| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/00286/И |
| Дугаар | 312/шш2025/00398 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 312/шш2025/00398
2025 03 10 312/ШШ2025/00398
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг Сэлэнгэ рестораны зүүн жигүүрт байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар: , утас: /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 17 787 073 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Г. нь ******* Банктай 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1130090502 дугаартай зээлийн гэрээ байгуулан 23 700 000 /хорин гурван сая долоон зуун мянган/ төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 8,164,334.50 төгрөг, зээлийн хүү 2,863,180.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,465.57 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь Банкинд 2023.08.23-ны өдрөөс хойш 1130090502 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчигдөж эхэлсэн. Учир нь Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч гэртээ суусан. Урт хугацаанд цалин орлогогүй гэрт суух байж, санаатайгаар *******наас зээлийн хэмжээгээ тултал авсан байна. Банкны зүгээс цалингийн зээлээ яаралтай төлөхийг удаа дараа шаардаж утас руу нь залгахад эхлээд нөхрийн цалингаас төлчихнө гэдэг байсан, дараа нь нөхөр ажилгүй болсон, ямар ч боломжгүй байна гэдэг болсон. Байгууллагаас нь сар бүр олгодог тэтгэмж нь зээлд суутгагдаж байгаа ч зээлийн хуваарьт төлбөрийг гүйцээх боломжгүй болсон. Гэрийн хаяг нь Хялганатад байдаг болохоор байнга очиж уулзаж чадахгүй юм, заримдаа утаснууд нь холбогдохгүй, тэгээд ээжтэй нь байнга холбогдож, дамжуулаад хэлээд өгөөч гэж гуйдаг болсон. 2025 оны 02 сарын 04-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 15,535,665.50 (Арван таван сая таван зуун гучин таван мянга зургаан зуун жаран таван төгрөг тавин мөнгө), зээлийн хүү 2,127,237.23 ( хоёр сая нэг зуун хорин долоон мянга хоёр зуун гучин долоон төгрөг хорин гурван мөнгө), нэмэгдүүлсэн хүү 124,170.87 (нэг зуун хорин дөрвөн мянга нэг зуун далан төгрөг наян долоон мөнгө) төгрөгийг хугацаа хэтрүүлээд 304 хоног болсон байна. Иймд зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, зээлийн нийт төлбөрийг 17,787,073.60 /Арван долоон сая долоон зуун наян долоон мянга далан гурван төгрөг жаран мөнгө / төгрөгийг бүрэн төлүүлнэ.
Нэхэмжлэлийн шаардлага:
1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1130090502 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр. 2025 оны 02 сарын 04-ний өдрийн байдлаар 17,787,073.60 /Арван долоон сая долоон зуун наян долоон мянга далан гурван төгрөг жаран мөнгө / төгрөгийг иргэн Г.ын цалингийн орлого, бусад орлого, барьцаалсан хөрөнгөөс гаргуулж өгнө үү.
Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт заасны дагуу Г.ын арилжааны *******ууд дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох захирамж гаргаж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэгчийн талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1.3 дахь хэсэгт заасны дагуу гаргасан тус заалтын хүсэлтээсээ татгалзаж байна... гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* *******наас нэхэмжилж байгаа 17 787 073 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* *******" ХК, хариуцагч Г.т холбогдуулан 17 787 073 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь ******* *******" ХК-ийн нэхэмжилсэн 17 787 073 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн дансны хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлүүлж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлтээсээ татгалзсныг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* *******" ХК-ийн нэхэмжилсэн 17 787 073 төгрөгийг хариуцагч Г. хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.оос 123 442.5 төгрөг, төрийн сангаас 123 442.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******" ХК-д олгосугай.
3. Нэхэмжлэгч нь хариуцагчийн дансны хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлүүлж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлтээсээ татгалзсныг дурсдугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА