| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00032/И |
| Дугаар | 303/ШШ2025/00149 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 303/ШШ2025/00149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* овогт *******ийн *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Р.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн даргын 50 дугаар тушаалаар тус малчнаар анх ажилд орж тасралтгүй ажиллаж байгаад цэргийн алба хаах болсон тул 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус нэгдлийн даргын 33 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн болно. 1988 оны 10 дугаар сараас цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар 13-ны өдөр цэргийн албанаас халагдсан. 1990 оны 11 дугаар сарын 29-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн даргын 32 тоот тушаалаар тус малчнаар дахин ажилд орж тасралтгүй ажиллаж байгаад нэгдлийн үйл ажиллагаа зогссон тул 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус нэгдлийн даргын 13 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн болно. Өндөр настны тэтгэвэрт гарах болсонтой холбогдуулан өөрийн баримтаа нийгмийн даатгалын байгууллагад хянуулахад нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр багийн даргын буруутай байдлаас үрэгдсэн байдал нь зөрчилтэй байна гэсэн.
Иймд 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс, 1988 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэл, 1990 оны 11 дугаар сарын 29-ны өдрөөс, 1992 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-өндөр сумын Хөгжлийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 33 болон 1990 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 32, 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар тушаалууд, тэдгээрийн хавсралтууд, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 376 дугаартай хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 13/138 тоот албан бичиг, хүсэлт гаргагч *******ын ХААТР-1, 21 маягтын хуулбарууд, гэрч *******гийн мэдүүлэг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Р.*******ийн 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч Р.******* нь 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь малчнаар ажилд томилсон талаарх Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаар тушаал, цэргийн албанд татагдсан тул ажлаас чөлөөлсөн тухай, цэргээс халагдаж ирсэн тул ажилд томилсон тухай, малчнаар томилсон тухай, компанийн үйл ажиллагаа зогссон тул ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 33 болон 1990 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 32, 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар тушаалууд, тэдгээрийн хавсралтууд, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч Р.*******ид 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын маягтын 46 дугаар бүртгэлд: овог, нэр- ******* овогтой *******, ажилладаг байгууллага- Хөгжлийн зам нэгдэл, эрхэлдэг ажил-ямаачин, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум-Баян-Өндөр гэж тэмдэглэжээ.
Иймд хүсэлт гаргагч Р.*******ийн 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Р.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******ийн *******ийн 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Р.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА