн дотроо зөвхөн 2010, 2011, 2014, 2015 оны татварын тайланд залруулга хийхийг даалгах тухай үндэслэлээ ярьж, тайлбарлаж байсан бөгөөд энэ 4 оны татварын залруулсан тайланг хавтаст хэрэгт гарган өгсөн.

16. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт 1-1/2240 дүгээр албан бичгээр “... 2009 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тус компаниас экспортод гаргасан болон борлуулсан төмрийн хүдрийн баяжмалд тооцсон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг холбогдох хуулийн этгээдүүдтэй байгуулсан гэрээний үнээр тооцож, ногдуулсан татвараас хасч, суутган тооцоолол хийж өгнө үү” гэх хүсэлт гаргасан. /хх 163 дахь тал/

17. Гэтэл хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 01/04 дүгээр албан бичгээр “... өөрөөр хэлбэл “А х” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт төлөлтийн байдлыг татварын албанаас шалгаад ирүүлсэн зөрчилд татварын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулсан татварын улсын байцаагчийн актын тухайн аж ахуйн нэгж хүлээн зөвшөөрөхгүй маргаан үүсгэж улмаар тухайн актыг шүүхээс хүчингүй болгосон нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх, татвар төлөхийг зогсоох үндэслэл болохгүй болно” гэх хариу ирүүлсэн. /хх 164 дэх тал/

18. Захиргааны хэм хэмжээ тогтоосон журамд өөрчлөлт орсон нь нийтээр дагаж мөрдөх эрх зүйн үйлчлэлтэй тул Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар нэхэмжлэгч нь Татварын ерөнхий газрын даргад 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1-1/0261 дүгээр албан бичгээр гомдол гаргасан. /хх 168 дахь тал/ Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10/723 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй талаар хариу өгсөн. /хх 169 тал/

19. Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн залруулсан тайланг хүлээж авдаггүй байсан бөгөөд үүнтэй холбогдуулан удаа дараа нэхэмжлэгч компанийн эрх бүхий албан тушаалтнууд биечлэн уулзаж, хүсэлт гарган, албан хүсэлт өгсөн байдаг.

20. “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаар, татвар төлөгч нь зөвхөн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүрэгтэй билээ. Засгийн газрын холбогдох тогтоолуудын зарим заалтыг Улсын Дээд шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосныг мэдээгүйгээс буюу уг хууль бус хэм хэмжээний дагуу татвар төлөгч нь анх тайлангаа гаргасан байснаа залруулах гэхэд, татварын цахим тайлангийн системд шууд автоматаар шивж залруулах техникийн боломжгүй байдаг тул зайлшгүй албан бичгээр татварын албанд хандан хүсэлт гаргаж шийдвэрлүүлдэг журамтай. Гэтэл нэхэмжлэгч ийнхүү татварын албанд удаа дараа хүсэлт гаргахад хүлээж авахгүй байгаа нь хууль бус байтал давж заалдах шатны шүүх уг практик дэс дарааллыг мэдэхгүйгээс магадлалдаа “нэхэмжлэгчийн ... хүсэлтийг ... татварын залруулсан тайлан гэж үзэх боломжгүй ...” хэмээн дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж, татвар төлөгчийн эрх ашгийг маш ноцтойгоор зөрчиж байна.”

21. Хууль зүйн үндэслэлийн хувьд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Татварын алба, татварын улсын байцаагч хууль тогтоомжоор тодорхойлсон татвар төлөх үүргээ биелүүлэхэд нь татвар төлөгчид тусалж дараах үйлчилгээг үзүүлнэ” гээд 15.1.1 дэх заалтад “татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах”, 15.1.2 дахь заалтад “татварын хууль тогтоомжийг нэг мөр дагаж мөрдөх, татварын үүргээ тодорхойлох, тайлан, мэдээ гаргахтай холбогдсон заавар, аргачлал, гарын авлага, маягтаар хангах” үүргийн хүрээнд Засгийн газрын жишиг үнэ тогтоосон шийдвэрүүдийг хүчингүй болгосныг нийтэд мэдэгдэх, татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, хууль тогтоомж, дүрэм, журмыг хүчингүй болсонтой холбогдох заавар, мэдээллээр хангаагүйгээс нэхэмжлэгч нь Засгийн газрын тогтоолыг шүүхээс хүчингүй болгосныг мэдэлгүйгээр илүү тайлан гаргах нөхцөл үүссэн тул анхан шатны шүүх бүх талаас нь бүрэн бодитой шийдвэрлэсэн.

22. Харин анхан болон давж заалдах шатны шүүх 210003852 тоот татварын актын тогтоох хэсгийн 1.8 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

23. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/MA2019/0083 дугаар магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0729 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

24. Хариуцагч Ц.Х, Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Д т ү” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Х, татварын улсын байцаагч Б.Б, Р.Д нарт холбогдох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0083 дугаартай магадлалын Татварын улсын байцаагчийн актын 2014 оны 210003852 тоот актын 1.8 дахь хэсгийг шүүхээс хангаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

25. Шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 “дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэнэ” гэж заасныг удирдлага болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь “Д т ү” ХК нь төмрийн хүдэр, баяжмалыг дотоодын аж ахуйн нэгжид борлуулж, түүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дотоодын аж ахуйн нэгжид борлуулсан үнээс тооцож ногдуулсан байсан.

26. Гэтэл төмрийн хүдэр, баяжмалыг Монгол Улсад ашигладаггүй бөгөөд худалдан авсан аж ахуйн нэгжүүд нь бүгд экспортонд гаргасан нь гаалийн мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд энэ нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс зугтах явдлыг бий болгосон. Өөрөөр хэлбэл татвараас зайлсхийх зорилгоор дамжуулан борлуулалт хийсэн гэж үзсэн.

27. “Д т ү” ХК-ийн дотоодын аж ахуйн нэгжид борлуулсан төмрийн хүдэр, баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө.”, 47.4-д “Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна.” гэж заасны дагуу актаар ногдуулах үндэслэлтэй байх бөгөөд энэ тухай ажлын чиглэлийг Сангийн яам, Татварын ерөнхий газраас өгч байсан болно.

28. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0083 дугаартай магадлалын “Тогтоох” хэсгийн актын 1.8 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актын 1.8 дахь хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

29. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

30. Нэг. Нэхэмжлэлийн “... Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Х, Р.Д, Б.Б нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот акт”-д холбогдох шаардлагуудын талаар:

31. Нэхэмжлэгчээс “... /татварын улсын байцаагчийн маргаан бүхий/ 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 дугаар актын “Тогтоох нь” хэсгийн 1.7, 1.8, 1.11, 1.12 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах, … Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.6 дахь заалтын дагуу ... /уг/ актын төлбөрийн хэмжээг багасгуулах, ... актаар тавигдсан торгууль, алдангийн тухайд өршөөлийн хуулийг хэрэглэж зохих хэмжээгээр өршөөлд хамруулан чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагууд гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа /бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах/”-аар, 109 дүгээр зүйлийн 109.2-т “энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах”-аар заасантай тус тус нийцээгүй, анхан шатны шүүх дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, “...нэхэмжлэгч “Д т ү” ХК нь тус шүүхэд 3 удаа нэхэмжлэлийн шаардлага гаргасан, эхний 2 нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал тогтоолуудаар энэ нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэл, үйл баримтын талаар дүгнээгүй...” гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй нь буруу байна.

32. Тодруулбал, нэхэмжлэгч “Д т ү” ХК-иас “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Х, Р.Д, татварын улсын байцаагч Б.Б нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг гурван шатны шүүх хэлэлцэж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 147 дугаар тогтоолоор “... нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож”, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

33. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн ... /талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд заах/”-аар тусгасны дагуу нэхэмжлэгчээс захиргааны актыг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан тохиолдолд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.3.2-д зааснаар “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” шийдвэрийг захиргааны хэргийн шүүх гаргах боломжтой юм.

34. Өөрөөр хэлбэл, иргэн, хуулийн этгээдээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хүчингүй болгуулах” эсхүл “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын төрлөөс өөрөө сонгож зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах боломжтой, энэхүү эрх нь нэг захиргааны акттай холбоотой үйл баримтын талаар нэхэмжлэлийн төрөл тус бүрээр шүүхэд хэд хэдэн удаа маргах хуулийн боломж биш юм.

35. Иймд, маргаан бүхий захиргааны акт “хуульд нийцсэн эсэх”, “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэх” маргааныг өмнө эцэслэн шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчинтэй байхад нэхэмжлэгч  “Д т ү” ХК дахин уг асуудлаар шүүхэд маргах, шүүх дахин хянан шийдвэрлэх хууль зүйн боломжгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа /бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах/”-аар заасны дагуу “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Х, Р.Д, Б.Б нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актын “Тогтоох нь” хэсгийн 1.7, 1.8, 1.11, 1.12 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.6 дахь заалтын дагуу Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Х, Р.Д, Б.Б нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актын төлбөрийн хэмжээг багасгуулах, Татварын улсын байцаагчдын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актаар тавигдсан торгууль, алдангийн тухайд өршөөлийн хуулийг хэрэглэж зохих хэмжээгээр өршөөлд хамруулан чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

36. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд татварын улсын байцаагчийн маргаан бүхий актаар хүлээлгэсэн захиргааны шийтгэл буюу торгууль, алданги нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гаргасан захиргааны зөрчилд хамаарч байгаа, уг хуулийг хариуцагч Татварын ерөнхий газар хэрэгжүүлэх үүрэгтэй тул маргаан бүхий актаар ногдуулсан торгууль, алдангийг хүчин төгөлдөр хуулийн дагуу өршөөн хэлтрүүлж, хариуцагчаас актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг өршөөлд хамрагдсан хэмжээгээр багасган тогтооход энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

37. Хоёр. Нэхэмжлэлийн “... “Д т ү” ХК нь 2010, 2011, 2014, 2015 оны татварын тайланд залруулга хийх эрхтэй болохыг тогтоолгох,  “Д т ү” ХК-ийн 2010, 2011, 2014, 2015, 2017 оны татварын залруулсан тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй, татгалзлыг хууль бус болохыг тогтоож, залруулсан тайланг хүлээн авахыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт даалгуулах” шаардлагуудын тухайд:

38. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.4-ийн 4 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоолын 3 дахь заалтын 2-ийн “төмрийн баяжмал”-д холбогдох хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 3 дахь заалт, Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэсэн, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэгчээс уг тогтоолыг үндэслэн, “... татвараа илүү төлсөн /тул/ тайланд залруулга хийх эрхтэй болохыг тогтоолгох, ... залруулсан тайланг хүлээн авахыг /хариуцагчид/ даалгах” нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан, хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр уг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

39. Дээр дурдсан, хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор Засгийн газрын  2011 оны 193 дугаар тогтоолын 2.4-ийн 4 дэх заалт, 2013 оны 131 дүгээр тогтоолын 3 дахь заалтын 2-ийн “төмрийн баяжмал”-д холбогдох хэсэг, 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 3 дахь заалт, 2013 оны 131 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсгүүд тус тус хүчингүй болсонд тооцогдоно, нэхэмжлэгчээс хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол гарахаас өмнөх, Засгийн газрын дээрх тогтоолууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хугацааны буюу 2010-2014 онуудын тайланд залруулга хийх, залруулсан тайланг хүлээн авахыг хариуцагчид даалгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй, түүнчлэн, хуулиар тусгайлан зохицуулсан харилцаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдах боломжтой үйл ажиллагааг шүүхийн журмаар “албадан” гүйцэтгүүлэхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй.       

40. Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд татварыг суутган тооцох, буцаан олгох, Татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар үндэслэлгүй, илүү хураасан мөнгөн хөрөнгө, алдангийн хэмжээг тогтоох, хугацааг тооцох журмыг нарийвчлан зохицуулсан, Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “энэ хуулийн 17.1.4-т заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараах журмаар шийдвэрлэнэ”, 59 дүгээр зүйлийн 59.1-д “татварын алба, татварын улсын байцаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан хөрөнгөд дараах зүйл хамаарна”, 59.1.2-т “энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан журмаар тодорхойлсон татварын ногдлыг эрх бүхий байгууллага хүчингүй болгосон буюу өөрчилсний улмаас бүрэн буюу хэсэгчлэн буцаан олгох татвар, торгууль, алдангийн дүн”, 60 дугаар зүйлийн 60.5-д “энэ хуулийн 43 болон 59 дүгээр зүйлд заасны дагуу алданги тооцон буцаан олгох асуудлыг татварын улсын байцаагч акт үйлдэн шийдвэрлэх бөгөөд уг актыг энэ хуулийн 74.1, 74.2-т заасан татвар нөхөн төлүүлэх, торгууль ногдуулах акттай хамтатган үйлдэж болно” гэж тусгайлан заасан байна.

41. Хуулиар тогтоосон уг журмын дагуу, “хүчингүй болсон” Засгийн газрын тогтоолд заасан хувь хэмжээгээр “илүү татвар төлсөн”-тэй холбоотой асуудал нь  “татварын улсын байцаагч акт үйлдсэн”-ээр шийдвэрлэгдэхээр, маргааны уг үйл баримтад холбогдуулж, хариуцагчаас “ ... /энэ асуудлаар/ татварын хяналт шалгалт явагдаж байгаа, ... /актаар/ илүү төлсөн татварын хувь хэмжээ тодорхой болсноор илүү төлөлтийн асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэх тайлбарыг шүүхэд гаргаж байх тул  нэхэмжлэгчийн “... “Д т ү” ХК нь 2010, 2011, 2014, 2015 оны татварын тайланд залруулга хийх эрхтэй болохыг тогтоолгох, “Д т ү” ХК-ийн 2010, 2011, 2014, 2015, 2017 оны татварын залруулсан тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй, татгалзлыг хууль бус болохыг тогтоож, залруулсан тайланг хүлээн авахыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.  

42. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0729 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0083 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Д т ү” ХК-ийн “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Х, Р.Д, Б.Б нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актын “Тогтоох нь” хэсгийн 1.7, 1.8, 1.11, 1.12 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.6 дахь заалтын дагуу Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Х, Р.Д, Б.Б нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актын төлбөрийн хэмжээг багасгуулах, Татварын улсын байцаагчдын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актаар тавигдсан торгууль, алдангийн тухайд өршөөлийн хуулийг хэрэглэж зохих хэмжээгээр өршөөлд хамруулан чөлөөлүүлэх”  нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Татварын ерөнхий хуулийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д т ү” ХК-ийн “... 2010, 2011, 2014, 2015 оны татварын тайланд залруулга хийх эрхтэй болохыг тогтоолгох, “Д т ү” ХК-ийн 2010, 2011, 2014, 2015, 2017 оны татварын залруулсан тайланг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй, татгалзлыг хууль бус болохыг тогтоож, залруулсан тайланг хүлээн авахыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МӨНХТУЯА

                        ШҮҮГЧ                                                                  Х.БАТСҮРЭН