Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 608

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэгмидийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “З*******” ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны алба

Гуравдагч этгээд: Т.У*******, Т.Г*******т

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/296 дугаар “Шүүхийн шийдвэр биелүүлж, албадан буулгаж чөлөөлөх тухай” захирамжаар даалгасны дагуу барилгыг албадан буулгаж, газар чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, зөвшөөрөлгүй өргөтгөлийг буулгаж, “З*******” ХХК-ийн эзэмшил газрыг чөлөөлөхийг Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгуулах”

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******,   П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Б******* 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийслэлийн Засаг даргын 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн захирамжаар “Энхтайвны өргөн чөлөө-2020” хэсэгчилсэн төлөвлөгөөний зураг төслүүдийг зөвшөөрч, баталсан зураг төслийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар “З*******” ХХК-д Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 44, 45 дугаар байруудыг холбон 0.5 га газрыг эзэмших эрхийг олгосон. Манай компани эзэмшил газар дээрээ барилга барих эрхтэй байсаар байтал захиргааны байгууллага, албан тушаалтнууд хууль журамд заасан ажил үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхгүй байгаа хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас газар эзэмших эрх зөрчигдөж өдийг хүрлээ. Манай компани Сүхбаатар дүүргийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүйд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс газар эзэмших, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгааг тогтоож шийдвэрлэсэн.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07–ны өдрийн А/296 дугаартай “Шүүхийн шийдвэр биелүүлж, албадан буулгаж, газар чөлөөлүүлэхийг даалгах” тухай захирамжийн дагуу газар чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зөвшөөрөлгүй өргөтгөлийг буулгаж, “З*******” ХХК-ийн эзэмшиж буй газар дээр бусдын хууль бусаар барилга барьсан газрыг чөлөөлөхийг Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор захирамж гаргахдаа дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдын эзэмшлийн зам, талбай дээр зөвшөөрөлгүй барьсан иргэн Т.У*******, Т.Г*******т нарын хамтын эзэмшлийн өргөтгөл буюу бусдын эзэмшил газартай давхцсан 60 м.кв барилгыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажлыг хуулийн дагуу зохион байгуулж ажиллахыг дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.М*******т даалгаж, захирамжийн биелэлтийг ханган ажиллахыг дүүргийн Өмч, газрын харилцааны алба, Цагдаагийн 1-р хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Онцгой байдлын хэлтэс, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, 4-р хорооны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон боловч Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны алба ямар ч арга хэмжээ авахгүй, захирамжийг биелүүлэхгүй байна. 

Иймд тус захирамжийн дагуу эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйд арга хэмжээ авч, газрыг чөлөөлж өгнө үү гэж хүсч байна” гэжээ.

Хоёр. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.М******* 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэг “эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, ...хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг” хэлнэ гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12-6, 12-7 дугаар “шаардах хуудас”, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 59 дүгээр мэдэгдэл, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дугаартай “мэдэгдэл”, А/296 дугаартай захирамж гарсны дараа 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 976 дугаар мэдэгдэл, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-15-10-22/1/1 шаардах хуудас зэргийг хүргүүлж гардуулж байсан” гэж дурдсанаас үзэхэд манай байгууллага нь тус дүүргийн Засаг даргын “Газар албадан чөлөөлөх” тухай захирамжийг биелүүлээгүй  гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн дүүргийн Засаг даргын 2015 оны А/296 дугаар захирамжийн биелэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлэх боломжтой тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гурав. Гуравдагч этгээд Т.Г*******т 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...“З*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/296 дугаар захирамжтай холбоотойгоор эс үйлдэхүйг хууль бус тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна” гэжээ.

Дөрөв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07–ны өдрийн А/296 дугаартай “Шүүхийн шийдвэр биелүүлж, албадан буулгаж, газар чөлөөлүүлэхийг даалгах” тухай захирамжийн дагуу газар чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зөвшөөрөлгүй өргөтгөлийг буулгаж, “З*******” ХХК-ийн эзэмшиж буй газар дээр бусдын хууль бусаар барилга барьсан газрыг чөлөөлөхийг Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор захирамжинд дараах зүйлийг тусгасан байдаг. Үүнд: дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт, бусдын эзэмшлийн зам, талбай дээр зөвшөөрөлгүй барьсан иргэн Т.У*******, Т.Г*******т нарын хамтын эзэмшлийн өргөтгөл буюу бусдын эзэмшил газартай давхцсан 60 м.кв барилгыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажлыг хуулийн дагуу зохион байгуулж ажиллахыг дүүргийн Өмч, газрын харилцааны албаны Т.М*******т даалгаж, захирамжийн биелэлтийг ханган ажиллахыг дүүргийн Өмч, газрын харилцааны алба, Цагдаагийн 1-р хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Онцгой байдлын хэлтэс, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, 4-р хорооны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон. Тус захирамжийн дагуу эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйд арга хэмжээ авч, газрыг чөлөөлж өгнө үү гэж хүсч байна.

Бид тус албанд очиж “Газрыг буулгах арга хэмжээг хэзээ авч өгөх вэ? Албадан буулгах үйл ажиллагаандаа орох болоогүй юу?” гэхэд “Манайх эхлээд шаардах хуудас өгсөн, 2 удаа мэдэгдэл өгсөн. Манайх албадан буулгаж чадахгүй байх. Нэгэнт баригдсан өргөтгөлийг яаж буулгах юм” гэсэн тайлбар хэлдэг” гэжээ. 

Тав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“З*******” ХХК-д  2004 онд 164 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар олгогдсон. Энэ газар нь Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрийн 44, 45 дугаар байрны хооронд олгогдсон. Энд газар олгогдсон асуудал нь манай эрхийг зөрчсөн тул шүүхэд хандаж улмаар дээд шүүхээр эцэслэн шийдүүлсэн. Мөн одоо гуравдагч этгээдээр оролцож байгаа оролцогчдын зүгээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Мөн 164 дугаартай захирамж нь хуульд нийцсэн байна гэсэн Улсын дээд шүүхийн тогтоол байгаа. Газрын албанаас шаардлага тавьж байх үед энэ барилгыг барьсан. Тухайн үед зөвшөөрөлгүй өргөтгөл барьж байгаа зөрчлийг арилгахтай холбогдуулаад комисс байгуулагдсан. Тус комиссоор “З*******” ХХК-ийн эзэмшлийн газартай холбоотой иргэн Т.У*******, Т.Г*******т нарт холбогдох асуудлыг хэлэлцээд, тухай үеийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад комиссын шийдвэрийг хүргүүлдэг. 2005 оноос хойш хүргүүлж байгаа. Энэ үеэс эхлэн Сүхбаатар дүүргийн Засаг дарга, тус дүүргийн газрын албаны дээд шатны байгууллагууд Газрын тухай хуулийн зөрчлийг арилгах асуудлыг комиссоор шийдвэрлүүлж эхэлсэн. Үүнээс хойш газрын алба хийж байгаа хэдий ч дутуу, хэлбэрийн төдий хийдэг. Өмнөх шүүхийн шийдвэрийг Газрын алба, дүүргийн Засаг дарга нь хуульд заасны дагуу биелүүлэхгүй, ажиллагаа хийхгүй, хийхдээ алдаатай хийж байна. Жишээлбэл: мэдэгдэл өгөхдөө 3 хоногийн дотор буулга гэх, мөн захирамж гаргасны дараа үндэслэл болгосон мэдэгдлийн огноо зөрүүтэй байх гэх мэтээр захиргааны хэргийн шүүхийн 87 дугаар шийдвэрээр захиргааны байгууллага Газрын тухай хуулийн зөрчлийг шийдвэрлэхдээ алдаатай шийдвэрлээд байна. Ийм учраас Т.У*******гийн нэхэмжлэлийг хангаж, тухайн үеийн Засаг даргын гаргасан 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 260 дугаар захирамжийг хүчингүй болгож байсан. Шүүхийн шийдвэрээр дүгнэхдээ захирамжийг хүчингүй болгож байгаа хэдий ч газрыг албадан чөлөөлүүлэхтэй холбогдох Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй ба шаардлагатай ажиллагааг зохих ёсоор явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандахад “Та нар иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариу өгдөг. Улмаар “Бусдын эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр барилга барьсан байхад захиргааны байгууллага хуулинд заасан үүргээ биелүүлэхгүй, эрх хэмжээгээ хэрэгжүүлэхгүй байна” гэж бид шүүхэд дахин хандсан. Улмаар Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн 2014 оны 371 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, газрыг буулгахтай холбогдох зохих ёсны захирамжийг гаргахгүй байна, хууль бус байна гэж үзэж, захирамж гаргахыг даалгаж шийдвэрлэсэн. Энэ нь Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн ба тус шийдвэрийн үндэслэх хэсэгт захиргааны байгууллагын хууль бус нөхцөл байдлыг тодруулаад захиргааны байгууллага, дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй ба Газрын тухай хуулийн 57.3, 57.4-д тус тус заасны дагуу Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, газрыг албадан чөлөөлөх эрхтэй болно гэж үзсэн. Яагаад вэ гэхээр одоо хариуцагчаар орж байгаа төлөөлөгч болон тухайн үед орж байсан дүүргийн Засаг даргын зүгээс энэ нь дүүргийн Засаг даргын эрх хэмжээний асуудал биш гэж татгалзсан тайлбараар оролцсон. Үүнийг Дээд шүүх эрхтэй гэж үзсэн. Үүний дараа 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/296 дугаар захирамжийг гаргасан. Үндэслэл нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилготой гарсан. Энэ нь бусдын эзэмшлийн талбай дээр зөвшөөрөлгүй баригдсан барилгыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажлыг хуулийн дагуу зохион байгуулж ажиллахыг дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгасан. Үүнийг тус Газрын алба биелүүлэхгүй байгаад бид гомдож байгаа юм. Үүнийг биелүүлэхийг хүсч Т.М******* даргатай удаа дараа уулзсан. Газрын албаны дарга хэлэхдээ: “Бид буулгах боломжгүй, Т.У******* болон Т.Г*******т нар хэрүүл хийгээд их хэцүү байдаг” гэсэн хариу хэлдэг бөгөөд газар эзэмших эрх нь зөрчигдөж байгаа этгээдийн үйлдэлд ийм байр суурьтай байдаг. Газар зохион байгуулах ажлыг гүйцэтгэдэг ажилтны мэдэгдэх хуудас хүргүүлэх үүргийг бид өөрсдөө тухай бүр очиж, шаардаж байж гүйцэтгүүлдэг.

Бид дүүргийн Газрын албыг татсан шалтгаан нь дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй байна гэж үзэж байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д “Дээд шатны байгууллагын хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх ёстой” гэж заасан байгаа. Газрын тухай хуулийн 57.3, 57.4-д тус тус зааснаар хэрэгжүүлэх субъект нь тухайн дүүргийн Засаг дарга гэж заасан байдаг ба тус субъект нь олон салбар дээр эрх, үүргээ хэрэгжүүлдэг бөгөөд тухайн хуулийн 20, 23 дугаар зүйлд тус тус зааснаар тухайлсан газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэсэн байдаг. Эрхийг шилжүүлэх тухай хуульд нийцүүлэн гаргасан журам байгаа. Уг журамд дээд шатны байгууллагын хуульд нийцэж гаргасан захирамжийг биелүүлэх ётсой гэж тусгасан. Газрын алба үүнийг хэрэгжүүлэн гүйцэтгэх байгууллага мөн гэдгийг тодорхойлсон баримт нь “Нийслэлийн хэмжээнд газар ашиглахтай холбоотой зөрчлийг арилгахад баримтлах журам” байдаг ба тус журмын 6.3-д газар чөлөөлөх ажиллагааг болон зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж, ашиглахтай холбоотой зөрчлийг арилгахаас гадна илрүүлэх үүргийг тусгаж өгсөн. Гэтэл илрүүлээд, тогтоогоод, шүүхээр даалгаад, шүүхийн шийдвэр болон Засаг даргын захирамж гарсан байхад биелүүлэхгүй байгаад гомдолтой байна. Дүүргийн Газрын албаны дээд шатны байгууллага нь нийслэлийн Өмчийн харилцааны газар байдаг. Тухайлсан асуудлыг хариуцсан албанд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хандахад нийслэлийн Өмчийн харилцааны газраас дүүргийн Газрын албанд шүүхийн шийдвэрийн дагуу биелүүлэхийг даалгасан албан бичиг хүргүүлдэг. Дүүргийн Газрын алба “Зохих арга хэмжээг авч биелүүлж байна” гэсэн хариу өгдөг. Шаардах хуудсанд заасны дагуу 14 хоногийн хугацаа өнгөрсөн. Улмаар бид хугацаа өнгөрснийг сануулаад, боломжит бүх арга хэмжээ авахыг хүссэн. Гэвч дараагийн ажил хийгддэггүй. Хугацааны талаар Газрын тухай хуулийн 57.3-д заасны дагуу мэдэгдэх, шаардах хуудас хүргэгдээд, хугацаандаа биелүүлээгүй бол дараагийн арга хэмжээг авна гэсэн байгаа. Үүгээр албадан буулгах арга хэмжээг биелүүлэхгүй байгаа юм. Уг нь хугацаа тогтоогоод мэдэгдэх, шаардах хуудас өгөөд байгаа хуулийн зохицуулалтын утга нь бусдын эрхийг зөрчөөд байгаа этгээдүүдэд өөрсдийн бага зардлаар зөрчлөө арилгах эрхийг олгосон байгаа юм. Хэрэв 57.4-д заасан хугацаанд биелүүлээгүй бол албадан буулгах арга хэмжээг авч, холбогдон гарсан зардлыг буруутай этгээдээр гаргуулна гэсэн байдаг. Гэтэл эдгээр ажлуудыг гүйцэтгэхгүй байгаа юм. Засаг даргын захирамжийн 1-д зааснаар тус ажлыг хуулийн дагуу зохион байгуулж ажиллахыг даалгасан. Хуулийн дагуу гэдэг нь миний тайлбарт дурдагдсан хуулийн заалтуудаар, мөн Засаг даргын шийдвэртэй холбоотой хуулийн заалтаар эрх хэмжээ нь шилжиж, дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргад очсон байтал түүнийг биелүүлэхгүй байгаа юм. Мөн хоёр дахь заалтаараа дүүргийн Өмч, газрын харилцааны алба, Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Дэд бүтэц тохижилтын хэлтэс зэрэг тухайн байранд байрладаг бүтэц, албад руу холбогдох албан бичгийг хүргүүлж, түрүүн тайлбарладаг зөрчлийн 3-д зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 30 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу 5-р зүйлд нь “газар ашиглахтай холбоотой зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газар болон бусад мэргэжлийн байгууллагуудаас хамтарч оролцож зохицуулна” гэсэн байдаг. Үүний дагуу хамтран ажиллаж, тэдгээрт үүрэг болгохыг даалгасан байдаг. Гэтэл эдгээр байгууллагуудаас  ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Үүнийг дүгнээд үзэхэд эс үйлдэхүй гэж тайлбарлаж байгаа юм. Захиргааны байгууллага буюу хариуцагч нь хуулинд заасан чиг үүргийнхээ дагуу эрх хэмжээгээ хэрэгжүүлэхгүй байна. Үүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар биелүүлнэ гэж тайлбартаа бичдэг. Иймд хууль бус эс үйлдэхүйг шүүхээр тогтоолгоод хуульд заасан ажиллагааг гүйцэтгэхийг нэхэмжлэгчээс хүсч байгаа юм” гэжээ.

Зургаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М******* 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаад өгсөн хариу тайлбартаа: “...Дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/296 дугаар захирамж гарсны дараа 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 976 дугаар мэдэгдэл, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А151022/1/1 гэсэн шаардах хуудас хүргүүлж байсан зэргийг үзэхэд манай байгууллага албадан чөлөөлөх захирамжийг биелүүлээгүй гэж үзэх үндэсгүй. Учир нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажилласан. Тийм учраас эс үйлдэхүй байхгүй гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  “З*******” ХХК нь хэдийгээр Сүхбаатар  дүүргийн Засаг дарга 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлж, албадан буулгаж, чөлөөлөх тухай” А/296 дугаар захирамж гаргасан боловч дээрх Засаг даргын захирамжийг биелүүлэх ёстой Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны алба “...бид Засаг даргын захирамжид заасан үүргээ хуульд заасан журмаар гүйцэтгэсэн” гэж маргажээ.

  Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт  авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэлээ.

Газрын тухай хуулийн 57.3-д “зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл  бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх”, 57.4-д “мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах”-аар тус тус  заасан бөгөөд “газрыг дур мэдэн эзэмшсэн” гуравдагч этгээд болох Т.У*******, Т.Г*******т нарын барьсан өргөтгөлийн барилгын давхцсан хэсэг болох 60 м.кв газрыг албадан чөлөөлөхөөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлж, албадан буулгаж, газар чөлөөлөх тухай” А/296 дугаар захирамж гарч, энэ ажлыг зохион байгуулж ажиллахыг газрын асуудлыг харъяалан шийдвэрлэдэг нэгж болох дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгажээ.

 Хариуцагч нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас “Т.Г*******тод газар чөлөөлөх мэдэгдэл, шаардах хуудас зэргийг өгч байсан, харин газрыг чөлөөлж, барилгыг буулгах төсөв байхгүй болохоор захирамжаар даалгасан ажлыг хийх боломжгүй байсан тул хариуцагч талын эс үйлдэхүй байхгүй” гэж тайлбар гаргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлууд нь хариуцагчид хамаарах эсэх асуудлаар хариуцагч өөрөө маргаагүй, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “захирах, захирагдах ёс”, 13 дугаар зүйлийн13.1.4-д “ харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасан байх тул Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д  зааснаар “Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан газрын асуудалтай холбоотой захиражийн биелэлтийг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллах үүрэгтэй” бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрээр “З*******” ХХК-ийн эзэмшлийн газартай гуравдагч этгээд Т.У*******, Т.Г*******т нарын барьсан өргөтгөлийн барилгын давхцсан хэсэг болох 60 м.кв газрыг албадан чөлөөлөх захирамж гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасан бөгөөд энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно. Мөн хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Өмч, газрын харилцааны /хуучнаар/ газраас Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд ирүүлсэн албан бичигт “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 44, 45 дугаар байрны дунд баригдсан иргэн Т.У*******гийн өргөтгөлийн барилгыг албадан чөлөөлөх захирамж гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах, албадан чөлөөлөх тухай Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 371 тоот шийдвэр, 441 тоот магадлал, 34 тоот тогтоол гарсан байна. Тус асуудал нь харьяаллын дагуу танай албанд хамаарагдах тул шүүхийн шийдвэрийг биелүүлж, шийдвэрлэлтийн талаар хариу мэдэгдэнэ үү” гэсэн бичгийн нотлох баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь Засаг даргын захирамжийн биелэлтийг бүрэн хариуцаж ажиллахаар байна. 

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т “гомдол гаргах хугацаа өнгөрсөн,захиргааны актыг түдгэлзүүлэх шийдвэр хүчингүй болсон” тохиолдолд захиргааны актад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж болохоор заажээ. Ингэхийн тулд тус хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасан  “шийдвэр гүйцэтгэх эрхийг нотолсон шийдвэр, үүрэг хүлээгчээс уг шаардлагыг биелүүлээгүй, хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх бүхий шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, үүрэг хүлээгчид 14 буюу түүнээс доошгүй хоногийн хугацаанд захиргааны шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн” байхыг шаардах бөгөөд Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/296 дугаар захирамж нь энэ шаардлагыг хангасан гэж үзэхээр байна. Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “захиргааны актыг батлан гаргасан захиргааны байгууллага, дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг анхан шатны захиргааны байгууллага” гэж зааснаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь шийдвэр гүйцэтгэх байгуллага болохоор заажээ. Мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “захиргааны шийдвэрээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй этгээдэд захиргааны байгууллага хуульд заасан журмын дагуу албадлага хэрэглэнэ” гэж, 86 дугаар зүйлийн 86.1-д “захиргааны шийдвэр гүйцэтгэлийн албадлагын хэлбэр нь “торгууль..., бусдаар гүйцэтгүүлэх..., албадан гүйцэтгэх” гэсэн хэлбэртэй байхаар тусгаснаас дүгнэж үзэхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлж, албадан буулгаж, газар чөлөөлөх тухай” А/296 дугаар захирамжаар тус дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах  бүрэн боломжтой байна.

 Иймд өнгөрсөн удаа нэхэмжлэгчээс удаа дараа шаардсаар байхад  Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, “албадан чөлөөлөх захирамж” гаргаснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдээгүй учир Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албыг Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Шүүхийн шийвэр биелүүлж, албадан буулгаж, газар чөлөөлөх тухай” А/296 дугаар захирамжийг биелүүлэн, “Зан интернэшл” ХХК-д эзэмшүүлсэн газартай Т.У*******гийн барьсан өргөтгөлийн барилгын давхцсан хэсэг болох 60 м.кв газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авахгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дэх  хэсэгт заасныг  тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан “З*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлж, албадан буулгаж, чөлөөлөх тухай” А/296 дугаар захирамжаар даалгасан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар “З*******” ХХК-д эзэмшүүлсэн газартай гуравдагч этгээд Т.У*******, Т.Г*******т нарын барьсан өргөтгөлийн барилгын давхцсан хэсэг болох 60 м.кв газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг захирамжийн биелэлтийг хангаж ажиллахыг Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ЧАНЦАЛНЯМ