| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 23636000000066 |
| Дугаар | 48 |
| Огноо | 2023-09-05 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 48
2023 09 05 2023/ДШМ/48
О.Дүүрэндалайд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгч О.Дүүрэндалай, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн О.Дүүрэндалайд холбогдох эрүүгийн 23636000000066 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол улсын иргэн, Хасаг ургийн овогт Очирбатын Дүүрэндалай, Ховд аймгийн Жаргалант суманд 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 17-37 тоотод оршин суух, "Вево зам" ХХК- туслах ажилтнаар ажилладаг, цалин орлогогүй, регистрийн дугаар ПЮ03261611
2. Шүүгдэгч Очирбатын Дүүрэндалай нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Баярхүүгийн гэрт 2023 оны 01 дүгээр сарын 27-ны орой согтуугаар танхайрах явцдаа Б.Хулангийн эзэмшлийн "Iphone 8 plas" загварын гар утас, Б.Номингийн эзэмшлийн Phone-7 S загварын гар утас, Б.Гэрэлчулууны эзэмшлийн Huawei-7 загварын гар утас хоолны шкафны татлага, хүүхдийн түшлэгтэй сандал зэргийг хууль бусаар устгаж насанд хүрээгүй хохирогч Б.Хуланд 510.000 төгрөг, хохирогч Б.Номинд 250.000 төгрөг, хохирогч Б.Гэрэлчулуунд 290.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас О.Дүүрэндалайгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч Хасаг ургийн овогт Очирбатын Дүүрэндалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хасаг ургийн овогт Очирбатын Дүүрэндалайд 270 (хоёр зуун дал) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дүүрэндалайд оногдуулсан 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоосон газарт эдлүүлж,
4.4.Эрүүгийн 2336000000066 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
4.5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дүүрэндалайгаас 775.000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Б.Хуланд 510.000 төгрөг, хохирогч Б.Гэрэлчулуунд 265.000 төгрөг тус тус олгож, хохирогч Б.Номинд 250.000 төгрөг төлөгдсөн болохыг дурдаж,
4.6 Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч О.Дүүрэндалайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,
4.7 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч О.Дүүрэндалай давж заалдах гомдолдоо: Миний бие биеэ барьж чадаагүй нь улмаас уурлаж бусдын эд хөрөнгөнд хохирол гэмтэл учруулан 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Надад хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тул торгох ялаар сольж өгнө үү гэв.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан ажиллагаа тогтоогдоогүй.Шүүгдэгч О.Дүүрэндалайгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын шатанд шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
4. Шүүгдэгч О.Дүүрэндалай нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Баярхүүгийн гэрт 2023 оны 01 дүгээр сарын 27-ны орой согтуугаар танхайрах явцдаа Б.Хулангийн эзэмшлийн "Iphone 8 plas" загварын гар утас, Б.Номингийн эзэмшлийн Phone-7 S загварын гар утас, 17ны эзэмшлийн Huawei-7 загварын гар утас хоолны шкафны татлага, хүүхдийн түшлэгтэй сандал зэргийг хууль бусаар устгаж насанд хүрээгүй хохирогч Б.Хуланд 510.000 төгрөг, хохирогч Б.Номинд 250.000 төгрөг, хохирогч Б.Гэрэлчулуунд 290.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
5. Прокуророос О.Дүүрэндалайгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “түүний үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон” гэж дүгнээд, О.Дүүрэндалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байна.
6. Анхан шатны шүүхийн О.Дүүрэндалайгийн үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэх дүгнэлт нь үндэслэлтэй байх бөгөөд түүний үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
6.1 Хохирогчоор өгсөн Б.Номингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн " Би 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ дүүтэйгээ байж байтал О.Дүүрэндалай гэх залуу согтуу ирсэн. Тэгээд О.Дүүрэндалай нь надад хандаж "яагаад утсаа авахгүй байгаа юм бэ гээд баруун талын орон дээр байсан миний утас аваад гараад явчихсан. Тэгэхээр нь би толгойгоо угааж дуусчихаад сууж байсан чинь буцаад гэрт орж ирэхээр нь "миний утсыг өг" гэсэн чинь "чадахгүй" гэхээр нь "гэрээс гарч яв" гэсэн чинь гарахгүй гээд надтай хэрүүл хийгээд маргаан үүсгэсэн. Тэгээд өөрийнхөө кармаанаас миний утсыг гаргаж ирээд "чамд энэ утас чинь чухал биздээ" гээд газар саваад хагалсан. Тэгээд би ээжийн утас аваад цагдаа дуудах гэсэн чинь надаас булааж аваад гэрийн пийшин саваад хагалсан. Тэгээд гэрийн зүүн талд байх хоолны шкафны шүүгээ өшиглөж хагалсан. Мөн гэрийн модон сандал хагалсан. Тэгээд би дүүгээ цагдаа руу залга гэсэн чинь манай дүүгийн утас булааж аваад бас хагалсан гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг,
6.2 Хохирогч Б.Гэрэлчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..Тухайн үед би нөхөртэйгөө мал дээрээ байсан. Намайг гэртээ 2023 оны 01 дүгээр сарын 30-нд ирэхэд манай хүүхдийн болон миний гар утсыг хагалж гэмтээсэн байсан. Хохирол төлж барагдуулаагүй. Миний охин Б.Номин руу 2 ширхэг утас явуулсан байсан тэр утаснууд нь гэмтэлтэй байсан учраас буцаагаад явуулсан гэх мэдүүлэг,
6.3 Насанд хүрээгүй хохирогч Б.Хулангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ эгчтэйгээ хамт байж байтал 0.Дүүрэндалай гэдэг залуу ирээд манай эгчтэй хэрүүл маргаан үүсгээд манай эгчийн утсыг булааж аваад хагалсан. Тэгэхээр нь би цагдаа дуудах гээд өөрийнхөө гар утсыг аваад цагдаа руу залгах гэтэл миний утсыг булааж аваад газар саваад хагалсан. 2021 оны 01 дүгээр сард Мөнххайрхан сумын иргэн Б.Онон гэдэг хүнээс 950 000 төгрөгөөр худалдаж авсан ..." гэх мэдүүлэг,
6.4 Яллагдагч О.Дүүрэндалайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.. Би Б.Хулангийн Хулангийн "Iphone 8 plas" загварын гар утас, Б.Номингийн эзэмшлийн Phone-7 S загварын гар утас, Б.Гэрэлчулууны эзэмшлийн Huawei-7 загварын гар утас зэргийг газарт савж шидэж хагалсан ...гэх мэдүүлэг,
6.5 Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний ХЦ23-29 дугаартай "... Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 1 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр Iphone-7s-250.000 төгрөг, Iphone-8-510.000 төгрөг, Huawei -7- 250.000 төгрөг, нийт 1.010.000 /нэг сая арван мянган төгрөг/-р үнэлэгдлээ" гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.
7. Анхан шатны шүүх шүүгдэгч О.Дүүрэндалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
8. Шүүгдэгч О.Дүүрэндалай нь” Надад хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тул торгох ялаар сольж өгнө үү ” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
8.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй.” гэж заасан байна.
Гэтэл шүүгдэгчийн давж заалдах гомдолдоо дурдсан хүндэтгэн үзэх шалтгаантай гэх гомдол нь нотлох баримтгүй, түүнийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн гэж үзэх боломжгүй байна.
9. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Дүүрэндалайгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР