Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02377

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02377

 

 

Х.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02998 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Э хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Э, Д.Хүдэр нар нь Г.Ариунжаргалд 31,200,000 төгрөг төлөхөөр болсон. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Х.Эод мэдэгдлийг өгсөн. Уг мэдэгдэлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан төлбөр төлөгч Д.Хүдэр, Х.Э нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201007919 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байр, 119 тот 30 м.кв 2 өрөө орон сууцыг 80,002,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн. Харин төлбөр төлөгчийн зүгээс Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээг хэд хэдэн шалтгааны улмаас зөвшөөрөхгүй байна. Орон сууцыг үнэлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэн байрны хуучин хэмжээ болох 30 м.кв-р үнэлсэн, Монгол улсад орон сууцны талбайн хэмжээг тооцохтой холбоотой Стандарчилал, Хэмжилзүйн Үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 дугаартай стандарт мөрдөгдөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл 2009 оноос өмнө хуучны орон сууцны талбайг хэмжихэд тагт, харанхуй өрөө, хонгилын талбай ордоггүй ба шинэ MNS 6058:2009 дугаартай стандартын дагуу ариун цэврийн өрөө, тагт, зэргийг сууцны ашиглалтын талбайд оруулж тооцох 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ нь доод талдаа 60 м.кв болно. Хөрөнгийг үнэлэхдээ шинжлэх ухааны үндэслэл бүхий арга хэрэглээгүй, зах зээлийн судалгааг бүрэн гүйцэт хийгээгүй, Хөрөнгийн үнэлгээний тайланг харахад шинжлэх ухааны үндэслэл бүхий арга аргачлал хэрэглэсэн юм шиг маш олон өгүүлбэр бичжээ. Тухайлбал: зах зээлийн, орлогын, өртгийн гэх мэт үнэлгээний хандлагыг ашигласан, хөрөнгийн үнэлгээний өртгийн жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан хэрэглэсэн, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт аргачлалд нийцүүлсэн. Харин бодит байдал дээрээ үнэгүй цэг.мн гэсэн сайтаас гурван зар оруулаад дундаж үнээр нь тооцож хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж, үнэгүйдүүлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрээр Д.Хүдэр, Ш.Булганмаа, Х.Э нараас 31.200.000 төгрөгийг гаргуулж Г.Ариунжаргалд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Хүдэр, Ш.Булганмаа, Х.Э нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201007919 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 119 тоотод байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг төлбөр төлөгч Д.Хүдэр, Ш.Булганмаа, Х.Э нар харилцан тохиролцож үнийн санал өгөх тухай 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 4-130/27849 тоот мэдэгдлийг гардуулан өгөхөд үнийн санал өгөөгүй, төлбөр авагч хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг тус тус үндэслэн Хөрөнгө Эстимейнт" ХХК-ийг хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ тогтоолгоход 80.002.000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Д.Хүдэр, Ш.Булганмаа, Х.Э нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар үнэлэгдсэн үнэлгээний талаарх мэдэдлийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 4-130/29667 тоот албан бичгээр мэдэгдэж гарын үсэг зуруулан тэмдэглэлээр баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ үндэслэл бүхий тул нэхэмжлэгч Х.Эын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2020 оны 08-р сарын 19-ний өдрийн 01/56 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай Х.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК-ийг 2 өрөө орон сууцны талбайн хэмжээг MNS 6058:2009 дугаартай стандартын дагуу тогтоосон гэж үзсэн. Бодит байдал дээр Хөрөнгө эстимэйт ХХКомпани тайлан гаргахдаа 2 өрөө байранд ямарч хэмжилт хийгээгүй, ММ8 6058:2009 дугаартай стандартын дагуу орон сууцны талбайн хэмжээг тогтоох эрх бүхий байгууллага биш болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогддог. Мөн хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХКомпанийн үнэлгээчин гэх Б.Батзаяа нь шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ би зөвхөн зураг авахад, материал олж өгөхөд нь оролцсон бусад ажилд нь оролцоогүй учир нь тэр үед би тусгай зөвшөөрлөө аваагүй байсан, мөн манай компани үнэлгээ хийдэг болохоос талбайн хэмжилт хийх эрх бүхий этгээд биш гэдгээ хэлсэн. Энэ талаар нэхэмжлэгч талын зүгээс үл хөдлөх хөрөнгийн хувьд талбайн хэмжээг эрх бүхий байгууллагаар тогтоолгох нь зах зээлийн үнийг тогтооход чухал ач холбогдолтой талаар шүүх хуралдааны явцад удаа дараа хэлсэн боловч огт авч хэлэлцээгүй. Тиймээс 2 өрөө орон сууцны зах зээлийн үнийг үнэн зөв, бодитой тогтоохын тулд эрх бүхий этгээдээр талбайн хэмжилт хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий хэд хэдэн хүсэлт гаргасан боловч хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан. Маргаж буй иргэний хэрэгт Хөрөнгө эстимэйт ХХК-ний захирал, хөрөнгийн үнэлгээний мэргэшсэн үнэлгээчин үнэлгээчин Э.Эрдэнэбаярыг гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан шинжээчийнх нь хувиар оролцуулах, маргаж буй иргэний хэрэгт төлбөр авагч Ууш овогт Галбатын Ариунжаргалыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтүүдийг гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах, мөн талуудын мэтгэлцэх боломжийг бүрдүүлэхэд зайдшгүй шаардлагатай гэж үзэж байна. Дээрхи нөхцөл байдлыг харгалзан үзэж 02998 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 02716 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 13-ны өдрийн 2084 дугаар магадлалаар хариуцагч Х.Э, Д.Хүдэр, Ш.Булганмаа нараас 31 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ариунжаргалд олгохоор шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэр заавал биелэгдэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт заалт хэрэгжээгүй байна.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ.

Төлбөр төлөгч нь 2020 оны 8 сарын 06-ны өдөр төлбөрт хураагдсан эд хөрөнгийн талаарх үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч 2020 оны 8 сарын 12-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул хариуцагч НШШГГ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасны дагуу 2020 оны 8 сарын 14-ний өдрийн 8/363 дугаар тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 119 тоот орон сууцыг 80 002 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх74-90/

Хариуцагч байгууллага хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн хийсэн 2020 оны 8 сарын 19-ний өдрийн үнэлгээг төлбөр төлөгчид 2020 оны 8 сарын 20-ны өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгч 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна. /хх1-2, 95/

Хэргийн 74-90 дугаар талд авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн аргаар тус тус үнэлж, эдгээрээс зах зээлийн харьцуулалтын аргыг сонгон хэрэглэж Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороололд байрлах гурван үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг Хөрөнгө-Эстимэйт ХХК нь 80 002 000 төгрөг гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин нь тухайн орон сууцны үнэ цэнийг 80 002 000 төгрөгөөр тогтоохдоо 56 м.кв талбайгаар тооцон, худалдан борлуулахаар нийтэд зарласан үл хөдлөх хөрөнгө, түүний зах зээлийн үнэтэй харьцуулж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь албадан дуудлага худалдаагаар худалдах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч ...Орон сууцыг үнэлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэн байрны хуучин хэмжээ болох 30 м.кв-р үнэлсэн ... гэх гомдол гаргасан хэдий ч шинжээч тухайн үл хөдлөх хөрөнгийг 56 м.кв хэмжээтэй гэж тооцсон, ижил төстэй 56-58 м.кв талбай бүхий орон сууцнуудтай харьцуулж дээрх үнэлгээг тогтоосон болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлан, гэрч Б.Батзаяагийн мэдүүлэг зэргээр нотлогдсон тул түүний энэ талаарх тайлбар, гомдол үндэслэлгүй. Түүнчлэн, тэрээр үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна. /хх74-97, 120-121/

Иймд, хариуцагч НШШГГ албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг болон төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж, тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, шинжээч болон гуравдагч этгээдийг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02998 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Б.НАРМАНДАХ