Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 45

 

 

  2023          09           05                                      2023/ДШМ/45

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгч *******, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/129 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2336000000068 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, Адуучин ургийн овогт *******ийн Аззаяа, 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бул тав, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Зэрэг сумын 2 дугаар ******* ******* оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пе86062011.

 

2. Шүүгдэгч *******г Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн нутаг дэвсгэрт 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бэлчээрийн маргаанаас болж хохирогч *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч Адуучин ургийн овогт *******ийн Аззаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г "Шинэ Ховд-Жаргалант тохижилт үйлчилгээний компани" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 240 (хоёр зуун дөчин) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

4.4 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.5. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

4.6 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

5.1 Анхан шатны шүүх нь шүүгдэгч *******д эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял оногдуулахдаа 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсанд гомдолтой байна. Гэтэл шүүгдэгч ******* нь хэрэгт мал тооллогын баримтыг хавсаргуулсан, Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ ******* мал маллаж амьдардаг. Мөн торгох ялыг төлж барагдуулах боломжтой, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээн зөвшөөрсөн.

5.2 Мөн Прокурорын зүгээс торгох ялын санал оруулж байхад анхан шатны шүүх нь торгох ял оногдуулах боломжтой байсан.

Иймд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 29-ны өдрийн 2023/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгох ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсанд гомдолтой байна гэж байна.

 Шүүгдэгчид ял оногдуулахад хохирогчийг гутаан доромжилсон гэх хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж үзсэн. Шүүхээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан. Прокурорын зүгээс торгох ял оногдуулах боломжтой гэж санал гаргасан боловч шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан.Энэ хэрэг хялбаршуулсан биш ердийн журмаар хэлэлцэгдсэн хэрэг байгаа.

 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч *******гийн давж заалдсан гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

4.Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн нутаг дэвсгэрт 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бэлчээрийн маргаанаас болж хохирогч *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч *******ын мэдүүлэг, шүүх эмнэлэгийн шинжээчийн шинжилгээний 165 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

5.Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч *******д  холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл  байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх  бүрэлдэхүүн  дүгнэв.

6.Шүүгдэгч ******* нь анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...прокурорын зүгээс торгох ялын санал оруулж байхад шүүх торгох ял оногдуулах боломжтой байсан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгох ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.

7.Анхан шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох хэргийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар  үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

             8.Хэдийгээр анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал оруулсан байх боловч шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчдэд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг давж заалдах шатны шүүхээс гомдолд дурдсан үндэслэлээр хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ

9.Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, эцэслэн шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Түүнчлэн шүүгдэгч *******д шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сонгох ял шийтгэлээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанарыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулсан байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн  нөхцөл байдал,гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй зэрэг  нөхцөл байдлыг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг гомдолд дурдсан үндэслэлээр хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй  байх тул   шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж,  шүүгдэгч *******гийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/129 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР  

 

                                             ШҮҮГЧ                                         Д.КӨБЕШ

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА