| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0748/З |
| Дугаар | 128/ШШ2024/0948 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2024/0948
2024 11 27 128/ШШ2024/0948
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Э******* /РД:/,
Хариуцагч: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.О,
Маргааны төрөл: Гаалийн татвараас зайлсхийсэн гэх зөрчилд шийтгэл ногдуулсан шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ц.Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.О нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг М.Дэлгэрмөрөн хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Хариуцагч гаалийн улсын байцаагч Б.О нь 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр А гаалийн хяналтын бүсэд БНСУ-аас импортолсон чингэлэг дугаартай 02-*******-24-I33149, 02-*******-24-I33148, 02-*******-247-I33153, 02-*******-24-I33160, 02-*******-24-I33154 дугаартай 5 гаалийн мэдүүлгээр 4 ачааны машин, 850 килограмм хуучин хувцас Ц.Э мэдүүлэхдээ хүүхдийн сорочка цамц 3365 ширхэг, хөдөлгүүр 5 ширхэг, хурдны хайрцаг 5 ширхгийг мэдүүлээгүй зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,
2.2. Ц.Э 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаалийн 02-*******-24-I39049R дугаар мэдүүлгээр хүүхдийн сорочка цамц 3365 ширхэг, хөдөлгүүр 5 ширхэг, хурдны хайрцаг 5 ширхэг бараанд гаалийн бүрдүүлэлт хийж, 7,085,47.58 төгрөгийн гаалийн татвар ногдуулсан, гаалийн улсын байцаагч мөн өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар Ц.Эыг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтаар “гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн” зөрчилд 7,085,47.58 төгрөгийн гаалийн татвар ногдуулж, нөхөн ногдуулсан татварын 50 хувьтай тэнцэх хэмжээний буюу 3,542,523.78 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, мөн өдөр зөрчилд холбогдогч Ц.Э гаалийн татвар 7,085,47.58 төгрөг болон торгууль 3,542,523.78 төгрөгийг бүрэн төлжээ.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: “Ц.Э надад холбогдуулан Зөрчлийн хэрэг шалгаж, тоот шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсныг эс зөвшөөрч тус шүүхэд дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна.
А гаалийн хяналтын бүсэд 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тоот чингэлгээр БНСУ-аас импортолсон, гаалийн мэдүүлгээр Ц.Э намайг хүүхдийн сорочкин цамц-3365 ширхэг, хөдөлгүүр 5 ширхэг, хурдны хайрцаг 5 ширхгийг мэдүүлээгүй гэж буруутган шийтгэсэн. Энэхүү үйл явдал нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр болсон бөгөөд тоот шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дахь хэсэгт заасан нийтлэг шаардлагыг хангаагүй байна.
Миний худалдаж авсан, миний нэр дээр ирсэн контейнер дотор байгаа ачааг тонн жингээр нь мэдүүлсэн. Хүний 810 кг ачаа байгаа талаар мэдүүлсэн. Үүнд: 5 мотор, 10 хайрцаг бусад бараа байгаа талаар би мэдэх боломжгүй байсан. БНСУ-аас барааг ачихад 2 хүний карго байгаа гэж надад мэдэгдсэн. Би хүний ачааг үзэх боломжгүй учраас жингээр нь мэдүүлсэн. Нөхөн мэдүүлэг гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч мэдүүлэх боломж олгоогүй. Анх мэдүүлэгч нь мэдүүлгийг буруу хийсэн ба миний ачааны тонн жинг гаргаж өгөөгүй, автомашины тонн жинг нягтлаагүй. Мөн газар дээр байсан гаалийн байцаагч үнэлгээ бага гарсан учраас ахиж үнэл гэж хэлээд ахиж үнэлсэн. Ямар журмаар тэгж үнэлсэн талаар тайлбарлаагүй. Энэ бүх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмаас гадуур хийгдсэн хууль бус ажиллагаа гэж үзэж байна. Учир нь гаалийн байгууллагын ажилтнуудтай харилцааны асуудал үүссэнээс надад ингэж хандсан.
Чингэлгээр 6 хүний ачаа ирсэн боловч ганцхан Ц.Э миний ачаа болгож торгууль оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар зөвлөмж авахаар хандсан. Ахлах байцаагч дээр очиж зуучлагчаас тонн жинг буруу тогтоочихсон учраа буцаагдсан байна. Тиймээс та хүсэлт бичиж өгвөл торгууль бичигдэхгүй, бүрдүүлэлт хийж өгье гэсэн. Заавал миний нэр дээр ирсэн гэдгээр нь яагаад над дээр мэдүүлсэн бэ. Барааг хүлээн авах 6 хүнийг байлцуулж тус тусад мэдүүлүүлж болдоггүй юм уу. Сорочка нь цамц, хөдөлгүүр минийх биш. Тухайн үед эдгээр барааны эзэд нь байсан, бараагаа авах гээд ирчихсэн байсан. Тэр хүмүүс таны гоймонгоос болж бараагаа авч чадахгүй байна гэж намайг буруутгаад бараагаа авахаар хүлээж байсан. 7,085,000 төгрөгийн татвар, 3 сая төгрөгийн торгуулийг би төлсөн, “таны нэр дээр ирсэн карго ачаа учраас та татвар, торгууль төлөх ёстой” гэсэн.
Тиймээс Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Оийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
3.2. Гомдол гаргагчийн өмгөөлөгч тайлбартаа: “Гомдол гаргагчийн зүгээс гомдолд дурдсан 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тоот шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасан.
Шийтгэлийн хуудасны гол үндэслэл нь бараагаар мэдүүлээгүй гэсэн, гэтэл бараанууд нь бүгд минийх биш, 6 хүний бараа байсан гэх зүйлээр шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа. Учир нь бараагаа авах гэж нөгөө хүмүүс нь ирсэн байна. Эдгээр хүмүүс болон өөрийн зүгээс бараагаа мэдүүлье гэдэг хүсэлтийг гаргасаар байтал гаалийн улсын байцаагч хүлээн авч мэдүүлэх ажиллагааг хийгээгүй нь улмаас миний эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна гэдэг үүднээс гомдол гаргасан.
Гомдлын үндэслэл нь хүүхдийн сорочка, хөдөлгүүр, хурдны хайрцаг гэх мэт зүйлүүдийг улсын байцаагчаас нүдээр харж, тоолж, ажиллагаа хийгээгүй байж зөвхөн үйлчлүүлэгчийн бараа мэтээр шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй. Тиймээс үүнийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.
дугаартай шийтгэлийн хуудас нь эрх зүйн үндэслэлгүй байна. Нэгдүгээрт уг захиргааны актыг үйлдэхдээ улсын байцаагчаас алдаа гаргажээ. 2 өөр хэлбэрээр шийтгэлийн хуудсыг гаргасан байх бөгөөд гомдол гаргагчид гардуулж өгсөн эрх зүйн акт нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөр цэнхэр балаар бичсэн. Хэрвээ эх хувиас бичсэн бол цэнхэр өнгөөр гарахгүй. Хэлбэрийн бус илтэд хууль бус захиргааны акт гэж дүгнэхээр нөхцөл байдал харагдаж байна. Хавтаст хэргийн 6 дугаар хуудаст гомдол гаргагчид гардуулсан шийтгэлийн хуудас байгаа. Хариуцагчаас гаргаж өгсөн шийтгэлийн хуудас нь хавтаст хэргийн 53 дугаар талд байгаа. Уг 2 акт нь он сар, дугаар нэг бөгөөд татвар, торгуулийн дүнг хар балаар нөхөж бичсэн байдалтай. Шийтгэлийн хуудасны хоёрдугаар зүйлд хэдэн төгрөг, доод талд хэдэн төгрөг билээ бичигдсэн байдаг. Хариуцагчаас нэг нь торгууль, нөгөө нь татвар гэж тайлбарладаг. Тэгэхээр уг эрх зүйн актыг үйлдэж буй субъектийн хувьд нөгөө актыг хууль заасны дагуу гаргаагүй байна. Тиймээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах бүрэн боломжтой.
Гомдол гаргагчийн зүгээс эрх ашиг нь яаж хохирч байгаа юм бэ гэдэгт шүүхээс дүгнэлт өгөх байх. Мөн мэдүүлэг гаргагч нь өөрөө боловч эрх ашиг нь яаж хөндөгдөж байгаа гэхээр энэ бараа нь 6 хүнийх байсан юм уу 5 хүнийх байсан юм уу. Хүний бараанд татварыг оногдуулж байгаа нь нэг талдаа гомдол гаргагчийн эрх ашгийг нэг талдаа хохироож байгаа үйлдэл харагдаж байна. Гомдол гаргагчаас ямар нэгэн байдлаар зуучлал хийдэггүй хүүхдийн эмчилгээний зардалд зориулж 2 дахь удаагаа гоймонгоо оруулж ирэх гэж байгаад ийм нөхцөл байдалд орсон гэдэг. Татвар ногдуулж байгаа сорочка болон хурдны хайрцаг, хөдөлгүүр зэрэг өөрийн биш бараан дээр мэдүүлээгүй гэж шийтгэлийн хуудас оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймээс гомдол гаргагчийн зүгээс гаргасан гомдлыг хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
3.3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Б.О миний бие нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд газрын даргын баталсан хуваарийн дагуу "А" гаалийн хяналтын бүсэд ажилласан.
2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр "А" гаалийн хяналтын бүсэд БНСУ-аас импортолсон, чингэлэг дугаартай, 02-*******-24- 133149, 02-*******-24-133148, 02-*******-24-133153, 02-*******-24-133160, 02- *******-24-133154 дугаартай 5 гаалийн мэдүүлгээр 4 ачааны машин, хуучин хувцас-850 кг гэж Ц.Эын нэр дээр мэдүүлсэн бараа хуваарилагдан ирсэн.
Хяналт шалгалтын явцад хилээс дагалдаж ирсэн бичиг баримт, баглаа боодлын жагсаалт, үнийн нэхэмжлэх зэргийг нягтлахад 4 тээврийн хэрэгсэл тус бүр 3360 кг, хуучин хувцас 850 кг гэж бичигдэж ирсэн нь тээврийн хэрэгслийн жинг хэт өндөр мэдүүлсэн байх магадлалтай, хилийн гаалийн авто рентген тоног төхөөрөмжөөр уншуулсан зургийг харахад бичиг баримтад мэдүүлснээс илүү хэмжээтэй өөр нэр төрлийн бараа байх магадлалтай гэх зэргийг үндэслэн эрсдэл тооцон пүүлэхэд барааны цэвэр жин 14100 кг буюу бичиг баримтын жингээс 240 кг бага зөрүүтэй пүүлэгдсэн.
Мөн 02-*******-24-133149, 02-*******-24-133148, 02-*******-24-133153, 02-*******-24-133154 дугаартай гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн 4 тээврийн хэрэгсэл тус бүрийг гаалийн хяналтын бүсийн авто пүүн дээр пүүлж жинг нягтлан шалгахад арлын дугаартай Hyundai, Porter II ачааны автомашин 3360 кг гэж мэдүүлсэн нь бодит байдалд 1920кг байгаа нь №0207 пүүний актаар, KMFZ арлын дугаартай Hyundai, Porter II ачааны автомашин 3360 кг гэж мэдүүлсэн нь бодит байдалд 1860кг байгаа нь №0208 пүүний актаар, KMFZCZ7KA арлын дугаартай Hyundai, Porter II ачааны автомашин 3360 кг гэж мэдүүлсэн нь бодит байдалд 1820кг байгаа нь №0210 пүүний актаар, KNCSHY74C ******* арлын дугаартай KIA, Bongo III ачааны автомашин 3360 кг гэж мэдүүлсэн нь бодит байдалд 2000кг байгаа нь №0209 пүүний актаар зөрүүтэй байгаа нь нотлогдсон. Нийт 5840 кг жинтэй барааг мэдүүлээгүй болох нь илэрч, хилээс дагалдаж ирсэн баримтад ачааны автомашины жинг худал бичигдсэн нь гаальд мэдүүлээгүй барааны тоо хэмжээг дарагдуулж, бичиг баримттай тааруулах гэсэн нь автомашиныг пүүлэхэд тогтоогдсон юм.
Гаалийн хяналт шалгалтаар доорх нэр төрлийн барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхиж, худал бичиж, татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлсэн.
Гаальд мэдүүлээгүй бараа:
1. Том аягатай гоймон- 1 хайрцаг*12ш- 400 хайрцаг 4800ш
2. Жижиг аягатай гоймон 1 хайрцаг*6ш- 600 хайрцаг 3600ш
3. Ууттай чанадаг гоймон 1 хайрцаг 8 боодол, 1 боодол 5ш- 450 хайрцаг 18000ш
4. Хөдөлгүүр- 5ш
5. Хурдны хайрцаг-5ш
6. Хүүхдийн цагаан сорочка цамц- 3365 ширхэг
Эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг Монгол улсын Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх заалтын дагуу хорио цээрийн албаны хяналтад шилжүүлж, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Я.Х******* нь хураан авч шийдвэрлэсэн байна.
Хүүхдийн цамц, автомашины хурдны хайрцаг, хөдөлгүүр зэрэг бусад барааг холбогдогч Ц.Э болон "А*******" ХХК-ийн /тээвэр зуучийн байгууллага/ талбайн менежер албан тушаалтай А******* нарыг байлцуулан тоо ширхгийг гарган, хяналт шалгалт хийсэн тэмдэглэл, пүүний акт болон фото зургаар баримтжуулан холбогчид танилцуулж гарын үсэг зуруулан баталгаажуулж, 02- *******-24-139049 дугаартай гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлтийг хийлгэж, ЗТХ-ийн 11.21.1.1-д заасны дагуу 7,085,047.58 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татварын 50 хувьтай тэнцэх 3,542,523.78 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн болно.
Гаалийн мэдүүлэгт барааг бичээгүй орхисон, барааны тоо хэмжээг бүрэн гүйцэт мэдүүлэхгүй байх, орхигдуулах, мэдэн будилах, гадаадаас бичиг баримт дутуу явуулсан гэх шалтгаан тоочих нь Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйл, 57 дугаар зүйлийн 2 дахь заалтыг /гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах/ зөрчсөн зөрчил юм” гэв.
3.4. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Бүх бараа Ц.Э хүлээн авагчийн нэр дээр ирсэн байсан. Тээврийн хэрэгслийн жин хэт өндөр байсан учраас рентген зургийг харсан. Рентген зурагт бараанууд нягтралаараа харагддаг. Улмаар холбогдогч Ц.Эыг дуудаж гаальд нэмж мэдүүлэх бараа байгаа юу байвал хүсэлтээ өгч мэдүүлж болно гэхэд байхгүй гэсэн.
Бүх бараагаа мэдүүлж дуусаад татвар төлснөөс хойш чингэлгийг нээж шалгасан. Жингийн зөрүү дээр эрсдэлд тооцож хяналт шалгалтыг явуулсан. Шалгалтыг эхлэхэд Зөрчилтэй тэмцэх албаны ахлах байцаагч н.С*******, н.А******* нарыг дуудаж хамтарсан шалгалт явуулсан. Тээврийн 4 хэрэгсэл байсан, чингэлэг бүрээр пүүлж үзсэн.
Гаальд мэдүүлээгүй бараа нь ууттай, аягатай, хайрцагтай бэлэн гоймон байсныг чиглэлийн дагуу хорио цээрийн байцаагчид шилжүүлж өгсөн. Хорио цээрийн байцаагч хурааж авч шийдвэрлэсэн. Хүнсний барааг хувь хүн импортлох эрхгүй байдаг. Хорио цээрийн байцаагчийн шийдвэртэй тусдаа зөрчлийн хэрэг үүссэн, энэ шүүхэд маргаж байгаа.
Хүүхдийн сорочка нь цамц, хурдны хайрцаг, хөдөлгүүрийг гаальд мэдүүлээгүй байсныг холбогдогч Ц.Эын хамт тоолж хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан.
Бараа хяналтын бүсэд орсон огноо нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр. Мэдүүлгийг бүртгэгдсэн мэргэжилтнүүд бүртгэдэг. 2024 оны 08 дугаар сарын 14, 15-ны өдрөөс эхэлж бүртгэгдсэн мэргэжилтэн дээр очиж бичиг баримтаа өгч программаар мэдүүлж байгаа. 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нь гааль мэдүүлгийг зөвшөөрсөн өдөр байсан. Гаалийн мэдүүлэгт огноо дугаар олгосон огноо нь гаальд мэдүүлэх ажиллагаа дуусаад гаалийн хяналтын бүсээс ачаагаа авч гарахыг зөвшөөрсөн өдөр юм. Тэрнээс өмнө мэдүүлэх ажиллагаа хийгддэг. 5 мэдүүлэг байгаагаас татвар төлсөн төлөвт орсон нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байсан.
Дагалдах бичиг баримтын дагуу бүх бараагаа гаальд мэдүүлж дуусаад татвар төлсөн төлөлт орсны дараа хяналт шалгалт эхэлнэ. Хяналт шалгалтаар зөрчил илэрч байна гэдэг нь мэдүүлээгүй илэрч байна гэсэн үг. Тэгэхээр энэ нь Зөрчлийн тухай хуульд заасан 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх зохицуулалт болж байгаа юм. Хяналт шалгалтын дараа нөхөн мэдүүлье гэж хүсэлт гаргасан. Нэгэнт эрсдэлд тооцож хяналт шалгалт хийгдсэн, зөрчил илэрсэн тохиолдолд нөхөн бүрдүүлэлт хийх боломжгүй, зөрчлийг шийдвэрлэнэ. Хяналт шалгалт хийж дууссан учраас хүсэлтийг хүлээн аваагүй. Гаалийн зуучлагч бүрдүүлэлтийн ажилтныг буруутгах шаардлагагүй. Хяналт шалгалт эхлэхээс өмнө “өөр мэдүүлэх бараа байгаа эсэх”-ийг асуухад “байхгүй” гэсэн. Улмаар хяналт шалгалт хийж зөрчил илэрсний дараа “нөхөн бүрдүүлэлт хийе” гэж хандсан, би хүлээж аваагүй учир нь зөрчил нэгэнт илэрсэн.
Ачааны дагалдаж ирсэн бичиг баримт Ц.Эын нэр дээр байгаа. Хүлээн авагч нь Ц.Э учраас Ц.Эод л барааг өгнө.
Гаалийн татварыг гаалийн мэдүүлгээр ногдуулсан. Гаалийн татвар давхардахгүй, мэдүүлгээр татвар ногдуулж, шийтгэлийн хуудсаар зөвхөн торгууль ногдуулж байгаа. Шийтгэлийн хуудсаар татвар төлөлтийн ногдол үүсэхгүй. Шийтгэлийн хуудасны дугаараар торгуулийн ногдол үүсэж байгаа, гаалийн мэдүүлгээр нөхөн татварын ногдол үүсэж байгаа.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Зөрчлийн хэрэгт авагдсан үйл баримтаар
1.1. Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.О "А" гаалийн хяналтын бүсэд БНСУ-аас Ц.Эын нэр дээр импортолсон дугаартай чингэлгийн барааг гаалийн 02-*******-24-133149, 02-*******-24-133148, 02-*******-24-133153, 02-*******-24-133160, 02- *******-24-133154 дугаартай 5 мэдүүлгээр 4 ачааны машин, 850 кг хуучин хувцас гэж мэдүүлснээр 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн бүрдүүлэлтийн явцад барааны дагалдах бичиг баримт, баглаа боодлын жагсаалт, үнийн нэхэмжлэх зэргээс “тээврийн хэрэгслийн жинг хэт өндөр мэдүүлсэн байх магадлалтай, хилийн гаалийн авто рентген тоног төхөөрөмжөөр уншуулсан зургаар бичиг баримтад мэдүүлснээс илүү хэмжээтэй өөр нэр төрлийн бараа байх магадлалтай” зэрэг үндэслэлээр эрсдэлд тооцон гаалийн хяналт шалгалт хийсэн, ачааг пүүлж шалгаад барааны цэвэр жин 14100 кг буюу бичиг баримтын жингээс 240 кг бага зөрүүтэй пүүлэгдсэн, гаалийн 02-*******-24-133149, 02-*******-24-133148, 02-*******-24-133153, 02-*******-24-133154 дугаартай мэдүүлгээр мэдүүлсэн 4 тээврийн хэрэгсэл бүрээр,
- арлын дугаартай Hyundai, Porter II ачааны автомашин 3360 кг гэж мэдүүлсэн нь бодит байдалд 1920кг байгаа нь 207 тоот пүүний актаар,
- KMFZ арлын дугаартай Hyundai, Porter II ачааны автомашин 3360 кг гэж мэдүүлсэн нь бодит байдалд 1860кг байгаа нь 0208 тоот пүүний актаар,
- KMFZCZ7KA арлын дугаартай Hyundai, Porter II ачааны автомашин 3360 кг гэж мэдүүлсэн нь бодит байдалд 1820кг байгаа нь 210 тоот пүүний актаар,
- KNCSHY74C ******* арлын дугаартай KIA, Bongo III ачааны автомашин 3360 кг гэж мэдүүлсэн нь бодит байдалд 2000кг байгаа нь 209 тоот пүүний актаар тус тус тогтоогдсон буюу 5840 кг жинтэй барааг мэдүүлээгүй зөрчил илрүүлсэн, үүнд: том аягатай гоймон 400 хайрцаг /1 хайрцагт 12ш/ буюу 4800ш, жижиг аягатай гоймон 600 хайрцаг /1 хайрцагт 6ш/ буюу 3600ш, ууттай чанадаг гоймон 450 хайрцаг /1 хайрцагт 8 боодол, 1 боодолд 5ш/ буюу 18000ш, мөн автомашины хөдөлгүүр 5ш, хурдны хайрцаг 5ш, хүүхдийн цагаан сорочка цамц 3365 ширхгийг гаальд мэдүүлээгүй байсан нь тогтоогдсон.
1.2. Хүнсний бүтээгдэхүүн буюу гоймонг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн холбогдох заалтаар хорио цээрийн албаны хяналтад шилжүүлж, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч хураан авч шийдвэрлэсэн.
1.3. Хүүхдийн сорочка цамц, автомашины хурдны хайрцаг, хөдөлгүүрийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гаалийн 02-*******-24-139049 дугаартай мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийлгэж[1], 7,085,047.58 төгрөгийн гаалийн татвар ногдсоныг гомдол гаргагч Ц.Э мөн өдөр төлсөн,
1.4. Хариуцагч гаалийн улсын байцаагч нь ийнхүү гаалийн мэдүүлгээр хүүхдийн сорочка цамц, автомашины хурдны хайрцаг, хөдөлгүүрт бүрдүүлэлт хийж гаалийн татвар ногдуулсан мөн өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дугаартай шийтгэлийн хуудсаар “гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон” зөрчилд Ц.Эод Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтаар 7,085,047.58 төгрөгийн гаалийн татвар давхар ногдуулж, нөхөн төлүүлсэн татварын 50 хувьтай тэнцэх хэмжээний буюу 3,542,523.78 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ[2]. Зөрчилд холбогдогч буюу гомдол гаргагч Ц.Э нь торгуулийн 3,542,523.78 төгрөгийн төлбөрийг мөн өдөр төлсөн[3].
Хоёр. Зөрчлийн хэрэгт авагдсан болон захиргааны хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг хангаж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2.1. Хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэсэн байх бөгөөд энэ тохиолдолд дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдсон байх ёстой. Тухайлбал а/ зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй, б/ зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, в/ зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон байх учиртай.
Хариуцагч эдгээрээс аль үндэслэлийг нь уг зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болгосноо тайлбарлаагүй, нөгөөтээгүүр “мэдүүлсэн тээврийн хэрэгслийн жинг хэт өндөр мэдүүлсэн байх магадлалтай, рентген тоног төхөөрөмжөөр мэдүүлснээс өөр нэр төрлийн бараа байх магадлалтай” гэх эрсдэлд тооцсон үндэслэл нь, ийнхүү эрсдэлд тооцож гаалийн хяналт шалгалт хийсэн нь, зөрчилд холбогдогч нь мэдүүлэгч нь “барааг өөрийнх биш, тонн жингийн хувьд бүрдүүлэлт хийсэн ажилтан үнэн зөв мэдүүлээгүй” зэргээр маргаж буй энэ тохиолдолд зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон зэрэг аль ч үндэслэл бүрдээгүй байжээ.
Эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зөрчилд холбогдогчоос мэдүүлэг авсан, зөрчилд холбогдогч өгсөн мэдүүлэгтээ “БНСУ-аас бараа ачуулахдаа барааны талаар мэдээлэл өгөөгүй, чингэлгийн тээврийн зардлыг хариуцаж төлсөн учраас бараа нь миний нэр дээр илгээгдсэн байна, хэдэн хайрцаг, ямар бараа байгааг мэдээгүй, дагалдаж ирсэн бичиг баримтын дагуу мэдүүлсэн” гэсэн нь, мөн барааг гаальд мэдүүлэхээ илэрхийлсэн нь зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болохгүй.
Иймд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д нийцэхгүй байна.
2.2. Зөрчилд холбогдогч нь “БНСУ-аас бараа ачуулахдаа барааны талаар мэдээлэл өгөөгүй, хэдэн хайрцаг, ямар бараа байгааг мэдээгүй, дагалдаж ирсэн бичиг баримтын дагуу мэдүүлсэн” гэж, улмаар барааг гаальд мэдүүлэхээ илэрхийлж, 8 дугаар сарын 19-нд гаалийн 02-*******-24-139049 дугаартай мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийлгэж, 7,085,047.58 төгрөгийн гаалийн татвар ногдсоныг мөн өдөр төлсөн байхад “гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон” зөрчил үйлдсэн гэж үзэж мөн өдөр дугаартай шийтгэлийн хуудсаар 7,085,047.58 төгрөгийн гаалийн татвар давхар ногдуулж, нөхөн төлүүлсэн татварын 50 хувьтай тэнцэх хэмжээний буюу 3,542,523.78 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
2.3. Хариуцагч гаалийн улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.11-т заасан харьяаллаар Гаалийн тухай хууль зөрчсөн эсэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах ба энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх бол энэ нь хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд байх учиртай.
Гаалийн улсын байцаагч 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг зөрчилд холбогдогч Ц.Эод гардуулахдаа оногдуулж буй торгууль, нөхөн татварын дүнг бичээгүй /ягаан хувийг/ гардуулсан[4] нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ ... оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ ... талаар тусгана” гэж заасныг зөрчсөн байна. Хэдийгээр хариуцагчаас байгууллагын хуулбар үнэн дардастай ирүүлсэн зөрчлийн хэргийн материалд авагдсан 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудаст татвар, торгуулийн дүн бичигдсэн байх ч энэ нь ийнхүү татвар, торгуулийн дүн бичээгүй шийтгэлийн хуудас үйлдэж хувийг зөрчилд холбогдогчид гардуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг зөвтгөхгүй, энэ үндэслэлээрх гомдлыг няцаахгүй.
Иймд хуульд заасан журмын дагуу явагдаагүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон гэх үйлдлийг зөрчил гэж үзэж шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй.
2.4. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т ... хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно, 3.1 дүгээр зүйлийн 1-д зөрчилд ногдуулах шийтгэлийн зорилго нь зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээс гадна хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршино гэснээс үзэхэд гаалийн улсын байцаагч мэдүүлэгчийг барааг гаальд мэдүүлэхийг “гаалийн хяналт шалгалт нэгэнт эхэлсэн” гэх байдлаар хугацаагаар хязгаарласныг зөвтгөхөөргүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг хангаж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Гурав. Бусад үндэслэлийн хувьд.
3.1. Хилээр нэвтрүүлсэн барааг гаальд мэдүүлж, гаалийн татвар төлөх нь гаалийн харилцаанд оролцогчийн үүрэг бөгөөд хүүхдийн сорочка цамц, автомашины хурдны хайрцаг, хөдөлгүүрийн хувьд 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 02- *******-24-139049 дугаартай мэдүүлгээр үүсэж, төлөгдсөн 7,085,047.58 төгрөгийн гаалийн татварын ногдол шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосноор хасагдахгүй, өөрөөр хэлбэл төлөгдсөн татварыг буцаан гаргуулах, илүү төлөлтөд тооцох үндэслэл болохгүйг тайлбарлах нь зүйтэй.
3.2. Гомдол гаргагч хүүхдийн сорочка цамц, автомашины хурдны хайрцаг, хөдөлгүүрийг өөрийн бараа биш тул тэрээр мэдүүлэгч биш гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д "мэдүүлэгч" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг ойлгохоор заасан бөгөөд БНСУ-аас импортолсон дугаартай чингэлэг бүхий ачаа гомдол гаргагч Ц.Эын нэр дээр ирсэн, улмаар тэрээр нотариатаар гэрчлүүлсэн худалдах, худалдан авах гэрээ, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлүүдээр барааг захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлсэн байдаг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Ц.Эын гомдлын шаардлагыг хангаж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч Ц.Эоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай,
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасны дагуу шийтгэлийн хуудсаар ногдуулж төлүүлсэн 3,542,523 төгрөгийн торгуулийн төлбөрийг буцаан гаргуулж гомдол гаргагч Ц.Эод олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА