| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 2336000000121 |
| Дугаар | 46 |
| Огноо | 2023-09-05 |
| Зүйл хэсэг | 22.5.2., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 46
2023 09 05 2023/ДШМ/46
М.Отгонцагаан, Б.Дариймаа нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, яллагдагч М.Отгонцагаан түүний өмгөөлөгч Г.Батзаяа, нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/322 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн М.Отгонцагаан, Б.Дариймаа нарт холбогдох эрүүгийн 2336000000121 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн Цагаан Туг ургийн Овогт Мэндбаярын Отгонцагаан, 1975 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Жаргалант суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт Жаргалант сумын 06 дугаар (Жаргалан) баг, Тулгын 30 айлын орон сууцны 8 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ПЭ75011811;
2.Монгол Улсын иргэн Ноён Бэйст ургийн овогт Батчулууны Дариймаа, 1972 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Жаргалант суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт үйлчлэгч ажилтай ам бүл дөрөв нөхөр хүүхдүүдийн хамт Жаргалант сумын 06 дугаар (Жаргалан) баг, Тулгын 30 айлын орон сууцны 8 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ПЮ72020527
3. М.Отгонцагаан, Б.Дариймаа нар нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 40 минутад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Д.Алтангэрэлд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө бусдыг буюу иргэн П.Эрдэнэ-Очирыг "...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Тулгын 30 айлын орон сууцны үүдэнд Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд "Монгол Ардын нам"-аас нэр дэвшиж сонсогдсон төлөөлөгч нарт давуу байдал бий болгох зорилгоор буюу сумын Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон бусад албан тушаалд хүргэх, сумын засаг захиргааны нэгжийн эрх мэдлийг бусдад олгох зорилгоор Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд "Ардчилсан нам"-аас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч М.Отгонцагаанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд "Монгол Ардын нам"-аас гаргасан саналыг дэмжүүлэхээр 18'000'000 төгрөг өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
4.Ховд аймгийн Прокурорын газраас М.Отгонцагаан, Б.Дариймаа нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн захирамжаар:
4.1 Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Цагаан туг ургийн овогт Мэндбаярын Отгонцагаан, Ноён бэйст ургийн овогт Батчулууны Дариймаа нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2336000000121 дугаартай хэргийг Ховд аймгийн Прокурорын газарт буцааж,
4.2 Шүүгдэгч М.Отгонцагаан, Б.Дариймаа нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэг прокурорт очих хүртэл үргэлжлүүлж,
4.3. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5.Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яллагдагч Цагаан туг ургийн овогтой Мэндбаярын Отгонцагаан нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 40 минутад Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар цолтой Д.Алтангэрэлд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө бусдыг буюу иргэн П.Эрдэнэ-Очирыг 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Тулгын 30 айлын орон сууцны үүдэнд Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд "Монгол Ардын нам"-аас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч нарт давуу байдал бий болгох зорилгоор буюу сумын Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон бусад албан тушаалд хүргэх, сумын засаг захиргааны нэгжийн эрх мэдлийг бусдад олгох зорилгоор Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд "Ардчилсан нам"-аас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч М.Отгонцагаанд сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хуралдаанд "Монгол Ардын нам"- аас гаргасан саналыг дэмжүүлэхээр 18,000,000 төгрөг өгсөн..." гэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгч, гүтгэсэн, мөн эхнэр болох Б.Дариймааг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж худал мэдүүлэг өгүүлэн худал мэдүүлэх гэмт хэргийг эхнэр болох Б.Дариймаатай хамтран оролцож үйлдсэн.
Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч М.Отгонцагаан, Б.Дариймаа нарт холбогдох хэрэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл яллагдагч М.Отгонцагаан нь удаа дараа "өргөдөл дээр бичсэн зүйл худал, энэ талаар комиссар Д. Алтангэрэлд хэлсэн" гэх агуулгатай тайлбар, мэдүүлэг гаргаж, мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан байхад энэхүү нөхцөл байдлыг тодруулаагүй тул хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй гэж үзнэ. Яллагдагч М.Отгонцагаан, түүний өмгөөлөгчийн гаргасан Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Д.Алтангэрэлээс гэрчээр мэдүүлэг авах ажиллагаа хийх нь зүйтэй гэж дүгнэсэн. Харин яллагдагчтай нүүрэлдүүлэн мэдүүлэг авах хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн 2236000930132 дугаартай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаас "Таны эхнэр мөн худал мэдүүлэг өгсөн юм уу гэх асуултад яллагдагч М.Отгонцагаан "Намайг эхнэрээ авч ир гэсэн би болдоггүй юм байлгүй гэж бодоод тийм мэдүүлэг өгүүлсэн" гэж (хавтаст хэргийн 67 дугаар хуудас) хариулсан. Мөн энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Дариймаа гэрчээр "...нэг өдөр миний нөхөр сандарч гэрт ирээд "надаас цагдаагаас мэдүүлэг авлаа, би ийм мэдүүлэг өгсөн, миний хэлснээр хэлээрэй ижилхэн байхгүй бол болдоггүй гэсэн шүү гэхээр нь нөхрийнхөө хэлсэн үгээр ирж мэдүүлэг өгсөн” гэж (хавтаст хэргийн 26 дугаар хуудас) мэдүүлсэн байна. Эдгээрээс үзэхэд яллагдагч М.Отгонцагаан нь яллагдагч Б.Дариймааг ятгаж худал мэдүүлэг өгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч М.Отгонцагаанд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж ирүүлэхийг даалгах үндэслэлтэй байна.
Прокурор, мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагааны хүрээ хязгаарыг зөвхөн гэмт хэргийн талаарх мэдээллээр хязгаарлахгүйгээр, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг өөрийн дотоод итгэлдээ тулгуурлаж яллах болон цагаатгах үйл баримтыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Энэ хүрээнд яллагдагч М.Отгонцагааны хоёр удаагийн нэг нэгнээ үгүйсгэсэн мэдүүлгийн аль нь үнэн, аль нь худал болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэд тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн өгсөн мэдүүлгийг худал гэж үзсэн үндэслэлийг, эсхүл шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үйл баримт байгаа эсэхийг зайлшгүй тогтоож хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй болохыг дурдах нь зүйтэй. Мөн яллагдагч М.Отгонцагаанд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор бусдаас хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн үйлдэл байгаа эсэхийг шалгах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ..." гэж дүгнэн 2023/Ш3/322 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул захирамжийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ гэж хуульчилсан байна. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Д.Алтангэрэл нь яллагдагч М.Отгонцагаан, Б.Дариймаа нараас эрүүгийн
2236000930132 дугаартай хэрэгт гэрчээр мэдүүлэг авсан. Харин М.Отгонцагаан, Б.Дариймаа нар нь худал мэдүүлэг өгсөн эсэх асуудлыг мөрдөгч нь мэдэх боломжгүй юм. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Д.Алтангэрэлээс гэрчийн мэдүүлэг авах нь тухайн хэрэгт ач холбогдолгүй юм. Хэрэв Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Д.Алтангэрэл нь мэдүүлэг авахдаа айлгаж, сүрдүүлсэн, мэдүүлэг өгөхийг хүчээр тулгасан эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тухайн хэргээс тусад нь тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст өргөдлөө гаргаж шалгуулах нь зүйтэй. Яллагдагч М.Отгонцагааныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч М.Отгонцагаанд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж ирүүлэхийг даалгах үндэслэлтэй гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд яллагдагч М.Отгонцагааны гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр яллагдагч Б.Дариймаагийн мэдүүлэг болон яллагдагч М.Отгонцагааны өөрийнх нь өгсөн мэдүүлгийг үндэслэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэж үзэх боломжгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах, орчуулагчаар худал орчуулуулах, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотно хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн бол гэж заасан байх бөгөөд яллагдагч М.Отгонцагаан нь өөрийн эхнэр Б.Дариймааг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан нөлөөлсөн гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Зөвхөн яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэж дээрх зүйл заалтаар яллагдагчаар татах боломжгүй юм. Мөн гэрч Ч.Нэргүйгээс эрүүгийн 2236000930132 дугаартай хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлгийг уг хэргээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулбарлан авч уг хэргийн 35 дугаар хуудсанд хавсаргасан байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой уг гэрчийг шүүх хуралдаанд дуудан ирүүлж, эргэлзээ бүхий асуудлыг тодруулах боломжтой буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.
Яллагдагч М.Отгонцагааны хоёр удаагийн нэг нэгнээ үгүйсгэсэн мэдүүлгийн аль нь үнэн, аль нь худал болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэд тогтоох гэж дүгнэсэн байх бөгөөд эрүүгийн 2236000930132 дугаартай хэргийн шүүх хуралдаанд М.Отгонцагаан нь үнэн зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулсан баталгаанд гарын үсэг зурж шүүх хуралдаанд оролцохдоо урьд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээ няцааж худал мэдүүлэг өгсөн талаараа хэлсэн. Уг хэрэгт гэрч М.Отгонцагааны мэдүүлэг яллах нотлох баримтын эх сурвалж байсан тул М.Отгонцагаан мэдүүлгээсээ буцсантай холбоотойгоор улсын яллагч яллахаас татгалзах үндэслэл болсон байна гэж үзэж байна.
Эрүүгийн 2336000000121 дугаартай хэрэгт гэрч Л.Төрмөнх. Ч.Нэргүй болон түүний эхнэр Б.Дариймаа, яллагдагч М.Отгонцагаан нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлэг өгсөн болох нь нотлогдон тогтоогдсон. Иймд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/Ш3/322 дугаартай Хэргийг прокурорт буцаах тухай" шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Яллагдагч М.Отгонцагаан нь дээд боловсролтой мөн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон ажилладаг хүн тул өгч буй мэдүүлгийнхээ учир шалтгааныг мэдэх боломжтой тул ямар нэгэн албан тушаалтны сүрдүүлгэнд орж мэдүүлэг өгөх боломжгүй гэж үзэж байна гэв.
6.Яллагдагч М.Отгонцагаан түүний өмгөөлөгч Г.Батзаяа нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
6.1 Хуулийн байгууллагад өөрийн биеэр өгөөгүй өргөдлийхөө төлөө нэг удаа Авилгатай тэмцэх газарт мэдүүлэг өгсөн. Тус мэдүүлгийг өгөхдөө дарамтлуулж байж өгсөн. Надаас анх мэдүүлэг авахдаа үнэн зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулж баримтад гарын үсэг зуруулсан нь үнэн. Тус мэдүүлгийг өгсний дараа надад тайлбар хэлэх боломж одоогүй. Мөрдөн байцаагчид надаас буруу мэдүүлэг авсан тухай 2-3 удаа хэлсэн гэтэл намайг дугарах эрхгүй болж байгаад мэдүүлэг авсан. Мэдүүлэг дуусаад одоо явж эхнэрээ авчир гэсэн. Миний эхнэр цочрол авахаараа ухаан алдаж унадаг, хөгжлийн бэрхшээлтэй, сонсгол муу учир хүний асуусан зүйлийг сонсохгүй. Тухайн үед би өөрийнхөө хэлсэн зүйлийг эхнэртээ хэлж чи ингэж хэлчихээд гараад ирээрэй гэж хэлсэн. Гэтэл мэдүүлэг өгчихөөд гараад ирэхэд Ч.Нэргүй үүдэнд сууж байсан. Намайг дарамталсан “...чи өргөдлийнхөө дагуу мэдүүлэг өгсөнгүй. Түрүүчийнхээ мэдүүлгийн дагуу гүрийгээд байх ёстой шүү дээ. Мөрдөн байцаагч энэ хүндээ анхаар гэж надад хэлж байна” гэж хэлээд над руу уурласан.
Би мөрдөн байцаагч хүний өгсөн мэдүүлгийг бусдад задлаад дарамтлуулж болдог юм уу? гээд өмгөөлөгчдөө хандсан. Тухайн үед би мөрдөн байцаагчаас гуйсан би худал мэдүүлэг өгчихлөө би өмгөөлөгчтэй ирж дахин мэдүүлэг өгмөөр байна гэж хэлэхэд за та явж бай би таныг удахгүй дуудна та өмгөөлөгчөө бэлдээд байж байгаарай гэж хэлсэн. Би гарангуут өмгөөлөгч авч гэрээ байгуулсан. Гэтэл 8 сарын дараа одоо н.Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болох гэж байна гэж утсаар хэлэхэд би шүүх хуралд ирэхэд н.Эрдэнэ-Очирыг буруутгах шүүх хуралдаан болж байсан. Би тус шүүх хуралд үнэнээ хэлэх ганцхан боломж олдсон тул би бүх үнэнээ хэлсэн. Надад их харамсалтай байна. Хоёр намын даргын бие биенээсээ өшөө авах хэрэгсэл болгож надаар бичиг бичүүлсэн. Би тухайн бичгийг бичсэн нь үнэн гэхдээ хуулийн байгууллагад өгч болохгүй гэж хэлсэн.
Прокурор тайлбарлахдаа намайг дээд боловсролтой ямар нэгэн мэдүүлэг өгөх чадвартай гэх зүйл хэлж байна. Би өнөөдрийг хүртэл 50 наслахдаа хуулийн байгууллагад мэдүүлэг өгч үзээгүй. Надаас анх удаа мэдүүлэг авахад би цочирдсон ингэж мэдүүлэг авдаг юм байх гэж гайхсан бас их айсан. Ч.Нэргүй, н.Алтангэрэл нарыг ямар холбоотойг мэдэхгүй. Яагаад надаас ийм мэдүүлэг авсныг ойлгохгүй байгаа. Ч.Нэргүй намайг хүнээс өшөө авч үзээгүй чи бичгийнхээ дагуу зүтгээд байх ёстой байсан юм гээд намайг үзэхгүй байгаа. Миний холбогдсон хэргийг хурдан хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Шүүгдэгч М.Отгонцагаан Б.Дариймаа нарт холбогдох эрүүгийн 2336000000121 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцээгүй байх тул захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
3.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүнээс гэрчийн мэдүүлэг авч болохгүй бөгөөд мөрдөгч болон албаны чиг үүргийн хувьд мэдэх болсон бусад хүнээс гэрчээр мэдүүлэг авахыг хуулиар хориглоогүй тул яллагдагч М.Отгонцагаан, түүний өмгөөлөгчийн гаргасан Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Д.Алтангэрэлээс гэрчийн мэдүүлэг авах, гэрч Ч.Нэргүйгийн мэдүүлэг нь яллагдагчийн мэдүүлгийг нотлох няцаах,үгүйсгэх буюу нотолгооны ач холбогдолтой байх тул түүнээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай,прокурор яллах дүгнэлтдээ яллагдагч М.Отгонцагааныг Б.Дариймааг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж худал мэдүүлэг өгүүлсэн худал мэдүүлэх гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж дүгнэсэн атлаа яллагдагч М.Отгонцагааныг Б.Дариймааг ятгасан үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр буюу уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцээгүй байна гэх үндэслэлээр яллагдагч нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
4.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл: эрүүгийн 2236000000132 дугаартай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд яллагдагч М.Отгонцагаан нь удаа дараа “өргөдөл дээр бичсэн зүйл худал энэ талаар комиссар Д.Алтангэрэлд хэлсэн” гэх агуулгатай тайлбар, мэдүүлэг гаргасныг түүнийг мэдүүлгийнхээ эх сурвалжаа заасан гэж үзэж шалгаж тодруулах, М.Отгонцагааныг гэрч Б.Дариймааг ятгасан үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шүүгчийн захирамжид дурдсан зүйлчлэлээр зүйлчлэх ажиллагааг зайлшгүй хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэх бөгөөд комиссар Д.Алтангэрэлийг тухайн хэргийн бодит үйл баримт, нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн гэж үзэх үндэслэлгүй байна. Нөгөө талаар гэрч нь энэ хэрэгт ямар нэгэн хувийн сонирхолгүй хүн байна.
Тодруулбал мөрдөгч нь Эрүүгийн 2236000000132 дугаартай 2236000000121 дугаартай хэрэгт М.Отгонцагаанаас мэдүүлэг авахдаа түүнд хуульд заасан эрхийг тайлбарлан өгч мэдүүлэг авсан байх бөгөөд түүний цагдаагийн газарт гаргасан өргөдөл, мөрдөн шалгах ажиллагаанд болон анхан шатны шүүхэд өгсөн тайлбар мэдүүлэгтэй нь холбогдуулан комиссар Д.Алтангэрэлийг гэрчээр асууж, мэдүүлэг авах ажиллагааг хийх үндэслэлгүй байна.
5.Гэрч Б.Дариймаа нь өмнөх эрүүгийн 2236000000132 дугаартай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцоогүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээ өөрчлөөгүй байх тул М.Отгонцагааныг гэрч Б.Дариймааг ятгаж түүнийг зориудаар худал мэдүүлэг өгүүлсэн гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна. Өөрөөр хэлбэл гэрч Б.Дариймаагийн П.Эрдэнэ-Очирт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгийг худал мэдүүлэг гэдгийг тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Нөгөө талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд яллагдагч М.Отгонцагааны гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Дариймаагийн мэдүүлэг болон М.Отгонцагааны мэдүүлгийг үндэслэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрчид хууль бусаар нөлөөлж ятгасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
6.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж авсан нотлох баримтаар Ч.Нэргүй нь хуульд заасан эрх үүрэгтэйгээ танилцаж тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаар гэрчээр мэдүүлэг өгсөн түүний П.Эрдэнэ-Очирт холбогдох хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлгийг хэрэгт хуулбарлан хийсэн байх бөгөөд хэрэв шүүх гэрчээс дахин тодруулж мэдүүлэг авах шаардлагатай гэж үзвэл түүнийг шүүхэд дуудан ирүүлж шүүх хуралдаанд оролцуулан гэрчийн мэдүүлэг авах боломжтой байна.
М.Отгонцагаан нь Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч комиссар Д.Алтангэрэл нь П.Эрдэнэ-Очирт холбогдох хэргийг шалгах явцдаа хууль зөрчиж айлгаж сүрдүүлж эрүүдэн шүүж тайлбар мэдүүлэг авсан гэх гомдлоо эрх бүхий байгууллагаар шалгуулах эрх нь нээлттэй байгаа болно.
7. Яллагдагч М.Отгонцагаан, Б.Дариймаа нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг Ховд аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
8.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагч М.Отгонцагаан, Б.Дариймаа нарт холбогдох хэргийг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар уг хэргийг шийдвэрлэх боломжтой байхад мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүгчийн захирамжаар, прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
9.Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын “мөрдөгч комиссар Д.Алтангэрэлээс гэрчийн мэдүүлэг авах нь тухайн хэрэгт ач холбогдолгүй, яллагдагч М.Отгонцагаан нь эхнэр Б.Дариймааг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан нь тогтоогдоогүй,зөвхөн яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах боломжгүй” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож
ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/322 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл яллагдагч М.Отгонцагаан, Б.Дариймаа нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА