Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 319/ШШ2025/00071

 

 

 

 

 

   2025          02            13                                        319/ШШ2025/00071

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суух, ******* овогт******* *******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны  01 дүгээр сарын 22-ны өдөр ******* индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* миний бие 1964 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт******* 3 дахь хүү болон төрсөн. Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуульд 1972 онд элсэн орж суралцаад 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 8 дугаар ангиа төгсөөд Төв аймгийн Угтаал цайдамд байх техник мэргэжлийн сургуульд элсэн орж 1982 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төгсөөд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд тракторчоор орж ажиллаж байгаад 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж 1986 онд цэргийн албанаас халагдсан. Цэргээс халагдаж ирээд Баясгалант амьдрал нэгдлийн үйлдвэр бригадад ажиллаж байгаад 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тракторчоор ажиллаж эхэлсэн 1988 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс тракторчийн үүрэгт ажлаас чөлөөлж, ногоочноор ажиллаж эхэлсэн. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч 1988 оны 04 сараас хойших архивын материал олдохгүй учраас ажиллаж байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд Д.******* миний Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд ногоочноор 1988 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2. Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:

2.1.Хүсэлт гаргагч Д.*******оос иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаа, нэгдлийн даргын тушаалуудын хуулбарууд, мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цэргийн алба хаасан лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, слесарийн мэргэжлийн зэрэг олгосон үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Б.Сарантуяа, ******* нарын тодорхойлолт зэрэг нотлох баримтыг гаргаж өгч,

2.2. Шүүхээс Ховд аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, гэрч Б.Сарантуяа, ******* нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримуудыг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Хүсэлт гаргагч Д.******* нь 1988 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны үед хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагыг тодруулж, 1988 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн.

4. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан дараах нотлох баримтыг үнэлж, хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаар тушаалаар Д.*******ийг туслах үйлдвэрийн бригадад  ажиллуулахаа томилж, нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар Д.*******ийг тракторчоор томилсон байна.

Мөн нэгдлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 41 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар Д.*******ийг тракторчийн  үүрэгт ажлаас чөлөөлж, 1988 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн ногоочноор томилон ажиллуулжээ.

Хүсэлт гаргагч Д.*******ид Төв аймгийн Угтаал дахь техник мэргэжлийн сургуулиас 19982 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нээж, олгосон 011687 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 6-8 дахь хуудас, ажлын тухай мэдээлэл хэсэгт  “1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тракторчийн үүрэгт ажлаас чөлөөлж ногоочноор томилов” гэж бичигджээ.

Ховд аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор нэгдлийн татан буугдаж, Баясгалант амьдрал ХК байгуулагдсан байна.

Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар Д.******* нь 1990-2000 оныг дуустал ажилласан жилээ нөхөн тооцуулжээ.  

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29/96 дугаар албан бичгээр ирүүлсэн Д.*******ийн ХААТР 15/а/ маягтад “ажилладаг байгууллага “Баясгалант амьдрал нэгдэл”, эрхэлдэг ажил “ногоочин”, ХААТР 1/а/ маягтад ажилладаг байгууллага “Баясгалант амьдрал нэгдэл”, ажилд орсон он 1982, эрхэлдэг ажил “ногоочин”, эрхэлж эхэлсэн он 1987” гэж бичигдсэн байна.

Гэрч *******ийн “...Д.******* нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Өөшний ангис хэмээх газарт ногоочноор 1988-1990 оныг дуустал ажилласан. Ажиллах хугацаандаа сумын аварга ногоочин болж байсан. Манай сумын тэргүүний тариаланч байсан. Би тэр үед агрономичоор ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч *******гийн “...Д.******* нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Өөшний ангис хэмээх газарт ногоочноор 1988-1990 оныг дуустал ажилласан. Тухайн үед нэгдлийн даргаар Ү.Цэдэнбал ажиллаж байсан. Би тухайн цаг үед нэгдлийн нярваар ажиллаж байсан учир Д.*******ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. Тэрээр ажил хөдөлмөртөө сайн хүн байсан...” гэх гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл хүсэлт гаргагч Д.******* нь 1988 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд ногоочноор ажиллаж байсан нь нотлогдож байна.

5. Гэрч *******, ******* нарын “нэгдэлд ногоочноор ажиллаж байсан” гэсэн мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдсон тул гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. 

6. Шүүх хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, хүсэлт гаргагч Д.*******ийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1988 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 119 дүгээр зүйлийн 119.1-119.4 дэх хэсэг, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад зааснаар ******* овогт******* *******ийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1988 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ө.БАХЫТБЕК