Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 319/ШШ2025/00081

 

 

 

 

 

   2025           02           18                                        319/ШШ2025/00081

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* индекстэй иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнсарнай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.******* нь 1984 оны 06 дугаар сард Мянгад сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд ХАА-н илгээлтээр гарч 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчин, 1988 онд цэргээс ирээд мөн малчин хийж байгаад нэгдэл тарахад хувьчлал аваад хувиараа мал малласан. 2000-2010 он хүртэл төрөөс олгосон 11 жилийн баталгаажуулж авсан. 2006-2016 он хүртэл 6 жил 6 сар “******* ******* *******” ХХК-д тууварч, малчнаар ажилласан. Гэтэл дээрх хугацааны үндсэн баримтууд олдохгүйгээс малчнаар тэтгэвэрт гарах байдал тогтоогдохгүй байна.

Иймд Д.*******ын холбогдох материал баярын бичиг, диплом, ажлын тушаал, цалингийн хавсралт, мал тооллогын баримт, Б маягтын хуулбар зэргийг үндэслэн 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчин, 2000 оноос 2004 оны 01 дүгээр сарыг дуустал мал дээр байсан байдал, 2006 оноос 2016 оныг дуустал ******* ******* ******* ХХК-д малчин байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь Д.*******ын ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлтийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Д.*******ыг 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсныг, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт хувиараа мал маллаж байсныг, 2006 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* ******* интернейшнл ХХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэв.

2. Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:

2.1. Хүсэлт гаргагчаас: Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэр, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1943 дугаар шүүгчийн захирамж, , нарын тодорхойлолт, сайшаалын үнэмлэх, диплом, итгэмжлэл, *******ы иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1993-1999 оны мал тооллогын данс, Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын Тамгын газрын архивын лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, Д.*******ын хүсэлт, ************** ******* ХХК-ийн тушаал, тодорхойлолт, ************** ******* ХХК-ийн гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Нийгмийн даатгалын хэлтсийн малчин даатгуулагчийн архивын лавлагаа, ажилд томилсон тушаалын хуулбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 655 дугаар шийдвэрийн хуулбар, хүсэлтийн шаардлага тодруулсан хүсэлт зэрэг нотлох баримтыг  гаргаж өгсөн.

2.2. Шүүхээс Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын архивын лавлагаа, гэрч , , нарыг асуусан тэмдэглэл, Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт зэрэг нотлох баримуудыг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Хүсэлт гаргагч Д.******* нь 1) Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг, 2) Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хувиараа мал маллаж байсныг, 3) ************** интернейшнл ХХК-д 2006 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тус тус тогтоолгох хүсэлтийн шаардлагыг гаргасан.

4. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан дараах нотлох баримтыг үнэлж, хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

4.1. Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлагын тухайд:

Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар 8 дугаар анги төгсөж илгээлтээр ирсэн төгсөгчдийг ажилд томилсон байх ба ******* *******ыг нэгдлийн туслах үйлдвэрт хуваарилж ажиллуулжээ. (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 8107 дугаартай лавлагаанд “Д.******* нь 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэрэгт татагдаж, 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдөр цэргээс халагдсан” гэжээ. (хавтаст хэргийн 20 дахь тал),

Хүсэлт гаргагч Д.Мандбаярыг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн 1984 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Сайшаалын үнэмлэхээр, мөн нэгдлийн зөвлөлөөс Д.*******ыг цаг агаар хүндэрсэн 1985, 1986 онд мал бордох тэжээх онд бүрэн оруулах ажилд идэвхтэй ажилласан гэж 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дипломоор тус тус шагнасан байна.

Гэрч гийн “...Би Д.*******ыг багаас нь эхлэн мэднэ. Бид 8 жилийн дунд сургуульд хамт суралцаж байсан бөгөөд бид 1984 онд 8 дугаар анги төгссөн. Д.******* нь 1984 онд сургуулиа төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянхошуу баг буюу 5 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Тэрээр 1986-1988 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд мөн л нэгдэл тартал Баянхошуу багтаа мал маллаж байсан. Нэгдэл тарсны дараа хувиараа Баянхошуу багтаа мал маллаж байна...” гэсэн  мэдүүлэг, 

Гэрч ын “...Би Д.*******ыг бага наснаас эхлэн мэднэ. Бид нэг нутаг усны хүмүүс бөгөөд тэрээр надаас нэг насаар дүү. Д.******* нь 1986 онд 8 жилийн дунд сургуулиа төгсөөд нэгдэлд мал маллаж байсан....” гэсэн мэдүүлэг хэрэгт тус тус авагдсан.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Д.******* нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл буюу цэргийн албанд татагдах хүртлээ малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байна гэж дүгнэлээ.

4.2. Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хувиараа мал маллаж байсныг тогтоолгох шаардлагын тухайд:

Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн 1993-1999 оны малын тооллогын баримтад  Д.*******  нь 1993, 1994, 1995, 1996, 1997, 1999 онуудад тус тус мал тоолуулж байжээ.  (хавтаст хэргийн 13-18 дахь тал),

Мөн Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай лавлагаанд Д.******* нь 2001 онд адуу 39, тэмээ 35, үхэр 58, хонь 170, ямаа 405-ыг тус тус тоолуулсан байна.  (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 655 дугаар шийдвэрээр Д.*******ыг 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оныг хүртэл хувиараа мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэжээ. (хавтаст хэргийн 45-47 дахь тал),

Гэрч гийн “...Тэрээр 1986-1988 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд мөн л нэгдэл тартал Баянхошуу багтаа мал маллаж байсан. Нэгдэл тарсны дараа хувиараа Баянхошуу багтаа мал маллаж байна...” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан.

Хүсэлт гаргагч Д.******* нь 1992 оноос эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт мал маллаж эхэлсэн бөгөөд 2001 он хүртэл өөрийн нэрээр мал тоолуулж байсан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хувиараа мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

4.3. ************** ******* ХХК-д 2006 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоолгох шаардлагын тухайд:

************** ******* ХХК нь 1998 оноос газар тариалан, мал аж ахуй хослон эрхлэх, махан зоорь, гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь 000184818 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. (хавтаст хэргийн 23-25 дахь тал),

************** ******* ХХК-ийн захирлын 2006 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар Д.*******ыг тус компанийн малчнаар томилжээ. (хавтаст хэргийн 22 дахь тал),

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн лавлагаанд ************** ******* ХХК-ийн нэр дээр 2010, 2011, 2013 онуудад тус тус мал тоолуулж байжээ.  (хавтаст хэргийн 27 дахь тал),

Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогоор ************** ******* ХХК-ийн нэр дээр 2011, 2013 онуудын мал тоолуулж байсан бол Жаргалант сумын жилийн эцсийн мал тоолуулсан малчин, мал бүхий иргэдийн судалгаагаар 2010 онд мөн мал тоолуулсан байна. (хавтаст хэргийн 28-38 дахь тал),

Дээрх нотлох баримтуудаар ************** ******* ХХК нь 1998 оноос газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 2010-2013 оны хооронд компанийн нэр дээр мал тоолуулж байсан нь нотлогдож байна.

************** ******* ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолтод *******гийн ******* тус компанид малчнаар ажиллаж байсан гэжээ.

Хүсэлт гаргагч нь Д.******* нь  2006 оны 3 сараас эхлэн 2016 он хүртэл ************** ******* ХХК, РМПК ХХК,  Электро инсталэйшн ХХК-нд тус тус ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 96 дугаар албан бичгээр ирүүлсэн Д.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар нотлогдож байна.

Гэрч гийн “...Д.******* нь ийн компанийн мал маллаж байгаа талаараа хэлдэг байсан. Хэдэн оноос гэдгийг нь сайн санахгүй байна. ийн компанийн үхэр, адуу зэрэг бод мал хариулдаг байсан. Заримдаа нядалгааны бог мал бас давхар хариулдаг байсан” гэх мэдүүлэг,

Гэрч ын “...Бид 1996 оноос эхлэн ийн компанийн мал маллаж байсан. Би 2003 оноос эхлэн хувиараа мал маллаж эхэлсэн бөгөөд Д.******* нь ийн малыг маллаж үлдсэн. Тэрээр ийн компанийн малыг маллаад аймгийн төвд оршин суудаг. Гэхдээ малыг нь маллаад аймгийн төвийг тойроод хөдөөгөөр мал малладаг байсан. Тэрээр дандаа бог мал малладаг байсан” гэх мэдүүлэг,

Гэрч ийн “...Д.******* нь манай ************** ******* ХХК-д мал нядлагчаар хөлсөөр 2000 оноос эхлэн ажиллаж эхэлсэн. ...2006 оны 03 сараас эхлэн компанийн малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт мал малладаг байсан. Тэрээр голдуу үхэр, бог мал малладаг. Тэрээр голдуу мал малладаг байсан. Өөр онц ажил хийгээгүй. Харин сүүлийн 4-5 жилийн өмнө нярваар ажиллаж байгаад ажлаас гарсан....” гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан.

Дээрх нотлох баримтуудаар Д.******* нь ************** ******* ХХК-д 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж, компанийн малыг маллаж байсан нь нотлогдож байгаа бөгөөд 2006-2010 оны хооронд  тус компанид малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

4.3. Гэрч , , нарын мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдсон тул гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. 

4.4. ************** ******* ХХК-иас 2006 оны 03 дугаар сараас 2010 он хүртэл хүсэлт гаргагч Д.*******т нийгмийн даатгалын шимтгэл төлсөн боловч энэ хугацаанд компанийн нэр дээр мал тоолуулаагүй тул хүсэлт гаргагчийн малчнаар ажиллуулж байсан гэж үзээгүй бөгөөд хүсэлт гаргагчийн 2006 оноос 2010 он хүртэл ************** ******* ХХК-д малчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлага нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, хүсэлт гаргагчаас холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байна.

4.5. Шүүх хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, хүсэлт гаргагч Д.*******ын Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан, Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хувиараа мал маллаж байсныг, 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ************** ******* ХХК-ийн малыг маллаж, малчин байсан байдлыг тус тус тогтоож, хүсэлтийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 119 дүгээр зүйлийн 119.1-119.4 дэх хэсэг, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дэх заалтад зааснаар ******* овогт *******гийн *******ын Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар, Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хувиараа мал маллаж байсныг, 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ************** ******* ХХК-нд малчин байсан байдлыг тус тус тогтоож, 2006 оны 03 дугаар сараас 2010 он хүртэл ************** ******* ХХК-нд малчин байсныг тогтоолгох хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ө.БАХЫТБЕК