Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал, Ж.Энхтуяа

Хохирогч Л.М, Б.А

Гэрч Б.А, Л.М

Шүүгдэгч: И.Б, Ш.Г нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн /2002 оны/ 230 дугаар зүйлийн 230.1, 230.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Б, Ш.Г нарт  холбогдох 201712000109 тоот хэргийг 2017 оны 11 сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 1974.05.26-нд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын соёлын төвд галч ажилтай, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1-р баг Баяндалайн 3-4 тоотод оршин суух /РД:ЕВ74052619/ Бэйл овогт Шийлэгийн Г нь Эрүүгийн хуулийн /2002 оны/ 230 дугаар зүйлийн 230.1, 230.2-т заасан гэмт хэрэгт ,

 2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1990.12.18-нд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дундговь аймгийн Цагдаагийн газрын Дэрэн сумын хэсгийн төлөөлөгч ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8-р хороо Эрдэнэтолгойн 40-260 тоотод оршин суух, цагдаагийн хэсгийн байранд  түр оршин сууж байна гэх /РД:ЗК90121816/ Боржигон овогт Итгэлтийн Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн /2015 оны/ 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч И.Б, Ш.Г нарын холбогдсон хэргийн талаар:

 

Прокурор 2017.11.17-ны өдрийн 58 дугаартай яллах дүгнэлтдээ: Яллагдагч Ш.Г нь 2017 оны 6 сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төвд тус сумын хэсгийн цагдаа Л.Мөнхтулгын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн /2002 оны/ 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар, хэсгийн төлөөлөгч Б.Аыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн /2002 оны/ 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар, яллагдагч И.Б нь 2017 оны 6 сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төвд тус сумын иргэн Ш.Гыг нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн /2015 оны/ 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэхээр тогтоож шүүхэд   шилжүүлжээ.  /2-р х.х 61-64/

 

  1. Хохирогч Ш.Гын бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэх хэргийн талаар:

1.1/ Хэргээс үзэхэд шүүгдэгч И.Б нь Дундговь аймгийн Цагдаагийн газрын Дэрэн сумын хэсгийн төлөөлөгч ажилтай болох нь түүний шүүхэд мэдүүлсэн биеийн байцаалт, ЦЕГ-ын Төв архивын 2017.10.17-ны өдрийн 21/2884 дугаартай лавлагаа, ажил байдлын тодорхойлолт, А-008109 дугаартай үнэмлэхний хуулбар зэрэг /1-р х.х-115-118/ баримтаар тогтоогдож байна.

 Мөн хэргээс үзэхэд “хэсгийн цагдаа Л.М бусдад зодуулсан гэх мэдээллийг 2016.06.08-ны өдөр хүлээн авсан нь гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр /1-р х.х-5/, “Говь-Угтаал сумын төвд 2017 оны 6 сарын 7-ны өдөр Л.М нь бусдад зодуулж биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан, мөн Ш.Г нь 2017 оны 6 сарын 7-ны өдөр бусдад зодуулж биедээ хүндэвтэр зэргийн гэмтэл авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай 2017 оны 6 сарын 27-ны өдрийн 201712000109 дугаартай тогтоолоор /1-р х.х-1/ тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны 5 сарын 18-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.

Зүй нь прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж заасны дагуу 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс энэхүү хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харъяаллыг тогтоож, прокурорын тогтоосон харъяаллын дагуу эрх бүхий байгууллага хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах ёстой байжээ.

Гэтэл прокурор 2017 оны 9 сарын 20-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор /1-р х.х-15/ эрүүгийн 201712000109 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар харъяаллын дагуу Авилгатай тэмцэх газарт шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4-т “цагдаагийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харъяаллыг прокурор тогтооно” гэж, мөн хуулийн , 30.11 дүгээр зүйлийн 1-д “гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэлд дурдсан асуудал нь тухайн мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын харъяаллын бус болох нь тогтоогдвол мөрдөгч харъяаллын дагуу шилжүүлэх саналыг прокурорт даруй хүргүүлнэ” гэж, мөн зүйлийн 3-т “Прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл хэргийг 24 цагийн дотор харъяаллын дагуу шилжүүлэх шийдвэр гаргаж, эрх бүхий байгууллагад шилжүүлнэ” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Иймд энэ талаар гаргасан өмгөөлөгч Ж.Энхтуяагийн гомдол үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу 2017 оны 7 сарын 1-нээс 9 сарын 20-ныг хүртэл хугацаанд явуулсан ажиллагаа, мөн хугацаанд цуглуулсан баримт сэлтийг шүүх нотлох баримтаар тооцох боломжгүй байна.

1.2/ Хэрэгт цугларсан баримтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай нотлогдохгүй байна. Тухайлбал:

а/ Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Г “…намайг цахилгаан бороохойгоор цохиулахаар нь би өрөөнийх нь зүүн урд буланд очоод суусан. И.Б намайг буланд шахаад чамайг шоронд чинь аваачиж хатаана гээд өшиглөх гээд байхаар нь баруун хөлийг нь тэврэх гэтэл И.Б баруун хөлөөрөө миний баруун шанаа руу нэг удаа өшиглөөд миний баруун доод хоёр үүдэн шүд унаад ирсэн. Би өөдөөс нь миний шүдийг хуга өшиглөчихлөө гэсэн чинь И.Б өдий насны хүнд ямар шүд байдаг юм гээд байсан” гэж, гэрч Б.А “намайг ширээний ард сууж байхад Ш.Г босч ирээд намайг ширээн дээр дарах гээд дайрахаар нь би холдсон чинь Ш.Г миний баруун хөлийг барьж унагах гээд дайраад байсан. Би арагшаа ойчих гэж байтал И.Б чи ер нь яах гээд байгаа юм гээд намайг салгасан. Би яг өшиглөхийг нь хараагүй. Ш.Г чи намайг өшиглөчихлөө гэж хэлэхийг сонсоод өшиглөсөн гэж бодсон юм” гэж, шүүгдэгч И.Б мөрдөн байцаалтад “…Ш.Г Б.Аын хөлийг нь хамаад газарт унагах үед нь би яг хажууд нь зогсож байсан, миний зүүн хөлөн дээр давхралдаад унасан. Би тэднийг газарт унагахгүй гээд тосож барьж авах санаатай ойртсон юм. Тэгэхэд Ш.Г нүүрээрээ миний хөл дээр унаж таарсан” гэж /1-р х.х -95-99/ тус тус мэдүүлжээ. Хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа тул гэмт хэрэг гарсан байдал нь бодитоор нотлогдохгүй байна.

б/ Хэрэг учрал гарсан өдөр хохирогч Ш.Г, цагдаа Л.Мөнхтулгын шаардлагыг эсэргүүцэн зодолдсон, хэсгийн төлөөлөгч Б.Атой гэрийнхээ хашааны үүдэн дээр барьж авч унагах зэргээр эсэргүүцсэн, мөн хэсгийн төлөөлөгч И.Бд өшиглүүлсэн гэх боловч Л.М, Б.А, И.Б нарын чухам хэнийх нь үйлдлийн улмаас Ш.Гын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан болох нь баримтаар нотлогдохгүй байна.

в/ Хохирогч Ш.Гын дээд үүдэн шүд унасан гэмтэлд Л.М буруутай гэж хохирогч мэдүүлсэн боловч уг гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогдох эсэх асуудал дээр шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байна. Шинжээчийн 2017.08.17-ны өдрийн 936 дугаар дүгнэлтийг энэхүү захирамжийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нотлох баримтаар тооцох боломжгүй байгаагаас гадна уг шинжээчийн дүгнэлтэд Ш.Гын “4 шүд үгүй болсон” байдалд дүгнэлт гаргасан байна. Мөн Ш.Гад учирсан гэмтэл дээр 2017.06.15-ны өдөр гаргасан 7892 тоот шинжээчийн дүгнэлтэд “ Ш.Гын 3 шүд үгүй болсон” байдалд дүгнэлт гаргажээ. Энэ нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 1.9.3-ын “Шинжлүүлэгчийн биед илэрсэн хэд хэдэн гэмтлийг өөр өөр цаг хугацаанд үүссэн гэж үзвэл гэмтэл тус бүрт үүссэн хугацаа, үүсгэсэн хүчин зүйл болон эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох” заалтыг зөрчсөн байна.

Мөн ийм дүгнэлт гаргаагүй байж “хэсгийн цагдаа Л.М нь Ш.Гын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх асуудал нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дхь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Л.М нь Ш.Гын биед хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” прокурорын 2017.11.03-ны өдрийн 26 дугаар тогтоол гаргасан нь ойлгомжгүй байна. /2-р х.х-56/

г/ Энэ хэргийн зүйлчлэл тохирсон эсэх, эсхүл цагдаагийн албан хаагч буюу тусгай субъект албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, улмаар бусдын бие махбодид гэмтэл учруулж, “Шүүн таслах ажиллагааны эсрэг” болон “Албан тушаалын гэмт хэрэг” үйлдсэн эсэхэд дүгнэлт хийхэд баримт хангалтгүй цугларсан байна. Тодруулбал:

Улсын яллагч И.Быг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт яллаж байна.

Хэргээс үзэхэд 2017 оны 6 сарын 7-ны өдөр Дэрэн сумын хэсгийн төлөөлөгч И.Б, Говь-Угтаал сумын хэсгийн төлөөлөгч Б.А нар “хэсгийн цагдаа Л.М бусдад зодуулсан” гэх мэдээллийн дагуу хохирогч Ш.Гыг цагдаагийн хэсэг дээр авчирч, улмаар Ш.Гын бие махбодид гэмтэл учирсан болох нь тогтоогдож байгаа ба хэсгийн төлөөлөгч И.Б нь хууль, журамд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж мэдүүллээ.

 Улсын яллагч дүгнэлт гаргахдаа “И.Бын энэ үйлдэлд гэмт хэргийн шинж байна уу гэдгийг анхаарч үзэж, яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг судалсан. Гэм буруутай гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. И.Б өөрөө цагдаагийн албан хаагч, тодорхой албан тушаал эрхэлдэг хүн.  Хэрэгт байгаа баримтуудаас харахад Говь-Угтаал сумын төвд И.Б очсон гэдэг нь тодорхой харагдаж байна. Удирдах албан тушаалтан нь Говь-Угтаал суманд ажиллах чиг үүрэг өгөөгүй байхад Б.Атой хамт явсан, эрсдлээс сэргийлээд явсан гэсэн. И.Б энэ хэрэгт оролцоогүй гэж мэдүүлж байгаа ч зорилго нь тодорхой биш байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.2-т заасан таслан зогсоох шинж байна уу гэхээр Б.Аод байгаа, харин И.Б өөрийн хүсэл зоригоор гүйцэтгэх ёсгүй чиг үүргийг хэрэгжүүлсэн. Хуульд зааснаар аргагүй байдалд халдсан бол гэмт үйлдэлд тооцохгүй” гэж яллаж, шүүхийн хэлэлцүүлгээр судлаагүй, хэрэгт хавсаргагдаагүй эх сурвалжийг эш татаж, мэтгэлцэж байна.

Улсын яллагч И.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн /2015 оны/ 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж байгаагаа батлах баримт шүүхэд ирүүлээгүй байна.

Шүүгдэгч И.Бын “ажил үүргээ гүйцэтгэж явсан” гэх мэдүүлэг, улсын яллагчийн “И.Б өөрийн хүсэл зоригоор гүйцэтгэх ёсгүй чиг үүргийг хэрэгжүүлсэн” гэсэн дүгнэлтийн аль нь бодитой болохыг тогтоох нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хэргийн нөхцөл байдал болон зүйлчлэлд үнэлэлт дүгнэлт хийх, тэдний мэдүүлэг, дүгнэлтийг магадлах боломжгүй байна.

 

  1. Цагдаагийн албан хаагчийг албан үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх хэргийн талаар:

            2.1/ Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А “Ш.Г цагдаагийн хэсэг рүү явахгүй гэж эсэргүүцэж хашааныхаа үүдэнд тэлж хэвтчихээд босгож машинд суулгах гэхэд намайг барьж аваад толгойн дээгүүрээ давуулж унагасан. Миний цамц урагдсан, өмдний тэлээ тасарсан” гэж мэдүүлж байгааг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Г нь Б.Аод хүч хэрэглэн эсэргүүцсэн эсэх нь баримтаар нотлогдохгүй байна.

2.2/ Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.М “миний цамц урагдсан, Тэрийгээ төлүүлсэн. Нэхэмжлэх зүйлгүй” гэж,  гэрч Д.Билэгсайхан “…очсон чинь Мөнхтулгын цамц нь цус болчихсон, нэг талын мөрдөс нь урагдсан байсан” гэж мэдүүлснийг мөн баримтжуулаагүй байна.  Мөн хохирогч Л.Мөнхтулгын үйлдлийн улмаас Ш.Гад гэмтэл учирсан эсэхийг нотлоогүй ирүүлсний улмаас Ш.Г нь  Л.Мөнхтулгын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх  үйлдэл нь Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан гэмт хэрэг мөн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна. Мөн хэсгийн цагдаа Л.М тухайн үед албан үүргээ гүйцэтгэж, Ш.Гад хууль ёсны шаардлага тавьсан гэж үзсэн юм бол Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хэрэгт яллагдагчаар Л.Мөнхтулгыг татаж, улмаар “Л.М нь Ш.Гын биед хөнгөн хохирол учруулсан гэх асуудал нь эргэлзээтэй гэж үзэж, хэргийг ашигтайгаар шийдвэрлэж, Л.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон” нь буруу байна. Тодруулбал: Прокурор Ш.Г, Л.М нарын үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40, 41 дүгээр зүйлийг шалгаж ирүүлэх шаардлагатай байжээ.

2.3. Шүүгдэгч Ш.Гын үйлдэлд 2017 оны 6 сарын 27-ны өдөр 201712000109 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн /1-р х.х-1/, Прокуророос Ш.Г нь 2017 оны 6 сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төвд тус сумын хэсгийн цагдаа Л.Мөнхтулгын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн /2002 оны/ 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар, хэсгийн төлөөлөгч Б.Аыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн /2002 оны/ 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, И.Б нь 2017 оны 6 сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төвд тус сумын иргэн Ш.Гыг нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн /2015 оны/ 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, Л.М нь албан үүргээ гүйцэтгэж байх үедээ тус сумын иргэн Ш.Гтай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь мөргөж, хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол нь 1-р хавтаст хэргийн 94,103, 107-108 дугаар талд авагдсан боловч тухайн тогтоолын огноо ижил, дугаар ижил хирнээ агуулга нь гурван өөр байгааг прокурор анхаарах шаардлагатай байна.

Дээрх бүх нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэхэд Ш.Г, И.Б нарт холбогдох хэргийг нотлох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж чадаагүй, прокурорын 2017 оны 11 сарын 17-ны өдрийн 85 дугаартай яллах дүгнэлт үйлдэгдэж ирүүлсэн хэргийн хэмжээний дотор цугларсан баримтаар Ш.Г, И.Б нарын үйлдсэн гэх хэрэг хангалттай нотлогдохгүй байх тул “шүүгдэгч Ш.Г, И.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр цагаатгахаар шийдвэрлэлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.6, 36.2 дугаар зүйл,

36.2 дугаар зүйлийн 5, 36.9, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 5-д зааснаар Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч И.Бд Эрүүгийн хуулийн /2015 оны/ 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ш.Гад Эрүүгийн хуулийн /2002 оны/ 230 дугаар зүйлийн 230.1, 230.2-т зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нотлогдоогүй үндэслэлээр Боржигон овогт Итгэлтийн Б, Бэйл овогт Шийлэгийн Г нарыг цагаатгасугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4-т зааснаар Прокурорын 2017 оны 10 сарын 6-ны өдрийн 201712000109 тоот тогтоолыг /хх-94, 103, 107-108/ тус тус хүчингүй болгож, И.Б, Ш.Г нарт холбогдох 201712000109 тоот хэргийг Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт буцаасугай.  

3. Энэхүү тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ хугацаанд И.Б, Ш.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц И.Б, Ш.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч И.Б, Ш.Г нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, И.Б нь Ш.Гад 2 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Энэхүү цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар цагаатгах тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Энэхүү цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц И.Б, Ш.Г нарт холбогдох 201712000109 тоот хэргийг Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай.  

                          

 

 

                      ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ