Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/1060

 

2024         12          19                                   128/ШШ2024/1060    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С******* /РД:*******/,

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газар,

Маргааны төрөл: Албан тушаалын цалин бууруулсан сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргасан хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн хурандаа Б.*******, цагдаагийн дэд хурандаа Б.Г*******, цагдаагийн ахмад Э.Б******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг М.Дэлгэрмөрөн хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:   

1.1. Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар “сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах.  

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар цагдаагийн дэд хурандаа Н.Бийг “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргийг хангалтгүй биелүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэг, 24.4 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсгийг зөрчсөн” гэх үндэслэлээр Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь заалтаар сарын үндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:  “Н.Б би цагдаагийн байгууллагад 26 жил ажиллаж байгаа бөгөөд одоогоор Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргын албан тушаалд ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Н.Б надад албан тушаалын сарын үндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг үндэслэлгүй ногдуулж, уг тушаалыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн ба дээрх хууль бус, үндэслэлгүй тушаалыг эс зөвшөөрч дараах нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

1/ Цагдаагийн байгууллагад 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Д.Д******* гэх иргэнээс "Солонгос улсын иргэн гэрээсээ гарахгүй, хаалгаа нээхгүй байна" гэх дуудлага мэдээллийг ирүүлсэн ба үүний дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүн дуудлагын дагуу очиход Солонгос улсын иргэн нь амь насаа алдсан байдалтай байсан бөгөөд Н.Б миний бие тус хэргийн газрын үзлэгт Мөрдөн байцаах тасгийн даргын хувьд оролцож, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилласан.

Тухайн үед амь хохирогчийн хэн болохыг тогтоох зорилгоор түүний бичиг баримтад үзлэг хийж, уг бичиг баримтуудыг дуудлага өгсөн Д.Д******* болон амь хохирогчийн найз -д хүлээлгэн өгсөн. Дээрх мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан бичиг баримтад үзлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа юм.

Тухайн бичиг баримтуудыг хураан авах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд заасан “эд мөрийн баримтыг хураан авах ажиллагаа” биш ба уг бичиг баримтууд нь эд мөрийн баримтад хамаарахгүй юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно." гэж заасан байх бөгөөд амь хохирогчийн бичиг баримт нь гэмт хэргийг нотлох, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, тухайн хэргийг нотлоход ямар нэгэн байдлаар ач холбогдолтой баримт биш юм.

Дээрхээс үзвэл Н.Б намайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсгийг зөрчсөн гэж үзсэн нь илтэд үндэслэлгүй байна. Мөн тухайн бичиг баримтууд нь алга болоогүй, устаж үгүй болоогүй байх ба амь хохирогчийн ар гэрийн гишүүдэд хадгалаатай байгаа бөгөөд хэргийн оролцогч болон бусад этгээдэд ямар нэгэн байдлаар хохирол учраагүй байдаг.

Гэтэл Н.Б намайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.6 дах хэсэгт "эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч хууль зөрчиж оролцогчид хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах." гэж заасныг зөрчсөн гэх ба мөрдөгч хууль зөрчөөгүй, хэргийн оролцогчид хохирол учраагүй байхад уг заалтыг зөрчсөн гэж үзсэн нь огт үндэслэлгүй байна.

2/ Цагдаагийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн тусгай албан хаагч бөгөөд цагдаагийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах харилцааг Төрийн албаны тухай хууль болон нарийвчлан зохицуулсан Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулдаг. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт "Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл оногдуулна:" гэж заасан. Гэтэл Н.Б намайг Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн болон сахилгын дүрмийг зөрчөөгүй, зөрчсөн гэж үзээгүй байж зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж шийтгэл ногдуулсан нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих эрх бүхий этгээдүүд нь хуульд заасан арга хэмжээг авч зөрчлийг арилгадаг. Хэрэв хохирол учирсан бол хохирлыг барагдуулах журмыг хуулиар мөн тогтоосон байдаг. Гэтэл ямар нэгэн хохирол учраагүй, цаашлаад мөрдөгч хууль зөрчөөгүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

Мөн Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 5.1 дэх хэсэгт "Албан хаагч сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаанд сахилгын зөрчил дахин гаргасан, эсхүл зөрчлийн шинж байдал нь түүнд илүү хүнд шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд, эсхүл зөрчлийн шинж байдал нь төрийн албанаас халах үндэслэл болохооргүй байвал..." гэж цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулах үндсэн шинжийг журамласан байна.

Харин дээрхээс үзвэл Н.Б миний бие Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн болон сахилгын дүрмийг огт зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн ажил олгогчийн шийдвэр хууль бус, бусад этгээдэд хохирол хор уршиг учраагүй байхад надад сахилгын шийтгэл ногдуулсан нь төрийн албан хаагч иргэн миний эрхийг ноцтой зөрчиж байна.

Мөн надад шийтгэл ногдуулсан гэх Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай тушаалыг огт гардуулаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл уг тушаалыг хараагүй байна. Уг хууль бус тушаалыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны төв байгууллагад гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай албан бичгээр гомдлоо шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж байна гэх хариуг ирүүлсэн тул нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргаж байгаа болно.

Иймд Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгож, төрийн албан хаагч миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү..” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Маргаан бүхий захиргааны актад дурдагдаж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх заалт нь эд мөрийн баримтыг хураан авах ажиллагаа гэсэн бүлэгт байгаа. Амь хохирогчийн бичиг баримтад үзлэг хийж байгаа ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан баримт бичигт үзлэг хийх ажиллагаа буюу 2 тусдаа үзлэг юм. Үзлэг хийх бүлгийн хуулийн заалтыг харвал тухайн бичиг баримтад үзлэг хийж, дуу дүрсний бичлэгээр баталгаажуулж хүлээлгэж өгнө гэсэн заалт байгаа. Гэхдээ тухайн үед хууль ёсны төлөөлөгч байгаагүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Солонгост байсан учраас хэнд хүлээлгэж өгөх нь тодорхойгүй. Хуульд заасан тусдаа мөрдөн шалгах ажиллагааг хольж тушаалын үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна. Хэргийн газрын үзлэгийг н.А гэх мөрдөгч хийж, бичиг баримтыг баталгаажуулсан. Гэтэл н.А мөрдөгчид ямар нэг байдлаар сахилгын шийтгэл, зөрчилд тооцсон зүйл байхгүй.

Албаны шалгалтаар тогтоогдсон үйл баримтыг харахаар амь хохирогчийн хэн болохыг тогтоох зорилгоор шалгасан баримтуудыг амь хохирогчтой хамт ажилладаг анх дуудлага өгсөн МУ-ын иргэн, амь хохирогчийн найз БНСУ-ын иргэн 2-т хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон гэсэн үндэслэлийг Н.Бт сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд бичсэн байна. Сая хэлэхдээ мөрдөгчийн хийгдээгүй ажиллагаанд хяналт тавиагүй гээд тушаалд байхгүй өөр үндэслэл нэмж хэллээ.

Хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбараас үзэхэд амь хохирогчийн гар утас алдагдсан эсэхийг эрүүгийн хэрэгт шалгаж буй  асуудал нь Н.Бт сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болоогүй байна гэж ойлгож байгаа учраас тайлбар хэлэхгүйгээр орхиё. Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэг болон 24 дүгээр зүйлийн 6.7 дахь хэсгийг зөрчсөн гэж маргаж байгаа. Хуулийн 24 дүгээр зүйлийн 6.7 дахь хэсгийг заалт нь мөрдөгчийн чиг үүргийн талаар зохицуулсан байдаг бөгөөд захиргааны актад Н.Бийн чиг үүрэг биш зүйлийг бичиж зөрчсөн гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь хууль бус байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд заасан эд мөрийн баримт хураах болон бичиг баримтад үзлэг хийх ажиллагаанууд нь тусдаа ажиллагаа гэдгийг түрүүн хэлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримтыг үнэлэх нь мөрдөгчийн эрх үүрэг гэдгийг хэлсэн. Тухайн үед хэргийн газарт үзлэг хийж байсан мөрдөгчид тус нотлох баримтуудыг үнэлж, энэ нотлох баримтууд нь эд мөрийн баримт биш хураан авах шаардлагагүй гэж өөрийн итгэл үнэмшлээр үнэлсэн учраас хураан авалгүйгээр дуу дүрсний бичлэгээр баталгаажуулж хавтаст хэрэгт хавсаргаж, эрх бүхий этгээдүүдэд хүлээлгэж өгсөн. Уг ажиллагааг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгч н.А гэдэг хүн хийсэн. Мөрдөгч н.Аг ямар нэгэн байдлаар сахилгын дүрэм зөрчсөн гэж үзээгүй атлаа мөрдөн байцаах тасгийн дарга Н.Бийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсгийг зөрчсөн гэх мөрдөгчийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан. Тухайн алба хаагч хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдоогүй. н.Аг хууль зөрчсөн гэж сахилгын шийтгэл оногдуулсан талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй. Мөн н.С мөрдөгчийн мөрдөх үйл ажиллагааг хангалтгүй биелүүлсэн, Бийг түүний үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй гэсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан мөрдөгчид өгч байгаа зааварчилгаа, Мөрдөн байцаах тасгийн даргын зааварчилгаануудаас харахад энэ ажиллагаануудыг хангалттай хийсэн байна гэж үзсэн. Мөрдөн байцаах албаны дарга н.Э гэдэг хүний зааварчилгааг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр мөрдөгч н.Сд сахилгын шийтгэл оногдуулсан. Бичиг баримт хураасан асуудлаар ямар нэгэн зааварчилгаа огт байхгүй. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор хяналт тавьдаг. Прокурорын хяналт тавих хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явагдах ёстой. Гэтэл прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байна гэх ямар нэгэн тогтоол байхгүй. Хяналт тавих эрх бүхий этгээд нь тус зөрчлийг гаргасан гэж үзээгүй байхад цагдаагийн байгууллага энэ зөрчлийг гаргасан гэж үзэх ямар ч боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуульд заасан шийтгэлийг оногдуулдаг механизмтай гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд энэ хуулийг зөрчсөн мөрдөгч, прокурор, шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг арилгуулах талаар зохицуулсан бүтэн бүлэг байдаг бөгөөд үүний дагуу зохицуулагддаг харилцаа юм. Хэрвээ процессын хуулийг зөрчсөн бол энэ нь Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 45 бүлэгт заасны дагуу хохирлыг барагдуулдаг. Гэтэл Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар энэ хохирлыг барагдуулах ямар ч боломжгүй.

Тушаал гаргахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт энэ хуулийн 81.1, 81.2 дахь хэсэгт заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно гэж заасан. Мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт “Төрийн албаны тухай хууль болон энэ хууль, ёс зүй сахилгын дүрмийг зөрчсөн албан хаагч, эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан. Энэ хуулийн заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн бол сахилгын шийтгэл ногдуулна гэсэн нэг ч үг, үсэг байхгүй. Хуульч хуулийг үгчилж ойлгодог. Яагаад захиргааны акт хууль бус вэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тодорхой заана гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “албан тушаалын тодорхойлолтод заасныг зөрчсөн, албан үүргээ хангалттай биелүүлээгүй” гэж тайлбарласан. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт заасны дагуу албан тушаалын тодорхойлолтын ямар заалтыг хэрхэн зөрчсөн талаар тушаалд тоорхой заах ёстой. Ингэснээр захиргааны акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий захиргааны акт болно.

Түрүүн ярьсан тайлбараа нэгтгээд яривал прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасан алба хаагч н.Агийн үйлдэлд ямар нэгэн сахилгын шийтгэл оногдуулаагүй. Оногдуулаагүй учраас тухайн алба хаагчийг зөрчил үйлдсэн гэж үзэх боломжгүй. Зөрчил үйлдсэн гэж үзэх боломжгүй учраас тухайн алба хаагчийг мэргэжлийн арга зүйгээр хангах ёстой гэж үзэж байгаа мөрдөн байцаах албаны даргыг буруутгах ямар нэгэн нөхцөл байдал байхгүй. н.С гэдэг мөрдөгчид оногдуулсан сахилгын шийтгэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх заалтад огт хамааралгүй. Тухайн зааварчилгаанд ч эд мөрийн баримтыг хурааж авах ажиллагааны талаар огт дурдагдаагүй байсан.

Захиргааны акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой учраас Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Ийм учраас хүчингүй болгох үндэслэлтэй.” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.Бийн Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Д-гээс "БНСУ-ын иргэн өчигдөр гэртээ ороод одоо болтол гараагүй, хаалгаа нээхгүй байна." гэх дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн машинт эргүүлийн алба хаагчид дуудлага өгсөн газарт очиж, тухайн гадаадын иргэний оршин сууж буй орон сууцны тагтаар дамжин ороход шатнаас боомилсон байдалтай нас барсан хүн байгааг олж, жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг дуудсан. Хэргийн газарт жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ажиллах үед мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Б мэргэжлийн удирдлагаар хангаж ажилласан байдаг.

Тухайн гадаадын иргэн нас барсан асуудалд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан бөгөөд тухайн хэргийн оролцогч буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай явагдаж байгаа, мөн хэргийн газарт ажилласан болон хэргийг шалгаж байгаа цагдаагийн алба хаагчид мэргэжлийн алдаа болон хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгаж өгөх тухай хүсэлтийг гаргаж, "хэргийн газарт ажилласан алба хаагчид ажилдаа хариуцлагагүй хандсанаас амь хохирогчийн гар утас, гэрийн цахим карт зэрэг зүйлс одоог хүртэл олдоогүй, амь хохирогчийн гадаад паспорт, Монгол Улсад түр оршин суух үнэмлэх, жолооны үнэмлэх гэх мэт бичиг баримтуудыг амь хохирогчийн ар гэр, хууль ёсны төлөөлөгчид бус хөндлөнгийн, хэрэгт сэжиглэгдэн шалгагдвал зохих этгээдэд өгсөн, хэргийг шуурхай бүрэн дүүрэн шалгахгүй байна..." зэрэг үйл баримтыг гомдолдоо дурдсан байдаг.

Тухайн гомдлын асуудлаар Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас албаны шалгалтыг явуулахад гомдол гаргагч иргэний дурдсан асуудлууд үндэслэлтэй байсан ба нэхэмжлэгч нь хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь тогтоогдсон тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2-т заасан албан тушаалын сарын үндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд нэмж гаргасан тайлбартаа: “Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулсан. Хэргийн газрын үзлэгээр байсан утаснаас гадна өөр утас байсан. Цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөс хойш тухайн утас алга болсон гэж үзсэн. Учир нь амь хохирогч нас барахаасаа өмнө Монгол Улсад ийм байдлаар хууль бус үйл ажиллагаанд холбогдсон гэх мэтчилэн гэр лүүгээ залгаж ярьсан. Улмаар хэд хоногийн дараа амь хохирогч нас барсан байдалтай олдсон. Хохирогчийн ар гэр, хууль ёсны төлөөлөгч нар нь бидэн рүү утсаар ярьсан гэж мэдүүлгээ өгсөн. Утсаар ярьсан цагаас хойших гэрийн гадаа байгаа камерыг шүүхэд хүн орж гарсан зүйл байгаагүй. Тэгэхээр амь хохирогч өөр утсаар гэрийнхэнтэйгээ ярьсан болж таарсан. Мөн өөр утас байсан нь тогтоогдсон бөгөөд тэнд ажиллаж байсан хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болсон гэж үзээд шалгаж байгаа. Гадаад паспорт, жолооны үнэмлэх зэргийг хууль ёсны төлөөлөгчид биш хөндлөнгийн этгээдэд хүлээлгэж өгсөн гэж буруутгаж байгаа сахилгын шийтгэл оногдуулсан нэг үндэслэл нь энэ мөн.

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгч бөгөөд тус эрүүгийн хэргийг шалгах чиг үүрэг бүхий этгээд байсан. Хэргийн явц удаашралтай байгаатай холбогдуулж 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дугаартай 10 үүрэг бүхий зааварчилгаа өгөөд холбогдох ажиллагааг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гүйцэтгэхийг даалгасан боловч тухайн хугацаанд ажиллагааг хийж үр дүнг танилцуулаагүй. Зааварчилгаагаар өгсөн үүргийг биелүүлээгүйгээс нэг камерын бичлэг устсан байсан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас алба хаагчдаа хяналт шалгалт явуулж 10 заалт бүхий зааварчилгаа даалгаврыг биелүүлээгүй нь тогтоогдож байна гэж үзээд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс тухайн алба хаагчдаа арга хэмжээ авсан.

Эрүүгийн хууль тогтоомжид заасан хэм хэмжээг баримталж ажиллах чиг үүрэгтэй. Албан тушаалын тодорхойлолтод заагдсан. Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэмд албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, зорилгыг хангалтгүй биелүүлсэн, зөрчсөн бол сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно гэж заасан. Гэтэл тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль заасны дагуу явуулна гэж заасан.

Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь заалтаар дэд даргад сахилгын шийтгэл ногдуулах эрх шилжүүлсэн. Албаны дарга гэдэг нь мөрдөн байцаах нэгжийн дарга гэсэн үг. Алба, газар, хэлтэс, тасаг нэгж дээрээ бол мөрдөн байцаах албаны дарга гэсэн үг.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны албан бичиг байгаа. Тус алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, шалгах, илрүүлэх, улсын хэмжээнд нэгтгэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэгтэй. Мөрдөн байцаах албанаас “хэргийг удаан шалгаж байна, үүнтэй холбоотой зааварчилгааг биелүүлж ирүүлээгүй” гэсэн албан бичиг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт хүргүүлсэн. Үүнийг хүлээн авч дотооддоо албаны шалгалт хийж мөрдөгч н.С гэх алба хаагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдсон. Түүнээс биш прокуророос даалгавар, албан шаардлага ирүүлсэн зүйл байхгүй.

Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулах болсон үндэслэл нь “мөрдөн байцаах албанаас өгсөн зааварчилгааг биелүүлж холбогдох ажиллагаа хийгээгүй, заасан хугацаанд хариу өгөөгүй мөрдөгчийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаагүй, мөрдөгчийн өдөр тутмын үйл ажиллагаанд   хяналт тавих ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэсэн үндэслэлээр оногдуулсан.

Эрүүгийн хэрэг мөрдөх процессын зөрчил гаргасан тохиолдолд үүнийг сахилгын шийтгэлд тооцдог. Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэмд цагдаагийн алба хаагчийн сахилга гэж Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн актууд нь байгууллагын дотоод журам, цагдаагийн алба хаагчийн хүлээсэн үүргийг чандлан биелүүлэхийг хэлнэ гэж заасан. Сахилгын зөрчил, процессын зөрчил гэж тусдаа биш. Процессыг зөрчсөн бол сахилгын зөрчилд тооцогдоно. Процессын зөрчил гаргасан тохиолдолд прокуророос даалгавар өгдөг. Үүний дагуу шалгаж ажил олгогчоос сахилгын шийтгэл оногдуулдаг. Таны асуусан зүйлийн тухайд цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Мөрдөн шалгах ажиллагааг мөрдөн байцаах албаны дарга шалгадаг. Харин мөрдөн байцаах албаны даргыг Цагдаагийн ерөнхий газрын дарга мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг. Тогтолцоотой холбоотойгоор процессын зөрчил, сахилгын зөрчил шалгах эрх хэмжээ холилддог зүйл бий. Процессын зөрчил гаргасан тохиолдолд авах арга хэмжээ нь сахилгын шийтгэл байдаг.

Эд мөрийн баримт хураан авах ажиллагааг зөрчсөн нь хамааралгүй гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх зарчмыг шаарддаг. Хэргийн газрын үзлэгээр бичиг баримтыг хууль ёсны төлөөлөгч биш гэрч болох хүнд шилжүүлж байгаа, гар утас алга болсон үйлдэл нь хууль ёсны байх зарчмыг хангаагүй. Мөрдөгч, мөрдөн байцаах тасгийн дарга хоёр төрийн алба хаагч мөн үү гэвэл мөн. Төрийн албаны тухай хуульд зааснаар энэхүү хоёр субъект нь төрийн тусгай алба хаагч болно. Тухайн хүн нь төрийн алба хаагч нөгөө талаараа цагдаагийн алба хаагч юм. Нэг байгууллагад ажиллаж байгаа цагдаагийн цолтой алба хаагчийг цагдаагийн алба хаагчид хариуцлага тооцохдоо салбар хуульд заасан сахилгын сануулгаас эхлээд цагдаагийн албанд хүртэл нэг жилээр эргэж орохгүйгээр халах зэрэг 5 төрлийн сахилгын шийтгэл оногдуулдаг механизмаар сахилгын шийтгэл оногдуулсан. Агуулгын хувьд авч үзэхээр мөрдөн байцаах тасгийн дарга буюу Н.Б дэд хурандаа нь хэргийн газрын үзлэгт оролцсон уу гэвэл оролцсон. Тухайн нэгж дээр шалгагдсан уу гэвэл шалгагдсан. Энэ бүх үйл ажиллагааны явцад мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах, түүнд хяналт тавих үүрэг нь албан тушаалын тодорхойлолтод заагдсан байхад тухайн үүргээ биелүүлэхгүйгээс 2, 3 асуудал үүссэн. Хэрвээ энэ үүргээ тухайн үед биелүүлсэн бол цагдаагийн байгууллагад 3,4 төрлийн гомдол иргэнээс ирэхгүй байсан гэдгийг дүгнэж хэлмээр байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийг “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргийг хангалтгүй биелүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэг, 24.4 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсгийг зөрчсөн” гэх үндэслэлээр Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь заалтаар сарын үндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

1. Хэрэгт авагдсан албаны шалгалтын материалаас үзвэл маргаанд хамаарах үйл баримтын хувьд.

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ирсэн дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн машинт эргүүлийн алба хаагчид дуудлага өгсөн газарт очиж, тухайн гадаадын иргэн боомилсон байдалтай нас барсан байгааг олж, жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн дуудсан, хэргийн газарт ажилласан жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Б мэргэжлийн удирдлагаар хангаж ажилласан, тухайн гадаадын иргэн нас барсан асуудалд Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны талаар "хэргийн газарт ажилласан алба хаагчид ажилдаа хариуцлагагүй хандсанаас амь хохирогчийн гар утас, гэрийн цахим карт зэрэг зүйлс одоог хүртэл олдоогүй, амь хохирогчийн гадаад паспорт, Монгол Улсад түр оршин суух үнэмлэх, жолооны үнэмлэх гэх мэт бичиг баримтуудыг амь хохирогчийн ар гэр, хууль ёсны төлөөлөгчид бус хөндлөнгийн, хэрэгт сэжиглэгдэн шалгагдвал зохих этгээдэд өгсөн, хэргийг шуурхай бүрэн дүүрэн шалгахгүй байна." гэж гомдол гаргасан.

Эрүүгийн хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааны зааварчилгааг Дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөгчид өгч, мөрдөгч тасгийн даргад 1 дүгээр сарын 16-ны өдөр хийгдсэн ажиллагааг илтгэх хуудсаар танилцуулсан, мөн мөрдөн шалгах ажиллагааны зааварчилгааг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дүүргийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт өгч, 01 дүгээр сарын 30-ны дотор үр дүнг танилцуулахыг даалгасан.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2024 оны 04 дүгээр сарын 10-ны тоот албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газар “нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.С Мөрдөн байцаах албаны зааварчилгааны биелэлт үр дүнг цаг хугацаанд танилцуулаагүй” гэх асуудалд 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлоор Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газар “Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчид хэрэг шалгах явцад хууль зөрчсөн” гэх асуудалд 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тус тус албаны шалгалт явуулсан.

2. Нэхэмжлэгчид хамаатуулан шалгасан Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын албаны шалгалтаар “Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйл “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын эрх хэмжээ”-ийн 1.6 дахь хэсэг “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч хууль зөрчиж оролцогчид хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах”, 24.4 дүгээр зүйл “эд мөрийн баримт хураан авах”-ийн 6 дахь “Баримт бичгийг эхээр нь, шаардлагатай бол хууль ёсны эзэмшигчид эхийг нь буцаан олгож, хуулбарыг хэрэгт хавсарган тэмдэглэлд тусгана.”, 7 дахь “Хураан авсан эд мөрийн баримтын жагсаалт, тэмдэглэлийг эд зүйл, баримт бичгээ хураалгасан болон тухайн ажиллагаанд байлцсан хүнээр гарын үсэг зуруулж, хувийг эд зүйлийн эзэмшигч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид даруй гардуулна.” гэсэн заалтуудыг зөрчсөн” хэмээн Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2.4 дахь заалтаар цалин бууруулах сахилгын шийтгэл оногдуулах санал оруулж, маргаан бүхий тушаалаар уг саналын дагуу шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл албаны шалгалтаар Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Бийг хэргийн газрын үзлэгийн явцад амь хохирогчийн хэн болохыг тогтоох зорилгоор шалгасан паспорт, Монгол улсад оршин суух үнэмлэх, жолооны үнэмлэх бичиг баримтыг хамт ажилладаг гэх, анх дуудлага өгсөн иргэн Д.Д*******, амь хохирогчийн найз гэх БНСУ-ын иргэн нарт хүлээлгэн өгснийг тогтоож, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн эд мөрийн баримт хураан авах, хууль ёсны төлөөлөгчид гардуулан өгөх ажиллагааны журмыг буюу эрүүгийн хэрэг  мөрдөх ажиллагааны процессын журмыг зөрчсөн гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулахаар санал оруулсан, энэ саналаар нь сахилгын шийтгэлийг ногдуулсан.

3. Хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д зааснаар цагдаагийн мөрдөн байцаах байгууллагын алба хаагч нь төрийн тусгай албан хаагч бөгөөд түүний эрх зүйн байдлыг 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулна.

Цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг зохицуулах Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн албан хаагчийн баримтлах сахилга, ёс зүйн хэм хэмжээ, хүлээлгэх хариуцлагын асуудлыг нарийвчлан зохицуулсан. Өөрөөр хэлбэл хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, журмыг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгээр зохицуулах бөгөөд ийнхүү Цагдаагийн албаны тухай хуульд “өөрөөр заасан” тул цагдаагийн албан хаагчид сахилгын шийтгэл хүлээлгэх харилцаанд Цагдаагийн албаны тухай хуулийн нарийвчилсан зохицуулалт үйлчилнэ.

Тодруулбал, цагдаагийн албан хаагчийн сахилгын зөрчилд юуг тооцох, ямар эрх зүйн хэм хэмжээг зөрчсөнийг сахилгын зөрчил гэж үзэх, ямар шийтгэл хүлээлгэхийг Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана”, 81.2-т “ёс зүй, сахилгын дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална”, 81.3-т “дээр заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно”,  81.4-т “Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулна” хэмээн, мөн сахилгын шийтгэлийн төрлийг тухайлан заасан.

Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзвэл цагдаагийн албан хаагчид сахилгын шийтгэл хүлээлгэх зөрчилд тухайн байгууллагын албан хаагчийн сахилгын болон ёс зүйн дүрмийн зөрчил л хамаарна. 

Гэтэл хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, сахилгын дүрэм зөрчсөн болохыг тогтоогоогүй, ёс зүй, сахилгын зөрчилд энэ сахилгын шийтгэлийг ногдуулаагүй.

4. Харин албаны шалгалтаар тогтоогдсон гэх эрүүгийн хэрэг мөрдөх ажиллагааны процессын зөрчилд холбогдуулж сахилгын шийтгэл ногдуулсан байх тул шүүх хууль хэрэглээний хувьд алдаатай гэж үзлээ. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг мөрдөх ажиллагааны зөрчлийг сахилгын зөрчилд тооцож, эрүүгийн хэрэг мөрдөх процесс ажиллагааг зохицуулаагүй Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.

Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар мөрдөн байцаах албаны нэгжийн дарга албан тушаал хашиж буй нэхэмжлэгчийг цагдаагийн албан хаагчийн ёс зүйн болоод сахилгын дүрмийг бус “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргийг хангалтгүй биелүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэг, 24.4 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсгийг зөрчсөн” гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан. Тушаалын үндэслэлүүдээр дүгнэвэл,

4.1. Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн тухайд. Нэхэмжлэгчийг ... мөрдөн байцаах албаны нэгжийн даргын “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн” хэмээн буруутгасан авч тухайн албан тушаалын тодорхойлолтын 4 зорилтын 12 чиг үүргийн чухам алийг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэнийг тушаалд /заалт болон агуулгаар аль ч хэлбэрээр/ заагаагүй тул сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

4.2. “Гадаадын иргэн нас барсан” эрүүгийн хэрэгт хэргийн газрын үзлэг хийсэн алба хаагчид хэргийн газрыг хамгаалалтад авах үүргээ хангалгүй хэрэгжүүлсэн, мөрдөх ажиллагаа явуулж буй мөрдөгч нь Мөрдөн байцаах албанаас зааварчилгаагаар өгсөн хэрэгт шалгавал зохих ажиллагааг хугацаанд нь хийж биелэлтийг илтгээгүйд мөрдөн байцаах албаны нэгжийн дарга буюу нэхэмжлэгч “тэдгээр алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаагүй, өдөр тутам хяналт тавих чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн” хэмээн хариуцагч тайлбарладаг ч тушаалын үндэслэлд ч дурдаагүй, мөн албаны шалгалтын дүгнэлт болон санал хэсэгт тусгагдаагүй энэ үндэслэлийг “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлд хамаатуулах боломжгүй. 

4.3. Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх харилцааг буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессыг зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг, тухайлбал 6.3 дугаар зүйлийн 1.6 “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөгч хууль зөрчиж оролцогчид хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй.”, 24.4 дүгээр зүйлийн 6, 7 дахь “Баримт бичгийг эхээр нь, шаардлагатай бол хууль ёсны эзэмшигчид эхийг нь буцаан олгож, хуулбарыг хэрэгт хавсарган тэмдэглэлд тусгана. Хураан авсан эд мөрийн баримтын жагсаалт, тэмдэглэлийг эд зүйл, баримт бичгээ хураалгасан болон тухайн ажиллагаанд байлцсан хүнээр гарын үсэг зуруулж, хувийг эд зүйлийн эзэмшигч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид даруй гардуулна.” гэсэн журмыг зөрчсөн эсэх асуудал нь эрүүгийн хэрэг мөрдөх ажиллагааны процессын зөрчилд хамаарах эсэх асуудал болохоос албан хаагчид сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохгүй, ёс зүй, сахилгын зөрчил биш.  

4.4. Эрүүгийн хэрэг мөрдөх ажиллагаанд процессын хууль зөрчсөн эсэх нь тушаалд баримталсан Цагдаагийн албаны тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн гэх” цагдаагийн алба хаагчид сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлд мөн хамаарахгүй.

4.5. Тушаалын 2 дахь заалтаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 81.4.1, 81.4.2, 81.4.3, 81.4.4, 81.4.5-д заасан шийтгэл хүлээсэн алба хаагч тогтоосон хугацаанд хувийн зардлаар ёс зүйн сургалтад хамрагдах үүрэгтэй” гэж заасанчлан нэхэмжлэгчийг “ёс зүйн сургалтад хамруулах”-ыг үүрэг болгосон байх бөгөөд ёс зүйн сургалтад эрүүгийн мөрдөх ажиллагааны процессын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөх ажиллагааны процессын журмыг заахгүй нь процессын зөрчлийг сахилгын зөрчил гэж үзэж сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай шийдвэр болсныг илтгэж байна.

5. Албаны шалгалтаар тогтоогдсон гэх сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, сахилгын шийтгэлийн төрлийн талаар танилцуулж, сонсох ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын 10, 20-ны өдрүүдэд хийж тэмдэглэл үйлдсэн, тэрээр гарын үсэг зурахаас татгалзсан талаар, авч байгаа арга хэмжээтэй санал нийлэхгүй байгааг тэмдэглэсэн байх тул хариуцагч шийдвэр гаргах ажиллагааны энэ журмыг зөрчөөгүй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр эрүүгийн хэрэг мөрдөх ажиллагааны процесс зөрчсөн эсэх асуудлыг сахилгын зөрчилд хамаатуулж сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул хууль хэрэглээний хувьд алдаатай уг шийдвэрийн улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрхийг сэргээж тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 48 дугаар зүйлийн 48.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2024 оны 06 дугаар  сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хариуцагч нь хүчингүй болсон тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийн дагуу цалингаас суутгасан зөрүүг нөхөж олгох үүрэгтэйг тайлбарласугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ХАЛИУНА