| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2017/0162/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/153 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ботакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/153
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,
нарийн бичгийн дарга Ц.С,
орчуулагч А.Е,
улсын яллагч Б.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н, А.С,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох 1713000000107 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Х.Д: Монгол Улсын иргэн, Н овгийн Б-н Д, .... оны .... дугаар сарын ..-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн .... сумын ... дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, РД:..........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2017оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн үед .... сумын сумын ..... дүгээр багийн нутаг Хаг нуур гэдэг газар бэлчээрийн маргааны улмаас хохирогч Б.Е-ыг шилбүүрээр болон гараар цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2017оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн үед ..... сумын сумын ... дүгээр багийн нутаг Хаг нуур гэдэг газар бэлчээрийн маргааны улмаас хохирогч Б.Е-ыг шилбүүрээр болон гараар цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч Б.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-21 дүгээр хуудас/,
- Гэрч Д.Н, Ө.Д, Е.Б, Ж.Р нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
- Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1 ширхэг шилбүүр, уг шилбүүрийг эд мөрийн баримтаар хураасан тухай тэмдэглэл, тогтоол,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 470 дугаартай дүгнэлт эрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Б.Д-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав.
Иймд шүүгдэгч Х.Д-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Б.Е нь прокурорын шатанд эмчилгээний зардал, Цэнгэл сумаас аймгийн төвд ирж буцаж байсан таксины зардал, өмгөөллийн хөлс гэж 1141600 төгрөг, шүүхийн шатанд эмчилгээний зардал гэж 229500 төгрөг нийт 1371100 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянаж үзэхэд М.М жолоочийн таксины зардалд өгсөн 175300 төгрөг болон бариачид үзүүлсний 20000 төгрөгний баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул энэхүү 195300 төгрөгийн нэхэмжлэлийг төлүүлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ. Иймд хохирогчийн нэхэмжилсэн 1371100 төгрөгөөс 195300 төгрөгийг хасч үлдсэн 1175800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, хохирогчид цаашид гаргах хохирол байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шилбүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Д-ын өмч 4000000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэтэй, ....... маркын ..... БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Д-д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Н овгийн Б-н Д-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.Д-аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шилбүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Б.Д-аас 1175800 / нэг сая нэг зуун далан таван мянга найман зуу/ төгрөг гаргуулан хохирогч Б.Е-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Е-д цаашид гаргах хохирол байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүгдэгч Б.Д-ын өмч 4000000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэтэй, ..... маркын ..... БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Д-ын иргэний үнэмлэх болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгосугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д