Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 303/ШШ2025/00147

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  ******* овогт *******гийн *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч С.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1974 онд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. 50 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Тухайн үед зах зээлийн шилжилтийн үе таарч Давшилт нэгдэл хувьцаат компани болж байгаа зэргээс шалтгаалан тухайн үеийн нэгдлийн хэсгийн дарга, тоо бүртгэгч, боловсон хүчний ажлын алдаанаас болж тушаал шийдвэрийн алдаа зөрүүтэй гарсан зэрэг зөрчил гарсан.

Иймд 1990 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1194 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоол, хавсралт, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1195 дугаар мал толлогын мэдээллийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13/104 тоот албан бичиг, хүсэлт гаргагч С.*******ийн ХААТР-1, 21 маягтын хуулбарууд, гэрч *******,******* нарын мэдүүлэг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч С.*******ийн 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн 18 дугаар хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч С.******* нь 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн 18 дугаар хэсэгт малчнаар ажиллаж байсан болох нь 1991 онд нотлох баримт гарсан талаарх Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1194 дүгээр лавлагаа, нэгдэлд гишүүнээр элсүүлэх тухай Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоол, хавсралт, ажилд томилсон тушаалыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******,******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Харин хүсэлт гаргагч С.*******ийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Иймд хүсэлт гаргагч С.*******ийн 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн 18 дугаар хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******гийн *******ийн 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн 18 дугаар хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА