Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00167

 

МАГАДЛАЛ

2021.01.15 Дугаар 167

 

 

 

 

 

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02881 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 43 247 960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, Н.Ариунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аринутунгалагын хамт гаргасан тайлбартаа: Миний бие 2018 онд Б.М-ийн 45 000 000 төгрөг олоод өгөөч татваргүй барааны дэлгүүрээс архи, виски хямд үнээр авч ресторанд нийлүүлэн худалдан борлуулж, олох ашгаа хувааж өгнө гэж хамтран ажиллах санал тавих замаар итгэл төрүүлсэн. Тухайн үед хариуцагч нь би зээл авах боломжгүй, өөрийнхөө нэрээр зээл аваад өгөөч зээлийн эргэн төлөлтийг төлнө, сарын хугацаанд зээлийг бүрэн төлнө, баталгаатай гэж удаа дараа гуйсны дагуу Б.М-ийн ярьсан хэлсэн зүйлд итгэж БИД ББСБ ХХК-аас 45 000 000 төгрөгийг сарын 4,1 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл авч, зээлийг Б.М-т өгсөн бөгөөд зээлийн гэрээний баталгаа болгож Баянзүрх дүүрэг, 26 хороо, Их монгол улсын гудамж, 410 байр, 190 тоот хаягт байршилтай 79 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Уг зээлийг авснаас хойш Б.М 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2 700 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 2 200 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1 100 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөг, нийт 11 000 000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт, зээлийн хүүнд 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1 438 500 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1 400 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1 225 000 төгрөг, нийт 15 063 500 төгрөгийн төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Б.М 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хойш нэг ч төлөлт хийгээгүй. Банк бус санхүүгээс зээлийг дахин сунгах боломжгүй, төлөлт хийгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах талаар тайлбарлаж байсан учир үндсэн зээл 34 000 000 төгрөг, зээлийн хүү 9 247 960 төгрөгийг миний бие төлсөн. Иймд Б.М-гээс зээлийн үлдэгдэл 34 000 000 төгрөг, зээлийн хүү 9 247 960 төгрөг, нийт 43 247 960 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М-гээс 29 936 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 13 311 460 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 374 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-гээс улсын тэмдэгтийн хураамжинд 307 632 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг, С.Буянхишиг нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг буруугаар тайлбарлан хохирол гэж тодорхойлсон төлбөрийг зээлийн хүүд тооцон ашиг олох байгаа мэтээр тайлбарлан уг үйл баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж чадаагүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн байгуулагдсан байх ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй, нэхэмжлэгч нь БИД ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлсөн хүүгийн төлбөрт 9 247 960 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхгүй гэсэнтэй нийцэхгүй, БИД ББСБ ХХК-д төлсөн зээлийн хүүгийн төлбөрийг ямар үндэслэлээр хариуцагчаас шаардсан нь тодорхойгүй гэж дүгнэсэн. Б.М 45 000 000 төгрөг зээлээд өгөөч, зээлийн төлбөрийг хүүтэй нь төлнө, банкинд зээлтэй учраас зээл гарахгүй байна. Татваргүй барааны дэлгүүрээс архи, виски хямд үнээр авч ресторанд нийлүүлэн худалдан борлуулж, олох ашгаа хуваана гэх зэргээр итгэл төрүүлсэн. Б.Б 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээл аваад мөн оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хаан банк ХХК дахь Б.М-ийн эзэмшлийн дансанд 45 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл Б.М нь БИД ББСБ ХХК-д үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулах үүргээ зөрчин эхний гурван сар төлөлт хийсэн боловч үүнээс хойших хугацаанд төлөлт хийгээгүй. Б.Б нь БИД ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунган Б.Мийг зээлийн төлбөрийг төлөх боломж олгосон боловч зээлийн төлбөрийг төлөөгүй. Нэхэмжлэгч нь өөрийн орон сууцаа барьцаалсан учраас бусдаас мөнгөн хөрөнгө зээлж зээлийн төлбөрийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төлж дуусгасан. БИД ББСБ ХХК-д Б.М-т авч өгсөн 45 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт 58 422 971 төгрөг төлж барагдуулсан болох нь БИД ББСБ ХХК-д дахь Б.Б-гийн зээлийн дансны хуулгаар тогтоогдоно. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч хүү авах тохиролцоо бичгээр хийгээгүй учраас үндсэн зээлийн төлбөрөө шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүгч шийдвэрээ тайлбарлахдаа нэхэмжлэгч нь 9 247 960 төгрөгийг хохиролд нэхэмжлэх эрхтэй боловч тус хохирол нь бодитой учирсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж хэлсэн. Гэтэл шүүхийн шийдвэр албажихад өөр үндэслэлээр буюу талуудын хооронд хүү авах бичгэн тохиролцоо хийгдээгүй байна гэж дүгнэсэн. Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн хооронд нийт 15 063 500 төгрөг Б.Б-гийн руу шилжүүлсэн ба уг төлбөрийг ББСБ руу шилжүүлж байсан. Тус 15 063 500 төгрөгөөс 11 000 000 төгрөгийг үндсэн зээлд, 4 063 500 төгрөгийг зээлийн хүүд төлсөн. Б.Б үндсэн зээлийн үлдэгдэл 34 000 000 төгрөг, зээлийн хүү 9 247 960 төгрөг, 43 247 960 төгрөг төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 13 311 460 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй байх тул шийдвэр өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон хохиролд 43 247 960 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар эсэргүүцсэн тайлбар болон баримт гаргаж өгөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Б.М-ийн хүсэлтээр 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр БИД ББСБ ХХК-аас 45 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4,1 хувийн хүүтэй зээл авч өгсөн, хариуцагч зээлийн төлбөрийг төлөөгүй тул гэрээний хугацааг сунгасан. Гэрээ 2020 оны 6 дугаар сарын 05-нд дуусгавар болсон. Б.М нь зээлийн төлбөрт 58 422 971 төгрөг төлөхөөс 15 063 500 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, зээлдүүлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангана гэсэн тул үндсэн зээл 34 000 000 төгрөг, зээлийн хүү 9 247 960 төгрөгийг өөрийн мөнгөн хөрөнгөөр төлсөн гэж тайлбарласан.

 

БИД ББСБ ХХК, Б.Б нар 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 45 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4,1 хувийн хүүтэй зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их Монгол улс гудамж, 410 дугаар байр, 194 тоот, 79 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан №ЗГ010000104655 дугаартай зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогджээ. /хх-6-7х/

 

Нэхэмжлэгч Б.Б БИД ББСБ ХХК-аас зээлсэн 45 000 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хаан банк ХХК дахь Б.М-ийн эзэмшлийн 5212024243 тоот дансанд шилжүүлснээс үзэхэд, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх-10/

 

БИД ББСБ ХХК-аас зээлсэн 45 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт нийт 58 422 971 төгрөг төлөхөөс хариуцагч Б.М нь 15 063 500 төгрөг төлж, үлдэгдэл 43 359 471 төгрөгийн төлбөрөөс нэхэмжлэгч Б.Б үндсэн зээл 34 000 000 төгрөг, зээлийн хүүд 9 247 960 төгрөгийг төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээ болох 43 247 960 төгрөгийн хэмжээнд хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.М-ийн зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс бусдад зээлийн хүүд 9 247 960 төгрөгийг төлж хохирсон гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдсон байхад анхан шатны шүүх зээлийн хүү шаардах эрхгүй мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар дүгнэн 45 000 000 төгрөгийн зээлээс хариуцагчийн төлсөн 15 063 500 төгрөгийг хасаж, зээлийн төлбөрт 29 963 500 төгрөгийг гаргуулан шийдвэрлэснийг тухайн маргаанд хамаарахгүй хууль хэрэглэсэн гэж үзнэ.

 

Хариуцагч Б.М зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Б.Б нь БИД ББСБ ХХК-д зээлийн хүүд төлсөн 9 247 960 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцон шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэсэн баримтыг өөрөө гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй.

 

Хариуцагч Б.М нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар тайлбар болон баримт ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байхад шүүх мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй байна.

 

Гэвч анхан шатны шүүх хариуцагч Б.М-т 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02881 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.М-гээс 43 247 960 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай гэж,

 

2 дахь заалтын ...307 632 төгрөг гэснийг ...374 200 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 224 510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.БАЙГАЛМАА