Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/766

 

 

      2023           7            27                                          2023/ДШМ/766

 

С.Н -, Н.Э - нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

шүүгдэгч С.Н -, Н.Э -, тэдний өмгөөлөгч Д.Гомбо, Ю.Батболд, Н.Тэрбиш,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/318 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Э -, С.Н -, тэдний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Н.Э -, С.Н - нарт холбогдох 2202007120016 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайхан илтгэснээр хянан хэлэлцэв. 

  1. ...,
  2. ...,

Шүүгдэгч С.Н -, Н.Э - нар үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд хохирогч Б.А -аас 200.000.000 төгрөг, С.Б -аас 330.000.000 төгрөг, Б.А -аас 180.000.000 төгрөг, Б.Б -аас 275.000.000 төгрөг, М.Б -гаас 70.000.000 төгрөг, С.Ц -аас 152.000.000 төгрөгийг урьдаас бэлтгэсэн арга хэлбэр болох өндөр үнийн дүн бүхий Хаан банкны дансны үлдэгдэл харуулсан зургийг үзүүлэн хуурч, тухайн мөнгийг бэлнээр гаргаж авахад татварын мөнгийг цуглуулан өгөх, тухайн мөнгөний ард улс төрийн нөлөө бүхий этгээдүүд байгаа гэж итгүүлэн хуурч өөрсдийн Хаан банкны ... -, ... - тоот дансаар нийт 1.207.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: С.Н -, Н.Э - нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Н -, Н -ын Э - нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заасан “хуурч, зохиолмол байдлыг  зориудаар бий болгон бүлэглэн, бусдын эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч их хэмжээний хохиол учруулсан”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н -д 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Н.Э -д  7 жилийн хугацагаар хорих ял шийтгэж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Э - давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие ээж С.Н -гийн хамтаар хууль шүүхийн байгууллагад хүндэтгэлтэй хандаж ирсэн бөгөөд хариуцлагаас зайлсхийсэн зүйл огт байхгүй. ... Энэ хэрэгт С.Н - огт хамааралгүй бөгөөд ээжийн нэр дээр байдаг Хаан банкны ... - тоот дансыг сүүлийн 2 жил миний бие хэрэглэж байсан нь гүйлгээний хуулгаар нотлогддог. Хэргийн үнэн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож, шударгаар шалгуулах хүсэлттэй байгаагаа үүгээр илэрхийлж байна. Миний бие 2022 оны 07 дугаар сарын сүүлчээр өөрийн аавын эгчийн хүүхэд болох Б.А -тай холбогдож хүүтэй мөнгө зээлсэн. 2022 оны 08 дугаар сарын эхээр Дарханд байдаг манай гэрт ирж уулзан надтай цуг мөнгө хөөцөлдөж, хүмүүсээс бид хоёр мөнгө төгрөг авч цуглуулж эхэлсэн. 2022 оны 08 дугаар сарын 01-нээс 2022 оны 11 дүгээр сарын 02-ныг хүртэл миний бие Б.А -ын хамтаар өөрийн хамаарал бүхий Б.Б -, Б.А -, Б.А -ын найз С.Ц -, С.Б -, М.Б - нараас бэлнээр болон дансаар Б.А -ын ... - тоот, С.Н -гийн ... - тоот, Н.Э -ы ... -,  ... - тоот Хаан банкуудын дансаар хуваан таслан авсан болно. 2022 оны 09 дүгээр сарын сүүл 2022 оны 10 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод ирж мөнгө хөөцөлдөх явцдаа С.Б, М.Б -, Б.Б - нартай уулзан танилцаж, Б.А -аар дамжуулаж харилцаа холбоо тогтоосон. ... хэрэгт огт хамааралгүй ээжийг минь хамтран оролцогчоор буруутгаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг хязгаарлаж, дарамтлан айлган сүрдүүлж, бүх гэм бурууг бидэнд тохож, хууль бус дүгнэлт хийсэн. ... миний гэм бурууг ээжид минь халдааж, үндэслэлгүйгээр буруутгаж, олон жилээр хорих ял оногдуулсанд харамсахын зэрэгцээ гэм буруутай гэснийг хэрэгсэхгүй болгож өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Нийслэлийн прокурорын газраас 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр дуудаж, яллах дүгнэлттэй танилцуулсан бөгөөд өмгөөлөгчтэй танилцах гэсэн хүсэлтийг хүлээн аваагүй учир хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй уншиж үзээд гарын үсэг зурсан. ... Хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.А - нь хэрэгт хамааралтай болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон холбогдох үйл баримтаар тогтоогдсон бөгөөд тэрээр хохирогч эсэх нь эргэлзээтй байхад дүгнэлт хийж үзэлгүй орхигдуулсан. Миний бие Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан эрхийн хүрээнд өөрийн төрсөн эх С.Н -гийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэснийг шүүхээс хэргийн талаар мэдүүлэг өгөөгүй гэж тайлбарлаж анхан шатны шүүхээс хэргийг хүндрүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлгийг хэт нэг талыг барьж явуулсан, яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болно. Иймд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь судлан үзэж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/318 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Н - гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... намайг миний төрсөн охин Н.Э -ы хамтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт зааснаар зүйлчлэн охинд минь 7 жил хаалттай дэглэмд биеэр эдлэх ял, надад 6 жил энгийн дэглэмд биеэр эдлэх ял оногдуулахаар шийдвэрлэснийг шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Би энэ хэрэгт огт хамааралгүй ба юу ч мэдээгүй. Охин маань л бүх зүйлийг мэдэж байгаа. Миний Хаан банкны харилцах дансыг 2021 оноос хойш охин минь хэрэглэж байсан. 2022 оны 07 дугаар сарын сүүлээр Б.А - нь манай гэрт ирж охинтой минь уулзсан. Тэд юуны талаар ярьж байгааг би ойлгоогүй ба сонирхоогүй. Охиноо би ийм гэмт хэргийн зохион байгуулсан гэхэд итгэхгүй байна. Охин бид хоёрт бүх хариуцлагыг үүрүүлээд цаана нь хариуцлагаас зайлсхийж үлдсэн Б.А -ыг хэрэгт холбогдлуулан шалгуулах хүсэлттэй байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Би насанд хүрсэн охиныхоо хувийн амьдралд оролцохгүй байхыг хичээдэг. Зөвхөн төрсөн эхийнх нь хувиар аливаа асуудалд ханддаг байсан. Иймд энэ хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр ялган харж шударгаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.Э -ы өмгөөлөгч Ю.Батболдын давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 10 дугаар талд “ ... Шүүгдэгч С.Н -, Н.Э - нар нь “гадаадад олон жил койны арилжаа хийсэн эгчтэй нийлж мөнгө өсгөсөн, арилжааг тэр эгч хийдэг байсан, арилжаанд орохын тулд өндөр хүүтэй мөнгө авсан түүнийхээ дарамтад ороод хохирогч нараас дээрхи мөнгийг нь авчихлаа” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй боловч өөрсдийгөө буруугүй гэж үзэж байгаа бол түүний учир шалтгаан, эх сурвалж зэргээ зааж, түүнийг мөрдөх байгууллагаар шалгуулах бүрэн боломжтой. Гэтэл шүүгдэгч нар нь өөрсдийн ярьсан зүйлийг тодруулж мэдүүлдэггүй, шалгуулахаас зайлсхийдэг. Энэ талаар дахин мэдүүлэг өгөөгүй байна. Шүүгдэгч Н.Э - нь Монгол Улсын Үндсэн хуулиар  баталгаажсан эрхийн хүрээнд өөрийн төрсөн эх С.Н -гийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэснийг хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй байна гэж тайлбарлаж байгаа нь анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж байна. Мөн анх гэрчийн мэдүүлэг авахдаа 2023 оны 11 сарын 09-нд Н.Э -аас шөнийн 23 цаг 10 минутанд, С.Н -гаас 00 цаг 20 минутанд /хх 104-109/ хууль зөрчиж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Үүнд шүүхээс үнэлэлт дүгнэлт огт хийгээгүй, мэдүүлэг өгөөгүй мэтээр тайлбарласан байна. ... Хохирогч Б.А - нь тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй хаан банкны хуулга харуулсан талаар мэдүүлдэг. Гэтэл хавтас хэрэгт нотлох баримтаар 6 гаруй тэрбум төгрөгийн данстай, скрийшоттой баримт байхгүй. Мөн ... - дугаартай гар утаснаас мэссэж ирсэн талаар мэдүүлдэг боловч тухайн гар утсыг ашиглагч хэн болох мэссэж ирсэн талаар огт хэрэгт авагдаагүй байдаг. Мөн хэргийн хохирогч С.Б -,  М.Б -, н.Б -, С.Н, У.Ч, н.Ц - нар нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө анх Б.А -ыг сайн таньдаг, Б.А -т итгэж мөнгийг өсгөж өгнө гэсний улмаас бусдаар дамжуулан мөнгө авч Б.А -ын дансаар мөнгийг шилжүүлсэн ... гэж мэдүүлсэн байдаг үүнийг анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Б.А - нь хохирогч мөн эсэх, эсвэл хэргийн оролцогч дэмжигч, ятгагч аль нь болох талаар дүгнэлт хийгээгүй эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих байдал нотлогдоогүй. Шүүгдэгч С.Н -, Н.Э - нар нь хохирогч нартай уулзаж Хаан банкны дансны үлдэгдэл бүхий зургийг үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бүлэглэн бусдыг хуурч, удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр нийт бусдад 1.207.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэж прокуророос яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалтын талаар ямар нэг маргаан гаргаагүй болно. Өөрөөр хэлбэл энэ байдлаар хохирогч нарыг хуурч, мөнгийг авсан талаар маргаагүй. Гагцхүү өөрсдийн өмнө мэдүүлж байсан мөнгө авах болсон шалтгаан, авсан мөнгөө хэрхэн зарцуулсан талаар мэдүүлэг өгөхөөс татгалзсан байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 318 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Н -, Н.Э - нарын өмгөөлөгч Д.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын авсан гэх мөнгө бүгд мөрийтэй тоглоомны сайтын данс руу орсон байдаг. Мөнгө орсон данс туйлын тодорхой байдаг. Дансны дугаар, нэр нь байдаг. Гэтэл уг дансыг шалгаагүй. Мөрийтэй тоглоом зохион байгуулах, мөн мөнгө угаах гэмт хэргүүд байгаа эсэхийг шалгах шаардлагатай байсан. 138 тэрбум төгрөгийн эргэлттэй дансны хуулга гаргаж өгсөн байдаг. Шалгасан бол хохирогч нарын хохирол барагдах боломжтой харагддаг. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн боловч хүлээж аваагүй. Ганаа Ганаа буюу Урантуул гэх хүний талаар ярьдаг. Энэ хүний талаар хохирогч нар мэдүүлсэн байдаг. Урантуул гэх хүнийг шалгаагүй дээр маш их гомдолтой байдаг. Шүүгдэгч нар энэ талаар ярихгүй, та ч энэ талаар хөндөж яриад хэрэггүй, хохирол мөнгийг эд нар гаргаад өгнө гэсэн болохоор би яриагүй. Гэхдээ үүнийг хохирогч нар аль хэзээ мэдүүлсэн байдаг. Албан ёсоор энэ талаар анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд гаргаж тавьсан. Энэ талаар зайлшгүй шалгах шаардлагатай байсан. Юу ч гарч ирэх байсан юм билээ. Мөрийтэй тоглоомтой холбоотой асуудлыг тусад нь шалгаж байгаа гэх асуудлыг прокурор хэлдэг боловч ямар ч баримт гаргаж ирээгүй. Иймд хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.Н -, Н.Э - нарын өмгөөлөгч Н.Тэрбиш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Ю.Батболд болон Д.Гомбо нарын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хүсэлтүүдийг дэмжиж оролцож байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийн талаар С.Н - болон Н.Э - нар ярьж байна. Н.Э - нь эхийнхээ хаан бакны карт, интернэт банкыг ашигласан байдаг. С.Н -гийн хувьд оролцоо байгаагүй. Хүн залилах чадвар мэдлэг байхгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. А -ын оролцоо байсан болох нь харагддаг. Анхны хүмүүсийг цуглуулсан, мөнгийг нь авсан, дэмжлэг үзүүлсэн байдаг. А -ын оролцоо байхгүй байсан бол шүүгдэгч нар хохирогч нарыг залилах боломжгүй байсан. Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянах учраас үүнд анхаарлаа хандуулана уу. Хохирогч нарын мөнгө хаашаа шилжсэн бэ. Мөрдөгчийн магадлагаар С.Н -гийн дансаар Арслан гэх хүн нэг хоногт 3000 гаруй гүйлгээ хийсэн байдаг. С.Н - өөрөө тэгж чадах уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ. Эдгээр байдлуудыг үнэхээр шалгаагүй. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд эдгээр асуудлуудыг хэлэлцүүлсэн боловч шүүх хүлээж аваагүй. Шүүгдэгч нарын дансанд ямар ч мөнгө байдаггүй. С.Н -гийн дансаар 2 тэрбум төгрөг ороод, зарлага болоод гарсан байдаг. Н.Э -ы дансаар мөн адилхан мөнгө ороод гарсан байдаг. Энэ нь мөрдөгчийн магадлагаагаар батлагдсан. Цаана нь байгаа А, Б, Ч гэх хүмүүсийг огт шалгаагүй. Энэ хоёр хүн дээр хэргийг тохоод өнгөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Уг хэргийг үйлдсэн хүмүүс цаана нь зүгээр үлдсэн. Мөнгө яаж үрэгдсэн болохыг шалгаагүй. Анхан шатны шүүхээс хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн. Шүүгдэгч нар анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, ямар гэмт хэрэгт холбогдож байгаагаа ухаараагүй, нөхцөл бадйлыг буруугаар төсөөлж, андуурсан. Мөн хохирогч нар өөрсдийн болгоомжгүй, хариуцлагагүй байдлаас болж хохирсон байдаг. Үүнийг үгүйсгэх баримт хавтаст хэрэгт байхгүй. Шүүгдэгч нарт ял оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл шалгаанууд байдаг. Хүндрүүлэн үзэх нөхцөл шалгаан байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “... ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч Н.Э -д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнийг хөнгөрүүлж, нээлттэй хорих байгууллагад гэж өөрчилж өгнө үү” гэв.

Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарыг 2023 оны 1 дүгээр  сарын 2-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг. Үүнээс хойш 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Энэ хугацаанд шинээр нотлох баримт гаргаж өгөх эрх нь нээлттэй байсан. Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасны дагуу ямар нэгэн нөлөөгүйгээр явагдаж хэргийг прокурорт шилжүүлсэн. Шүүгдэгч нар олдохгүй байсан нөхцөл байдал байсан. Үүний үндсэн дээр бодит байдлыг тогтоох зорилгоор хойшлуулашгүй ажиллагааны журмаар шүүгдэгч нараас гэрчийн мэдүүлэг авсан тохиолдол байгаа.  Мөн шүүгдэгч нар яллагдагчаар, гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн бодитой зүйлийг ярьдаггүй. Тойруу байдлаар мэдүүлэг өгдөг. Нагац ах буюу А - нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс анх мөнгө зээлүүлж эхэлсэн байдаг. 2022 оны 11 сар хүртэл хохирогч нараас мөнгө авсан байдаг. Аваад байгаа нөхцөл байдал нь өөрөө залилах гэмт хэргийн үндсэн шинж юм. Хохирогч нарын итгэлийг олж мөнгийг нь авсан. Хохирогч нар бүгд хоорондоо хамааралтай хүмүүс байдаг. Хохирогч нар өөрсдөө хариуцлагагүй байдлаас болж хохирсон гэж байна. Хохирогч нар дүү болон эгч нартаа итгээд л мөнгийг өгсөн. Эцсийн мөчид хохирогч нар өөрсдөө буруутай болж байна уу. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Дахин, дахин хохирогч нараас эхийнхээ дансаар болон өөрийнхөө дансаар мөнгийг аваад байдаг. Хохирогч нарын мөнгө цаашаа өөр хүний данс руу шилжсэн шалгах ёстой байсан гэж байна. Энэ гэмт хэрэг өөрөө залилах гэмт хэрэг байгаа. Хохирогч нар нь тодорхой. Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг ялгаж шалгасан. Мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгтэй холбоотой асуудал шалгагдсан бол энэ ондоо шийдвэрлэгдэхгүй. Шүүгдэгч нар мөрийтэй тоглоом тоглож ашиг олох зорилготой байсан. Ганаа Ганаа гэх хүн болон бусад хүмүүсийг шалгасангүй гэж байна. Энэ хэрэгт тэдгээр хүмүүсийг хамааруулж шалгах ямар ч шаардлага байхгүй. Хэн мөнгийг хүлээн авсан, хэний данснаас мөнгө яаж гарсан болох нь тодорхой байдаг бөгөөд хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч С.Н -, Н.Э - нар үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд хохирогч Б.А -аас 200.000.000 төгрөг, С.Б -аас 330.000.000 төгрөг, Б.А -аас 180.000.000 төгрөг, Б.Б -аас 275.000.000 төгрөг, М.Б -гаас 70.000.000 төгрөг, С.Ц -аас 152.000.000 төгрөгийг урьдаас бэлтгэсэн арга хэлбэр болох өндөр үнийн дүн бүхий Хаан банкны дансны үлдэгдэл харуулсан зургийг үзүүлэн хуурч, тухайн мөнгийг бэлнээр гаргаж авахад татварын мөнгийг цуглуулан өгөх, тухайн мөнгөний ард улс төрийн нөлөө бүхий этгээдүүд байгаа гэж итгүүлэн хуурч өөрсдийн Хаан банкны ... -, ... - тоот дансаар нийт 1.207.000.000 төгрөгийг залилан авсан гэмт үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Б.А -, С.Б -, Б.А -, Б.Б -, М.Б -, С.Ц - нар нь шүүгдэгч С.Н -, Н.Э - нарт мөнгөн хөрөнгө өгөх болсон шалтгаан, болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдний мэдүүлэг нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар давхар нотлогджээ. Тухайлбал:

Хохирогч Б.А -ын “... Миний санаж байгаагаар 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр миний үеэл дүү Э - над руу утсаар яриад “цахим мөнгө /койн/ мөнгийг өөрийнхөө дансанд оруулаад авчихсан, тэгээд тухайн мөнгийг данснаас гаргахын тулд татвар төлөх шаардлагатай байна тийм учраас та надад 10 сая төгрөг өгөөч” гэхээр нь миний хувьд тухайн үедээ 10 сая төгрөгийг Хаан банкны ... - тоот данс руу шилжүүлсэн юм. Тэгээд түүнээс хойш над руу дахин утсаар яриад “миний дансанд нийт 6 тэрбум төгрөг байгаа, мөнгөн дүнгийн 4 хувийг татварт төлж байж мөнгөө авах ёстой байна, одоогоор миний данснаас зарлага хийхийг татварын ерөнхий газраас хязгаарлалт хийсэн байна” гэж хэлээд над руу фейсбүүк мессенжерээр Хаан банкны интернэт банкны 6 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй мөнгийг скрийншот хийж зургийг явуулсан юм. Тэгэхээр нь би итгээд үргэлжлүүлээд мөнгө шилжүүлээд 80 орчим сая төгрөг болчихсон. 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт Н.Э -гийн гэрт очоод уулзахад “татварт төлөх мөнгө хүрэхгүй байгаад байна, мөнгө олох хэрэгтэй” гэсэн. Миний хувьд өөрөө мөнгө хайж эхлээд мөн өөрсдийн хамаатан садангуудад энэ талаар дуулгасан ба удалгүй төлөх ёстой татвар маань 10, 20, 40, 50 хувь болж өссөн. Н.Э -, С.Н - нар нь Хаан банкны төв оффис руу ороод намайг бол машинд хүлээлгээд шөнийн 3, 4 цаг болдог байсан, Хаан банкны орлогч захирал Мөнхтуяа гэх ... - гар утасны дугаараас Н.Э -д мессеж ирээд л байдаг байсан, “Хаан банкнаас бэлэн мөнгө гаргаж авахад нийт мөнгөн дүнгийн 15 хувийн шимтгэл төлдөг учраас 900 сая төгрөг хэрэг болоод ихэнх мөнгийг Анхбаяр, Нямдорж, Ганчимэг нар төлөөд 100-200 сая төгрөгийн мөнгө үлдээгээд та нар ол” гэж хэлээд олуулж байгаад авсан боловч мөнгө нь гаралгүй жижиг сажиг шалтгаан тоочоод л байдаг байсан. Энэ хугацаанд миний хувьд бол өөрийн итгэлтэй, дотно хамаатан садан, найз нөхдөд хэлээд бүгдтэй нь Н.Э -, С.Н - нар уулздаг байсан. 2022 оны 9 дүгээр сарын сүүлчээр Э -гийн ах О БНСУ-аас ирсэн гэж хэлээд цуг байрлаж эхэлсэн ба сүүлдээ ерөнхий сайд О -, Х - нарын гар утасны дугаараас Н.Э -д мессеж ирж эхэлсэн. Нямдорж ... -, О – 99... , Х – 99..., Хаан банкны орлогч захирал М ... -, А 99 ... /80... /, Г /У/ 80... гэх гар утасны дугааруудаас мессеж ирсэн. Миний хувьд өөрөөсөө 125 сая төгрөгийг гаргаад дээр нь нэмээд найз О -аас 35 сая төгрөг, О -аас 10.0 сая төгрөг, У-аас 10.0 сая төгрөг, Н-оос 10.0 сая төгрөг, эгч С-ээс 10.0 сая төгрөг нийт 75.0 сая төгрөгийг зээлээд нэмж өгсөн. Өөрөөр хэлбэл би нийт 200 сая төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Миний хувьд бол Хаан банкны ... -, ... - тоот данс руу мөнгийг хувааж шилжүүлсэн ...” /2хх 2-5/,

хохирогч С.Б -ийн “... Анх 2022 оны 8 дугаар сарын дундуур найз Б.А - над руу залгаад “чамд мөнгө байвал надад түр зээлээч” гэж хэлээд 20.0 сая төгрөгийг надаас зээлж авсан. Түүний дараа мөн адил зээлээч гэж хэлээд 15.0 сая төгрөгийг зээлж авсан. 2022 оны 9 дүгээр сарын дундуур ... надтай уулзаж “миний үеэл дүү Э -гийн дансанд 6 тэрбум төгрөг ороод ирчихсэн байгаа түүний татвар, шимтгэлийг төлөөд гаргаж авахад 110 сая төгрөг хэрэг болоод 60 сая төгрөг дутаад байна, чамд зээлэх боломж байна уу, эсвэл чи цуг орж яваад ашиг хүрт” гэх зүйл надад ярьсан. Тэгэхээр нь би “надад баталгаа харуулчих” гэж хэлэхэд А - утсаар яриад над руу дансны хуулга явуул гэж хэлсэн,  удалгүй утсанд 9.9 тэрбум орчим төгрөгийн үлдэгдэлтэй дансны хуулга ирсэн, түүнийг харчихаад би хэсэг хугацаанд бодож үзээд яг хэдэн төгрөг дутаж байгаа талаар асуухад 110 сая төгрөг гэхээр нь би 60 сая төгрөг байгаа талаар А -т хэлсэн. Энэ хооронд А - Э -, Ганчимэг нарт надад байгаа мөнгөн дүнг хэлсэн. Удалгүй 50 сая төгрөгийг олчихлоо гэх дансны хуулга скрийншот хийж надад ирүүлсэн. Би тэгээд А -аас “энэ бүтэх бол яах юм бэ, үнэхээр ард нь нэр, нөлөө бүхий хүмүүс байгаа гэдгийг та яаж мэдэж байгаа юм бэ” гэж асуухад А - “Э -гийн найз гэх тагнуулын ерөнхий газарт ажилладаг С гэх нэртэй залуугаас мөнгө зээлсэн ба энийг тодруулан шалгаад бодит байна гэж хэлсэн” гэж надад хэлэхээр нь итгээд мөнгөө А -ын хэлсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд байж байтал бид нарын цуглуулж өгөх мөнгөн дүн өдөр болгон өсөөд хэлсэн, миний хувьд бас өөр хүмүүсээс мөнгө зээлээд нийтдээ 330 сая төгрөгийг увуулж цувуулаад өгсөн. ... Би хадам ах Д-ээс 33 сая төгрөг, Д-аас 40 сая төгрөг, Б-ээс 35 сая төгрөг, найз Т-оос 30 сая төгрөг, С-аас 38 сая төгрөг, ах Б -аас 15 сая төгрөг зэргийг зээлж, би өөрөөсөө 139 сая төгрөгийг гаргасан, нийт 330 сая төгрөг болж байгаа ... ” /2хх 10-11/,

хохирогч Б.А -ы “... 2022 оны 8 дугаар сарын сүүлээр А - нь над руу залгаад “Н -, Э - хоёр койны мөнгө гээд 3 тэрбум төгрөг авах гэсэн чинь татвар төлөх хэрэгтэй байна. Би энэ хоёрт татварын мөнгө гэж өгсөн. Дахиад мөнгө хэрэгтэй байна. Танд мөнгө байна уу, байвал өгөөч” гэхээр нь надад 50 сая төгрөг байгаа гэж хэлээд яриа дууссан. Маргааш нь байх Н - нь над руу залгаад “та мөнгө зээлээч зээдсэн мөнгийг чинь нугалж өгнө” гэхээр нь эхнэр Эрдэнэсүрэнгийн хамт 2022 оны 8 дугаар сарын сүүлээр Офицерын зүүн талд байх Хаан банк нь дээр очиж Э-ийн дансанд байх байрны урьдчилгааны мөнгө болох 50 сая төгрөгийг Н -гийн ... - дугаарын дансанд шилжүүлсэн. Үүний дараагаар Н - “дахин мөнгө хэрэгтэй байна, татвараа төлөх гэсэн мөнгө нь хүрэхгүй байна, татвараа төлсөн чинь Дарханы банкныхан татварын буцаалт гэж оруулж буцаачихаад дахиж мөнгө хэрэгтэй болчихлоо” гэж 8 тэрбум төгрөгийн дансаа үзүүлж, надаас 2022 оны 9 дүгээр сарын сүүл хүртэл нийт 140 сая төгрөг, Чинзориг гэх найзаас 40 сая төгрөг нийт 180 сая төгрөгийг Н - руу шилжүүлсэн. ... Н - нь манай ээж Ж-ийн дүү Н-ын эхнэр нь байгаа юм. Харин Э - нь Н-ын төрсөн охин байгаа юм. ... Н - нь манай ах Нямдорж /хууль зүйн сайд байсан/ надад тусалж байгаа гээд ... - дугаараас мессеж бичсэн. Над руу дансны мэдээллээ скрийн шот хийгээд харуулж байсан. Тухайн үед 6 тэрбум төгрөг дансанд нь харагдсан. Харин охин Э -ы дансанд 30 тэрбум төгрөг байгааг Н - нь харуулж байсан ...” /2хх 18-20/,

хохирогч Б.Б -ын “... Анх 2022 оны 7 дугаар сарын сүүлчээр миний эхнэрийн дүү Н, түүний эхнэр Н - нар над руу яриад “манай охин Э -гийн дансанд цахим койны мөнгө их хэмжээгээр ороод ирсэн байгаа, мөнгийг авахын тулд татвар төлөх шаардлагатай байгаа юм байна, танд мөнгө байвал зээлээч” гэх утгатай зүйлс яриад байсан. Тэгээд 2022 оны 8 дугаар сард манай эхнэрийн эгчийнх нь хүүхэд болох А - над руу яриад “... Э -гийн дансанд нь 6 тэрбум төгрөг байгаа нь үнэн юм байна” гэж ярьсан. ... Э -, Н -, А - нар Улаанбаатар хотод байхад 40 сая төгрөг эхэлж өгөөд түүнээс хойш “төлөх татвар нэмэгдээд” байна гэсээр миний хувьд өөр хүмүүсээс мөнгө нэмж зээл авч өгсөөр байгаад 275 сая төгрөг болчихсон юм. ... Бэр О 60 сая, дүү Б 70 сая, үеэл дүү Ц 50 сая, найз Б-аас 40 сая төгрөг авч өгөөд үлдэгдэл 50 сая төгрөгийг бол эхнэр бид хоёр цуглуулж байсан мөнгө байсан ... нийт 275 сая төгрөг болж байгаа ...” /2хх 25-26/,

хохирогч М.Б -н “... Анх энэ оны 8 дугаар сарын сүүлчээр найз Б.А - над руу холбогдоод “Дархан-Уул аймагт байна, ажлынхаа гүйцэтгэлийн мөнгийг авах гэсэн юм түр 15 сая төгрөг өгөөч” гэж хэлэхээр нь би хүмүүсээс хайж байгаад Б.А -ын Хаан банкны дансанд шилжүүлсэн, 3 хоногийн дараа надаас авсан мөнгөө буцааж өгсөн юм. Тэгээд түүнээс хойш 2 хоногийн дараа над руу дахин залгаад “10.0 сая төгрөг түр өгөөч” гэж хэлэхээр нь би хүнээс мөнгө хайж байгаад хүүтэй мөнгө зээлдэг хүнээс 10.0 сая төгрөгийг 1 хоногийн хугацаатай зээлсэн, үүнийгээ буцааж өгч чадахгүй байсан. Тэгэхээр нь би А -тай ярилцаж байгаад дахиад өөр хүнээс 12 сая төгрөг аваад тэр хүндээ шилжүүлж өрөө дарчихаад байж байтал түүнээс хойш 10 хоногийн дараа А - над руу залгаад “хүрээд ир мөнгөө бэлнээр авна” гэж хэлээд төв Хаан банкны гадна талд 2, 3 хоног машинтай хүлээж байгаад Б.А - Хаан банк руу ороод буцаж гарч ирэхдээ “чи машинаа зараад мөнгө болгоод өг, дахиад хэдэн төгрөг болгочих юм бол данснаас мөнгө гарна” гэж хэлэхээр нь би машинаа зараад 25 сая төгрөг болгоод А -ын данс руу хийлгэсэн. ... Б.А -тай холбогдоод “мөнгөө авмаар байна” гэтэл намайг Вlue sky зочид буудал дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд яваад очиход хэсэг бүлэг хүмүүс нийлээд зочид буудлын 1 өрөөнд Н -, Э -, О гэх хүмүүсээс гадна хамаатны гэх хэд хэдэн хүмүүс ирээд мөнгө нэхээд байсан, би тухайн газарт очиход дээрх 3 хүн “дансанд нь их хэмжээний мөнгө байгаа тийм учраас түүнийгээ гаргуулж авахад мөнгө хэрэгтэй болоод байна” гэх утгатай зүйлс яриад байсан. Би найз Д-оос 12 сая төгрөг, Л-оос 20 сая төгрөг, дүү Дүүрэнбилэгээс 150 сая төгрөг, өөрийн машинаа зараад 25 сая төгрөг зэргийг оруулсан ... Миний бодит оруулсан мөнгөн дүн нь нийт 70 сая төгрөг ...” /2хх 31-32/,

хохирогч С.Ц -ын “... Анх энэ оны 8 дугаар сарын 12-ны өдөр найз А - ирж уулзаад бид 2 цуг азарга үзэх замд А - “миний хамаатны дүү Э -, Н - нар нь койнд хөрөнгө оруулаад мөнгөтэй болчихсон байгаа эдгээр хүмүүс нь миний төрсөн эхийн талын хамаатнууд байгаа юм, тухайн дансанд нь байгаа мөнгийг гаргаж авахад татвар, шимтгэл зэрэг төлөх шаардлагатай байгаа тул надад мөнгө зээлээч” гэж хэлээд гар утаснаасаа надад Хаан банкны дансны үлдэгдэлтэй скрийншот баримт үзүүлэхээр нь би түүнд нь итгээд Хаан банкны ... - тоот данс руу 35 сая төгрөгийг шилжүүлсэн. Түүний дараа 8 дугаар сарын 14-ний өдөр А - над руу залгаад “дахиад мөнгө хэрэг болоод байна” гэж хэлэхээр нь дээрх данс руу мөн адил 23 сая төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн. Маргааш нь буюу 8 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг руу очоод мөнгө өгөөд байгаа хүмүүстэй очиж уулзахад банкны скрийншотыг харуулсан. ... Тэгээд “ямар ч хамаагүй аргаар 120 сая төгрөг олоод өгөөч, маргааш 150 сая төгрөг болгож өгнө” гэхээр нь би өөрийн танил дүү М-тай утсаар холбогдоод гэрээ байгуулалгүй шууд амаар 4 хувийн хүү тохиролцоод “1 хоногийн дараа хүүтэй өгнө” гэж хэлээд авчихсан юм. Тэгтэл тэдгээр хүмүүс мөнгө өгөлгүй нэмж мөнгө нэхээд эхэлсэн. Миний бие нь Дархан-Уул аймагт мөнгө гарахыг хүлээж 2 хоноод бүүр бүтэхгүй болохоор нь хаяж явж байхад ардаас Н - утасдаад “одоо 10 сая төгрөг өгөх юм бол яг болох гэж байна, мөнгөө машиндаа ачаад одоо яг банкнаас гарахад бэлэн байна” гэж хэлээд 8 дугаар сарын 17-ны өдөр 6 сая төгрөгийг нэмж авсан. Э -, Н -, А - нар нь өдөр болгон л надаас “мөнгө олоод өгөөч” гэх байдлаар ханддаг болсон. ... Би эхнэрийнхээ данснаас 28 сая төгрөг, ББСБ-ын 155 сая төгрөг, өөрөөсөө 9 сая төгрөг өгсөн. Үүнээсээ 40 сая төгрөгийг Э -, Н - нараар ББСБ-ын данс руу хийлгүүлсэн юм ...” /2хх 37-38/,

гэрч М.Б-ийн “... 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр А - над руу залгаад “мөнгө хэрэгтэй байна, 1 дэх өдөр мөнгө гарчихна, койн орж ирсэн, татварыг нь төлөх гээд байгаа юм” гэхээр нь байр авах мөнгөнөөсөө 20 сая төгрөгийг А - руу шилжүүлсэн. Хэд хоноод А - дахин яриад” мөнгө хэрэгтэй байна, яг мөнгөө гаргалаа” гэж ятгасаар байгаад манай нөхөр Б - нь өөрийн найз Б-аас 40 сая төгрөгийг Н - руу шилжүүлсэн. Энэ байдлаар дараа нь 130 сая төгрөгийг нөхрийн төрсөн дүү Б, О нараас, 50 сая төгрөгийг Б -ын ахынх нь хүүхэд Ц-ээс, үлдсэн мөнгийг өөрсдөөсөө гаргаж нийт 275 сая төгрөгийг А -, Н -, Э - нарын данс руу шилжүүлсэн ...” /2хх 97-98/,

гэрч Ж.Б-ын “... Э - гэх 20 орчим насны эмэгтэй, О гэх 25 орчим насны залуу нар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаа тараад явж байтал над руу 94112737 дугаар шиг санаж байна “хүрээд ирээч, чухал яриа байна” гэхээр нь би буцаад очиход “20 сая төгрөг хэрэг болоод байна, та надад байгаа iwatch 8 series 1 ширхэг, iphone 14 рго 1 ширхэг, iphone 11 рго 1 ширхэг, bacbook 2022 оны m2 загварын нөүтбүүк 1 ширхэг, монетан ээмэг 1 хос, бөгж 1 ширхэг зэргийг барьцаанд тавьмаар байна” гэж хэлэхээр нь “надад 20 сая төгрөг байхгүй” гэж хэлтэл надаас гуйгаад байсан, өөрт байгаа 10 сая төгрөгийн үлдэгдэлтэй дансны хуулгаа тэр хоёрт харуулахад дээрх эд зүйлсийг 10 сая төгрөгт барьцаанд тавиад надаас мөнгө аваад явсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа Очирсүрэн гэх залуу над руу утсаар холбогдоод “миний гар утаснууд, нөүтбүүк зэргийг бүгдийг нь форматлаад өгөөрэй, манай ах маргааш очиж авна, манай дүү Герман Улс руу явчихсан байгаа ардаас нь явуулах зорилготойгоор формат хийлгэж байна” гэж хэлээд утсаа таслалгүйгээр бүгдийг нь болсон уу гэж асуугаад формат хийлгэсэн ба хүн ирж аваагүй юм ...” /2хх-117-118/,

шүүгдэгч С.Н - мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Миний охин Н.Э - Улаанбаатар хотод Их засаг их сургуульд сурж байгаад энэ оны 9 дүгээр сард сургалтын чөлөө авсан. Ковидын үеэр манай охин надад “би койны арилжаа хийдэг, хувьцаа шиг үнэ нь өсөхөөр дагаад өсдөг таныг оруулсан шүү” гэж надад хэлсэн. 2022 оны 7 дугаар сараас хойш манай охин энэ ажлыг хийж байгаа ба надад 3 сар болоод ашиг авдаг гэж хэлсэн. Миний Хаан банкны ... - дугаартай дансыг охин Н.Э - бид хоёр хамт эзэмшдэг. Манай охин тухайн дансыг ер нь тогтмол ашигладаг. Тэгээд миний дээрх хэлсэн данс руу охины олж ирсэн хүмүүс мөнгө шилжүүлж байсан. Би яг нарийн учрыг нь хэлж мэдэхгүй байна. Манай охин Н.Э - сайн тайлбарлаж чадна. 2022 оны 7 сараас хойш нийт 980 сая төгрөг цуглуулсан талаар охин надад хэлсэн. Тухайн хүмүүс нь дандаа манай нөхрийн талын хамаатан байсан. Тухайн хүмүүст “койны татвар төлөх хэрэгтэй байна” гэж хэлж мөнгө авч байсан. Миний бие охинтойгоо хамт тухайн иргэдээс мөнгө зээлж авсан ба одоо тухайн асуудал нь ийм нөхцөл байдлыг үүсгэсэн гэж бодож байна. Тухайн зээл нь 4 хувийн хүүтэй зээл байсан. Хугацааг нь тухайн хүмүүстэй харилцан тохиролцдог байсан. Өчигдөрийн тооцоогоор нийт 12 хүнээс дээрх мөнгийг зээлж авсан байсан ...” /2хх-108/,

шүүгдэгч Н.Э - мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн хуучин найз залуу А.Б /91.../-ын бэр эгч Л-аар дамжуулан Герман Улсын /14 жил үйл ажиллагаа явуулсан, нэрийг нь мэдэхгүй/ койны арилжаанд оролцдог нэг эмэгтэйтэй гар утасны “Wechat” программаар дамжуулан холбогдсон юм. Тэр хүн нь надад хэлэхдээ “3.500.000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийгээд койн худалдаж авна, тэрүүгээрээ арилжаанд оролцоод 7 хоног бүр ашиг олдог” гэж хэлсэн юм. Тэр мөнгийг би өөрийн төрсөн эцэг Н -ын Хаан банкны ... -тоот данснаас тэр хүний данс руу /дансны дугаарыг нь санахгүй байгаа/ шилжүүлсэн. Намайг хариуцагч буюу “Wechat” эмэгтэй миний хөрөнгө оруулсан 3.500.000 төгрөгөөр 7 хоног болгон арилжаанд оролцож 7 хоног тутамд ашиг нь цугларсаар энэ оны 8 дугаар сар гэхэд нийт 450 сая төгрөгийн ашиг “Койнхаб” бирж дээр цугларсан юм. Койны ашгаа авах гэхэд намайг хариуцдаг “Wechat”-ны эмэгтэй надад хэлэхдээ “Койн нь сугалаатай адилхан 50 хувийг нь татварт төлөх ёстой” гэсэн ба үүнийг нь Дархан-Уул аймгийн татварын улсын байцаагчаас тодруулахад надад мөн л адил “Койн сугалааны журмаар явдаг тул 50 хувийг Монголын татварт төлдөг” гэж хэлсэн. Сүүлд нь би А -ын төрсөн дүү М надад мөн адил “50 хувийг авдаг” гэж хэлсэн. Тэрний дагуу би 450 сая төгрөгийн 50 хувь болох 225 сая төгрөг олох шаардлагатай болсон. Тэгээд би хамгийн эхэнд төрсөн аав Н -ын төрсөн эгч Ж-ийн төрсөн хүү Б.А - ахаас 10 сая төгрөгийг “10 хоногийн хугацаанд 11 сая төгрөг болгож өгнө” гэж авсан юм. Тэгээд би хүмүүсээс дээрх байдлаар их хэмжээний хүүтэй, богино хугацаатай зээлийг өөрийн хамаатан садан, ах дүүгээс цуглуулаад 9 сар гэхэд мөнгөө цуглуулаад 450 сая төгрөгийн 50 хувь болох 225 сая төгрөгийг олоод өөрийн олсон ашиг болох 450 сая төгрөгийг гаргуулан авсан. Даанч тэр үед хүмүүсээс зээлсэн зээлийн хүү хэт өндөр болсон учир 450 сая төгрөгөө хүмүүст тарааж өгсөн. Түүний дараа би дахин зээлтэй болсон учир хүмүүсээс нэмж мөнгө зээлээд нэг зээлээс нөгөө зээл рүү, нэг зээлийн хүүнээс нөгөө зээлийн хүүрүү дамжин шилжсээр одоогийн нөхцөл байдалд орчихоод байна. Одоогоор надад А - ахаас авсан 160 сая төгрөг, Ц -аас 128 сая төгрөг, Б-ээс 250 сая төгрөг, Б - болон Сандуйжав нарасс 300 сая төгрөг, А -аас 140 сая төгрөг гээд нийт 978 сая төгрөгийн өр хуримтлагдсан байгаа. Харин жижиг зээл буюу ломбард, банк бусаас авсан 10-20 орчим сая төгрөгийн зээл байгаа. Би хэн нэгнийг залилан мэхэлсэн зүйл байхгүй, зөвхөн мөнгө авах гэж татварт төлөх мөнгө цуглуулах гэж явж байгаад хүүгийн дарамтанд ороод өнөөдрийн ийм өндөр дүнтэй зээлэнд орчихсон юм. Би тус койны нэрийг одоо санахгүй байна, ямарч байсан хуучин найз залуугийнхаа бэр эгчээр дамжуулж анх танилцаж байсан ба Герман Улсад 14 жил үйл ажиллагаа явуулж байгаа койн, найдвартай бөгөөд ашиг олох боломжтой гэж л сонссон. Анх 3.500.000 төгрөгөөр ороод ашиг олоод, тэрийгээ авахгүй хадгалж байгаад энэ оны 8 сард 450 сая төгрөг болохоор нь авах гэж явж байгаад ийм асуудал болчихсон. Намайг хариуцагч гэх эмэгтэй нь миний дансаар арилжаанд оролцдог, өмнө нь нэг удаа Улаанбаатар хотод кофе шопод уулзаж байсан, тэрээр хоорондоо харилцахдаа зөвхөн “Wechat” ашиглана гэж хэлээд тэрнээс хойш зөвхөн тус программыг хоорондоо харилцахдаа ашиглаж байгаа. Нэрийг нь санахгүй байна, Монгол эмэгтэй байсан. Би утсаа ломбарднаас гаргаад авчихвал утсан дээрээсээ үзүүлж болно. ... тэр утсан дээр Coinhub биржийн данс, Хаан банкны данс, “Wechat”-ний мэдээлэл гээд бүх зүйл байгаа ...” /2хх-104-106/ гэх мэдүүлгүүд,

            Б.А -, Я.Б, Б.Э, С.Б -, Б.Б -, М.Б,  С.Н -, Н.Э - нарын эзэмшлийн дансны хуулгууд /1хх 32-45, 46-47, 48-49, 59-71, 98-112, 154, 115-128, 142-153, 157-167, 175/,

            Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 07220030 дугаар магадалгаа /Зхх 10-16/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Н -, Н.Э - нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ. 

            Шүүгдэгч С.Н -, Н.Э -, түүний өмгөөлөгч Ю.Батболд нараас “... гэм буруутайгаа маргаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгөхийг” хүссэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

            Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Эрүүгийн хуульд гэмт хэргийн хамтран оролцогчийн төрлийг хуульчилсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ”, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” гэж тус тус хуульчилсан.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч С.Н -, Н.Э - нар үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд нэр бүхий хохирогч нарт “ ... “өндөр дүнтэй дансны үлдэгдэл байгаа” гэх зураг үзүүлж, уг мөнгийг авахын тулд татвар төлөх шаардлагатай байна, татвар, банкны байгууллагаар орж тэндэхийн дарга, захирал мөн төрийн өндөр албан тушаалтан нартай мессежээр харилцаж” байгаа мэтээр итгүүлэн, хохирогч Б.А -, С.Б -, Б.А -, Б.Б -, М.Б -, С.Ц - нарыг хуурч, улмаар өөрсдийн Хаан банкны ... -, ... - тоот дансаар нийт 1.207.000.000 төгрөгийг залилан авсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Шүүгдэгч нараас “хохирогч Б.А -ыг тухайн гэмт хэрэгт оролцсон ... ” хэмээн маргаж байх боловч хохирогч Б.А -ын хувьд нэр бүхий хохирогч нараас тодорхой хэмжээний мөнгө зээлж авсан үйл баримт тогтоогдсон хэдийч тэрээр хохирогч нараас авсан мөнгөн хөрөнгийг болон өөрийн хөрөнгөөс нийт 200,0 сая төгрөгийг шүүгдэгч С.Н -, Н.Э - нарын данс руу шилжүүлэн өгч залилуулах гэмт хэргийн хохирогч болсон байхаас гадна түүний үйлдэлд залилах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна”, 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доод дурдсанаар ойлгоно”, 4.1-д “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.2-т “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж хохирлын хэмжээг тус тус тодорхойлсон.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад залилах гэмт хэргийг “их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан ба С.Н -, Н.Э - нарын гэмт үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжтэй тохирсон байна.

            Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгч С.Н -, Н.Э - нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бүлэглэн, бусдын эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан" гэж зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

          Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

          Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

          Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Э -, С.Н - нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.Н -д 6 жилийн хугацаагаар, шүүгдэгч Н.Э -д 7 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, шүүгдэгч нарын хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг үндэслэлтэй, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв тогтоож шийдвэрлэсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Э -, С.Н -, тэдний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Н.Э -, С.Н - нарын 2023 оны 5 дугаар сарын 08-наас 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 80 /ная/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/318 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Э -, С.Н -, тэдний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э -, С.Н - нарын 2023 оны 5 дугаар сарын 08-наас 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 80 /ная/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

          3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                                               Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН