| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2017/0156/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/149 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/149
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,
нарийн бичгийн дарга Ц.С,
орчуулагч А.Е,
улсын яллагч М.О,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.,
шүүгдэгч Х.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.С-д холбогдох 1713001280104 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч Х.С: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Н овгийн Х-гийн С, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэггэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн ... сумын ...дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:.......
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.С нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны үед Баян-Өлгий аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутаг Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газар “Б” нэртэй уулын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 12 ширхэг буюу 0.8637м3 эзэлхүүнтэй нойтон шинэс мод бэлтгэж ойн санд 317150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.С нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны үед Баян-Өлгий аймгийн ... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэр буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутаг Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газар “Б” нэртэй уулын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 12 ширхэг буюу 0.8637м3 эзэлхүүнтэй нойтон шинэс мод бэлтгэж ойн санд 317150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Шүүгдэгч Х.С-ын хууль бусаар мод бэлтгэсэн газар болох Баян-Өлгий аймгийн .... сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэр Б уулын ойд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Х.С хууль бусаар мод огтлохдоо ашигласан сүхийг эд мөрийн баримтаар хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
- Хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 26-28 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Х.С нь 2017 оны 10 дугаар сард тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Б уулын ойгоос 12 ширхэг ургаа шинэс модыг зохих зөвшөөлгүйгээр хууль бусаар огтлон бэлтгэж ойн санд 317150 төгрөгийн хохирол учруулсан байна. Иргэн Х.С-ын зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар огтолж бэлтгэсэн Б уулын ой Улсын Их Хурлын 43 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалттай газар нутаг Алтай таванбогдын байгалийн цогцолборт газарт ордог юм. Х.С нь ойн санд 317150 төгрөгийн бодит хохирол учруулсан юм. Уг учруулсан хохирлыг хууль журмын дагуу 3 нугалж 951450 төгрөгийг төлүүлж авсан байгаа. Одоо ямар нэгэн хохирол болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
- Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... миний эхнэр болох С.С нь Б ойг хариуцсан байгаль хамгаалагч хийдэг юм. ... би 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байх мотоцикльтой Б уулын ойг эргэж тойрч байх үед Б уулын ойгоос иргэн Х.С нь ганцаараа 12 ширхэг нойтон мод буулгаж байхыг хараад очсон. Х.С-оос та яагаад ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэж байгаа юм бэ гэхэд надад ямар нэгэн зөвшөөрөл байхгүй хашаа хороонд нуруу мод хэрэгтэй болохоор авсан юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
- Гэрч А.Р-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Нөхөр Х.С 2017 оны 10 дугаар сарын 20-ны үе байх Могойтын Б уулнаас хашаа хорооны нуруу мод хийхээр ой руу явсан. Ойн руу яваад орой гэрт ирэхдээ нуруу мод хийхээр 12 ширхэг мод ойгоос огтолж бэлтгэсэн гэсэн. Бэлтгэсэн модоо ойгоос ганцаараа чирж буулгаж байхад нь Б.Х гэх залуу харсан юм байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
- Гэрч Т.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тэр ойгоос бэлтгэж авсан 12 ширхэг шинэс мод нойтон мод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймаг дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2017 оны 11 сарын 20-ны өдрийн 11 дугаартай хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон дүгнэлт “Стандарт хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан стандартын дагуу тооцоход 0,8637м3 эзэлхүүнтэй байна. Тухайн моднууд шинэс буюу шилмүүст моднууд байна. Нойтон моднууд байна. Цэнгэл сумын Б уулын ой Улсын тусгай хамгаалалттай Алтай таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарна. Х.С нь Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 29 дүгээр зүйлийн 29.1.7, 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. Хууль бусаар бэлтгэсэн 12 ширхэг нойтон модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 8637м3х204000х1,8=317150 төгрөгийн бодит хохирлыг учруулсан байна” /хх-ийн 46-48 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Х.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би ганцаараа Цэнгэл сумын Б уулын ойгоос 7 метрийн урттай 12 ширхэг нойтон шинэс мод огтолж бэлтгэсэн юм. ...Би тэр ойгоос нуруу мод болохоор 12 ширхэг ургаж байсан шинэс модыг сүхээр тайрч авч бэлтгээд доошоо уулнаас өнхөрүүлж буулгаж хашааны хажууд аваачиж дуусаж байх үед Х ирсэн юм. ... модыг нэг нэгээр сугандаа хавчиж доошоо чирж оруулан хашааны хажууд авч ирсэн юм. ... Би хийсэн хүргээ хүлээн зөвшөөрч байна. дахин ойгоос мод огтолж бэлтгэхгүй, ойн санд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Х.С-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав.
Иймд шүүгдэгч Х.С-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.С нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүйг, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 12 ширхэг нойтон шинэс модыг хурааж улсын орлого болгож, модон иштэй сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
Шүүгдэгч Х.С-ын нас гүйцсэн сарлаг үхрийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Х.С-ын иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ж овгийн Х-гийн С-ыг “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Х.С-д хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Х.С нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Х.С нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 12 ширхэг нойтон шинэс модыг хурааж улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүгдэгч Х.С-ын нас гүйцсэн сарлаг үхрийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, өөрт нь буцаан олгосугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Х.С-ын иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгосугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д