Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/0918

 

2024          11            19                                      128/ШШ2024/0918    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Маргааны төрөл: Дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгуулж, газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, учирсан хохирол гаргуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* /цахим/ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг М.Дэлгэрмөрөн хөтлөв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:  Нэхэмжлэгч Ө******* ХХК Нийслэлийн Засаг даргад холбогдуулан

1.1. “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/******* дугаар “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” захирамжийг хүчингүй болгуулах,

1.2. Зохих зөвшөөрөлгүй, газрыг дур мэдэн эзэмшсэн иргэдэд газар чөлөөлөх хугацаатай мэдэгдэл өгч, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байсан нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

1.3. Нийслэлийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 54,001,378 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Энэ маргаанд хамаарах Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрших, нэгж талбарын ******* дугаартай, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай, 22556 м.кв газрын эзэмших эрхийг нийслэлийн засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар захирамжаар 15 жилээр нэхэмжлэгч компанид олгосон.

2.2. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тоотоор уг нэгж талбарын дуудлага худалдааны анхны үнэ 119,095,680 төгрөгийг төлөх хугацаа тогтоон, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг мэдэгдсэн.

2.3. Ө******* ХХК 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тоотоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Үнэлгээ төлбөрийн хэлтэст хандан дуудлага худалдааны анхны үнэ төлөх хугацаа хойшлуулах хүсэлт гаргасан.

2.4. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/******* дугаар захирамжаар “дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй” үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, энэ талаар Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тоотоор мэдэгдсэн.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Тус компанийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч компаниас Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/******* тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд хариуцагч нь манай компанийн гаргасан дээрх захирамж бүхий газарт өөр айлууд, иргэд хууль бусаар олноор дураараа суурьшсантай холбоотойгоор манай компанийн гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийн шийдвэрлэж өгөлгүй байсаар гэнэт газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг хийж, бодит нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байхад энэ бүгдийг хийлгүйгээр газар эзэмших эрхийг хууль бусаар цуцалсан гэж үзнэ.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой байсан гэж үзнэ. Мөн манай компаниас хууль ёсны эзэмшил бүхий газартаа гэрээнд заагдсан үйл ажиллагаагаа явуулж чадахгүй эрх нь зөрчигдсөөр байтал Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нэг ч удаа энэхүү асуудалд ул суурьтай хандалгүй, манай компанийн эзэмшил бүхий газрыг өөр иргэд, аж ахуй нэгж байгууллагад хууль бусаар олгосон байсан учраас бид олон иргэдийн газрын маргаантай асуудал руу дахин орж, газраа хууль бус эзэмшилд алдсаар хэн аль нь вэ гэдгийг тогтоох гэж өнөөдрийг хүртэл газар зохион байгуулалтын албанд хандсаар удаж байна.

Гэтэл манай компанийн асуудал ийм байгааг мэдсээр байж шийдвэрлэж өгөхгүй өнөөдрийг хүрчхээд гэнэт 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг дарга нь яаран сандран манай компанийн газар эзэмших эрхийг цуцалж байгаад маш их гомдолтой байна.

Үүнээс гадна манай компани нь уг газартаа гэрээнд заагдсаны дагуу цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 22556 м.кв газрыг авч үйл ажиллагаагаа явуулахаар гэрээ байгуулсан боловч уг газрыг авах үед л олон айл, иргэд уг газар дээр буусан байсан. Уг асуудлыг Нийслэлийн газрын алба болон Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь шийдвэрлэж өгнө гэж манай компаниас манай удаа дараагийн хүсэлтүүдийг авч байсан боловч өнөөдрийг хүртэл дорвитой шийдвэрлэж чадаагүй, мөн хамгийн сүүлд 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр маргаан бүхий газраа өөр байршилд буюу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газрын байршил арга буюу шилжүүлэх хүсэлт өгөхөд “Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгч, үүнээсээ хойш 14 хоногийн дараа манайд мэдэгдэлгүй газар эзэмших эрхийг цуцалсан юм.

Иймд Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг хийлгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсан байгаа учир Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/******* тоот захирамжийг хүчингүй болгож, манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээж өгнө үү.” гэжээ.

3.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ:

“1/ Зохих зөвшөөрөлгүй, газрыг дур мэдэн эзэмшсэн иргэдэд хугацаатай газар чөлөөлөх мэдэгдэл өгч, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байсан Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд. 2015 онд олгогдсон байсан 134000 м.кв газар эзэмших эрхийг 2 салгаж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эзэмших газрын хэмжээгээ 65000 м.кв болгож бууруулсан ба 2022 онд газрын солбилцолд өөрчлөлт оруулж, хорооны нутаг дэвсгэрээр зааглагдсан тул 11 дүгээр хороонд 22,556 м.кв газрыг эзэмших эрхийг баталгаажуулж авсан билээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудаас харахад Ө******* ХХК-ийн хувьд 2016 оноос эхлэн эзэмшлийн газарт хууль бус зохих зөвшөөрөлгүй буусан иргэдийн асуудлаар Нийслэлийн Засаг даргад удаа дараа хандаж байсан байх ба Нийслэлийн Засаг даргын зүгээс эзэмшлийн газраа өөрөө хамгаал гэхээс өөрөөр хариу өгөөгүй байна.

Гэтэл Нийслэлийн Засаг даргад Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т "зохих зөвшөөрөлгүйгээр газрыг дур мэдэн эзэмшсэн бол Нийслэлийн Засаг дарга хугацаатай мэдэгдэл өгнө", 57.4-т “мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг авна" гэх чилэн эрх хэмжээ олгогдсон байхад энэ эрх хэмжээгээ огт хэрэгжүүлэлгүй хууль бус эс үйлдэхгүй гаргажээ. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.” гэж заасан байхад газар өмчлөгч нь өмчлөлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх арга хэмжээг авалгүйгээр Ө******* ХХК-д эрхийн зөрчилтэй газар олгож, эрхийн зөрчлийг арилгуулахаар хандахад зөрчлөө өөрсдөө арилга хэмээн хууль бус хариуг өгч байжээ.

Иймд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо товчооны ар нэртэй газарт хууль бусаар зохих зөвшөөрөлгүй буусан иргэдэд газар чөлөөлөх мэдэгдэл өгөөгүй, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргаагүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү.

2/ Нийслэлийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 54,001,378 төгрөг гаргуулах шаардлагын тухайд. "Ө*******" ХХК нь Чингэлтэй дүүргийн шүүхэд хандаж 2007 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын дугаар захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийг олж авсан газрын эрхийг Нийслэлийн Засаг дарга 2010 оны 703 дугаар захирамжаар ундны усны тэжээлийн дотоод мужид хамаарч байгаа гэх үндэслэлээр хүчингүй болгосон асуудалд албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас хохирол учирсан хэмээн газрын төлбөрт төлсөн 64,372,000 төгрөг, харуул хамгаалалтын ажилтны цалин 30,000,000 төгрөг, хашааны тросны үнэ 65,133,200 төгрөг, хашааны модон шонгийн үнэ 4,200,000 төгрөг, хашаа барьсан ажлын хөлс 5,000,000 төгрөг, барилгын зургийн үнэ 130,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 12,104,545 төгрөг нийт 320,809,745 төгрөг нэхэмжилсэн. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нартай эвлэрэн хэлэлцэж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13,4 га газрын эрхийг сэргээн захирамж гаргана гэсэн тохиролцооны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байдаг ба 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1017 дугаар Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг хялбаршуулж шийдвэрлэсэн юм. Шүүгчийн захирамж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар биелэгдэж 2015 онд бид газрын эрхээ тохиролцооны дагуу сэргээн олж авсан байдаг. Гэвч 2015 онд эзэмшүүлсэн 13,4 га газарт зохих зөвшөөрөлгүй иргэд хууль бусаар газар эзэмшсэн байснаас шалтгаалан газрын хэмжээ, байршил, солбилцлыг удаа дараа өөрчлүүлсэн ч хууль бус суурьшсан иргэдийн асуудлыг шийдвэрлэж чадалгүй өнөөдрийг хүрлээ. Газар эзэмшүүлэгч тал буюу Нийслэлийн Засаг дарга Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжийг дүр эсгэн биелүүлж, эрхийн зөрчилтэй газар олгон манай байгууллагыг газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломжоор хангасангүй.

Иймд 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1017 дугаар Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжилсэн 320,809,745 төгрөгийн учирсан хохирлыг 22,556 м.кв газарт ногдох хэмжээгээр тооцож 54,001,378 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд тооцож нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Ө******* ХХК-ийн хувьд 2007 оноос эхлүүлээд газар эзэмшихтэй холбоотой харилцаа үүссэн. 2007 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн Засаг даргын дугаартай захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30 га газар эзэмших эрхийг анх авсан. Энэ газарт хашаа бариад кадастрын зургийг батлуулж холбогдох газрыг зориулалтын дагуу эзэмшихээр судалгаануудыг хийж, газрын төлбөрийг төлөөд явж байтал Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаартай захирамжаар “ундны усны тэжээлийн дотоод мужид хамаарч байна” гээд хүчингүй болгосон. Энэ асуудлыг бид нар захиргааны хэргийн шүүхэд 3 шатны шүүхээр хянан шийдвэрлүүлээд Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн.

Тийм учраас Ө******* ХХК Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан бидний зүгээс тодорхой хэмжээний хохирол хүлээсэн, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж учирсан хохирол гэж үзээд Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татан хохирлоо нэхэмжилсэн. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрлийн гэрээ байгуулсан. 2015 онд талууд шүүгчийн захирамжийн дагуу эвлэрээд Ө******* ХХК-ийн учирсан хохиролд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 134,000 м.кв газар эзэмших эрхийг олгохоор тохиролцсон. Энэ тохиролцоонд ямар нэгэн байдлаар талууд дуудлага худалдааны үнийг хэрхэх талаар зохицуулаагүй бөгөөд Ө******* ХХК-ийн учирсан хохиролд тооцож, газар эзэмшүүлнэ гэдэг асуудал яригдсан. Газар эзэмших эрхээ хэрэгжүүлж, 134 м.кв газраа эзэмших гэтэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт мөн хамаарч байна гэж үзээд дахин 134 м.кв газар эзэмших эрхийн асуудлаар маргаан үүссэн.

Маргаан 3 шатны шүүхээр шийдвэрлэгдээд бидний эзэмшихээр тогтсон газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байсан учраас Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийг олгох эрх зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Ө******* ХХК зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр 2020 онд 134,000 м.кв газраа салгаад 65000 м.кв газрыг Хан-Уул дүүрэгт, 65000 м.кв газрыг Баянзүрх дүүрэгт эзэмшихээр болсон.

Бидний маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот захирамж нь Баянзүрх дүүрэгт эзэмшсэн 65000 м.кв газрын 22,000 м.кв газарт хамааралтай.

Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа эхний үндэслэл нь газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо сонсох ажиллагаа огт хийгээгүй. 22,556 м.кв газрыг хүчингүй болгосноор Ө******* ХХК-ийн хувьд эрх нь зөрчигдөх нь ойлгомжтой. Мөн 2007 оноос хойш бий болсон маш урт харилцаа байгаа, хэрвээ дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй үндэслэлээр газрын эрхийг хүчингүй болгох гэж байгаа бол тодорхой хэмжээнд сонсох ажиллагааг хийж, байр сууриудыг нэгтгэж байж захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явагдах ёстой байсан. Гэвч энэ ажиллагааг огт хийгээгүй, сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлээгүй. Зөвхөн “дуудлага худалдааны үнэ төл” гэдэг мэдэгдлийн дагуу цуцалсан байсан.

Ө******* ХХК-ийн  хувьд газар эзэмших эрхтэй холбоотой асуудлаар тодорхой хэмжээнд хүсэлтүүдийг газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн Засаг даргад гаргаж байсан. Шийдвэр гаргахдаа сонсох ажиллагааг хийж, газрыг дуудлага худалдаагаар аваагүй, харин учирсан хохиролдоо тооцуулж авсан гэдэг тайлбарыг сонсож, нөхцөл байдлыг тодруулах ёстой байсан.

Мөн газар нь эрхийн доголдолтой байсан. Ө******* ХХК-д 22,000 м.кв газрыг эзэмшүүлэх үед тухайн газарт иргэд амьдарч байсан. Бидэнд зориулалтын дагуу эзэмшүүлэхээр болсон газар нь бусдын газартай давхцалтай байсан. Газрыг эзэмшүүлснийхээ дараа  асуудлаа өөрсдөө шийдвэрлэ гэсэн. Газар бол төрийн өмч бөгөөд газрын эрхийн доголдлын асуудлыг шийдвэрлэж чадахгүй манай байгууллагад эвлэрлийн гэрээгээр олгох ёстой байсан газраа олгочихлоо гэсэн атлаа “газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй, хөрөнгөө оруулж чадахгүй байна, эдгээр иргэдийн асуудлыг шийдвэрлээд өгнө үү” гэхээр “та нар өөрсдөө шийдвэрлэ” гэдэг хариу өгөөд байдаг. Эрхийн доголдолтой газрыг эзэмшүүлчхээд өөрсдөө шийдвэрлэ гээд үүрэг хүлээлгэдэг.  

Дараагийн шаардлага нь Газрын тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.3 дахь хэсэгт зохих зөвшөөрөлгүйгээр газрыг дур мэдэн эзэмшсэн бол Нийслэлийн Засаг дарга хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4 дэх хэсэгт мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авна гэсэн эрх хэмжээ олгогдсон байхад энэ эрх хэмжээгээ огт хэрэгжүүлээгүй, Засаг даргаас хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байгаа.

Учир нь Ө******* ХХК-д газар эзэмшүүлэхээс өмнө иргэд байж байсан. Хэрвээ бид нарт газар эзэмшүүлсний дараа иргэд буусан бол газар эзэмшигчийн үүрэг болох ёстой байсан. Газрын тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.1 дэх хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч гэж заасан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгч өөрөө бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн хөрөнгөө шаардах эрхтэй байдаг гэдэг агуулгаар өмчлөлийн газраа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлээч гэхээр ямар ч үйлдэл гаргадаггүй. Та нар асуудлаа шийдвэрлэ гэдэг байр сууринаас хандаад байгааг хууль бус гэж үзсэн.

 Гурав дахь шаардлага нь бидний зүгээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 320,809,745 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан. Учирсан хохирлын төлбөрийн задаргаа нь газрын төлбөрт 64,732,000 төгрөг, харуул хамгаалалтын ажилтны зардалд 30,000,000 төгрөг, хашааны тороосны үнэ 65,000,000 төгрөг, модон шонгийн үнэ 4,200,000 төгрөг, хашаа барьсан ажлын хөлс 5,000,000, барилгын зургийн үнэ 130,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 12,000,000 төгрөг нийт 320,809,709.745 төгрөг нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг  шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хэрэгт байгаа. Тийм учраас энэ шүүгчийн захирамж нэгэнт илэрхий үйл баримт учраас холбогдох зардлын баримтуудыг бидний зүгээс гаргаж өгөөгүй. Энэ асуудлаар бид эвлэрэн хэлэлцсэн, гэвч шүүхийн шийдвэрийг дүр эсгэж биелүүлээд 2015 оноос өнөөдрийг хүртэл 17 жилийн турш эрхийн зөрчилтэй газруудыг 3 удаа олгосон. Энэ 320,809,745 төгрөгийн хохирол 134,000 м.кв газар эзэмших эрх олгосон учраас 22,556 м.кв талбайд ногдох 54,001,378 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Ө******* ХХК-ийн буруу болж хоцорсон. Бид хариуцагчийн хариу тайлбартай танилцсан. Хавтаст хэрэгт байгаа баримтуудыг харахаар 22,556 м.кв газрыг яагаад хүчингүй болгосон талаарх  өнгөцхөн тайлбарыг өгч байгаа боловч цаанаа нь Ө******* ХХК-ийн эрх ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн гэдгийг ойлгохгүй байгаа юм шиг санагдсан. Тийм учраас үүн дээр сонсох ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай харагдсан. Иймд нэхэмжлэлийн 3 шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа хариу тайлбартаа: “...Ө******* ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ө******* ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 22556 м.кв газрыг 15 жилийн хугацаатай цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн.

Нэхэмжлэгч Ө******* ХХК нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй буюу газрын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй байх тул хугацаатай мэдэгдлийг албан бичгээр удаа дараа хүргүүлсэн.

Нэхэмжлэгч Ө******* ХХК нь дээрх эзэмшлийн газраа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно", 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн" гэж заасан заалтуудыг зөрчиж дуудлага худалдааны үнэ төлөөгүй байх тул Нийслэлийн Засаг дарга нь хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/******* дугаар захирамжаар тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн.

Иймд нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/******* дугаар захирамж нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн тайлбартаа: “1/ Зохих зөвшөөрөлгүй, газрыг дур мэдэн эзэмшсэн иргэдэд хугацаатай газар чөлөөлөх мэдэгдэл өгч, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байсан Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хүрээнд:

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2 дахь заалтад "газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх", газар эзэмшүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “газар эзэмшигч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь өөрийн эзэмшил газраа хамгаалах үүрэгтэй” гэж заасан.

Иймээс газар эзэмшигчийн үүрэг тул Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2/ Нийслэлийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 54,001,378 төгрөг гаргуулах шаардлагын хүрээнд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ" гэж заасан. Хавтаст хэрэгт хохирол болох 54,001,378 төгрөгийг гаргасан холбогдох нотлох баримт авагдаагүй, ямар үндэслэлээр энэхүү мөнгөн дүнг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.

3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч сонсох ажиллагааны мэдэгдлийг огт өгөөгүй, сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг байдлаар тайлбар хэлж байна. Манай зүгээс 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг явуулсан. Тухайн мэдэгдэлд газрын дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах, мөн төлөөгүй тохиолдолд гэрчилгээг хүчингүй болгохыг албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл үүнийг төлбөрөө төлөөрэй гэсэн мэдэгдэл гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч дуудлага худалдааны анхны үнийг төлнө гэж огт тохиролцоогүй гэж байна. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Ө******* ХХК-иас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Үнэлгээ төлбөрийн хэлтэст “дуудлага худалдааны анхны анхны үнэ төлөх хугацааг хойшлуулж өгнө үү” гэсэн албан бичиг ирүүлсэн. Тэгэхээр Ө******* ХХК нь дуудлага худалдааны анхны үнэ төлөхийг хүлээн зөвшөөрч байсан гэж ойлгогдож байна.

Нэхэмжлэгч мөн эрхийн доголдолтой газар эзэмших эрх олгосон гэж хэллээ. Хавтаст хэрэгт байгаа 2018 оны агаар сансрын зургийг харвал тухайн газарт хүн оршин суугаагүй хоосон газар байсан. Газрын тухай хуулийн 35 дүгээр зүйлийн 35.3.2, газар эзэмшүүлэх гэрээний 4.2-т заасны дагуу тухайн газрыг байгууллага, аж ахуйн нэгж хамгаалах үүрэгтэй болохоос бид хамгаалах үүрэггүй. Тухайн хүний эзэмшлийн газарт ямар нэгэн байдлаар мэдэгдэл нааж, оролцох эрх хэмжээ захиргааны байгууллагад байхгүй.

Хохирлын  нэхэмжлэлийн тухайд эвлэрлийн гэрээнд хохирлыг хүлээн зөвшөөрч, нотлогдсон байдлаар огт дурдагдаагүй, газрын эрхийг сэргээж өгч байна гэсэн агуулгаар гарсан байдаг. Тэгэхээр энэ мөнгөн дүн яаж нотлогдоод байгаа нь тодорхойгүй. Хавтаст хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй байгаа учраас хангах боломжгүй гэж үзэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/******* тоот захирамж нь хуулийн хүрээнд гарсан, хүчин төгөлдөр шийдвэр учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/******* дугаар захирамжаар нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн нэгж талбарын ******* дугаартай, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай 22556 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг “дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй” үндэслэлээр хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон бөгөөд,

тус компани “уг захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар, цаашлаад зохих зөвшөөрөлгүй, газрыг дур мэдэн эзэмшсэн иргэдэд газар чөлөөлөх хугацаатай мэдэгдэл өгч, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байсан нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,  Нийслэлийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 54,001,378 төгрөг гаргуулах” нэхэмжлэл гаргажээ.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах үндэслэл тогтоогдсонгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Маргаан бүхий захирамжид газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болгож баримталсан Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “гэр бүлийн хэрэгцээний эсхүл тариалангийн болон хүнсний ногооны зориулалтаар гэр бүлд эзэмшүүлэх, төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээс бусад зориулалтаар, мөн тухайн зориулалтуудад олгогдох хэмжээнээс өөр илүү хэмжээгээр газрыг эзэмшүүлэх гэж байгаа бол дуудлага худалдаа эсвэл төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан, өөрөөр хэлбэл хариуцагч тус компанийг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 22,556 м.кв газар эзэмшихдээ төсөл сонгон шалгаруулах зарчмаар аваагүй, эсхүл дуудлага худалдааны журмаар аваагүй тул дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлөх ёстой гэж үзээд дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй үндэслэлээр буюу дээрх заалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

Газар эзэмших эрхийн гэрчилгээнд зааснаар цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар, 22,556 м.кв газрыг эзэмших бол дээрх хуулийн зохицуулалтаар нэг бол төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар, эсхүл дуудлага худалдааны зарчмаар авах боломжтой бөгөөд нэхэмжлэгчийн хувьд төсөл сонгон шалгаруулалтад орсон гэж, эсхүл дуудлага худалдаагаар авсан гэж маргаагүй, харин газар эзэмших эрх шүүхийн шийдвэрийн дагуу үүссэн тул дуудлага худалдааны үнэ төлөх ёсгүй хэмээн маргадаг.    

1.1. Газар эзэмших эрх үүссэн үйл баримтыг дурдвал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрших, нэгж талбарын ******* дугаартай, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай, маргаанд хамаарах 22,556 м.кв газар нь өмнө Нийслэлийн Засаг даргын 2020 оны 913 дугаартай захирамжаар нэгж талбарын дугаараар 65,000 м.кв хэмжээгээр мөн цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай тус компанид олгогдсон бөгөөд засаг захиргааны нэгжийн хилийн заагаар 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар захирамжаар 22,556 м.кв, 42,444 м.кв болж хуваагдсан байдаг. Өөрөөр хэлбэл маргаанд хамаарах 22,556 м.кв газар нь 2020 оны 913 дугаартай захирамжаар олгогдсон нэгж талбарын дугаартай 65,000 м.кв газрын урд хэсэг нь юм.

Энэ нэгж талбарын дугаартай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байршилтай 65,000 м.кв газрыг “нийслэлийн Засаг даргын 2014 оны дугаартай захирамжаар олгогдсон газар нь бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд өртсөн”-тэй холбогдуулан байршил шилжүүлэх замаар эзэмшүүлсэн байдаг.  

Тус компани анх Нийслэлийн Засаг даргын 2007 оны дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туулын гүүрний баруун урд талд 30,000 м.кв газрыг аялал жуулчлалын хотхон барих зориулалтаар эзэмших эрх авсан нь Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн мужийн хамгаалалтын бүсэд олгогдсон байснаас 2010 оны 703 дугаар захирамжаар хүчингүй болсон, энэ шийдвэртэй нэхэмжлэл гарган маргасан ч шүүхийн шийдвэр /Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 422 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 03 дугаар магадлал/ -ээр нэхэмжлэлийг үндэслэлгүй болохыг тогтоосон байдаг.

Улмаар тус компани дүүрэг, нийслэлийн Засаг даргад холбогдуулан дээрх газар эзэмших эрх олгож, хүчингүй болгосон шийдвэрийн улмаас учирсан хохирол хэмээн 320,809,745 төгрөг гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган маргасан ч хариуцагч Нийслэлийн Засаг дарга “134,000 м.кв газар эзэмших эрх олгохоор”, нэхэмжлэгч “хохирол 320,809,745 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзахаар” эвлэрч, иргэний хэргийн шүүхийн шийдвэр /Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 1017 дугаар захирамж/ -ээр эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.   

Шүүхийн энэ шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг даргын 2014 оны дүгээр захирамжаар 134,000 м.кв газар эзэмшүүлсэн ч уг газар нь бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд өртөж, улмаар энэ шалтгаанаар нийт талбайн хэмжээнд хүргэж Баянзүрх, Хан-Уул дүүрэгт тус бүр 65,000 м.кв газар эзэмшүүлсэн, тодруулбал Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрших 65,000 м.кв газрыг 2020 оны ******* дугаар захирамжаар эзэмшүүлсэн ч, засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр уг газар 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дамнаж байрласан тул тус компанийн хүсэлтээр[1] 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаарах 22,556 м.кв, 20 дугаар хорооны нутагт хамаарах 42,444 м.кв-аар эзэмших эрхийг 2022 оны дугаар захирамжаар хуваан олгожээ.

Хэдийгээр 2014 онд 134,000 м.кв газрыг шүүхийн шийдвэрээр олгосон ч нэхэмжлэгчийн сэргээлгэхийг хүссэн газар эзэмших эрх 2007 онд анх үүссэн, ийнхүү 2007 оны дугаартай захирамжаар анх 30,000 м.кв хэмжээгээр, орон сууцны хотхоны зориулалтаар газар эзэмшихдээ тус компани дуудлага худалдаа эсхүл төсөл сонгон шалгаруулах зарчмаар аваагүй[2] байх тул “шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрх авсан тул дуудлага худалдааны үнэ төлөхгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

1.2. Хариуцагч тус компанийг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 22,556 м.кв газар эзэмшихдээ төсөл сонгон шалгаруулах зарчмаар аваагүй, эсхүл дуудлага худалдааны журмаар аваагүй тул дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлөх ёстой гэж үзээд дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй үндэслэлээр буюу дээрх заалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь тухайн захирамжид баримталсан Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 “...дуудлага худалдаа эсвэл төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1.1 “газрын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 39 дүгээр зүйлийн 39.1.4  “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсноор газар эзэмших эрх дуусгавар болно” гэж заасантай нийцсэн.

2. 2017, 2018, 2020 оны агаарын зургаар[3] нэгж талбарын ******* дугаартай 22,556 м.кв газар аливаа этгээдийн ямарваа ашиглалтад байгаагүй хоосон байсан болох нь тогтоогдож байх ба, 2023 оны агаарын зургаар нэгж талбарын ******* дугаартай 22,556 м.кв газрын урд хэсгээр 1 гудамж үүсгэн 10 айл хашаалж, гэр барьсан, харин байшин сууц буюу үл хөдлөх хөрөнгө бариагүй нөхцөл байдалтай байна. Нэхэмжлэгч нэгж талбарын ******* дугаартай 22,556 м.кв газрыг оруулаад 65,000 м.кв хэмжээгээр, нэгж талбарын дугаараар 2020 оны ******* дугаар захирамжаар эзэмшсэн байх тул ийнхүү уг байршилд газар анх эзэмшихэд бусдын ашиглалт, эзэмшилд байгаагүй.

2.1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т "газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах” нь, газар эзэмшүүлэх гэрээний 4.2-т “өөрийн эзэмшил газраа хамгаалах” нь газар эзэмшигчийн үүрэг болгож заасан, нөгөө талаас эзэмшлийн газарт газар ашиглах, эзэмших эрхгүй буюу зөвшөөрөлгүй буусан гэх айл өрх, хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаанаас үүдэн нэхэмжлэгч болон тэдгээр этгээдүүдийн хооронд “эзэмшигч газраа эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй бусдын үйл ажиллагааг арилгуулахыг шаардахтай холбоотой” эрх зүйн маргаантай харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглахад саад болсон гэх зөрчил нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас үүдээгүй, бусад иргэдийн зөвшөөрөлгүй газар ашигласан буюу иргэн, хуулийн этгээд хоорондын газар эзэмших эрхийн харилцаанаас үүджээ.

2.2. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэх” зохицуулалт нь урьдчилан шийдвэрлэх журмаар маргааныг шийдвэрлэх харилцааны зохицуулалт бөгөөд ийнхүү урьдчилан шийдвэрлэх журмаар маргааныг шийдвэрлээгүй нь захиргааны эрх зүйн харилцаа үүсгэж буй хэрэг биш юм. Өөрөөр хэлбэл Засаг дарга урьдчилан шийдвэрлэх журмаар тодорхой шийдвэр гаргаагүй нь “бие даасан захиргааны акт, эс үйлдэхүй” биш, иргэн, хуулийн этгээд хооронд үүссэн маргааныг шүүхээс өмнөх шатанд урьдчилан шийдвэрлэх зохицуулалт л юм.

2.3. Нийслэлийн Засаг дарга маргааныг урьдчилан шийдвэрлээгүй тохиолдолд “газар эзэмшигч газраа эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй бусдын үйл ажиллагааг арилгуулахыг шаардахтай холбоотой” иргэн, хуулийн этгээд хооронд үүссэн эрх зүйн маргаанаа харьяалах шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр байна.  

2.4. Ө******* ХХК-иас гаргасан “газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” хүсэлтүүдэд нийслэлийн Засаг даргын газрын асуудал хариуцсан агентлаг Газар зохион байгуулалтын алба тухай бүр нь хариу өгч байсан, тодруулбал 2023 оны 05 дугаар сарын 03-ны 23/05/03-03 тоотоор гаргасан хүсэлтэд 05 дугаар сарын 11-ний өдөр 01-09/1981 тоотоор, 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 01/23 тоотоор гаргасан хүсэлтэд 08 дугаар сарын 25-ны өдрийн 01-09/4508 тоотоор тус тус “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т "газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах” нь, газар эзэмшүүлэх гэрээний 4.2-т “өөрийн эзэмшил газраа хамгаалах” нь газар эзэмшигчийн үүрэг болгож заасан” талаар тодорхой хариу өгчээ. Өөрөөр хэлбэл хүсэлтүүдэд тухай бүрд үндэслэл бүхий хариуг газрын асуудал хариуцсан агентлагаар өгч байсан тул Нийслэлийн Засаг даргын “хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан” гэх, “хууль бус” гэх эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

3.1. Нэхэмжлэгчийн хохирол шаардсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 1017 дугаар захирамжид болон уг захирамжаар баталсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Нийслэлийн Засаг дарга “134,000 м.кв газар эзэмших эрх олгохоор”, нэхэмжлэгч “хохирол 320,809,745 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзахаар” тусгаснаас бус “хохирол учирсан болохыг, 320,809,745 төгрөгийн хохирол учирсан” болохыг тогтоогоогүй, ийм дүгнэлт хийсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн дээрх шийдвэрт нэхэмжлэгч Ө******* ХХК “хохирол 320,809,745 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж” эвлэрснийг баталсан байна.

3.2. Нөгөөтээгүүр нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон “зохих зөвшөөрөлгүй, газрыг дур мэдэн эзэмшсэн иргэдэд газар чөлөөлөх хугацаатай мэдэгдэл өгч, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байсан нийслэлийн Засаг даргын хууль бус гэх эс үйлдэхүй” нь шаардсан 54,001,378 төгрөгийн хохиролтой аливаа  шалтгаант холбоо тогтоогдсонгүй. Тус компанид 2007 онд эзэмшүүлсэн 30,000 м.кв газрыг ундны усны тэжээлийн мужид олгогдсон үндэслэлээр эзэмших эрхийг хүчингүй болгосноос үүдсэн хохирол хэмээн шаардаж байсан “газрын төлбөр, харуул хамгаалалтын болон хашаа барьсны зардал, барилгын зургийн үнэ, өмгөөллийн хөлс” зэрэг 320,809,745 төгрөгөөс тухайн хашаа барьсан, тог татсан газраас өөр байршил дахь 22.556 м.кв газрын зарим хэсэгт зөвшөөрөлгүй суурьшсан иргэдээс газар чөлөөлөх шийдвэр гаргахгүй байсан гэх эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол гэж 54,001,378 төгрөгөөр тооцоолон нэхэмжилсэн нь ойлгомжгүй, хууль бус эс үйлдэхүй хэмээн тодорхойлсон захиргааны үйл ажиллагаа болон түүний улмаас учирсан гэх хохирол хооронд шалтгаант холбоо тогтоогдсонгүй.

4. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тоотоор уг нэгж талбарын дуудлага худалдааны анхны үнэ 119,095,680 төгрөгийг төлөх хугацаа тогтоон, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг мэдэгдсэнээр Ө******* ХХК 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тоотоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Үнэлгээ төлбөрийн хэлтэст хандан “дуудлага худалдааны анхны үнэ төлөх хугацаа хойшлуулах” хүсэлт гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл дуудлага худалдааны үнэ төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бий болох талаар хариуцагч оролцогчийг тодорхойлох, сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх, сонсох ажиллагаа хийх, тайлбар баримт гаргах эрхээр хангах ажиллагааг хийсэн, шийдвэр гаргах ажиллагааны энэ журмыг зөрчөөгүй байна.

5. Маргаан бүхий захирамжид баримталсан бусад заалт мөн адил шийдвэрийн хууль зүйн үндэслэлд хамааралтай зохицуулалт агуулсан, зөв хэрэглэсэн байна гэж үзлээ. Тухайлбал, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрээ төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгохыг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан, түүнчлэн эерэг нөлөөлөл бүхий ч цуцлах нөхцөлийг хуульд заасан бол захиргааны актыг цуцалж болохыг Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1-д заасан, эдгээр заалтыг буруу хэрэглэсэн гэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Тиймээс нэхэмжлэлийн “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, зохих зөвшөөрөлгүй, газрыг дур мэдэн эзэмшсэн иргэдэд газар чөлөөлөх хугацаатай мэдэгдэл өгч, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байсан нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 54,001,378 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4,  40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, зохих зөвшөөрөлгүй, газрыг дур мэдэн эзэмшсэн иргэдэд газар чөлөөлөх хугацаатай мэдэгдэл өгч, газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байсан нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 54,001,378 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ХАЛИУНА

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 35, 38, 40 дугаар хуудас

[2] Хэргийн 2 дугаар хавтсын 56, 63 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 59-60, 70 дугаар хуудас