Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00089

 

 

 

 

Т.З-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03004 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.З-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Р-д холбогдох, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3 436 040 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Үүрийнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.З нь 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, МУИС-ийн Бизнесийн сургуулийн урд замыг явган хүний гарцаар гарч байхдаа С.Рэнчинпагмын жолоодож явсан Тоёота ландкрузер-200 маркийн, 69-89 УНД улсын дугаартай автомашинд мөргүүлж хөнгөн гэмтэл авсан. С.Р нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хохирол учруулсан гэм буруутай болох нь Тээврийн прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 377/А дугаартай тогтоолоор тогтоогдсон. Тээврийн прокурорын газраас Т.З-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан. Т.З нь Мед травма эмнэлэгт 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нуруу, толгой, дээд, доод мөчдийн MRI харуулсаны төлбөрт 920 000 төгрөг, Эм Би Жи мэд гэмтэл согогийн эмнэлэгт 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсний төлбөр 1 228 000 төгрөг, Натур мэд эмнэлэгт 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр толгойн MRI харуулсны төлбөр 120 000 төгрөг, Марал хангай эмийн сангаас 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 127 700 төгрөгийн эм худалдаж авсан. Толбот хайтан тун эмийн сангаас 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 195 340 төгрөгийн эм худалдаж авсан. Идэрмед эмнэлэгт 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр үзүүлсэний төлбөр болох 20 000 төгрөг, Монтүрүү эмнэлэгт 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр рентгенд харуулсны төлбөр болох 25 000 төгрөг, Юндэн марал эмнэлэгт 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр бариа заслын эмчилгээ хийлгэсний төлбөр 300 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөг, нийт 3 436 040 төгрөгийн С.Рас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан эмчилгээ, үзлэг, оношлогоо болон эм тарианы зардал нь Т.Зд зарцуулагдсан эсэхийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн зарлагын баримт, бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдохгүй байна. Мөн өмгөөлөгч авах эсэх нь нэхэмжлэгчийн хүсэл зориг бөгөөд талууд гэрээний үнийн дүнг харилцан тохиролцож тогтоодог тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр болсон үйл явдлын дараа С.Р нь Т.Зд эмчилгээний төлбөрт 500 000 төгрөгийг төлсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Ренчинпагмаас 3 283 340 /гурван сая хоёр зуун наян гурван мянга гурван зуун дөчин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зд олгож, нэхэмжлэлээс үлдэх 152 700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 930 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ренчинпагмаас улсын тэмдэгтийн хураамжид 67 483 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үнэлээгүй. Тээврийн прокурорын газраас хуулбарлан авсан төлбөрийн баримт, зарлагын ордер гэх зэрэг татварын хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй, үнэн зөв эсэх нь тодорхойгүй баримтуудыг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч шаардлага үндэслэлээ өөрөө нотлох зарчмыг зөрчсөн. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахдаа Тээврийн прокурорын газрын хуулбар үнэн гэсэн тамга бүхий баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн боловч энэ нь нэхэмжлэгч Т.З-ын эмчилгээнд зарцуулагдсан эсэх нь тодорхойгүй, нэр бүхий эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, үзлэг оношлогоо хийлгэсэн болохыг хөдөлбөргүй тогтоох баримт хэрэгт авагдаагүй байсан учир хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргасан. Улмаар нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан эмнэлгийн байгууллагуудаас баримт гаргуулж, Мед травма эмнэлэгээс ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь нийт 2 148 000 төгрөгийн үзлэг оношлогоо хийлгэсэн нь тогтоогдсон. Гэтэл шүүх тээврийн прокуророос ирүүлсэн баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Мөн өмгөөлөгч гэрээний үндсэн дээр хууль зүйн туслалцаа үзүүлдэг. Өмгөөллийн хөлс төлсөн баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Т.З нь хариуцагч С.Р-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол Мед травма эмнэлэгт 2019 оны 3 дугаар сарын 17, 21-ний өдөр компьютер томографикийн шинжилгээ болон соронзон үелзүүрт томографикийн шинжилгээний төлбөр 920 000 төгрөг, мөн Эм Би Жи Мед эмнэлэгт 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсний төлбөр 1 228 000 төгрөг, Натур мед эмнэлэгт толгойн соронзон үелзүүрт томографикийн шинжилгээний төлбөрт 120 000 төгрөг, Идэрмед эмнэлэгт 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр үзүүлсэн төлбөр 20 000 төгрөг, Монтүрүү эмнэлэгт 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр рентгенд харуулсны төлбөр 25 000 төгрөг, Юндэн марал эмнэлэгт 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр эмчилгээ хийлгэсний төлбөр 300 000 төгрөг, Марал хангай эмийн сангаас 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр эм авсны төлбөр 127 700 төгрөг, Толбот хайтан тун эмийн сангаас 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр эм худалдаж авсны төлбөр 195 340 төгрөг, өмгөөллийн хөлс 500 000 төгрөг, нийт 3 436 040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Тээврийн прокурорын газрын прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 377А дугаар тогтоолоор С.Р нь 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Тоёота Ландкрузер-200 маркийн 68-89 УНД улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэснийг зөрчсний улмаасТ.З-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогджээ. /хх4/

 

Хариуцагч С.Рэнчинпагмын дээрх гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Т.З-ын эрүүл мэндэд хохирол учирсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар уг гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. С.Р нь мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүй гэдгээ нотолж чадаагүй тул хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

 

Хариуцагч С.Р нь дээрх зам тээврийн осол гаргасан гэм буруугийн талаар маргаагүй, харин нэхэмжлэгчид учирсан хохирлыг хэмжээ болон хохирлыг нотлосон эсэх талаар маргасан.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Т.З нь зам тээврийн ослын улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцагч С.Рас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Т.З нь өөрт учирсан хохирлоо 3 436 040 төгрөгөөр тодорхойлсон ба уг хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар өөрөө нотлох үүрэгтэй.

 

Мед травма эмнэлэгт 2019 оны 3 дугаар сарын 17, 21-ний өдөр компьютер томографикийн шинжилгээ болон соронзон үелзүүрт томографикийн шинжилгээний төлбөрт төлсөн 920 000 төгрөг, Эм Би Жи Мед эмнэлэгт 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсний төлбөрт төлсөн 1 228 000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Натур мед эмнэлэгт толгойн соронзон үелзүүрт томографикийн шинжилгээний төлбөрт 120 000 төгрөг төлсөн бөгөөд баримт нь эх хувиар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан тул хариуцагч уг хохирлыг төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч С.Рас 2 268 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Зд олгох нь зүйтэй. /хх-31-33,44,53/

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас Идэрмед эмнэлэгт үзүүлсэн төлбөр 20 000 төгрөг, Монтүрүү эмнэлэгт рентгенд харуулсны төлбөр 25 000 төгрөг, Юндэн марал эмнэлэгт эмчилгээ хийлгэсний төлбөр 300 000 төгрөг, Марал хангай эмийн сан болон Толбот хайтан тун эмийн сангаас эм худалдаж авсны төлбөр 323 040 төгрөг гаргуулах хэсгийг болгох үндэслэлтэй байна. Учир нь эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан шаардлагыг хангаагүй байна. Эмийн сангийн баримт болон Идэрмед эмнэлэг, Юндэн марал эмнэлэгийн төлбөр төлсөн гэх баримтуудад Тээврийн прокурорын газрын Хуулбар үнэн тэмдэг дарсныг нотариат гэрчилснийг эх хувиас нь хуулбарлан гэрчлэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. /хх-80-82/

 

Мөн нэхэмжлэгч Т.З нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны төлбөрт 2019 онд 500 000 төгрөг төлсөн гэх кассын орлогын баримт /хэргийн 10 дахь талд/-ыг үндэслэн Т.Зыг эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан, гэрээний дагуу төлбөр төлсөн гэж дүгнэхээргүй байна. Иймд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иймд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Рас 2 268 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 168 040 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Т.З нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах зохицуулалтыг баримталсныг зөвтгөв.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03004 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Рас 2 268 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 168 040 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...67 483 төгрөг гэснийг ...51 238 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 272 824 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.БАЙГАЛМАА