Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 47

 

 

   2023          09           05                                      2023/ДШМ/47

 

*******, ******* нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор М.Берикбол, нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/164 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2336000380118 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдрах, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* од оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Цорс ургийн овогт Хархүүгийн Гантулга, регистрийн дугаар: *******

 

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт амьдрах, Ховд аймгийн Жаргалант сумын ******* од оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Байлзуур ургийн овогт Цэрэннадмидын Мөнх-Эрдэнэ, регистрийн дугаар: *******

 

3. Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн сумын Норжинхайрхан ******* нутаг Хоёрын хөтлийн Яст хар уул гэх газарт тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулж тухайн газраас 43,71 грамм алтны агууламж бүхий 4 килограмм 605 грамм шороог авч хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэгт холбогджээ.

 

4.Ховд аймгийн Прокурорын газраас *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

5. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

5.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн 2336000380118 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Цорс ургийн овогт Хархүүгийн Гантулга, Байлзуур ургийн овогт Цэрэннадмидын Мөнх-Эрдэнэ нарыг цагаатгаж,

5.2 Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

5.3 Энэхүү хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

5.4 Шүүгдэгч *******, ******* нар нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 (арав) жилийн дотор Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэж,

5.5 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн шар өнгийн алх-1 ширхэг, хасуур-1 ширхэг 11,54 метр мяндсан олс зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож, 4 кг 605 грамм чулуу, 550 грамм шороог улсын төсөвт шилжүүлэхээр Улаанбаатар хот дахь Монгол банкинд хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Мөнхзаяад даалгасугай.

5.6 Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагаатгах тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

6.1. Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт "...хэрэгт цуглуулж бэхжүүлсэн хэргийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчийн болон шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч *******, ******* нар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан нь тогтоогдоогүй, ...өмнө нь ухчихсан байсан нүхнээс алтны агууламжтай 4.6 кг шороо гаргасныг ашигт малтмалын эрэл хайгуул хийж олборлолт явуулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "тусгай зөвшөөрөлгүйгээр эрэл хайгуул, олборлолт хийх" гэх гэмт хэргийн үндсэн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй тул шүүхээс гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болох үндэслэл тогтоогдож байна" гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Учир нь, Монгол Улсын үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 1-т "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг Гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2-т "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц. ан амьтан төрийн өмч мөн", Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1- 1 "Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн", 5.2-т Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй" гэж тус тус хуульчилсан.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т "хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нийгэм эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах..." гэж заасан. Зөвшөөрөлгүйгээр "Ашигт малтмал хайх, ашиглах, олборлох"-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд гэмт хэрэг гэж хуульчлан өгч байгаа нь Төр хамгаалалтад авч байгаа хэлбэр юм. Цагаатгах тогтоол Ашиг малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан "ашигт малтмал эрэх", 4.1.6-т заасан "ашигт малтмал хайх" гэсэн ойлголтыг тайлбарлаж хэргийг цагаатгаж байгаа нь хэргийн нөхцөл байдлыг дутуу дүгнэж шийдвэрлэсэн үзэхээр байна.

*******, ******* нарын үйлдэл нь тухайн газраас 43,71 грамм алтны агууламж бүхий 4 килограмм 605 грамм шороог авч олборлолт хийж байгаа талаар дүгнээгүй байна.Энэ гэмт хэрэг хууль бусаар буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл Байгаль орчин, байгаль хамгаалах болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох журам зөрчсөнөөр энэ гэмт хэргийг үлдсэн гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгүүдийг буруу. материаллаг талаас нь тайлбарлаж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

6.2 Шүүгдэгч нарын мэдүүлгийг цагаатгах тогтоолын үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй" гэж заасныг зөрчсөн байна. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дугаартай прокурорын тогтоол, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мэдүүлэг. Гэрч *******ийн мэдүүлэг, Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ-ийн ХФ 2023/0085 дугаартай шинжилгээний дүн /явуулсан дээжид 43,71 мг алтны агууламж илэрсэн/, Шинжээч *******ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаа шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон байхад шүүгдэгч нарын мэдүүлэгт үндэслэн хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу ойлгож, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

6.3 Цагаатгах тогтоолын үндэслэлд хэргийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчийн болон шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч *******, ******* нар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгээс аль хэсгийг цагаатгах нотлох баримт гэж авч үзсэн, мөн шинжээчийн дүгнэлтийн аль хэсэг нь цагаатгах нотлох баримт гэдгийг тайлбарлан бичээгүй, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангаагүй байна. Иймд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/164 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2.Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна

4.  *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Ховд аймгийн сумын  Норжинхайрхан ******* нутаг Хоёрын хөтлийн Яст хар уул гэх газарт тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулж тухайн газраас 43,71 грамм алтны агууламж бүхий 4 килограмм 605 грамм шороог авч хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

5.Ховд аймгийн прокурорын газраас *******, ******* нарыг бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх,олборлох гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

6. Анхан шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

7. Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “... энэ хэрэг хууль бусаар буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулснаар хэлбэрийн бүрэлдэхүүнтэй төгсдөг гэмт хэрэг тул анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

8.Анхан шатны шүүх  шүүгдэгч ******* ******* нарын үйл ажиллагаанаас шалтгаалан уг бэлчээрийн газарт буюу байгаль орчинд  хэдий хэмжээний хохирол, хор уршиг учирсан мөн хүрээлэн байгаа орчны хэвийн үйл ажиллагаа алдагдсан,өөр зориулалтаар хууль бусаар  газрын хэвлийд халдсан байдал тогтоогдоогүй, өмнө ухчихсан байсан нүхнээс алтны агууламжтай 4.6 кг шороо гаргаж авсныг ашигт малтмалын эрэл хайгуул хийж олборлолт явуулж,  “тусгай зөвшөөрөлгүйгээр эрэл хайгуул,олборлолт хийх” гэх гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан,эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй тул гэмт хэргийн шинжгүй гэх  үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгож,  цагаатгаж шийдвэрлэсэн нь “хэргийн бодит байдалтай нийцээгүй байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөн шүүх цагаатгах тогтоолдоо прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч *******,  ******* нарыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх үйлдлийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаж бичихгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

9.Цагаатгагдсан этгээд  *******,  *******  нарыг  Ховд аймгийн сумын  Норжинхайрхан ******* нутаг “Хоёрын хөтлийн Яст хар  уул” хэмээх бэлчээрийн газарт   өмнө ухчихсан байсан нүхнээс 2023 оны 1 дүгээр сарын  9-ний өдөр алтны агууламжтай 4.6 кг чулуу,550 грамм шороо гаргаж авсан  гэх үйл баримтын талаар  шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгийг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг,гэрчийн мэдүүлэг, Геологийн судалгаа-шинжилгээний төвийн шинжилгээний дүн зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримт, бодит байдалд хууль зүйн  дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх  дүгнэв.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.  Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

10. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар *******,  *******  нарт холбогдох Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх  үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож,цагаатгасан атлаа хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 4 кг 605 грамм чулуу,550 грамм шороог улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

11.Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч нарын холбогдсон хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болоогүй тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож прокурорын эсэргүүцлийн хүлээн авч шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/164 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2. Хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэх үед шүүгдэгч *******, *******  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

           

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.НЯМБАЯР  

 

                                             ШҮҮГЧ                                         Д.КӨБЕШ

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА